МЭДЭЭ НЭМЭХ  

Бие биедээ дургүй ч хослон тоглосон жүжигчид

  • 13,570 уншсан
  • 0
  • 2015/06/22

Киног багаараа бүтээдэг нь тодорхой. Гэхдээ багийн дотор тэр бүр санаа нийлдэггүй, бүр бие биеэ үзэн яддаг хүмүүс байх нь энүүхэнд. Бэлэн болсон кинонд мэдэгддэггүй ч зураг авалтын үеэр найруулагчдын “толгойны өвчин” болсон зарим тохиолдлыг сонирхуулъя.

“Салхиар туугдагсад” (Gone with the Wind)

Вивьен Ли, Кларк Гейбл

8 Оскар авсан энэ домогт бүтээл бол анхны өнгөт кино гэдгээрээ алдартай. Ретт Батлерийн дүрийг бүтээсэн Кларк Гейбл найруулагчийн тусгай урилгаар энэ кинонд тоглосон байна. Харин Скарлетт О’Харагийн дүрд бараг 1500 гаруй жүжигчид өрсөлджээ. Иймээс л Гейбл зураг авалтын үеэр Лид их зан гаргаж, нөгөөх нь ч мөчөөгөө өгөлгүй хариу барьж байсан гэдэг. Гэхдээ хоёулаа дэндүү мундаг жүжигчид байсан тул эвгүй харьцаа нь тоглолтонд огт нөлөөлөөгүй юм.


“Жаазад зөвхөн бүсгүйчүүд” (Some Like It Hot)

Тони Кертис, Мэрилин Монро

Энэхүү инээдмийн кинонд үзүүлсэн хошин аяс, хөөр хөгжил, хөнгөн амьдралыг хичнээн их зовлон туулж байж бий болгосон гэж санана? Жүжигчид дараа нь энэ тухай дурсах ч дургүй байжээ. Гол дүрийн жүжигчин Мэрилин Монро энэ үед аз жаргалгүй гэрлэлт, бүтэмжгүй жирэмслэлтээсээ болоод шаналж байсан бөгөөд нойр муутайн улмаас байнга стресст ордог байв. Энэ бүхэн ажилд нь нөлөөлөхгүй байж чадсангүй. Монро байнга зураг авалтаас хожимдож, үгээ чээжлэлгүй ирж зовоодог байлаа. Нэг үзэгдлийг бүр 41 дэх удаагийн дублээр сая нэг юм авсан гэдэг. Ядарч гүйцсэн Тони Кертис галзууртлаа уурлаж, нэрт жүжигчнийг багалзуурдаж авахад бэлэн байсан гэдэг.


“Эрүү” (Jaws)

Роберт Шоу, Ричард Дрейфус

Стивен Спилбергийн алдарт «Эрүү» кино нь зүрх түгшээсэн үйл явдлаараа төдийгүй жирийн загасчин Квинт, их зантай биологч Хупер хоёрын хэцүүхэн харьцааг харуулснаараа алдаршжээ. Учир нь эдгээр дүрүүдийг бүтээсэн жүжигчид хоорондоо огтхон ч таарч тохирдоггүй хоёр байсан бөгөөд энэ нь кинонд тусгалаа олсон гэнэ. Тэд минут тутамд зодолддоггүй юмаа гэхэд хорон үг шидэлцэх нь гайхалтай байжээ. Арай соёлтой Дрейфус биеэ барихыг ихэд хичээдэг ч, хэзээний танхай Шоу бүх багийнхны тэвчээрийг барж байсан гэнэ.


“Оддын дайн-4: Шинэ найдвар” (Star Wars)

Энтони Дэниелс, Кенни Бейкер

«Оддын дайн» кинонд салж хагацдаггүй, хоорондоо огт зөрчилддөггүй ганцхан хос байдаг нь эв хавгүй C3PO, бяцхан R2D2 гэх 2 робот билээ. Гайхалтай нь, эдгээр дүрүүдийг бүтээсэн жүжигчид маань бодит амьдрал дээр бие биеэ үзэж чаддаггүй хоёр байж. Бейкер нь Дэниелсийг их зантай, бусдыгаа тоодоггүй хэмээн үргэлж гоочилдог байв. Харин Бейкер «эрэг шурагтай хувин» дотор хэн ч суусан түүнд падгүй хэмээн доромжилдог байжээ. Ингээд л зодоон гаралгүй хаачихав.


“Крамер Крамерийн эсрэг” (Kramer vs. Kramer)

Дастин Хоффман, Мэрил Стрип

Салсныхаа дараа хүүхдээ авах гэж булаацалдаж буй эх эцэг хоёрын дүрд өөр жүжигчид тоглосон бол энэ кино ийм гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм болох байсан болов уу? Хэргийн учир ийм юм. Стрипт дүрийнх нь зарим тал таалагдаагүй учраас нилээд өөрчлөлт хийж үг, үйл хөдлөлийг нь засахыг шаардсаар санасандаа хүрчээ. Харин Хоффман үүнийг өөрийнх нь тоглолтыг давж гарах гэсэн оролдлого хэмээн эмзгээр хүлээн авсан байна. Стрип түүнийг огтхон ч “авч хэлэлцсэнгүй” тул зураг авалтын явцад Хоффман түүнийг бүр ч ихээр үзэн ядаж, уур цухлаа арайхийн дарж байсан гэдэг.


“Бохир бүжиг” (Dirty Dancing)

Патрик Суэйзи, Женнифер Грей

Хамгийн романтик мелодрам болох «Бохир бүжиг» нь гол дүрийн жүжигчдийн дунд ассан “түймэргүйгээр” хит болж чадах байсан болов уу? Гэхдээ энэ “түймэр” нь романтик мэдрэмж огтхон ч биш юм шүү. Тэд хамт тоглохдоо тун ч дургүй байсан гэнэ. Суэйзи хамтрагчаа жүжиглэх авьяасгүй гэж, Грей түүнийг эв хавгүй, хөдөлгөөний эвсэлгүй хэмээн доромжилдог байлаа. Заримдаа ноцтой хэрүүлд хүрдэг байсан нь зураг авалтын үед тусгалаа олсон байдаг.


“Нууц материалууд” (The X Files)

Дэвид Духовны, Жиллиан Андерсон

«Нууц материалууд» цувралын гол дүрүүдийг бүтээсэн Дэвид Духовны, Жиллиан Андерсон нарыг хайр сэтгэлийн холбоотой гэсэн цуурхал явдаг байсан ч бодит амьдрал дээр бүр эсрэгээрээ  байжээ. Тэд зөвхөн зураг авалтын үеэр л бие биеэ рүүгээ харж инээмсэглэх аяддаг байсан гэнэ. Нэг сайхан өдөр Андерсон өөрийгөө гол дүр биш, «№ 2» гэдгийг ойлгож авчээ. Түүний авдаг мөнгө Дэвидийнхээс 2 дахин бага, тэгээд ч түүний дүр үргэлж л 2-р зэрэгт байдаг шүү дээ. Та нар лав анзаарсан байх. Тэд хаа нэг тийшээ явлаа гэхэд Скалли дандаа араас нь даган гэлдэрч байдаг шүү дээ. Мэдээж, гомдолтой байлгүй яахав.


“Би таагүй зүйлд дуртай” (I Love Trouble)

Жулия Робертс, Ник Нолти

Энэхүү романтик инээдмийн кино хамгийн эгэл нэгнийг л хуурч дөнгөх байх, учир нь Жулия Робертс зөвхөн дэлгэцэн дээр л дур татам, эелдэг зөөлөн ааштайгаар гардгийг хүн бүр мэднэ. Түүний элдэв занг тэсч гарах гэж хамтрагчид нь ихээхэн зовдог аж. Ник Нолтитой тоглохдоо Робертс бүр арай дэндэж байсан тул зарим яриатай хэсгийг нь тус тусад нь авсан гээд бод доо. Үзэгчдийг ч яахав хуурчихаж болно, харин зураг авалт дуусан хойно Робертс “Нолти шиг зэвүүн амьтан байхгүй” хэмээн ил тод мэдэгджээ. Харин Нолти эрийн шийр зааж “Жулиягийн муухай аашийг мэдэхгүй хэн байх вэ” гээд тоогоогүй аж.


“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” (Charlie’s Angels)

Билл Мюррей, Люси Лью

Кино тойрсон шуугиан нь бараг уран бүтээлээ давж гарах шахсан тохиолдол байдаг. “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” кинонд яг ийм явдал тохиолджээ. Билл Мюррей, Люси Лью хоёрын хэрүүлийн талаар сэтгүүлчид хэдэн сарын турш олзуурхан бичиж байв. Ер нь Мюррей хэцүүхэн араншинтай хүн л дээ. Зураг авалтын үеэр Люсиг зүйл бүрээр гоочилж нөгөөх нь ч мөчөөгөө өгдөггүй байв. Зарим үед хэрүүл уруул намжихыг хүлээн зураг авалтыг 1-2 хоног зогсоодог байж. Хоригдлууд шоронгоос суллагдах цагийг тэсч ядан хүлээдэг шиг л киноны багийнхан ажил дуусахыг хоног тоолон хүлээдэг байсан гэнэ.


“Блэйд 3: Гурвал” (Blade: Trinity)

Уэсли Снайпс, Райан Рейнольдс

Нэг хэсэг Уэсли Снайпс “жаахан юмтай” болсон байсан нь нууц зүйл биш болсон билээ. Яг энэ үед нь хамтран ажилласан хүмүүс л хөөрхий болжээ. «Блэйд» киноны 3-р ангийн зураг авалтын үеэр Снайпс хамтрагчидтайгаа харилцахаас татгалзаж найруулагчтайгаа зөвхөн зурвасаар харьцдаг байжээ. Гэхдээ Блэйд гэсэн нэрээр шүү! Райан Рейнольдс энэ явдлыг огт тэсвэрлэж чадахгүй байсан тул нэг бус удаа зодоон нүдээнд хүрэх шахаж байжээ. Найруулагч Дэвид С. Гойер таагүй явдал гаргуулахгүйн тулд төрөл бүрийн арга чарга хэрэглэж тэднийг тус тусад нь авах зэргээр аргалсаар байж нэг юм дуусгажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бие биедээ дургүй ч хослон тоглосон жүжигчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох