МЭДЭЭ НЭМЭХ  

Маршал Жуковын хориотой ярилцлага

  • 6,098 уншсан
  • 2
  • 2015/05/13

Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан Оросын олон нийтийн телевизийн “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч хориглогдож архивт 40 гаруй жил хэвтжээ.

1966 онд дөнгөж байгуулагдсан уран бүтээлийн туршилтын кино студид Москвагийн дэргэдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ. Энэ кинонд Зөвлөлтийн алдарт маршалууд Конев, Рокоссовский, мэдээжээр хамгийн алдартай Жуков оролцон зураг авахуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ.

Уг кино 1967 онд гарсан. Тэгэхдээ Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын улс төрийн ерөнхий газар дургүйцсэн учир арай ядан гарсан байна. Тухачевский, Блюхер, Егоров, Якир нарыг шүүхээр шийтгэсэнтэй холбоотой бүх зүйлийг аргагүйн эрхэнд хассан байна. Гэвч кино ямар ч гэсэн гарсан юм.

Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй ул­сын киноны хэрэг эрхлэх газ­рын асуудлаар гарсан тог­тоолд түүнийг хэзээ ч олны хүртээл болгохгүйн тулд хальснаас арчиж хая­хаар заасан байжээ. Уран бү­тээлийн туршилтын сту­дийг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсыг хулгайлан авч ярилцлагыг монтажлан өөр студид өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагдажээ.

Одоо та бүхэнд аугаа маршалын эх орны дайны тухай 40 жил хориглогдон, хадгалагдсан ярилцлагыг хүргэе.

- К.СИМОНОВ: Георгий Константинович, яриагаа эхлэх анхны асуулт. Москвагийн дэргэд хүнд нөхцөл байдал бүрэлдсэн тухай Та хэзээ, яаж мэдсэн бэ?

- Г.К.ЖУКОВ: Есдүгээр сарын эцэс, аравдугаар сарын эхээр би Ленинградын фронтын цэргийг командалж байлаа. Тэгээд фронт командлагч, Дээд ерөнхий ко­манд­лалын газрын гишүүний хувьд миний бие есдүгээр сарын эцэс, ялангуяа аравдугаар сарын эхээр бүрэлдсэн байдлын тухай хангалттай мэдээлэлтэй байсан. Аравдугаар сарын 6-ны үдээс хойш Иосиф Виссарионович Сталин над руу утасдсан юм. Тэр фронтын ажил хэрэг, нөхцөл байдал ямар байгааг сонирхоод онцгой даалга­вар биелүүлэхээр Москвад даруй нисч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Мар­гааш гэхэд очно гэж би түүнд хэл­сэн.

Аравдугаар сарын 7-нд фронт командлагчийнхаа ажлыг фронтын штабын дарга генерал Хозинд хүлээлгэж өгөөд Москва руу нислээ. Москвад орой тийшээ ирж, шууд Кремль дэх Сталины гэрийг зорилоо. Сталин ханиад хүрчихсэн боловч ажиллаж байв. Толгой дохин мэндчилээд газрын зураг үзнэ гээд: “Баруун чиглэлд ямар нөхцөл байдал бүрэлдсэнийг хар л даа. Одоо юу болж байна вэ? Дайсан хаана байна, манай цэр­гүүд хаана байна? гэдэг тухай ойл­гомжтой илтгэл авч чадахгүй байна. Хэрэв та чадмаар бол Баруун фронтын штаб руу даруй явж, тэнд нөхцөл байдлын учрыг олоод шөнө ч байсан хамаагүй над руу утсаар ярь, би хүлээж байна” гэсэн юм.

Би жанжин штабаар оров, тэнд надад Борис Михайлович Шапош­ников нэмэлт товч мэдээлэл өгөв. Тэгээд би Иван Степанович Коневын ко­ман­далж байсан Баруун штаб руу тэр даруй явж билээ. Тэгэхэд Ржевскийн орчимд байрлаж байсан фрон­тын штабт би ирлээ. Бүр үдэш орой болсон хойно, тэр ч байтугай шөнийн нэг цаг хагас орчим болж байхад нөхөд ажиллаж байв. Би яав гэвэл гол төлөв бүслэгдсэн ан­гиудын үйл ажиллагааны тухай нэмж тодрууллаа. Тэр үед тэдгээр­тэй фронтын штаб холбоо тасар­сан байв.

Өөр юуг онцлон тэмдэглэх нь чухал вэ? гэвэл энэ нь баруун чиг­лэлд, ялангуяа Баруун фронтын хэсгүүдэд туйлын аюултай байдал бүрэлдсэн, Москва хүрэх бүх зам үнэн чанартаа нээлттэй болсон явдал байлаа. Яагаад гэвэл Можайскийн шугам дээр байсан манай жижиг ангиуд хэрэв дайсан цэргээ Москва руу хөдөлгөвөл түүнийг зогсоож чадахааргүй болсон байв. (зургийн тайлбар Маршал И.С.Конев)

- К.СИМОНОВ: Өөрөөр хэлбэл энэ шугам эзлэгдээгүй байсан юм уу?

- Г.К.ЖУКОВ: Эзлэгдсэн бай­сан… Үнэндээ Суворовын ангиуд дөн­гөж байгуулагдаж байлаа. Бас маш ялихгүй цэргийн бүлгүүд бай­сан. Энд бий болсон цорын ганц хожоотой байдал гэвэл германчууд, тэдний гол бүх хүч Вязьмаас баруун хойш манай бүслэгдсэн ангиудын үйл ажиллагаанд зууралдан боогдон, баригдсан явдал байв. Тэгээд би Москва руу, Сталин руу утасдаж, түүнд нөхцөл байдлын мөн чанарыг илтгэв. Хам­гийн гол нь Можайскийн хориглолтын шугамыг аль болох түргэн эзлэх явдал гэж хэллээ. Яагаад гэвэл Ба­руун фронтын хэсэгт үнэндээ цэрэггүй болсон байв. Зэргэлдээ хэсгүүдээс, зэргэлдээ фронтуудаас, Дээд ерөнхий командлалын газ­рын нөөцөөс татаж болох бүхнийг Можайскийн шугам руу татаж, тэд­гээ­рийг хориглолтын байдалд даруй оруулах хэрэгтэй байна гэв.

16, 19, 20 дугаар армийн ангиуд, Ба­руун фронтын Болдины бүлэг хаа­на байна? Нөөцийн фронтын 24, 32 дугаар арми хаана байна? гэж тэр асуусан. Бүслэгдээд Вязьмаас баруун тийш үзэлцэж байна гэлээ.

“Та юу хийх бодолтой байна?” гэж Сталин асуулаа. Нөхцөл байдлыг тодруулахын тулд даруй Будённый дээр очих хэрэгтэй гэж би хэлэв. “Түүний штаб хаана байгааг та мэ­дэх үү? Будённый хаана байгааг мэдэх үү?” гэж тэр асуув. “Үгүй ээ, мэдэхгүй. Будённыйтэй холбоо та­сарсан учир Конев бас мэдэхгүй байна” гэж би хэллээ.

- К.СИМОНОВ: Нөөцийн фронтын штабтай юу?

- Г.К.ЖУКОВ: Тийм ээ, нөө­­цийн фронтын штабтай. “Хайхаар явна, Малоярославецийн орчимд байх ёстой. Бүхий л шинж тэмдгээс үзвэл тэр тэнд байх ёстой” гэхэд “За, явж үз. Учрыг ол. Тэгээд даруй надад илт­гээрэй” гэж Сталин хэлсэн.

Малоярославецаар дайран фронт руу ойртон явлаа, нөхцөл байдлын учрыг удахгүй олно гэж бодож байв. Малоярославецаар дайран явж байтал машинууд харагдав. “Хэний машинууд вэ?” гэж асуухад “Семен Михайлович Будённыйх” гэв. Би ч Семен Михайловичийг олсондоо баярлалаа.


***

Семен Михайловичийн байрлаж байсан Районы гүйцэтгэх захиргаа­ны байранд оров. Тэр зогсоод газ­рын зургуудаа анхааралтай үзэж байв. Мэнд усаа мэдэлцээд юу болж байгаа тухай түүнтэй ярилц­лаа. Конев дээр очоод ирлээ гэж би хэлэв. “Коневын ажил ямар бай­на?”, “Ажил тийм ч сайн биш байна” гэлээ. “Манай энд ч дээрдэх юм алга. Малоярославец, цаашлаад Москва орох замыг халхлах юм юу ч үгүй болсон” гэж байна. Энэ бол маш аюултай чиглэл.

Семен Михайловичтай ярилцлаа. Тэрээр “Штаб руугаа буц” гэв. Тэгэхэд нь би штаб хаана байрлаж байгааг түүнд хэллээ. “Одоохон Ерөнхий рүү утасдаж, өөрийн хэс­гийн байдлыг илтгэ. Намайг Юхновын тийш явсан гээрэй, дараа нь Калугийн чиглэлд явна, тэнд юу болж байгаагийн учрыг олохыг хүсч байна” гээд би хөдлөв. (Зургийн тайлбар: дайны дараа маршал Г.К.Жуков, маршал С.Будённый нар)

Калугийн орчимд намайг нөө­цийн фронтын штабын офицер гүй­цэж ирээд Борис Михайлович Шапош­никовын цахилгаан утсыг гардуулав. Түүнд “Дээд ерөнхий командлал таныг Баруун фронтын командлагчаар томилж байна. Та Баруун фронтын штабт даруй очвол зохино” гэсэн байв. Би буцаж, 10-ны өдрийн өглөө эрт Баруун фронтын штабт ирлээ.

- К.СИМОНОВ: Команд­лаг­чийн хувиар уу?

- Г.К.ЖУКОВ: Үгүй ээ, би ко­мандлагчийн хувиар ирээгүй. Ко­мандын ажилтай танилцаж, ко­мандын бүрэлдэхүүнд орохоор ирсэн. 10-ны өглөө Конев командалсан хэвээр байсан юм. Энэ үеэр тэнд Улсын батлан хамгаалах хорооны комисс ажлаа дуусгаж байлаа. Удал­гүй Сталин штаб руу утасдав. Баруун фронтын командлалыг надад даалгаж байгааг би түүнээс өөрөөс нь мэдсэн юм.

- К.СИМОНОВ: Георгий Константинович, таныг фронт командлагчаар томилогдсон эхний өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөсөн бэ?

- Г.К.ЖУКОВ: Тэр үед Можайскийн шугам бидний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байсныг би нэгэнт хэлсэн. Тэгээд ч бид юуны өм­нө мэдээжээр хориглолтын энэ шу­гамыг хүчтэй болгохыг хичээсэн юм. Дээд ерөнхий командлалын газар өөрийн нөөцөөс, зэргэлдээ хэсгүүдээс буудлагын нэгтгэлүүд, их бууны болон танкийн ангиудыг аль болох түргэн өгөхийн тулд ихээ­хэн чармайлт гаргаж байв. Бо­гино хугацаанд нааш нь өгч болох бүхнийг өгсөн. Дээд ерөнхий ко­мандлалын газар үүнийг хийсэн. Гэхдээ энэ шугам руу өгсөн зүйл, тэнд хориглолт зохион байгуул­сан зүйл мэдээжээр туйлын хангалт­гүй байсныг шууд хэлэх хэрэгтэй.

Аравдугаар сарын 15 гэхэд бидэнд дөнгөж 90 мянган идэвхтэй цэрэг­тэй байв. Эндээс бүрэн хориглолт хийх бололцоогүй байсныг та өө­рөө ойлгож байгаа. Ийм учраас Цэр­гийн зөвлөл юуны өмнө үндсэн чиг­­лэл болох Волоколамск- Можайск- Малоярославецийн чиглэлийг баттай хаахаар шийдэв. Жанжин штаб, Дээд ерөнхий командлалын газар энэ шийдвэрийг бүрэн зөвшөөрч, фронтыг бэхжүүлсээр байв.

Можайскийн шугам дээр хориглолт зохион бай­гуулах ажил үүнээс л эхэлсэн юм. Одоо энэ шугамыг тогтоон барьж, Можайскийн шугам дээр дайсныг зог­соож чадна гэдэгт бид, фронтын командлал, штаб итгэлтэй байсан уу? гэдэг асуулт гарна. Мэдээжээр бидэнд бүрэн итгэл байгаагүйг шууд хэлэх ёстой.

Дайсны тэргүүний ангиудыг саатуулж болох байсан. Гэхдээ дайсан гол бүлэглэлээ түр­гэн хөдөлгөвөл мэдээж түүнийг зог­сооход хэцүү байсан даа. Гэхдээ тэр үед Вязьмагаас баруун тийш бүс­лэлтэд тулалдаж байсан цэргүүд бидэнд үнэлж барашгүй тусламж үзүүлс­нийг шууд хэлье. Тэдний эрэл­­хэг зоригт баатарлаг ажиллагаа үнэлж баршгүй юм. Можайскийн шугам дээр хориглолт зохион байгуулахад цаг хожих зайлшгүй шаардлагатай бүрэн бололцоог тэд бидэнд олгосон билээ.

Бид дайсныг Можайскийн шугам дээр тогтоож чадна гэдэгт бүрэн итгэлгүй байсан учир ар талд Ново-Завидовский-Клин-Истриний усан сан-Дорохово-Нара-Алексиний ар талын хориглолтын шугам бай­гуу­лахаар шийдсэн юм. Бид­ний энэ санааг дээд ерөнхий команд­лал баталсан. Можайскийн шугамыг хамгаалж чадахгүй бол­сон то­хиол­­долд энэ шугамыг хэрэг­лэх бай­­лаа. Ар талын энэ шугам руу ин­женерийн олон анги ирүүлж, москвачууд тэнд ажиллан, өдөр шөнөгүй газар ухаж байв. Можайскийн шугамыг хориглоход шууд зориу­лагдаагүй ангиуд нөөц хүч болон ар талд байрлаж байлаа. Дайсныг Можайскийн шугам дээр тогтоож ча­­дах­гүй бол ар талын шугам руу зо­хион байгуулалттайгаар, төлөв­лөгөөтэйгөөр ухарч, хориглол­тын хүчтэй ангиуд, нисэх хүчний цохилтоор ухралтаа халхавчлахыг заасан онцгой нууц тушаалыг ар­мийн командлагч нарт өгсөн байв.

- К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн нийт тулалдааны чухам ямар үеийг Та Москвагийн хувь заяанд хамгийн аюултай байсан гэж үздэг вэ?

- Г.К.ЖУКОВ: Ер нь бүх үе аюултай байсан. Гэхдээ хамгийн аюултай үе бол Можайскийн хориглолтын шугам найдвартай хориглолт болж чадаагүй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүд гэж би үздэг. Энэ бол дайсан онцгой саадгүйгээр Москва хүрч болох байсан хамгийн аюултай үе гэж үзэж байна.

- К.СИМОНОВ: Германчууд Москвагаас дөнгөж 25 км-ын зайтай Крюково сувагт хүч ирээд байсан үе аюултай мөч биш шүү?

- Г.К.ЖУКОВ: Энэ бол бас аюултай үе. Гэхдээ Крюково, Яхрома, Красная Поляна, Кашир хүрэх замдаа дайсан хохирол амсаж, нэлээд хүчирхэг, сайн зэвсэглэсэн цохилтын бүлэглэлүүд, ялангуяа хуягт танкийн цэрэгтэй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүдийнх шигээ тийм аюултай байгаагүйг хэлэх хэрэгтэй. Дайсан орон зайг туулан, манай цэргийн ширүүн эсэргүүцлийг давсаар Крюково, Яхрома Красная Полянагийн орчим ирэхдээ үнэндээ давшилтаа үргэлжлүүлж чадахааргүй тийм хохирол хүлээсэн байлаа. Ийм учраас дайсан аюул багатай байсан.

- К.СИМОНОВ: Гэхдээ энэ үеэр ер нь бүгдээрээ Москвад ойртсон байсан. Ингэхэд танай Баруун фронтын командын байр Перхушковогоос германчууд аль хэр зайтай байсан бэ?

- Г.К.ЖУКОВ: Фронтын шугам хүртэлх зай… Эхлээд Можайскийн шугамын ойролцоо газруудад тулалдаж байхад нэлээд зайтай байсан. Харин дайсан 16 дугаар армийг, 5, 30 дугаар армийн жигүүрийг шахаж эхлэхэд зай эцсээ хүртэл багассан. Гэхдээ илэн далангүй хэлэхэд тэгэхэд бид зай аюултай болж байгаа тухайд бодоо ч үгүй. Тэгэхэд бид өөр зүйлийг иш үндэс болгож байлаа.

Цэргүүдийн хувьд тийм хүнд үед фронтын штаб ар тал руу ухрах явдлыг тун муугаар хүлээн авч болох байсан, мэдэж байгаа биз? Штаб ар тал руу явах бүрт захирагдагч штабууд, цэргүүдэд фронтын байдал тийм ч тогтвортой биш болж байгаа юм байна, бид ч гэсэн арагшаа холхон харах цаг болсон юм биш үү гэдэг сэтгэгдэл ямагт төрдөг юм. Фронтын штаб Перхушковод байсан нь сэтгэл зүйл хувьд зүйтэй байсан гэж би бодож байна. Фронт мэдээжээр аюултай зайд байсан л даа

- К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн сайн дурынхан яасан бэ? Москвачууд хориглолтод ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

- Г.К.ЖУКОВ: Москвагийн сайн дурынхны тухай юу хэлж болох вэ? Эхний үед сайн дурынхны дивизүүд тийм хүчтэй дайсантай тулалдах туршлагатай байгаагүй л дээ. Гэвч аажимдаа тэд туршлагажиж, муугүй үзэлцдэг болсон юм. Тэд янз бүрийн бүрэлдэхүүнээс бүрэлдсэн байсныг та нар мэднэ. Тэнд нас нь нэлээд явчихсан инженерүүд, соёлын ажилтнууд, төрийн албан хаагчид байсан. Гэвч цэргийн талаар тэд өмнө нь зохих бэлтгэл хийгээгүй байсан билээ. Тэд тулалдааны явцад суралцах болсон юм. Сайн дурынхан ар талд хөдөлмөрийн фронтын зохих хэсгүүдэд ажиллахад хэрэгтэй байсан л даа. Гэхдээ эх орон, Москвад үхлийн аюул тулгараад байсан тэр үед бригадууд байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй болсон гэж би үздэг. Тийм үед манай зөвлөлтийн хүн ар талд ажиллаж байя гэж бодох байсан гэж үү? Тэгэхэд Москваг хамгаалах, дайсныг Москвагийн дэргэд нуга дарах явдал гол зорилт байлаа. Тиймээс ч сайн дурынхны дивизүүд эмхлэн байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй байсан гэж би үздэг. Хожим тэдгээрийн зарим нь гвардийн ангиуд болсон шүү. Тэдгээр сайн дурынхны дивизийн зарим дарга, цэрэгтэй би уулзсан. 55-60 насны хүмүүс байсан. Гэвч тэдний бие маш сайн байсан юм.

- К.СИМОНОВ: Тэгээд дайныг зүүн Прусст дуусгацгаасан.

- Г.К.ЖУКОВ: Тийм ээ, тийм. Тэр ч байтугай заримтай нь Берлиний ойролцоо дайралдаж байснаа санаж байна.

- К.СИМОНОВ: Москвагийн дэргэд байлдаж эхлээд шүү дээ

- Г.К.ЖУКОВ: Тийм. Тэд бие бялдрын хувьд хүртэл дайнд тэнцэж байсныг хэлдэггүй юм аа гэхэд сэтгэлийн маш их тэнхээтэй хүмүүс байсан.

- К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн дэргэдэх эдгээр хориглолтын байлдааны хамгийн хүнд хэцүү байлдааны жишээг дурдана уу? Асар хэцүү байсан л даа.

- Г.К.ЖУКОВ: Германчууд арваннэгдүгээр сарын 15, 16-нд давшиж эхлэхэд, тэд манай хориглолтын жигүүрүүдэд хүчний маш их давуутай, ялангуяа танкийн талаар давуу хүчтэй болоход онцгой хэцүү байв. Тэд хуягт танкийн цэрэг, нисэх хүчнийг өмнөө барьж байлаа. Гэхдээ яг энэ үед хамгийн хэцүү тулалдаан болсон байх гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл 16 дугаар армийн хэсэгт германчууд нийтдээ 650 танк оруулсан юм. Ингэхдээ эхний цуваанд оруулсан. (зургийн тайлбар Маршал Г.К.Рокоссовский)

Тэд Рокоссовскийн армийн эсрэг ийм лут хүчийг шууд оруулсан юм. Заримдаа тун хачирхалтай байдал бий болж байсныг хэлэх хэрэгтэй. Манай цэргүүд хаана ч бүслэгдээгүй, бид нэлээд гүний хориглолттой байсан, түүний дотор танкийн тийм хориглолттой байлаа.

Манай танкийн бригадууд их буутай харилцан ажиллаж, гүн рүү отолтын байдалтай байрлаж байлаа. Иймээс германчууд танкийн ангиудаараа хориглолт руу дайрч ороод отолтод байгаа танкийн буудлагад өртөж байв. Тэглээ ч гэсэн манай цэргүүдэд хүндхэн байсан, ялангуяа хамгийн хүчтэй, хүчирхэг цохилтод өртсөн Рокоссовскийн арми хэцүүдэж байсан юм. Константин Константинович та нарт тэр бүх нарийн ширийн юмыг ярьж өгч чадна. Тэр энэ байлдааныг шууд удирдаж байсан.

Константин фронт командлагчаас илүү их сэтгэл зовж байсан хүн л дээ. Хүнд хэцүү үеүд тохиолдож байлаа та нарт шулуухан хэлэхэд, түүний хэсэг дээр фронт заримдаа нум хэлбэртэй болон нугарч, одоохон яалт ч үгүй байдалтай болох нь, фронтыг сэтлэх нь гэж бодогдуулж байлаа. Гэтэл үгүй ээ, фронт тэсч гарсан юм. Тэгээд нэмэлт хүч аваад дайсныг зохих ёсоор няцаасан даа. (Зургийн тайлбар: Маршал Жуков, Маршал Рокоссовский нар)

Бидний хувьд, Рокоссовскийн армийн хувьд хамгийн аюултай энэ чиглэлийг бэхжүүлэхийн тулд бид зэргэлдээх бусад хэсгээс бололцоотой бүхнийг татан авчирч байлаа. Дайсны идэвхжил арай бага байсан фронтын төвөөс хүч авсан, тэр хүч тогтоон барих ажиллагаа явуулж байв.

Энэ нь тэндээс бид бололцоотой бүхнээ авах бололцоо олгож байлаа. Бид эхлээд армийн нөөцөөс авч Рокоссовскийд өгсөн, дараа нь дивизийн нөөцөөс авч Рокоссовскийд шилжүүлсэн. Энэ нь хориглолтыг нягтруулан хүч нэмсэн гэх үү дээ. Яагаад гэвэл армийн цус урсаж, түүнийг ямар нэг юмаар бэхжүүлэх хэрэгтэй байлаа. Дараа бид бүр батальонуудаас зарим салаа, танкийн зарим бүлэг, танк эсэргүүцэх буу авахдаа хүрсэн юм.

Энэ бүхнийг 16 дугаар армийн хэсэг машинаар түргэн авчирч, хамгийн хариуцлагатай хэсгүүдэд тулалдаанд оруулж байлаа. Эцсийн эцэст бид Рокоссовскийн армийг ямар ч гэсэн бэхжүүлж чадсан юм. Цэргүүд эрэлхгээр байлдаж, өөрсдийг нь дийлэх бололцоо олгоогүй.

Дараа нь Василий Иванович Кузнецовын командалсан нэгдүгээр арми ирсэн. Дашрамд хэлэхэд түүний бүрэлдэхүүнд усан цэргийн 3 билүү 4 билүү сайн санахгүй байна, бригад байсан юм. Тэд бол эрэлхэг дайчид байлаа. Ленинград ноцтой байдалд ороод байхад би тэдэнтэй Ленинградын ойролцоо ажиллаж байснаа та бүхэнд хэлэх ёстой. Усан цэргийн эдгээр бригад Урицийн районд, Пулковын өндөрлөгт, Колпиногийн районд гандан бууршгүй алдартай болсныг би шууд хэлье. Тэд бол германчуудын хувьд аюул байлаа. Германчууд ойр хавьд усан цэргүүд байгааг мэдвэл дайралтад орох тийм ч дуртай биш байдаг байжээ. Миний санаж байгаагаар Москвагийн дэргэд тэдний 6 бригад байсан, тэд байдлыг аварч байлаа. Нэгдүгээр армийн бүрэлдэхүүнд байсан бригадууд дайсныг маш ширүүн дайрч, дайсны эсэргүүцлийг маш түргэн дарж, ялангуяа Клиний районд сөрөг давшилтад ордог байлаа. Цаашдаа ч тийм байсан, байлдааны тийм гавьяа байгуулсан явдалд их баярлалаа гэж одоо ч усан цэргүүдэд хэлмээр байна.

- К.СИМОНОВ: Сөрөх давшилтад шилжих бодол танд хэзээ төрсөн бэ?

- Г.К.ЖУКОВ: Энэ асуудлаар янз бүрийн юм их бичсэн. Гэхдээ хэд хэдэн тохиолдолд тийм ч үнэн зөв тусгаагүйг би та бүхэнд хэлэх ёстой. Арванхоёрдугаар сарын эхний өдрүүд хүртэл сөрөг довтолгоо хийх санаа бидэнд төрөөгүй үнэнийг бид хэзээ нэгэн цагт хойч үедээ хэлэх ёстой. Тэгэхэд бүх бодол зөвхөн дайсныг зогсооход, түүнийг тамирдуулахад төвлөрч байсан юм. Жигүүрүүд рүү тулж орсон бүлэглэлүүдийг ухраахын тулд сөрөг цохилт өгөх тухай л бодож байв. Юун давшилт.

Харин дайсан бүрэн суларсныг, ялангуяа Кузнецовын цохилтын нэгдүгээр армийг оруулснаар манай сөрөх цохилтуудыг тэсэхээ болсныг тагнуулынхан дайсны зан төрх, үйл ажиллагаагаар тогтооход бид сөрөх цохилтуудаар хязгаарлалгүй ийм тааламжтай байдлыг даруй ашиглаж, сөрөх давшилтад орох ёстой юм байна гэдэг нь бидэнд ойлгомжтой болсон юм. Энэ тухайгаа бид Дээд ерөнхий командлалын газарт илтгэсэн. Би Александр Михайлович Василевский, С.Шапошников нартай ярилцсанаа санаж байна. Тэд ч мөн адил саналтай байсан юм.

Яг тэр үеэр сөрөх давшилтын тухай санал бодлоо танилцуулахыг Дээд ерөнхий командлагч бидэнд тушаасан билээ. Тийм төлөвлөгөөг танилцуулж, түүнийг сайшаасан, үүний сацуу дээд ерөнхий командлалын газар зэргэлдээх фронтууд–Калинины фронт, Баруун өмнөд фронтын баруун жигүүрт бидэнтэй нийлж, ерөнхий сөрөх давшилтад орохыг тушаасан билээ. Тэр мөчийг тун зохистойгоор сонгосон гэж би үздэг. Яагаад гэвэл дайсан Москва руу давших хүчгүй болсон төдийгүй бас манай сөрөх цохилтыг тэсч, хориглолт хийх чадваргүй болсон байлаа.

Тэдний дотроос Гудериан, Гепнер нар үүнийг ойлгож, өөрсдөө хариуцлага хүлээн бүр “юмаа хурааж”, цэргээ бүрэн устгуулахгүйн тулд аажмаар ухраасан юм. Дашрамд бүтэлгүйтсэний учир энэ Гепнерийн цол, бүх одон тэмдгийг хураан чөлөөнд гаргасан билээ. Бас Гудериан ч сайнаа үзэлгүй үтэр түргэн зугтаасан юм.

- К.СИМОНОВ: Георгий Константинович, гадаадын түүхчид, ялангуяа германы түүхчид, генералууд ялагдлын шалтгааны тухай маш их бичиж, ингэхдээ шавар, цас, хүйтнийг онцолдог. Энэ ялагдалд Гитлер буруутай гэлцдэг. Түүнийг Гудерианы үгэнд ороогүй, Брахуч, Гальдерын үгэнд ороогүй гэдэг. Энэ үйл явдлыг, Германы арми Москвагийн дэргэд ялагдсаны шалтгааныг та юу гэж үнэлдэг вэ?

Г.К.ЖУКОВ: Ийм байна л даа. Баларсныгаа зөвтгөх ямар нэг шалтгаан хайх хэрэгтэй биз дээ? Юу гэж хэлмээр юм бэ? Цаг агаарын нөхцөлийн тухайд бол шавартай, цастай, хүйтэн байсан л даа. Цаг агаарын ийм нөхцөлд Зөвлөлтийн цэрэг ч байлдсан. Ингэхлээр энэ бол Москваг авах төлөвлөгөө, үнэндээ бол цахилгаан дайны төлөвлөгөө баларсан талаарх шинжлэх ухааны бус нотолгоо юм.

Гитлер хүчнийхээ зарим хэсгийг, түүний дотор Гудерианы армийг өөрийн өмнөд бүлэглэлд туслуулахаар, Украиныг, дараа нь Крымийг авахад туслуулахаар зүүн урагш эргүүлсэнд хэргийн учир оршихгүй л дээ. Хэргийн учир үүнд байгаа юм биш. Үнэндээ бол тэр үед Германы арми Москва руу дайрсан бол бүр муу юм болох байсан. Яагаад гэвэл Баруун өмнөд чиглэлд шинэ фронт байгуулахаар Дээд ерөнхий командлалын арга буюу зарцуулсан тэр хүчийг Гитлерийн жигүүр, ар талаас хэрэглэж болох байсан юм. Гитлер болон түүний генералууд, жанжин штаб 1941 онд стратегийн зорилтынхоо нэгийг ч биелүүлж чадаагүйд хэргийн учир оршино. Тэд Москваг төдийгүй бас Ленинградыг авч чадаагүй, манай орны өмнөд нутагт стратегийн зорилгуудаа биелүүлж чадаагүй билээ. Өөрсдөд нь тийм ширүүн эсэргүүцэл үзүүлнэ гэж гитлерчүүд тооцоолоогүй юм.

Маршал Жуковын хориотой ярилцлага
Эх сурвалж: http://www.bataar.mn/10034984
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Маршал Жуковын хориотой ярилцлага
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Боргил 2015/05/14
    цэргийн стратеги гэдэг гайхалтай. сайн стратегитай бол Монгол маань ч тийм амар ялагдахгүй л болов уу

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/14
    Сонирхолтой. Жуков Халх Голын байлдааны талаар өгсөн ярилцлага байдаг юм болов уу?

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох