МЭДЭЭ НЭМЭХ  

«Mortal Kombat» тоглоомын түүх: 2-р хэсэг

  • 3,897 уншсан
  • 0
  • 2015/05/28

I хэсэг унших


Шиннок эргэж ирсэн нь...


Тамын Орон руу шидэгдсэн Шиннок Райдэнээс хариугаа авахаар арми бүрдүүлж эхэлнэ. Дэлхий болон Гадаад Ертөнцөд байсан далд холбоотнуудынхаа тусламжтайгаар тэр саяхан чөлөөлөгдсөн Эдени рүү ирж, Синдел хатан, Китана гүнж нарыг хулгайлна. Улмаар Тэнгэрийн Оронд очиж ихээр сүйтгэн хэд хэдэн Дээд Бурхад, Залуу Бурхдыг хөнөөдөг.

Фужин Райдэн хоёр зугтааж Дэлхийд ирээд Ертөнцүүдийн мөхлийн эсрэг тулаанд бэлтгэх хэрэгтэй болно. Удаан үргэлжилсэн ширүүн тулааны эцэст Лю Кэнг Шиннокийг ялж, дахин «Үхлийн тулаан»-ы аварга болдог. Шиннок ч дахин Там руу цөлөгдөнө. Энд түүний гол холбоотон хар шидтэн Куан Чи ч байдаг.


Үхлийн холбоо...


Куан Чи Доод Ертөнцөд олон жилийг өнгөрүүлсний эцэст нууц хаалгаар зугтаж, Шанг Цунгтай холбоо тогтооно. Тэрээр ордны дотор сүнсэн урсгал-Солнадог бий болгосноор Шанг Цунг Луугийн Хааны занданшсан армийг амилуулж чадна. Тэд хамтдаа Шао Каныг дайрч эзэн хааныг хөнөөнө. Гэвч энэ нь жинхэнэ Шао Кан биш, хуулбар нь байжээ. Дараа нь Үхлийн Холбоотнууд Дэлхийг зорино. Шанг Цунг Куан Чигийн тусламжтайгаар Лю Кэнгийг алж, сүнсийг нь авна.

Райдэн хар шидтэний эсрэг тэмцэхээр Дэлхийн дайчдыг дахин цуглуулж эхэлнэ. Энэ удаа өөрийн Ертөнцийг Гадаад Ертөнцийн эрхшээлээс салгахыг хүссэн цус сорогч Нитара, Каногийн удирдсан Үхлийн Холбоотнуудын армид боолчлогдсон тосгоны Ли Мэй, Соня, Жакс нарын хүчээр эргэн хүн төрхөндөө орсон Сайракс, Шанг Цунгэд нүдээ сохлуулсан сэлэмчин Кенши нар оролцоно.


Луугийн Хаан иргэж ирсэн нь...


Урьд урван тэрслэгч Шао Каны гарт хөнөөгдсөн Луугийн Хаан махан биеэ буцаан авах арга сэдэж эхэлнэ. Ингээд аватар дүрээр авьяаслаг дайчин Шужинко дээр ирж өөрийгөө Дээд Бурхдын элч Дамаши хэмээн танилцуулна. Тэрээр Шужинкод Дээд Бурхдын зэвсэг болох 6 Камидогуг Ертөнцүүдээс цуглуулан олоод Нексусийн шүтээнд авчрах даалгавар өгдөг. Бүх Камидогу бүрдмэгц лууны сүүлчийн өндөг хагарч Онагагийн сүнс Рептилийн биед шилжин орсноор түүнийг бүрэн эзэмдэнэ.

Дараа нь Онага шүтээнээс Камидогу зэвсгүүдийг авч тэднийг ашиглаж, хязгааргүй эрх мэдэлтэй болохын тулд идэвхжүүлэгч түлхүүр нь дутуу байгааг Шужинкод хэлнэ. Энэ хооронд Райдэн Үхлийн Холбоотнуудтай ганцаар тулалдаж дийлдэнэ. Дараа нь Шанг Цунг Куан Чи хоёр сахиусыг булаацалдан хоорондоо тулалддаг. Эхлээд Куан Чи ялах боловч түүний баяр удаан үргэлжилсэнгүй: Ордонд Луугийн Хаан хүрч ирнэ.

Куан Чи, Шанг Цунг, Райдэн гурвуул нийлээд Онагаг зогсоохоор оролдох боловч чадсангүй. Үүнийг ойлгосон Райдэн бурханлиг хүчээ гаргаж өөрийн хамт Шанг Цунгийн ордныг тэр чигт нь дэлбэлэх боловч Луугийн Хаан зогссонгүй, Шиннокийн сахиусыг авч чадна. Онага бүх Ертөнцүүдийг нэгтгэн захирах санаагаа хэрэгжүүлж эхэлдэг. Онагаг Нэгдмэл Оршихуй удирдаж байгаа нь ойлгомжтой болно.

Аюулт мангасыг сэрээсэн гэм буруугаа мэдэрсэн Шужинко алдаагаа засахаар шийдэж Дэлхий болон Гадаад Ертөнцийн шилдэг дайчдыг цуглуулан Луугийн Хааны эсрэг тэмцэхээр болно. Энэ үед Скорпионыг Дээд Бурхад Онагаг зогсоож чадах Аварга хэмээн сонгосон байлаа.

Эцэст нь Шужинко Луугийн Хааныг ялж, холбоотнуудынхаа хамтаар Камидогу зэвсгүүдийг устгана. Тамын оронд ирсэн Найтвульф Онагагийн сүнсийг энд үүрд хадсанаар Гадаад Ертөнцийг энэ мангасаас чөлөөлж, мөн Рептилийг эрх чөлөөтэй болгодог. 


Aрмагеддон...


Луугийн Хаан эргэж ирсэн үйл явдлуудтай холбоотойгоор Ертөнцүүдийн мөхлийн талаарх Делиягийн зөгнөл биелэгдэж эхэлнэ. Каро луу Блэйзтэй холбоо тасарсныг тэмцээн эхлэх дохио хэмээн андуурч Дэйгоныг сэрээсэн тул Дэйгон тэмцээний зорилгыг мэдэж аваад бурхдын хүчийг гартаа оруулахаар мөрөөдөж эхэлнэ. Тэрээр Улаан Луу (түүнийг сэрээсэн лууны нэрээр) бүлгэмийг байгуулж, Ертөнц хоорондын хаалгыг дураараа нээлгэж байхын тулд Карог боолчилно. Улаан Луугийн бүлгэмийн гол зорилго нь Блэйзийн байгаа газрыг мэдэж авах, Тэйвенийг алах хоёр байлаа. Тэйвен сэрээд Улаан Луугийн дайчид түүнийг байнга алахаар оролдож байгааг олж мэднэ. Тэрээр сэлэм олж авах ёстой эцгийнхээ ордонд очсон боловч сэлэм нь хулгайлагдсан болохыг мэдэж авдаг. “Лин Куэй” бүлгэмийн Төв штаб болон хувирсан эхийнхээ сүмд очиж түүний үлдээсэн хуяг дуулгыг олж авна.

Энэ үед Куан Чи Блэйзэд нуугдсан агуу хүчийг Гэгээлэг талынхны гарт оруулахгүйн тулд Шао Кан, Шанг Цунг, Онага мэтийн Харанхуйн хүчний бүх ноёдыг нэгтгэж эхэлдэг. Тулалдаан яг Делиягийн зөгнөн харсан ёсоор Эденийн балгасан дундах галт уулын тогоон дотор эхэлдэг. Тэйвен энд ирээд Блэйзтэй тааралдаж, өөрийн гол зорилгоо: үхлийн тулааны дайчдыг алах эсвэл хүч чадлыг нь авах ёстойгоо олж мэднэ. Бас Дэйгон эцэг эхийгээ алж, одоо Блэйзийг алах гэж байгаагаа түүнд хэлдэг. Дэйгон л Тэйвений сэлмийг хулгайлан авсан байж. Гэтэл тэдний эцэг эх алагдаагүй, харин Дэйгоныг туршсан сорилго байсан аж. Тэйвен Дэйгон хоёр тулалдаад Тэйвен ялжээ. Тэр сэлмээ аван газар дороос гарч ирэх Аргусын пирамид руу очсон боловч Ертөнцүүдийн асуудлыг шийдэхэд тус болж чадсангүй.


Шинэ түүх...


Тулаанд оролцсон бүх дайчид үхэж Райдэн Шао Кан хоёр л үлдэнэ. Эзэн хаан дийлэх дөхөж Райдэнийг авч чулуудах үед түүний зүүлт хагардаг. Шао Кан эцсийн цохилт хийхээр алхаа өргөх зуур Райдэн түргэнээр зүүлтээ буцаан эвлүүлж тарни шившинэ. Алх буухын өмнөхөн өнгөрсөн цаг үед буй өөртөө «Тэр ялах ёстой!» гэсэн сануулгыг илгээж амждаг.

Энэ шившлэг тэмцээн эхэлж байх үед Райдэнд ирнэ. Дараа нь Райдэн зүүлтэнд нь ан цав гарсан байхыг харж гайхна. Үүний дараагаар тэмцээний бүх үйл явдал шал өөрөөр явагдах болно. Райдэний өмнө ирээдүйд болох үйл явдлууд харагдаж эхлэх тул тэрээр ирээдүйг өөрчлөхийг оролдоно.

Эхлээд зөвхөн Райдэн, Лю Кэнг хоёр л Дэлхийн Хаант улсыг аврахаар тулалдаж бусад нь өөр өөр зорилготой байсан. Скорпион Саб-Зирогоос өшөөгөө авах, Соня Блейд Жаксыг Шанг Цунгээс аврах, Жонни Кейж тулааны үзэгдлийг орлон тоглогчгүй өөрөө гүйцэтгэдэг гэдгээ батлан харуулах зорилготой байлаа. Жаксын эрэлд гарсан Соняг Кано золтой л алж орхисонгүй, түүнийг Жонни Кейж авардаг. Соня Жаксыг Шанг Цунгийн шоронгоос олдог ч өөрөө бас л алуулах дөхнө. Энэ удаа Рэйден аминд нь ордог. Кейж тэмцээн дээр Рептилий Барака хоёрыг ялж, Соня Жаксыг аварч гаргасны дараа Райдэн тэдэнд бүгдэд нь энэ ямар учиртай тэмцээн болох, тэд яагаад заавал ялах хэрэгтэйг тайлбарлаж өгнө.

Дараа нь тэдэнтэй Шөнийн Чоно нэгдэнэ. Тэмцээний дараагийн өдөр Скорпион гарч ирээд Саб-Зиротой тулалдуулахыг Шанг Цунгээс шаардана. Яг энэ үед Райдэн далдыг харж Шанг Цунгийн хамгаалагчийн дүрээр хувцасласан Кун Лао тэмцээнд оролцох гэж буйг мэднэ. Райдэн Лаог олж уулзаад сүмдээ буцахыг ятгасан ч амжилтанд хүрсэнгүй, Лао өөрийгөө Лю Кэнгээс дутахгүй дайчин гээд Скорпионыг тулаанд дуудаж түүнд ялагддаг. Дараа нь Рэйден Саб-Зиро Скорпионд ялагдаж, сүнс нь Нуб Сайбот нэрт харанхуйн дайчин болон хувирч байгааг харна. Ийм явдал гаргуулахгүйн тулд Саб-Зирог алахгүй орхихыг Скорпионоос хүсээд оронд нь гэр бүл, бүлгэмийг нь эргэн амилуулахыг Дээд Бурхдаас гуйна хэмээн ам өчиг өгнө. Скорпион ч Саб-Зиротой тулалдаж ялах боловч алахгүй орхидог. Гэтэл Куан Чи гарч ирээд Саб-Зирог алахыг шаарддаг. Скорпионы татгалзсаны хариуд Куан Чи Лин Куэй, Саб-Зиро хоёр гэр бүл бүлгийнхнийг нь хүйс тэмтэрч байгааг дүрслэн харуулдаг. Үнэндээ Скорпионы бүлгэм, гэр бүлийг Куан Чи өөрөө хөнөөсөн билээ. Энэ бүхний дараа Скорпион тэссэнгүй Саб-Зирог алж орхидог.

Дараа нь Райдэн Сайраксыг талдаа татаж авахаар оролдоно. Сайракс бүлэгтээ үнэнч боловч, шилдэг дайчдыг киборг болгон хувиргаж буйг эсэргүүцдэг ажээ. Хэрвээ Шанг Цунг тэмцээнд ялбал “Лин Куэй” бүлгэм ч, Дэлхийн Хаант улс ч байхгүй болно гэдгийг тайлбарласны дараа Сайракс Рэйдений саналыг хүлээж авна.

Энэ тухай мэдсэн Шанг Цунг Шива Барака хоёрыг явуулж Сайраксыг алуулах гэсэн боловч бүтэлгүйтнэ. Дараа нь Секторыг илгээж тэмцээний үеэр Кейжийг алах даалгавар өгсөн ч Сайракс Жонниг өршөөнө. Түүнийг эргэж буцалтгүй эсрэг талд орсныг ойлгосон Сектор киборг болгохоор оролдсон ч чадсангүй.

Орой нь Шанг Цунг Эрмак нэрт шинэ дайчныг танилцуулж Лю Кэнгтэй тулалдуулсан ч дийлсэнгүй. Одоогоор Дэлхийн дайчдаас Лю Кэнг л ганцаараа огт ялагдаагүй байгаа тул бүх найдвар түүн дээр байна. Шанг Цунг Китанад Люг алах даалгаврыг өгсөн боловч бүсгүй чадсангүй, Лю ч Китанаг алсангүй, харин өөр нөхцөл байдалд  дахин уулзахаас татгалзахгүй гэдгээ хэлээд явуулна. Дараа нь Лю Кэнг Куан Чи, Скорпион нарыг ялж өмнөх 9 тэмцээний аварга Шоканы ханхүү Горотой үзэлцэж дийлнэ. Ингээд Шанг Цунг «Үхлийн тулаан»-ы аваргын төлөө тулаанд Люг дуудсан боловч мөн л ялагдана. Ингээд Лю Кэнг «Үхлийн тулаан»-ы шинэ аварга болж, Доод Ертөнцийн дайчид Шао Кан руу буцан одно. Гэвч Райдэний зүүлт улам цуурсаар байдгийн учир юу вэ?

Тэмцээний түрүүг авч чадаагүй Шанг Цунгийг эзэн хаан алах гэсэн боловч нөгөөх нь арга сэдэж 2 дахь тэмцээнийг Гадаад Ертөнцөд зохион байгуулахыг санал болгоно. Шао Канаас мөнхийн залуу насыг шагнал болгон авсан Шанг Цунг Барака тэргүүтэй таркатанчуудыг дагуулан Шаолинь сүм рүү довтлоно.

Райдэнээр толгойлуулсан Дэлхийн дайчид тэдний эсрэг тулалдахаас өөр аргагүйд хүрнэ. Гэвч бүх юм сайхан болсонгүй. Гадаад Ертөнцийн дайчид Дэлхийнхнийг тэмцээний бус үеэр нэг нэгээр нь сэмхэн устгахыг зорино. Дэлхийн дайчдын хүч нилээд суларчээ, гэтэл тэмцээн дуусах болоогүй байлаа.

Райдэн цаг үргэлж л «Тэр ялах ёстой!» гэсэн сануулгыг бодож, хэний тухай хэлсэн болохыг нь тааж ядан гайхна. Эцсийн тулаанд тэрээр Кун Лаог гаргах гэж бодож байсан ч, Кинтарог ялсандаа эрэмшсэн Лао Эзэн хааны гарт үхдэг. Лю Кэнг шинэ тэмцээнд андынхаа өшөөг авахаар Шао Кантай тулалдан ялна. Гэвч Райдэний зүүлт цуурсаар л байна.

Энэ хооронд Кан үхээгүй болох нь тодорхой болно. Тэрээр Шанг Цунгэд эргэлзэж эхлэх бөгөөд үүнийг нь Куан Чи ашиглаж Синдел хатныг амилуулан Ертөнцүүдийг дахин нэгтгэхийг ятгана. Ингэхлээр Дэлхийн алагдсан дайчдын сүнсний зарим хэсэг Шао Каны мэдэлд орж ирнэ. Райдэн дахиад л дайчдыг толгойлон тэмцсэнээр Гадаад Ертөнцийн хүчийг саармагжуулан дайчдын сүнсийг буцаан авна. Гэвч тэдний гол баз болсон бунханд Лин Куэйн олон киборг цэргүүдтэй таарч тулалдана. Үүний өмнөхөн Райдэн Лю Кэнг нар Дээд Бурхдаас зөвлөлгөө авахаар очсон боловч цаадуул нь татгалздаг. Тэднийг буцан ирэх үед Дэлхийн бүх хамгаалагчид Шанг Цунгийн сүнсний ачаар улам бүр хүчирхэгжсэн Синделд алуулсан байлаа. Шөнийн Чоно өөрийн амийг золиослон байж Синделийг устгаж чадна.

Амьд үлдсэн Лю Кэнг, Соня, Жонни Кейж нар Шао Кантай шийдвэрлэх тулалдаан хийхээр очно. Райдэн эрсдэлтэй алхам хийж, Куан Чигээс тусламж гуйхаар түүний түүний үүрэнд орно. Шидтэн өөрийн мэдэлд байсан Дэлхийн алагдсан дайчдын сүнсийг Райдэн руу илгээх боловч, тэднийг ялсны дараа Райдэн «Тэр ялах ёстой!» гэсэн үг Шао Кантай хамаатай болохыг, Кан ялахын даваан дээр л Дээд Бурхад оролцож, «Үхлийн тулаан»-ы хуулийг зөрчсөн хэргээр гэсгээн шийтгэх боломжтой болохыг гэнэт ойлгоно.

Кан нэгэн барилгын дээвэр дээр манай Ертөнц рүү орох хаалгыг нээж байхад нь Райдэн олж очно. Лю Кэнг Райдэнд итгэхээ болиод Эзэн хааныг өөрөө устгахаар шийдсэн байсан тул Райдэн түүнийг зогсоохоос өөр аргагүй болно. Лю Кэнг Райдэний аянгын эсрэг галт нударга хэрэглэснээр өөрөө үхнэ. Ингэж байтал Кан ч ирэв. Соня Жонни хоёр түүнийг зогсоохыг оролдсон ч хүч мөхөсдөнө. Үүний дараа Кан Райдэнийг зодож, fatality хийхээр завддаг үзэгдэл давтагдана. Шао Кан алхаа буулгах агшинд Дээд Бурхад оролцож «Үхлийн тулаан»-ы хуулийг зөрчсөн этгээдийг ялах хүчийг Райдэнд өгдөг. Дээд Бурхдын хүчийг ашиглаж Райдэн Каныг Дэлхийгээс бүрмөсөн хөөж зайлуулна. Дараа нь Райдэн, Соня Блейд, Жонни Кейж нар Лю Кэнгийн цогцсыг аван аюулгүй газарт ирнэ.

Энэ үед Каны дуулгыг авч, хорионд байгаа хөөгдсөн бурхан Шинноктой ярилцах Куан Чи гарч ирнэ. Эндээс эхний 3 тэмцээний үйл явдал бол Ертөнцүүдийг эзэмдэхээр санаархсан хар шидтэн, хөөгдсөн бурхан хоёрын төлөвлөгөө байсан нь тодорхой болно. Түүгээр ч зогсохгүй Шиннок хүчээ авч эхэлж байгаа тухайгаа, удалгүй хорионоосоо мултарч Дэлхийн Хаант улс, Гадаад Ертөнцийг хүйс тэмтрэх цаг ойрхон байгааг хэлдэг...


Mortal Kombat онлайнаар холбогдож тоглох : http://onlineplay.mn/

Mortal Kombat мэдээлэл авах хуудас: https://goo.gl/2QvOpo

Mortal Kombat тоглоомын групп : https://goo.gl/efvA9j

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Mortal Kombat» тоглоомын түүх: 2-р хэсэг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох