МЭДЭЭ НЭМЭХ  

«Үхлийн тулаан»-ы түүх: 1-р хэсэг

  • 4,035 уншсан
  • 0
  • 2015/05/21


Эхлэл: Дээд Бурхад ба Нэгдмэл Оршихуй...


Цаг хугацааны эхэнд ердөө хоёрхон бодьгаль: Дээд Бурхад, Нэгдмэл Оршихуй хоёр л оршин байжээ. Нэгдмэл Оршихуй нь Дээд Бурхдын хүчийг сорон авч амьдралаа тэтгэдэг байж. Иймээс Дээд Бурхад өөрсдийгөө аврахын тулд Камидогу нэрт 6 зэвсэг бүтээж Нэгдмэл Оршихуйг 6 хэсэг тасчин хаяжээ.

Нэгдмэл Оршихуйн ухамсрыг шингээн авсан эдгээр хэсгүүд аажмаар биежин 6 Бодит Ертөнц болон хувирч, тэдэн дээр амьдрал цэцэглэж эхлэв. Камидогу зэвсгүүд ч эдгээр 6 Ертөнцөд уусан алга болсон байна. Дэлхийн Хаант улс, Тамын Орон, Гадаад Ертөнц, Сейдо буюу Дэг журмын Ертөнц, Эмх замбараагүйн Ертөнц, Эдени гэсэн 6 Ертөнцийн тус бүрийн амьдралын хүчийг шингээсэн нэг нэг Камидогу зэвсэг байдаг ажээ.

Дээд бурхдын тааллаар нэг Ертөнц нөгөөгөө эзлэн захирч болох бөгөөд үүний тулд «Үхлийн тулаан» нэрт тэмцээнд 10 удаа дараалан ялалт байгуулах ёстой аж. Нэг Ертөнц тулаанд дуудвал нөгөө нь татгалзах эрхгүй. Энэ бол бусад Ертөнцийг эзлэн авах цорын ганц, «хууль ёсны» арга бөгөөд зөрчвөл Дээд бурхдын хилэнд өртөх учиртай гэнэ.


Ирээдүйн талаарх зөгнөл...


Ертөнцүүдийн үүслээс хойш хэдэн жилийн дараа Эденийн ивээгч-бурхан Аргус, түүний эхнэр Делия нар Тэйвен, Дэйгон гэсэн 2 хүүтэй болов. Ирээдүйг хардаг шидтэй Делия нэг өдөр Хүчирхэг дайчид хэт олширсноос бүх Ертөнцүүд устаж үгүй болохыг олж мэджээ. Дээд Бурхад энэ явдлыг таслан зогсоох үүргийг Аргус, Делия нарт өгсөн байна.

Делия болон Аргус

Шийдвэрлэх тулаан Эденийн тогоон дотор, нурсан балгас дунд болохыг Делия олж харсан тул Аргус энд пирамид барьж дотор нь Делиягийн бүтээсэн Блэйз нэрт галт хүчийг нуужээ. Аргус бүх дайчдыг хөнөөхийг хүссэн ч, Делия зөөлрүүлж, зөвхөн хүчийг нь үгүй хийхээр болгосон байна. Дараа нь хөвгүүдээ Эдени рүү илгээжээ. Тэд хоорондоо тулалдаж дийлсэн нь Эдений шинэ хамгаалагч болох ёстой байлаа. Тэд замдаа Дэлхий дээрх эцгийнхээ сүмээс сэлэм, эхийнхээ сүмээс хуяг дуулга тус бүр авч явах ёстой байв. Нэг хуяг нь дайчдыг хөнөөх, нөгөө нь хүчийг нь авах шидтэй байжээ. Үүний дараа ах дүү хоёр Эдений ордонд очоод Аргусын шидэнд автан нойрсов. Тэднийг Дэлхий дээр байх уулын гүнд нууж Луугаар мануулжээ. Тэйвенийг Алтан Луу-Орин, Дэйгоныг Улаан Луу-Каро хамгаалж байлаа. Цаг нь ирэхээр Блэйз дохио өгч луунууд ах дүү хоёрыг сэрээн тэмцээн эхлэх учиртай аж.


Шиннок ба Дэлхийн Хаант улсын тэмцэл...


Дээд Бурхад бүх Ертөнцүүдийг анхааралдаа авч, маш ухаалгаар удирдаж байсан боловч тэдний нэг болох Шиннок хязгааргүй эрх мэдлийн шуналд автаж Дэлхийн Хаант улсыг өөрийн болгохоор завдаж эхэлжээ. Дээд Бурхад Аянгын залуу Бурхан Райдэнээр Дэлхийг хамгаалуулах болов.

Райдэн, Шиннок 2-ын хооронд ширүүн тэмцэл өрнөж, хөлд нь Дэлхий золтой л үрэгдчихсэнгүй. Шиннок шидэт сахиусны хүчээр Бодит Ертөнцөд нэвтэрсэн болохыг Райдэн олж мэджээ. Энэ сахиус Бодит Ертөнцийн хилийг сулруулж, тэмцээн хийхгүйгээр нэвтрэн орох боломж олгодгоос гадна Дээд Бурхдын оролцоог ч хязгаарладаг онцлогтой аж. Дэлхий дээр амьдарч байсан Гүрвэлүүдийг, эсвэл Шиннокийг хөнөөх сонголттой тулгарсан Райдэн 2 дахийг нь сонгож Шиннокийн сахиусыг булаан авч Тамын орон руу илгээнэ. Дараа нь сахиусыг Азийн өндөр ууланд нууж Газар, Ус, Гал, Салхи гэсэн 4 хүчээр хамгаалуулжээ. Сахиус хэдий хугацаагаар Дэлхий дээр оршино, Шиннок төдий хугацааг Тамын Оронд өнгөрөөх ёстой аж.


Гадаад Ертөнцийн удирдагч...


Гадаад Ертөнцийг олон жилийн турш Онага хаан захирч байв. Тэрээр бусад Ертөнцийг байлдан дагуулж эрхэндээ оруулсаар Эзэнт гүрнээ томсгож, хүчин чадлаа улам нэмэгдүүлэх болсон байна. Түүний ялагдашгүй армийн гол нууц нь: Онага үхсэн цэргүүдээ хэдэн удаа ч хамаагүй эргүүлэн амилуулж чаддаг увидастайд оршино. Онага өөрөө ч лууны өндөгөнд сүнсээ шингээж үхэшгүй мөнх болохоор зэхэж байв. Яг энэ үед түүний зөвлөх байсан Шао Кан Эзэн хаанаа зайлуулж, засгийн эрхийг гартаа авна.

Гэхдээ тэр маш муу удирдагч байсан тул үймээн самуун, эмх замбараагүй явдал их гарч байв. Шао Кан Онагагийн бодлогыг цааш үргэлжлүүлж Эдени хэмээх агуу Ертөнцийг байлдан дагуулахаар шийднэ. Эденийн шилдэг дайчид ээлж дараалан «Үхлийн тулаан»-д унаж Шао Кан санасандаа хүрчээ. Эденийн хууль ёсны хаан Жеррод алагдаж, түүний хатан Синдел, охин Китана нар Эзэн хааны мэдэлд очив. Синдел Шао Каны эхнэр болсонтойгоо эвлэрч чадахгүй байсаар амиа хорлон үхжээ.


Үхлийн тулаан...


Эдени болон бусад Ертөнцийг байлдан эзэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа Шао Кан Дэлхийн Хаант улсыг эрхшээлдээ оруулахаар төлөвлөж эхэлнэ. Тэрээр өөрийн шадар туслагч Шанг Цунгийг илгээж Шаолиний лам нарын тэмцээнийг хяналтандаа авч улмаар Дэлхий болон Гадаад Ертөнцийн шилдэг дайчдын тулаан болгон хувиргах даалгавар өгнө. Райдэн 50 жил тутамд нэг аваргыг төрүүлэх зорилготой байгуулагдсан “Цагаан Лянхуа” бүлгэм рүү Дэлхийн шилдэг тулаанчдыг илгээсээр байв.

Агуу Кунг Лао бол ийм дайчдын нэг юм. Тэр Шанг Цунгийг ялж Их аварга болсон ч ганцхан удаа түрүүлэх тавилантай байжээ.

Дараа нь Лао, Шанг Цунгийн шинэ холбоотон Шоканы ханхүү Город алагдсан юм.

Харин Горо сүүлийн 9 тэмцээнд дараалан тэргүүлснээр Дэлхий Гадаад Ертөнцийн эрхшээлд орох цаг тун ч ойрхон ирээд байлаа.


Сүүлийн «Үхлийн тулаан» эхлэхээс 2 жилийн өмнө Куан Чи гэх шидтэн том Саб-Зиро нэрт дайчныг хөлслөн эртний сахиус олж авчрах даалгавар өгнө. Саб-Зиро сахиус хадгалагдаж байгаа сүм рүү очих замыг заасан газрын зургийг Шаолинээс хулгайлж байхдаа “Ширай Рю“ бүлгэмийн гишүүн Ханзо Хасаши (хожим Скорпион нэрээр алдаршсан) гэх нинжаг алж орхино. Газрын зураг хулгайлсныхаа дараагаар Саб-Зиро Дэлхийн Хаант улс даяар амь өрссөн аялал хийж Газар, Ус, Гал, Салхины хүчийг устган сахиусыг олж Куан Чид өгдөг. Үүний дараа түүн дээр Райдэн хүрч ирээд сахиусны нууцыг нээнэ. Ингэснээр Саб-Зиро Тамын Оронд очиж Куан Чигээс сахиусыг эргүүлэн авахаар дуртай дургүй явна. Энэ ажиллагаа амжилттай болж Саб-Зиро сахиусыг Райдэнд гардуулан өгдөг. Гэвч зальт Куан Чи сахиусыг хуурамчаар сольж орхисон байсныг “Лин Куэй” бүлгэмийн дайчин ч, Аянгын бурхан ч гадарласангүй. Жинхэнэ сахиус цагаа хүлээн Куан Чигийн гар дээр үлдэх нь тэр.


2 жилийн дараа Дэлхий «Үхлийн тулаан»-ы 10 дахь тэмцээнд ялж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо  хадгалан авч үлдэхээр шилдэг дайчдаа илгээжээ. Дайчдын дунд Лю Кэнг, Соня Блэйд, Жонни Кейж нар байлаа. Райдэний тусламжтайгаар Дэлхийн дайчид удаа дараалан ялалт байгуулж Лю Кэнг шинэ аваргаар тодорчээ. 

Скорпион Саб-Зиротой дахин тулгарч энэ удаа ялж өшөөгөө авч чадна. Шанг Цунгийн ялагдалд хилэгнэсэн Шао Кан Лю Кэнгийн өсөж хүмүүжсэн Ушу академийг газрын хөрснөөс арчиж хаях тушаалыг Таркатануудад өгнө.

Таркатанчууд бараг бүх найз нөхдийг нь хөнөөж, Соняг хулгайлан одсон тул харамсаж хорссон Лю Кэнг Шао Каны араас Гадаад Ертөнц рүү одно. Гэхдээ тэр ганцаар биш, түүнтэй хамт Кунг Лао, Жонни Кейж, Соня Блэйдийг олж суллах гэсэн хошууч Жэксон Бриггс (Жэкс) нар явна. Тэд амь өрссөн алхам хийж байгаагаа мэдэж байсан ч Шао Каны төлөвлөгөөг нурааж, Соняг аварч чадна. 

Ингэтэл Шао Кан Синдел хатныг буцаан амилуулж, “Эденийн хатан хааныг гэрт нь буцаах” нэрийдлээр Ертөнц хоорондын хаалгыг нээж, Дээд Бурхдын тогтоосон дүрмийг үл хайхран Дэлхий рүү дайрч эхэлдэг. 

Дэлхийн дайчид дахин нэгдэж, хамтдаа Шао Каныг дахин ялж чаддаг. Шао Кан хүнд шархадсанаас гадна Гадаад Ертөнцөд түүний байдал тун эгзэгтэй болж, дээрээс нь Эдени дахин эрх чөлөөгөө олж авна...

II хэсэг унших

Энэхүү контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

Mortal Kombat онлайнаар холбогдож тоглох : http://onlineplay.mn/

Mortal Kombat мэдээлэл авах хуудас: https://goo.gl/2QvOpo

Mortal Kombat тоглоомын групп : https://goo.gl/efvA9j

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Үхлийн тулаан»-ы түүх: 1-р хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох