МЭДЭЭ НЭМЭХ  

Алтан гарт Сонька

  • 10,422 уншсан
  • 0
  • 2015/08/31

Манайхны сонирхон үздэг “Алтан гарт Сонька” хэмээх Оросын телевизийн цуврал киноны гол баатар бодит эх дүртэй ажээ. 1846 онд төрсөн луйварчин, хулгайч Софья Блювштейн (охин цагийн нэр нь Шейндля-Сура Лейбова Соломониак) бол Хаант Оросын эрүүгийн ертөнцийн түүхэнд домог болсон хулгайч эмэгтэй.



Өнөө цагт Москва хотын Ваганьковын оршуулгын газарт итали хийцтэй чамин хөшөө бий. Цагаан гантиг хөшөөний доор алдарт хулгайч нойрсож байгаа гэлцдэг. Даян дэлхийн хулгайч, луйварчид гар таталгүй мөнгө хаяж энэ хөшөөг босгожээ. Хөшөөн дээр “Сонька минь, ивээлдээ багтаагаарай, бид ажилдаа гарлаа”, “Сонька, амьдралын ухаан хайрлаач!”... зэрэг үгс дүүрэн сийлсэн байдаг. Хөшөөн доор хэнийг оршуулсан талаар одоо ч санал зөрөлдөөнтэй гэнэ.



Анх Сонька бүр жаахан байхдаа “зүгээр л сонирхож” хулгай хийсэн гэдэг. Маш их таашаал авсан охин энэ донгоос яагаад ч салж чадаагүй байна. Эцэг нь нас барж хойд эхтэйгээ огт таардаггүй байсан тул 12 настайдаа гэрээсээ оргож «сахалт эмэгтэй» хэмээн алдаршсан циркийн жүжигчин Юлия Пастранад үйлчлэх болжээ. 17 настайдаа грек худалдаачны хүүтэй хамт зугтсан байна. Худалдаачны багагүй мөнгийг хамаад шүү! Мэдээж мөнгө дороо л дуусаа биз, грек залуу эцэг эх дээрээ буцан ирж өршөөл эрэв. Харин Сонька Одесс хотын алдартай луйварчин Михель Блювштейнтай гэрлэжээ. Удалгүй нөхөр нь “аавын хаалга” татаж Сонька (энэ нэрийг тэр өөрөө сонгож авсан гэдэг) бие даан ажиллаж эхэллээ.

Эмэгтэй байгалиас хүний сэтгэлийг татах гоц авьяастай төрж, эрчүүд түүнд зүгээр л “унаад өгдөг” байв.  Сонька хэд хэдэн удаа нөхөрт гарч Розенбад, Школьник, Рубинштейн, Бренер, Блювштейн зэрэг олон янзаар овоглож байсан нь түүнийг хэн болохыг тогтооход ихээхэн хүндрэл учруулж байв.

Сонька дажгүй боловсрол эзэмшиж чаджээ. Тэрээр 6 хэлээр ярьж, төгөлдөр хуур маш сайн тоглодог байсан гэнэ. “Алтан гарт” хэмээх алдарт хочийг халаас сайн суйлдаг гэсэн утгаар биш, харин сайн хөгжимчин гэдгээрээ олж авсан гэлцдэг. Дээрээс нь жүжиглэх ховор авьяас, хүний сэтгэл татах онцгой чадвар нэмэгдэж дээдсийн хүрээлэнгийн тансаг хатагтайн дүрийг ядаж цөхөх юмгүй бүтээдэг байлаа.

Сонька юм гололгүй авдаг байсан боловч алт, үнэт эрдэнэст амь тавин дурладаг байв. Голдуу галт тэрэг, зочид буудал, үнэт эрдэнэсийн дэлгүүр ухна. Тэрээр арга заль ихтэй. Жишээ нь: хумсаа урт гэгч нь ургуулж доор нь жижгэвтэр үнэт чулуу нууна, томыг нь хуурамчаар сольж орхино, гоёл чимэглэлийн зүйл хийж гарах тусгай хийцийн өсгийтэй гутал өмсөнө, хуйлаатай даавуу, торго нуух нэг янзын уут даашинзандаа оёно. Бас сургуультай сармагчин мөрөн дээрээ суулгаад авч явдаг байв. Хатагтай дэлгүүрийн эзний анхаарлыг сарниулж байх хооронд сармагчин үнэт чулуунуудыг залгиж орхино. Гэртээ очоод клизм тавьж олзоо гарган авдаг байж. Бас төрөл бүрийн хиймэл үс, хөмсөг, будаг шунх хэрэглэж зүсээ хувиргахдаа нэн гарамгай. Хааяа газар дээрээ баригдаж орхивол хаалга андуурсан, бага зэрэг будилж гээд л аргалаад өнгөрөөнө. Хамгийн гайхалтай нь, түүнд бүгд л итгэж орхидог байв. Сонька Варшав, Петербург, Киев, Харьков гээд л олон хотод баригдаж шүүгдэж байсан авч гэм зэмгүй мултарч чаддаг байлаа.



Гэтэл 1880 онд Сонькаг азын тэнгэр нь орхиж хуурамч алмазны хэргээр Одесст баригджээ. Хэргийн эзэн нь Сонькагийн нууц амраг, олон насаар дүү, залуухан Вольф Бромберг (Владимир Кочубчик хочит) байсан авч тэрээр хамаг хэргийг Сонькад тохоод бултжээ. Тэгээд ч Сонькаг хэдийнээс эрэн сурвалжилж байв. Ингээд Эрхүү мужид цөлөгдлөө. Гэвч тэр цөллөгөөс оргож, эрүүгийн ертөнцийг донсолгосон хэд хэдэн томоохон хэргүүдийг үйлдэж амжсан байна. 1885 онд дахин баригдаж 40 ташуур, 3 жилийн ял авчээ. Удалгүй бага офицер, хянагч Михайловтой амрагийн холбоо тогтоож зугтаж чадлаа. Гэсэн ч 4 сарын дараа баригдаж энэ удаа Сахалин руу цөлөгдсөн байна. Сонькаг үдэж өгөхөөр маш олон хүн, түүний дотор хотын дарга өөрийн биеэр ирж сайн сайхныг хүсэн ерөөжээ. Сэтгэл хөдөлсөн Соня хариу талархал илэрхийлж халаасны алтан цагаар бэлэг барьсан байна. Энэ өөрийнх нь цаг байсныг эрхэм дарга тэр дороо ухаараагүй гэдэг.

Сахалинд ирээд 3 ч удаа амжилтгүй оргосныхоо дараа номхорч квасны мухлаг, мөрийтэй тоглоомын газар  ажиллуулж, архи, хулгайн бараа наймаалдаг байв. Цагдаагийнхан байнга нэгжлэг хийдэг байсан ч хууль бус зүйл илрүүлж чаддаггүй байжээ.

Сонька хаана, хэрхэн нас барсан нь тодорхойгүй. Сахалинд хүнд өвчтэй байхдаа оргож замдаа зүрх нь хаагдан нас барсан гэж ярьцгаадаг. Гэхдээ Сонькагийн оронд хөлсний этгээд ял эдэлж буй гэдэгт цөллөгийн захиргаа хүртэл итгэлтэй байсан гэдэг. Үнэхээр ч гайхам зориг зүрхтэй, авхаалж самбаатай эмэгтэй ийм тайван амьдрал сонгосон нь хачирхалтай биш гэж үү? Ялангуяа 1890-ээд оны сүүлээр Европ даяар эзэн нь олдоогүй цуврал хулгайн хэрэг гарч байсан нь цагдаагийнханд дэндүү танил найруулгатай байснаас эргэлзээ улам лавширчээ. Сонька Прохоровын гудамжинд нууц нэрээр амьдарч байсан гэж Одесс хотынхон итгэдэг, түүнийг зүс таних олон хүн байжээ. 1921 онд хамгийн сүүлчийн нууц амрагаа буудуулсны дараа Сонька Дерибасовын гудамжаар машинтай явж баруун солгойгүй мөнгө цацаж “буян хийж” байсан гэдэг.

Хожим Сонька Москвад ирж дуурийн дуучин байсан 2 охиныхоо гар дээр өнгөрсөн гэх хувилбар бий. Иймээс л түүнийг Москвад оршуулсан гэдэг бололтой. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алтан гарт Сонька
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох