МЭДЭЭ НЭМЭХ  

Шоргоолжны нүгэл

  • 8,277 уншсан
  • 6
  • 2015/08/04

Шоргоолжны амьдралыг судалсан эрдэмтэд “хүнд байдаг олон төрлийн дутагдал шоргоолжинд бас байдаг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Жишээ нь, шоргоолжнууд “мансууртлаа ууж согтоод” дахин ганц дуслын төлөө цох хорхойн хүүхэлдэйг хооллож бялдуучлахад ч бэлэн байдаг аж. Бас дайн тулаан, боол эзэмших ёс гэж юу байдгийг тэд сайн мэднэ. Зарим төрлийн шоргоолж бусдын үүрийг довтолж, хүүхэлдэйнүүдийг нь “олзлон” авч явна. Энэ хүүхэлдэйнүүд хожим нь боол болон хувирдаг аж.

Дээрэмчин шоргоолж

Харь үүрэнд өссөн ажилчин шоргоолж эздээсээ өөр төрөлд хамаарах байлаа ч энэ үүрийг гэр орноо гэж үзэн, бүх хүч чадлаараа ажиллаж эхэлдэг. Иймээс хүүхэлдэй паразитлах буюу бусдын үр садыг булаан боолчлох явдал шоргоолжнуудын дунд түгээмэл байдаг ажээ. Дээрэмчид үүр барихгүй, үр төлөө өсгөх, тэжээх гэж зовохгүй бүгд бэлэн. Голдуу амазонка-шоргоолжнууд хар хүрэн шоргоолжийн үүрийг дээрэмддэг. Үүр цэвэрлэх, тэлж томсгох, авгалдайтай асрах гэх мэт бүхий л хар ажил боолуудын нуруун дээр ирдэг. Харин эзэд хоол хүнс олох, үүрээ хамгаалах ажлыг хариуцна. Хүний нийгэм нүдэнд бууж байгаа биз? Ялгаатай нэг зүйл нь: ажилчин шоргоолжнууд жинхэнэ гэртээ хийх ёстой байсан ажлаа л эздийн үүрэнд гүйцэтгэх бөгөөд харин  өөрийн төрлийн биш, өрөөлийн үр удмыг өсгөн бойжуулдаг байна.

Үүнээс гадна үүр паразитлах гэдэг үзэгдэл шоргоолжнуудын дунд элбэг. Ялангуяа хүч чадал муутай, жижиг биетэй эмэгчин үр тогтмогц хатнаа алдсан үүрийг олж тэндээ суурьшина. Зарим тохиолдолд хатан шоргоолж нь байгаад ч энэ түрэмгий явдалд саад болж чаддаггүй гэнэ. Хэрмэл эмэгчин үүрийн эздийн дурыг булааж, хайрыг нь татаж чаддаг тул тэд өөрсдөө хатнаа цааш харуулж орхидог аж. Ингээд үүрэнд хэсэг хугацаагаар 2 төрлийн шоргоолж амьдрах боловч эхээ алдсан жинхэнэ эзэд аяндаа үхэж үрэгддэг байна. Шинээр ирэгсэд үүрийг бүрэн эзэлж, өөрсдөдөө тохируулан засаж шинэчилдэг ажээ.


Шоргоолжны дайн

Амьдралын төлөө тэмцэл өрнөж байгаа газар дайн тулаангүй байна гэж үгүй. Үүр эзэмшигчид тэнэмэл булаан эзлэгчидтэй байнга дайтаж байдаг. Дайснууд бие биеэ хурдан таньж чаддаг. Хоол хайж явсан ажилчин шоргоолж тэнэмэлтэй тааралдвал бие биеэ үнэрлэж, тэмтэрч үзээд л танина. Дараа нь бусаддаа мэдээ дамжуулахын тулд хоёр тийш хар хурдаараа гүйн одоцгооно. Ажилчин шоргоолж өөрийн нь үнэр шингэсэн замаар дайснууд ирж буйг эзэддээ хэлэхээр, тэнэмэл нь тагнуулын үр дүнг зарлаж, армиа цуглуулахаар яарна. “Ажиллагаа” маш хурдан хугацаанд болж өнгөрдөг. Зарим үед 15 метр хүртэл хөвөрсөн тэнэмлүүдийн том арми хэдхэн секундын дотор үүрэнд хүрч ирнэ. Булаан эзэлсний дараа дээрэмчид олзоо түр зуурын оромж руугаа зөөнө.

Тэнэмэл шоргоолжнууд хоол хүнсээ барж дуусмагц шинэ газар руу нүүдэллэн явдгаараа онцлогтой. Үүнийг харахад нэн сүртэй. Шоргоолжнууд “эд хөрөнгөө” хэдэн зуун метр газар чирэн явж чаддаг. Энэ нь шавжнуудын ойлголтоор бол “Их нүүдэл” гэсэн үг. Дээр нь тэдний “ачаа бараа” жирийн шоргоолжтой адил ургамал, үхсэн шавж биш, эсэргүүцэн тийчлэх амьд хоол гээд төсөөл дөө. Ийм хоол олохын тулд маш хурдан ажиллах хэрэгтэй. «Толгойн анги» бол олон метр үргэлжилж бүхнийг залгидаг тэргүүн фронт юм. Үүрний эздийг гэнэгүй байхад нь цохилт өгөхийн тулд маш хурдан довтлохыг хичээдэг. Тагнуул олз хаана байгааг мэдмэгц замаа өвөрмөгц үнэрт феромон гэдэг бодисоор тэмдэглэн үүрэндээ гүйж ирдэг. Энэ нь арми цуглах дохио болно. Үнэрт замыг олсон шоргоолж бүр өөрийн замыг мөн л феромоноор “будан” цуглаж эхэлнэ. Ийм маягаар хэдхэн секундын дотор хэдэн мянган шоргоолжноос бүтсэн нүсэр арми бий болно. Хэт олон шоргоолж цугларвал заримыг нь нөөцөнд үлдээнэ. Тэд шаардлагатай үед нэмэлт дайралт хийх, эсвэл дээрэмдсэн зүйлээ зөөхөд туслах юм.


Шоргоолжны нийгэм

Гэхдээ халдлага бүр амжилттай дуусдаггүй, зарим үүрний эзэд сайн эсэргүүцэл үзүүлдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Зарим төрлийн шоргоолж шөнө бүр, зарим нь дайсан ойртож ирсэн тохиолдолд хаалгаа чулуугаар даруулдаг байна. Том биетэй, хүчирхэг эрүүтэй шоргоолжнууд шөнөдөө харуул хамгаалалт гаргах бөгөөд дайсан халдсан тохиолдолд эсэргүүцэн тулалддаг. Тэд дайсны тооны олноос огт сүрддэггүй бөгөөд бүр авралгүй болсон тохиолдолд авгалдай, хүүхэлдэй, хоол тэжээлийн зүйлээ “нүүлгэн шилжүүлдэг”. Үүрээ орхин гарах үед могой шувуу, бусад шавжны хоол болох олон аюул тэднийг хүлээж буй гэдгийг ойлгодог байна.

Ялангуяа фейдоле шоргоолжнууд тун гайхалтай зохион байгуулалттай. Тэд анхны түгшүүрийн дохио авмагц “чемодан”-аа бэлдэж, авгалдай, хүүхэлдэйгээ үүд рүү ойртуулан зөөж эхэлдэг. Гэхдээ юу юугүй гараад гүйлдэхгүй, дараагийн дохио иртэл хүлээнэ. Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ: дайснууд шувуунд тоншуулж, мэлхийд идүүлчихэж магадгүй. Бас дээрэмчид үүрэнд орж ирээд хоноглох нь элбэг тул яаж ийгээд нэг шөнийг авах хэрэгтэй. Ойд чулуу навчны дор бас ч гэж арга олдоно. Харин нуугдах газаргүй говь цөлд хэцүү шүү дээ. Иймээс фейдоле шоргоолжнууд үүрнээсээ хэдхэн метр зайд нэмэлт оромж бэлддэг байна. Түгшүүрийн дохиогоор тийшээ орцгоож дээрэмчдийг явтал хэд хоног хүлээгээд дараа нь нөөц гэртээ бүрмөсөн суурьшиж эхэлдэг. Эдгээр шоргоолжны хагас нүүдэлчин маягийн амьдрал, 7 хоног бүр эрсдэлтэй, ядаргаатай нүүдэл хийдгийн учрыг эрдэмтэд ойлгож чадаагүй байна. “Нүүлгэн шилжүүлэх” сургууль хийж байгаа нь энэ юм болов уу, эсвэл дээрэмчдийг төөрөлдүүлж зам буруулж байгаа нь энэ үү, бүү мэд.


Архидалт сайн юманд хүргэхгүй ээ гэж!

Зарим төрлийн шоргоолжнууд нь цэнхэр эрвээхийн төөлүүрийг асран өсгөдөг. Эрвээхий тэдэнгүйгээр нас бие гүйцэж чадахгүй. Төөлүүрийн биеэс ялгаран гарах нэг төрлийн чихэрлэг бодист шоргоолжнууд маш дуртай аж. Гэхдээ зочин төөлүүр нь маш ховдог, заримдаа тэжээн тэтгэсэн шоргоолжнуудынхаа хүүхэлдэйг идэж орхидог. Төөлүүр эрвээхий болсон цагтаа л зочломтгой эздээ орхин ниснэ. 

Бас ломехуз хэмээх нэг төрлийн цох шоргоолжны үүрэнд өндөглөдөг. Шоргоолжнууд хөөх гэж оролдвол цох онцгой дэгдэмхий бодис ялгаруулна. Үүнийг нь долоосон шоргоолжнууд согтох, мансуурах мэт байдалд орно. Энэ үедээ шоргоолж өөрийн хүүхэлдэйг ор тас мартаж, цохны өндгийг асран тэжээж эхэлдэг. Нэг үүрэнд олон цох байвал үүр гарцаагүй мөхөлд хүрнэ. Лабораторийн туршилтын үеэр эрдэмтэд ийм дүр зургийг ажиглажээ: “Шоргоолжнууд нэг нэгээрээ цох руу гүйн очиж хэвлийн хажуу дахь нарийн үсийг оролдоно. Дараа нь үүгээр урсан гарч ирэх шингэнийг шуналтайгаар долооно. Цохны авгалдайнууд шоргоолжны өндгийг сорно. Жаахан том болоод шоргоолжны авгалдайг идэж эхэлдэг. Шоргоолжнууд энэ “гэмт үйлдлийг” тайван харж суух бөгөөд түүгээр ч үл барам дээрэмчдийг амнаасаа хооллох юм” гэж нэрт шавж судлаач Эрих Васман гайхан бичжээ.

Өөр нэг судлаач И. Халифман яг ийм зүйл ажигласан байна. “Тэдний өгөөмөр зан хэмжээ хязгааргүй. Тэд хатан шоргоолжныхоо гаргасан өндгөөр цохны авгалдайг хооллож байх юм. Ингээд ч зогсохгүй хүүхэлдэйнхээ хоолыг ч цохны авгалдайд өгч байна. Хундага архины төлөө хүүхдүүдээ сүүгүй хоцроодог архичинтай яг адил!” гэж тэрээр унтууцан бичжээ.


Үүрний дэг журам

Шоргоолжны үүрэнд залхаан цээрлүүлэх тусгай систем үйлчилнэ. Жишээ нь, эрүүл чийрэг ажилчин шоргоолж олон удаа “гар хоосон” ирвэл түүнийг цаазална. Өөрөөр хэлбэл алж, идэш тэжээл болгодог. Ийм хатуу харгис журмын зэрэгцээ  харилцан туслалцах энэрэнгүй заншил ч бий. Зэрэмдэглэгдсэн (хөл сахлаа тасдуулсан, гадна бүрхүүл нь бэртсэн) ажилчин шоргоолж үүрэндээ удаан хугацаагаар амьдарч өөртөө таарсан хөнгөн ажил хийх эрхтэй. Бусад нь түүнд идэш тэжээлийн зүйлийг харамгүй өгсөөр байдаг ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шоргоолжны нүгэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • tamiraa 2015/09/18
    Tugs niigmiin togtolsoo baina da

    0 0 Хариу бичих
  • Ecko 2015/08/04
    Ter tsoh j vizuun yumaa

    0 0 Хариу бичих
  • Сайнаа 2015/08/04
    Хэхэ сайхан гарууд байна да уух дуртай

    3 0 Хариу бичих
  • zochi 2015/08/04
    dampuu shaarnuud we

    2 0 Хариу бичих
  • Zochin 2015/08/04
    Sonin l ym hahah

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/04
    Ystoi sonirholtoi niitlel baina, bayrlalaa :)

    11 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох