МЭДЭЭ НЭМЭХ  

2014 оны хамгийн өндөр ач холбогдолтой шинжлэх ухааны нээлтүүд

  • 8,127 уншсан
  • 6
  • 2015/08/18

2014 онд шинжлэх ухааны цаашдын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх, үнэ цэнэтэй олон чухал нээлт хийгдсэн юм. Тэдгээрээс хамгийн өндөр ач холбогдолтой гэгдэж байгаа заримыг нь танилцуулъя.

Сансрын аппарат анх удаагаа сүүлт одон дээр буулаа

2014-11-12-нд алсын удирдлагатай “Розетта” аппарат Чурюмов – Герасименкогийн сүүлт одон дээр буужээ. 2004 онд хөөрсөн энэ аппарат Нарны аймгаар хэдэн сая км зам туулан нисэж Нарыг хэдэн удаа тойрсон байна. “Розетта”-аас салсан модуль сүүлт одны гадаргууг 60 орчим цаг судалж олон сонирхолтой мэдээллийг Эх Дэлхийдээ дамжуулжээ.


Хиймэл хромосом гарган авчээ

Нью-Йоркийн эрдэмтэд 7 жил оролдсоны эцэст хиймэл хромосом гарган авчээ. Энэ ажилд Дэлхийн олон орны хэдэн зуун оюутан оролцож суурь ДНК-аас 273871 хосыг “улаан гараараа эвлүүлсэн” байна. Жинхэнэ хромосомд 316667 хос байдаг ч эдний дунд уураг бий болгодоггүй эсвэл хянаж барих аргагүй мутац үүсгэдэг “үсэрч цовхочсон хаягдал” ген олон байдаг аж. Хиймэл хромосом ашиглан бүтээсэн исгэгч бодис гаднын нөлөөнд гойд тэсвэртэй болсон гэж сайшаагджээ.


Амазоны ширэнгэн ойгоос шинэ омог олжээ

Дэлхий гараг дээр “соёлт хүн”-ний хөл хүрээгүй газар бас л олноор бий. Эдний ихэнх нь Амазоны  ширэнгэн ойд байдаг гэвэл хилсдэхгүй. Чухамхүү энд л соёл иргэншилтэй “мэнд мэдэлцэж” амжаагүй зэрлэг омгийнхон байдаг. Ийм омгийнхныг нээж олох нь эрсдэлтэй ч, завшаантай алхам. Бразиль, Перугийн хил орчмоор нутаглах индианы энэ бяцхан омгийнхон хулгайгаар мод огтлогчдын харгайгаар газар нутгаа алдаж, сүйрэх аюулд өртөөд байна.


Телепат (зайнаас мэдрэх чадвар) боломжтойг нотлов

Бодол санааг зайнаас дамжуулах буюу телепат нь саяхныг хүртэл “шинжлэх ухаанч биш” зүйлд тооцогдож байв. Олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг бие биеэсээ хол зайд байгаа хүмүүс хоорондоо бодол санаагаа дамжуулж болох гайхалтай төхөөрөмжийг бүтээжээ. Туршилтын нэг оролцогч Францад, нөгөө нь Энэтхэгт байсан гэнэ. Тэдний толгойд тархины цахилгаан бичлэгийн аппарат зүүсэн байна. Дараа нь транскраниаль соронзон өдөөгчийн тусламжтайгаар энэ мэдээллийг интернетээр өөр хүн рүү илгээж болно. Туршилтанд оролцогчид «Сайн уу?», «Баяртай», «Сайн байна», «Муу байна» зэрэг энгийн ойлголтоор хоорондоо харилцаж чадаж байжээ.


Үелэх системийн 117-р элемент болох Унунсептийг нээв

Бүр 2010 онд Орос болон Америкийн эрдэмтэд хамтран Унунсептийг нээсэн ч, шинжлэх ухааны дүрэм ёсоор бие биеэсээ хамааралгүй 2 бүлгийн нотолгоо хэрэгтэй байлаа. Ингээд 2014 онд л албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ. Сонирхолтой нь, Оросын Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд үелэх системийн 113, 115, 118-р  элементүүдийг нээсэн (унунсептийг ч энд нээсэн) боловч бусад “хамааралгүй судлаачид” үүнийг одоо хүртэл батлаагүй л байгаа аж.


Дэлхийтэй маш төстэй гараг олжээ

Хэдэн арван жилийн туршид одон орон судлаачид Дэлхийтэй төстэй гарагийг эрж хайсаар байгаа билээ. Одоогоор мэдэгдээд байгаа 2000 гаруй экзо (Нарны аймгийн бус, харийн гэсэн утгатай) гарагуудын дотроос Дэлхийгээс 492 гэрлийн жилийн зайд орших Kepler-186 f гэх гараг л эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байна. Хэмжээгээрээ Дэлхийтэй ойролцоо ч радиус нь манай гарагийнхаас 10%-иар их гэнэ. Бас өөрийн нарнаас “ Амьдралын бүс “ гэж нэрлэгдэх, амьдрал үүсэх тохиромжтой нөхцөл бүхий зайнд оршдог аж.


Хамгийн том динозавр олдов

2014 оны хавар Аргентинаас урьд хожид Дэлхий дээр амьдарч байсан амьтдаас хамгийн том нь байж болох аварга үлэг гүрвэл Dreadnoughtus schrani-ийн чулуужсан араг ясыг олжээ. Энэ амьтан 40 метр урт, 20 метр өндөр биетэй (7 давхар байшинтай ойролцоо), 77 тонн жинтэй (14 заантай тэнцүү гэсэн үг) байжээ. 66-88 сая жилийн өмнө амьдарч байсан бололтой.


30 мянган жилийн настай вирусыг “амилуулжээ”

Сибирийн мөнх цэвдэгт булшлагдсан арслан заануудыг колонийн аргаар сэргээн амилуулж болно гэж үзсээр байгаа билээ. Тэгвэл өөр нэг амьдралыг бодитоор нь сэргээгээд байна. Эрдэмтэд Колымын нам дор газрын хөлдүү цэвдэг дотроос олдсон Pithovirus sibericum вирусыг сэргээн амилуулж чаджээ. Энэ вирус нь зөвхөн амёбанд шимэгчлэн амьдардаг, хүн амьтанд огт гэм хоргүй гэнэ.


Саажилттай харх дахин явдаг болов

Тахир дутуугийн тэргэнцэрт хадаастай хүмүүсийн зүрхэнд найдварын оч гэрэлтүүлсэн үйл явдал боллоо. Швейцарийн эрдэмтэд нугасаа тасдуулж явж чадахаа байсан хархны нуруунд уян электрод суулгаж мэдрэлийн систем рүү нь цахилгаан импульс дамжуулснаар харх явж, гүйж, шатаар дээш авирч чадах болжээ. 1-2 жилийн дараа хүмүүсийг эмчлэх боломжтой болно гэж эмч нар найдаж байна.


«Их тэсрэлт»-ийн онолын шинэ баталгаа

Энэ онолын шууд баталгаа болох таталцлалын долгионыг эрдэмтэд илрүүлээд байна. Одоогоор хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Ертөнцийн тэлэлтийн инфляц загварын дагуу 13,7 тэрбум жилийн өмнө Их тэсрэлт болж агшин зуурын дотор Ертөнц ор хоосноос аварга том хэмжээст болон хувирсан гэж үздэг. Ийм тэлэлт нь богино долгионы үлдэгдэл цацрагт тодорхой дохио буюу нэг ёсны Их тэсрэлтийн “цуурай”-г үлдээх ёстой. 2014 онд дээрх дохионы ул мөр болж үлдсэн таталцлалын долгионыг олсон байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
2014 оны хамгийн өндөр ач холбогдолтой шинжлэх ухааны нээлтүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • [email protected] 2016/02/15
    sauhan medee bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/20
    goy yum orulje

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/21
    Kepler l hamgiin sonirholtoi baina. Daan ch odoohondoo ochih bolomjgui

    1 0 Хариу бичих
  • үл итгэгч 2015/08/18
    уул нь сонирхолтой л юм.Тоон дотор үсэг гэгчээр юун зайнаас бодол санаа дамжуулах вэ үнэн юм уу.

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/08/18
      Unen shdeeee ali deer l garsan teneg ee

  • Зочин 2015/08/18
    Soninirholtoil yum

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох