МЭДЭЭ НЭМЭХ  

Нэрэлхүүчүүдийн арми

  • 4,855 уншсан
  • 3
  • 2015/08/17

Өнөө үед толгой дараалан шахам л баяжиж, эрх мэдэлтэй болохыг хүсэх болжээ. Нэг нь нөгөөгөө давж илүү гарахыг чармайна. Эцсийн дүндээ ялагч байхгүй үл үзэгдэх өрсөлдөөнд бүгд оролцох мэт. Бид аажмаар “нэрэлхүүчүүдийн арми” болон хувирлаа. Сургуулийн жаахан хүүхдүүд гэхэд л ажил хэрэгч томчуудад тохиромжтой утас барьж, бизнес программын оронд тоглоом суулгаад л гараад өгнө. 1 сая хүрэхгүй төгрөгний цалинтай менежерүүд хэдэн саяын үнэтэй машин уначихаад шатахуунаа дийлэхгүй түрийвчээ сэгсэрнэ. Уншиж бичихдээ тун маруухан, дээрээс нь хэдэн хүүхдээ сайн угаачихаж чаддаггүй хар бор нэгэн гэхэд л хаад ноёдын хэмжээнд хурим найр хийх гэж өөрийн болон өрөөлийн халаасыг хоослоно. Үүнийгээ “бусдын дор орохгүйн тулд” гэж тайлбарлана.

Нэрэлхүү өвчин нь гоц халдвартай. Нийгэм аяараа ийм болчихоор анх эсэргүүцэж байсан нэгэн ч дагахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Айфонгүй хүүхэд ангидаа шоовдорлогдож, машингүй хүн ядуу нэр зүүж байна. Хувиараа юухан хээхэн хийдэг нэгэн том жип унахгүй л бол “хүний царай харалтгүй”.


Нэрэлхүү өвчин тун аюултай.

1-рт: хүн мөнгөө өөрийн хөгжил дэвшилд биш, харин онцын шаардлагагүй гадаад гял цал зүйлд зарцуулснаар санхүүгийн чадавхиа сулруулж, өрийн боол болох нь элбэг.
2-рт: өөрийгөө үнэлэх чадваргүй болж “хүн амьтан юу гэж хэлэх бол?” гэдэг өнцгөөс л харж эхэлдэг.
3-рт: “бусдын нүдэнд ...харагдах” шаардлага л амьдралын нь гол зорилго болон хувирах магадлал өндөр.

Хэрэгцээ, шаардлага багатай бараа таваар, төрөл бүрийн үйлчилгээг сурталчилж, энэ нь “сайн яваа” хүмүүсийн шинж мэтээр сэнхрүүлдэг манай нийгэм өөрөө ч энэ өвчнийг тэтгэж өөгшүүлэх үндэс суурь нь болоод байна.

Ийм байдалд орохгүйн тулд хүрээлэн байгаа орчны нөлөөнөөс ангижирч, өөрийнхөөрөө байж сурах хэрэгтэй. “Хүн юу гэж хэлэх бол?” гэдэг бодлыг таягдан хая! Ингэснээр хүмүүсийг хүндлэлийг алдахгүй, харин ч эсрэгээр байх болно гэдгийг та удахгүй мэдэрнэ. Цаг зав, мөнгөө мэдлэг боловсрол, өөрийгөө хөгжүүлэхэд зориулвал жинхэнэ утгаараа “сайн яваа” хүмүүсийн тоонд орох цаг ирнэ. Ийм хүмүүс хэзээ ч бусдаас илүү гарч ялгарах гэж тэмүүлдэггүй, баярхаж бардамнадаггүй, өөрөөсөө дор байгаа нэгнийг дээрэлхдэггүй болохыг анзаараарай.

Эцэст нь Ирландын яруу найрагч Оскар Уальдийн «Өөрөөрөө л бай! Бусад бүх дүрийг авчихсан!» гэсэн ухаалаг үгийг сануулъя.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нэрэлхүүчүүдийн арми
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/23
    Ерөнхийдөө зөв өө. Бас зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манай энэ үеийн нийгэм бол их онцлогтой, хагас нүүдэлчний нийгэм юмуу даа. Тэхээр илүү их иргэнших шаардлага тавигдаж байгаа. Хүмүүсийн иймэрхүү сармагчин мэт авирлал бол яах аргагүй цаг үеийн халагдах зааг дээр тохиож буй юм. Харин тодорхой цаг хугацаа өнгөрөхөд бид илүү их иргэншсэнээр байдал хамаагүй дээрдэх юм. Өөрийгөө хөгжүүлэх нь зөв. Гэхдээ хувь хүний мэдрэмж, ухамсар хамгийн гол. Үнэтэй боловсролоос илүү хүмүүжил, төлөвшил, ухаалаг байдлаас илүү ухамсар, мэдрэмж илүү чухал байна. Алив хүн нийгмээс тасарчихаж болохгүй, бас хувь хүний амбийцаа урьдаа бариад байж болохгүй. Тэхээр нөгөөх л мэдрэмж дээрээ тулгуурлаж өөрийн төлөвшил, хувь хүний үнэт зүйлээ гээчихэлгүй явах нь нэг бодлын яг л олсон дээр яваа юм шиг их төвөгтэй зүйл. Харин явж чадаж байгаа хүнд дотоод сэтгэлийн таашаал, ханамж ирэх нь дамжиггүй. Будда хэлсэн байдаг. Мөрөөрөө, чигч шулуун замнаж яваа журамт хүнд амьдрал маш хүнд гэж. Хүссэн хүсээгүй л бид сохорын газар нүдээ аньж, доголонгийн газар хөлөө өргөх хэрэг гарна л даа. Гэхдээ нийгмийн аясыг дагаж явахдаа өөрийн олж мэдсэн, нээсэн хувь хүний үнэт зүйл, амьдралынхаа зорилгыг гээчихэж болохгүй. Хэрэв ингэж чадвал ухамсар, хариуцлага дүүрэн амьдралын чинь эцэст ирэх тэр бүх сэтгэл ханамж чухам л Далай ламын хэлсэнчлэн 2 дахиа амьдарсан мэт өег сэтгэлийг төрүүлэх биз ээ.

    10 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/18
    Зөв сэдэв хөндөж

    4 0 Хариу бичих
  • Bestseller 2015/08/18

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох