МЭДЭЭ НЭМЭХ  

Пири Рейсийн газрын зураг

  • 5,721 уншсан
  • 6
  • 2015/05/04

Дөнгөж 19-р зуунд нээгдсэн гэж үздэг Антарктид мөсөн тивийг чухам хэн 6000 жилийн өмнө газрын зураг дээр буулгав аа?

Дэлхий 5, түүн дээрх амьдрал 4 тэрбум жилийн өмнө бий болсон. Цаг хугацааны урт удаан аянд Дэлхий дээр геологийн болон биологийн хувьслууд явагдсаар (гараг агаар мандалтай болж, далай тэнгисүү ба тивүүд үүсэн, тэдгээрт амьдрагч төрөл төрлийн амьтад бий болж, үй олон үе солигдон) 10 гаруй сая жилийн өмнө анхны хүн дүрст мич, 2 сая орчим жилийн өмнөөс хүн дүрст, цэх явагч мич бий болсон... Харин 40 мянган жилийн өмнө ухаант хүмүүс (бид) үүсч, тун удаан овог овгоор салсан тархай бутархай байдалтай, бүдүүлгээр аж төрж (арьс нөмөрч, зураг зурж, гал гаргаж сурсныг эс тооцвол) байжээ. Тэгвэл соёл иргэншил чухам хэзээ анх үүссэн юм бэ?

Албан ёсны (ортодокс) шинжлэх ухаанд баримталж буй үзлээр бол дөнгөж 5 мянган жилийн өмнө л анхдагч соёл иргэншлүүд бий болсон байна. Энэ нь бичиг үсэгтэй болсон тэр цаг үетэй мөн давхацна. Соёл иргэншлийн эдгээр голомтууд нь эхлээд хоёр мөрний хөндийн Шумер (монголоор Сүмэр), тэгээд эртний энэтхэгийн Мохенжо-Даро, Хараппа, эртний Египет (Мисир), эртний Хятад зэрэг болно. Харин дараа нь Вавилон, Ассир, Перс, Эртний Грек, Эртний Ром… За, тэгээд манай эрин эхэлсэн бөгөөд үүнээс хойш, 2 мянган жилийн дотор бидний өнөөгийн соёл иргэншил бүрэлдэж тогтсон. Одоо 3 дахь мянган жил гараад байна. Мэдээж, соёл иргэншлийн динамик төлөв хэвээр байгаа. Хүний нийгэм устах хүртэл энэ төлөв хадгалагдах байх. Гагцхүү гарагийн геологийн ба биологийн түүх, бүр хүн дүрст мичний биологийн хөгжлийн түүхтэй харьцуулахад манай иргэншил даанч залуухан ажээ.

Гэтэл, судлаачдыг балмагдуулж, сургаал номлолыг үгүйсгэж мэдэх тийм олдвор, түүхийн баримт цөөнгүй байдаг байна. Эдгээр нь одоо болтол оновчтой тайлбар аваагүйн улмаас эрдэмтдийг итгэгчид, үл итгэгчид ба дундыг баримтлагчдын бүлгүүдэд хуваахад хүргэдэг ажээ. Энэхүү өгүүлэлд ийм олдворуудын нэг болох Пири Рейсийн газрын зургийн (зур.1) тухай товч танилцуулъя.

Зур.1 Пири Рейсийн газрын зураг

Газель гөрөөсний арьсан дээр зурсан энэ гайхалтай газрын зургийг 1929 онд Туркийн Үндэсний музейн захирал Халил Эдхем тэргүүтэй хэсэг түүхчид Стамбул хотоос олжээ. Судалгааны үр дүнд энэ нь 1513 онд Туркийн далайн цэргийн гарамгай адмирал Пири Рейсийн өөрийн гараар зурсан жинхэнэ зураг болохыг тогтоосон байна.

Зураг дээр Африкийн баруун, Өмнөд Америкийн зүүн эрэг болон Антарктидын хойд эрэг дүрслэгдсэн байдаг. Ялангуяа Антарктидын хойд эргийг тун дэлгэрэнгүй үзүүлжээ. Антарктидыг 1818 онд Оросын судлаачид (Беллинсгаузен, Лазарев нар) нээсэн гэж үздэг. Тиймээс энэ тивийг албан ёсоор нээхээс 300 жилийн өмнө яаж ийм газрын зургийг зурсан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ Пири Рейсийн зургийн хамгийн гол оньсого бол Антарктидын эх газрын эргийн хэсгийг мөсөн хучилтгүйгээр харуулсан явдал юм.

Нууцлаг зургийн талаар нарийн судалгаа хийсэн хүмүүсийн нэг нь Америкийн эрдэмтэн Чарьлз Хэпгүд юм. Тэрээр АНУ-ын Агаарын Цэргийн Хүчинд хандаж Пири Рейсийн газрын зурагт үнэлэлт хийж өгөх талаар хүсэлт гаргахад нөгөө тал дараах хариултыг өгч байжээ:

1960 оны 7 сарын 6

Сэдэв: Адмирал Пири Рейсийн газрын зураг

Хэнд: профессор Чарльз Хэпгүдэд,

Нью-Хэмпшир гүнлэг, Кийн коллеж

Хүндэт Проффессор Хэпгүд ээ,

Таны, 1513 онд хийгдсэн Пири Рейсийн газрын зургийн ер бусын онцлогуудад үнэлэлт хийж өгөх тухай хүсэлтийг тус байгууллага ёсоор болгов. Газрын зургийн доод хэсэгт Антарктид дахь Хатан хаан Модын Газрын Марта Гүнжийн эрэг (хэсэг) болон Палмер хойг дүрслэгдсэн байна гэж үзэх нь үнэнд нийцнэ. Бид дараах тайлбарыг хамгийн боломжит, бас магадгүй зөв тайлбар гэж үзлээ.

Зургийн доод талын дүрслэлийн газарзүйн өгөгдлүүд нь 1949 онд швед-британий экспедици Антарктидын мөсөн бүрхүүлийн дээд хэсэгт явуулсан сейсмологийн тандалтын үр дүнгүүдтэй сайн тохирч байна. Энэ нь, газрын зураг дээр, эргийн хэсгийг түүнийг мөсөнд хучигдахаас нь өмнө буулгасан гэсэн үг мөн. Тухайн газар нутаг дахь мөсний зузаан ойролцоогоор 1.5 км болно. 1513 оны үеийн газарзүйн мэдлэгийн түвшинд дээрх өгөгдлүүдийг хэрхэн олж авч чадсан тухайд бидэнд ямар ч төсөөлөл алга аа.

АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний ахмад, дэд хурандаа Хэрольд Олмейер.

Зургийн хоосон зайнууд дээр Пири Рейс энэ зургийг бүр эртний эх сурвалж зургаас хуулбарлаж зурсан болохоо тэмдэглэж бичсэн байдаг. Газрын зураг дээр Антарктидын хойд хэсгийг мөсөн хучилтгүй зурсан байгаа. Тухайн үед Антарктидын мөсөн бүрхүүлийг сая жилийн настай гэж үзэж байлаа. Тэгэхээр зургийн оригинал бас дор хаяж сая жилийн настай болж таарна. Гэтэл энэ бол ямар ч боломжгүй зүйл, учир нь тэр үед хүн төрөлхтөн үүсээгүй байсан шүү дээ.

Дараа дараагийн илүү нарийн судалгаагаар Антарктидын одоогийн мөсөн бүрхүүл 6000 жилийн өмнө үүссэн болохыг тогтоов. Түүнээс өмнөх 3000 эсвэл 7000 жилийн туршид тив мөсөн хучилтгүй байсан байна. Харин үүний өмнө мөстлөгийн үе, тэрний өмнө бас мөстлөггүй үе, өмнө нь ахин мөстлөгийн үе гэх мэтээр тус тивд мөсөн бүрхүүлтэй болон бүрхүүлгүй үеүүд ээлжлэн солигдож иржээ. Хамгийн гол нь чухам хэн, ямар соёл иргэншил 6000 жилийн өмнө газрын зураг дээр мөсөн тивийг буулгав аа?

Орчин үед агаарын болон сансрын техник ашиглан газрын зургийг өндөр нарийвчлалтайгаар хийдэг. Бидний мэдэхээр агаарын хүнд техник (онгоц) үүсээд 100, сансрын техник (хиймэл дагуул) үүсээд 50 жил болж байгаа. Гэтэл Пири Рейсийн зураг нарийвчлалын хувьд орчин үеийн зургуудаас дутах нь бүү хэл зарим талаар илүү байсныг АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчний усзүйн товчооны судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл газрын зургийг хийхийн тулд дор хаяж агаараас зураг авсан байх нь (дахин сануулъя: 6000 жилийн өмнө!). Түүнээс гадна зургийг зурахдаа бөмбөлөг проекциор байгуулсан тийм эх зургаас хуулбарласан болох нь мэдэгдэв. Энэ эх зургийн проекцийн төв нь газрын гадаргаас 500 км өндөрт оршиж байсан байна (зур.2). Түүнийг зохиосон хүмүүс экваторын уртыг одоогийнхоос дөнгөж ±100 км-ийн зөрөөтэйгээр тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл эх зураг бол хагас мянган км-ийн өндрөөс Дэлхийн харагдах байдлыг буулгасан газрын зураг байжээ.

Зур.2 Эх зургийн проекцийн төв нь Египетийн Каир хотыг дайрсан босоо шулуун дээр байрлана.

Пири Рейсийн газрын зураг нь ийм төрлийн олдворуудын цор ганц биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 1339 оны “Портолано” хэмээх газрын зурагт Европ, Умард Африкийн уртрагийг яг үзүүлж, Газар Дундын болон Хар тэнгисийн координатуудыг хагас хэмийн зөрөөтэй заадаг бол 1559 оны Хажи Ахметын зурагт бүр мөсөн галавын өмнөх үед ил байсан, одоо харин усан доор орсон Берингийн “гүүр” буюу Ази, Америкийг холбосон хуурай газрыг дүрсэлсэн байдаг. Оронтей Финней гэгчийн 1532 онд зурсан зургийн нарийвчлал бас л гайхамшигтай. Тэнд Антарктидыг мөн мөсөн бүрхүүлгүй харуулснаас гадна Гренландын арлыг 2 тусдаа арал болгож зуржээ. 20-р зуунд Францын эрдэм шинжилгээний ангийн хийсэн судалгаагаар Гренланд нь үнэхээр мөсөөр хучигдсан 2 тусдаа арал болохыг тогтоосон байх жишээтэй.

Түүхэнд мэдэгдэж байгаа эртний иргэншлүүд ийм зургууд хийж чадахгүй байсан. Тэд чинь дөнгөж л хүрэл зэвсгээсээ салж эхэлж байсан нөхөд шүү дээ. Тэгэхээр нэг бол бидний мэдэхгүй тийм өндөр технологит соёл иргэншил эрт цагт манай гариг дээр байсан, эсвэл олон мянган жилийн өмнө Дэлхий дээр харь ертөнцийн төлөөлөгчид ирж (эсвэл ирдэг) байсан, эсвэл энэ бүхэн дэмий хоосон сенсаци болж таарна.

Пири Рейсийн газрын зураг болон бусад олон олдворууд одоо ч гэсэн нууцаа хадгалсаар байна. Маргаантай олон тайлбарын чухам аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна биз ээ. Нөгөө алдартай “Нууц материалууд” кинонд юу гэдэг билээ? “Үнэн хаа нэгтээ энэ хавьд л бий” гэдэг байх аа...

[email protected] 2004, 2015 он

Пири Рейсийн газрын зураг
Эх сурвалж: http://atlasmn.blogspot.com/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Пири Рейсийн газрын зураг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/19
    ene zurgiig oilgood sudalj baigaa humuus uhaantaiya. amnius bol yu yum boldoo l gej harj baina

    0 0 Хариу бичих
  • Red Mars 2015/06/01
    Манай соёл иргэншил маань 1000н жилийн л настай шүү дээ. Тэгэхэд 5000-6000 бүр 20000 жил хөгжисөн иргэншил ямар өндөр техник технолгитой байх нь ойлгомжтой юм биш үү.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/06
    1960 onoos hoish ene zurgiig oor hen ch nemj sudalj todorhoiloogui yum uu.1513 onii gazarzuin medlegt ene omnod amerikiin ereg baij boloh yum bishuu.amerikiig 1492 ond neegeed ereg orchmiin gazriig ni sudlaad ehelchihsen bsan.antarctidiin ereg bhgui l bn shdee.omnod amerikiin ergiin urgeljlel bn.

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/05/06
    Hudlaa

    0 2 Хариу бичих
  • Tugs 2015/05/05
    Mash sonirholyoi. Ene materialiig bi olon jiliin umnu unshij baisan. Ergeed harahd sonin saihan bn.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/04
    Тун сонирхолтой :)

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох