МЭДЭЭ НЭМЭХ  

«Их жолоодогч»-ийн сүүлийн хайр

  • 12,815 уншсан
  • 7
  • 2015/08/06

«Их жолоодогч» Мао Цзэдуны сүүлийн 4 дэх эхнэр, Хятадын Коммунист намын нэг гишүүн Цзян Цин нь итгэж ч, хайрлаж ч чаддаггүй нэгэн байжээ. Харин нөлөө бүхий хүчирхэг лидер болоход гарцаагүй хэрэгтэй өөр хоёр чанарыг төгс эзэмшсэн нь: эцэс төгсгөлгүй тэвчээр, нөхцөл байдлыг алдаагүй дүгнэх авьяас ажээ. Хятадууд одоо болтол Мао даргыг тахин шүтсэн хэвээр, намын жанжин шугам мурийсан гай гамшгийн эзэн нь хорон санаат эхнэр гэж итгэсээр бөлгөө.

Цзян Цин 1912, эсвэл 1914 онд төрсөн бололтой. Эцгийнхээ нэрийг ихэд нууцалдаг. Эхийнхээ ажлыг ч гэсэн. Эх нь фабрикийн ажилчин байсан гэдэг ч үнэндээ мэргэжлийн биеэ үнэлэгч байжээ. Охин бага балчраасаа л эхийгээ даган шалиг баячуудын гэрээр дамжин нүүдэллэдэг байв. Иймэрхүү маягаар ирээдүйн тэргүүн хатагтай бусдын хүчээр амьдрах, ямар ч нөхцөл байдалд дасан зохицох сургуульд гайгүй сайн суралцжээ. Гэхдээ биеэ үнэлэгчийн охин байх хэцүү. Бага насандаа амсаж байсан бүхий л ичгүүр дарамтын уур хилэнг Цзян Цин хожим бусдад гаргахыг эрмэлздэг байв. 

Цзян Цинтай учрахаас өмнө “эцэг” Мао 3 ч удаа гэрлэж нилээд юм үзчихсэн байсан гэдэг. Идэр залуу ахуйд нь эцэг эх нь хүчээр гэрлүүлснийг тэрээр огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Хоёр дахь эхнэр болох профессорын охин, боловсролтой сайхан эмэгтэй түүнд 3 хүүхэд төрүүлж өгсөн боловч 3 дахь эхнэр, хувьсгалч бүсгүйгээс болоод түүнийг хаяжээ. Харин кино жүжигчин, коммунист, царайлаг Цзян Циний төлөө 3 дахь эхнэрээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорьсон байна. Ер нь Хятадын дарангуйлагч хүүхэнд маш дуртай нэгэн байсан гэдэг. Янаг амрагийн явдал нь гэнэт эхэлсэн шигээ хурдан дуусч, төрсөн хүүхдүүдээ огт тоодоггүй хүн байв. Түүний хууль ёсны хүүхдүүдийн 2 нь бүр багадаа нас барж, 2 нь хувьсгалын салхинд өртөн үгүй болжээ. Түүний 7 хүүхдийн 3 нь л насанд хүрч чадсан гэдэг.

1939 он. Цзян Цин овоо нэртэй жүжигчин болсон байв. Алдар нэртэй болоход нь чамгүй хувь нэмэр оруулсан театрын шүүмжлэгч нөхрөө 2 хүүхдийн хамт хаяж дээгүүр гүйдэлтэй болжээ. Мао тэр 2 хурдан учраа ололцсон гэдэг. Цзян Циний инээмсэглэлийн өмнө хэн ч удаан тэсч байсангүй. Бүр залуудаа Их сургуульд номын санчаар ажиллаж байхдаа соёл урлагийн олон ч томчуудын толгойг эргүүлж байсан гэдэг бөгөөд харин «соёлын хувьсгал»-ын үеэр тэднийг бүгдийг цааш харуулсан юм.

Маог хөнгөмсөг явдалт эмэгтэйтэй орооцолдох болсонд намын нөхөд нь дургүйцэвч 1940 онд тэд гэрлэжээ. Тэгээд ч энэ үед намын удирдах нөхөд бүгд л эхнэр хүүхдээ бээлий мэт сольдог байлаа. 1940 онд тэдний ганц охин Ли На төржээ. Цзян Цин «их жолоодогч»-ийн дэргэд биеэ хэрхэн авч явах ёстойгоо маш сайн ойлгож өө сэв гаргадаггүй байв. Маогийн түрүүчийн эхнэрүүд түүний үнэнч хамтран зүтгэгчид, бишрэн дагагсад байснаас биш Цзян Цин шиг сайн жүжигчид байгаагүй юм. Хоёр нүүр гаргах нь Циний хамгийн сайн хийж чаддаг зүйл байж түүнийгээ ч сайн ашиглаж байлаа. Марксизм болон энэ талаар бичсэн «их жолоодогч»-ийн бүтээлүүдийг ихэд сонирхож байгаагаа Цзян Цин Маод итгүүлж чаджээ. Мөн журамт эхнэр, үзэл санаа нэгт дайчин нөхрийн хувьд агуу их гүрнийг удирдах хүнд ачаанаас нь үүрэлцэхээр халамж тавих болсон байна. Гэр бүлийн амьдралын эхэн үеийн зургуудыг харж байхад Цзян Цин жинхэнэ дорнын эхнэр хүний янзаар нөхөр лүүгээ аргадангуй инээмсэглэн харсан байдаг. Энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Цзян Цин ямар ч мундаг “нарийн бичгээс” илүүтэйгээр удирдагчийн нуруун дээрх ачааг хөнгөлсөөр аажмаар асар их эрх мэдлийг гартаа оруулж авчээ. Энэ тухай хэн ч таамаглаж мэдсэнгүй.

1950-иад оны дундуур “цаг ирлээ” гэдгийг Цзян Цин ойлгосон байна. Хувьсгалын удирдагч энэ үед хөгширч доройтсон байлаа. Үүнээс илүү тохиромжтой цаг хаана байна? Гэхдээ хатагтай Мао чухам ямар зорилготой байсан нь одоо хүртэл тодорхойгүй. Өөрийгөө бусдаас дээгүүр гэж итгүүлэх гэсэн хэрэг үү? Тухайн үедээ түүний авьяас чадвар, билиг ухааныг ойлгож үнэлээгүй мэргэжил нэгтнүүдээсээ өс хонзон авах гээ юу? Эсвэл өөрөөс нь дээш гарсан заримд нь хонзон санасан байв уу? Хэн мэдлээ. Ямар ч байсан Хятадад «соёлын хувьсгал» өрнөж, түүний нэрээр энэ улсын сор болсон сэхээтнүүд, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүдийг хоморголон устгасан юм. Гол шүүгч нь Цзян Цин болж, хэнийг хөнөөх, хэнийг өршөөх, хэнийг алдаршуулах, хэнийг доройтуулахаа гагцаар шийдэх болов. Улмаар Хунвейбин буюу өөрсдийгөө “Улаан хамгаалагчид” гэж нэрлэсэн алан хядагчдын отрядын албан бус удирдагч болон хувирчээ.

Харин энэ үед «их жолоодогч» юу хийж байв? Эхнэрийнхээ хувьсгалч идэвхийг хөхүүлэн дэмжиж байлаа. Ер нь Мао  "Ард түмэн бол юу дуртай хүссэн бүхнээ бичиж болох цаас" гэж хэлдэг, үхтлээ айсан улс үндэстнийг удирдах дуртай нэгэн байсан гэдэг. Түүнээс гадна гэр бүлийн харьцаа ч хөрч эхлэв. Эхнэр нь үүнийг мэдрэхгүй байж чадсангүй. Маогийн өрөөнд залуухан хөөрхөн хүүхнүүд харагдах болсон нь түүний уур хилэнг улам бадрааж, балмад үйлдлээ гааруулахад хүргэж байлаа.

"Би гартаа алх бариад хуучны бүх зүйлийг устгах болсон юм" гэж нэгэнтээ хэлж байсан удаатай. Тэр бас л цагаа хүлээж байлаа. Энэ удаа төрийн эрхийг дангаар атгахын тулд их жолоодогчийн үхлийг...Мао ч үүнийг мэдрэхгүй байж чадсангүй. Гэхдээ тэрээр хөгширч сульдсан, бас их эрх мэдлийг атгасан эхнэрээсээ айж байв. 1976 онд Маогийн цаг дуусч буйг мэдсэн Цин:

«Эр хүн эмэгтэй хүнд зай тавьж өгөх ёстой. Эмэгтэй хүн хаан сууж болно. Коммунизмын үед ч хатан хаан байж болно» гэж хэлж байжээ. Гэхдээ тэр эндүүрсэн юм. 1976-09-09-нд Мао Цзэдун таалал төгслөө. Цзян Цинийг урт амьсгаа авч ч амжаагүй байтал 3 хамтран зүтгэгчийнх нь хамт баривчилжээ. «4 дээрэмчний бүлэг»-ийг улс оронд фашист диктатур тогтоосон хэргээр шүүж яллав.

Коммунист хатагтайд бүх насаараа хоригдох ял оноолоо. Гэхдээ нөхцөл байдал бас ч гайгүй, сайн хамгаалалттай гэрийн нөхцөлд хоригдож байв. 1991 онд улаан хоолойн хавдар гэсэн онош сонсож дараахан нь дүүжилж үхсэн байна. Чухам яагаад амиа егүүтгэх болов? Аймшигт өвчний төгсгөлөөс зугтаах гээ юу? Хамгийн магадтай нь: хүлээж найдах, тэсэн тэвчих, дасан зохицох өөр юу ч үлдээгүй гэдгийг ойлгосон эмэгтэй сонголтоо хийсэн нь энэ биз дээ.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Их жолоодогч»-ийн сүүлийн хайр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Zochin 2015/11/04
    Yag bichjee vneniig ene

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/19
    БИЧЖЭЭ ҮНЭНЫГ ЯАГ ЭНЭ

    0 0 Хариу бичих
  • saraa 2015/08/11
    ene yag uneniig bichjee

    0 0 Хариу бичих
  • үл итгэгч 2015/08/06
    Удирдагч ард түмэн улс орныхоо төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байхад наагуур нь өөдгүй этгээд гадаадын тагнуулууд хэлмэгдэл нугалаа гаргаж өнгөтэй өөдтэй сүргийн манлай болсон сэхээтэн албан хаагч шударга иргэдийг хэлмэгдүүлчихсэн байдаг.удирдагч гэнэт ажлынхаа ширээний ардаас босоод сэхээ ороод хартал наагуур нь ийм муухай юм болоод өнгөрчихсөн байдаг.удирдагч гэм буруутай этгээдийг олж шийтгэж бурууг нь хүлээлгэж бүхнийг байр байранд нь оруулж ард түмнээ энэрэн хайрлана.танил сценар байна шүү.

    2 0 Хариу бичих
    • Tserenbat Orgil 2015/08/06
      Ene er ni yagaad dandaa iim yum bichdeg bolchiv.uursdiinhuu tuuhiig husseneeree uurchildug bsan.odoo tulgadag bolohnee.

  • Зочин 2015/08/06
    uhsen baasnii ih joloodogch. Hujaagiin sheesnuuddee l ih joloodogch yum bgaaz. Mongolchuudad bol baidag l neg umhii hujaa.

    5 9 Хариу бичих
    • Зочин 2015/08/06
      "Их жолоодогч" гэдэг үг нь хашилтад байгаа биз дээ.хашилтад бичинэ гэдэг нь шууд утгаараа биш егөөдсөн шоолсон тохуурхсан утгатай.хашилт хаалт хоёроо ялгахгүй боловсрол нимгэн мөртлөө ууртай улсууд нэг ална шүү.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох