МЭДЭЭ НЭМЭХ  

Газар газрын орон гэргүйчүүд

  • 3,112 уншсан
  • 0
  • 2015/09/07

Ихэнх хүмүүс тухайн нийгмийнхээ дотор амьдрахыг эрмэлздэг. Гэвч хувь заяаны эрхээр ч гэх үү, нийгмээс шоовдорлогсод хаа сайгүй байх аж. Энэ бол өнөөгийн хамгийн эмзэг асуудлуудын нэг билээ.

Румын, Бухарест

Румыны нийслэл Бухарест хотод газар доорх хонгилын бүхэл бүтэн сүлжээ бий. Энд мансууруулах бодисын донтнууд, ДОХ-ын халдвар тээгчид, гэр орноосоо оргон дайжсан хүүхдүүд орогнодог. Газар доорх хонгилууд нь цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан, бүр хиймэл зүлэг дэвсээтэй байдаг аж. Тэднийг «Брюс Ли» хочит лидер удирдана. Бухарест хотын иргэд энэ талаар сайн мэдээд зогсохгүй «Брюс Ли»-г сайшаан магтдаг байна. Учир нь, 1966 онд жирэмслэлтээс хамгаалах болон, үр хөндөлтийг хориглосон хууль батлагдсанаас хойш хаягдмал, тэнэмэл хүүхдүүд эрс олширчээ. «Брюс Ли» эдгээр хүүхдүүдийг цуглуулж энд орогнуулснаар олон хүүхдийг өлсөж, хөлдөж үхэх, гаж донтны золиос болох аюулаас аварсан байна. Хүүхдүүдийг хамгаалахын тулд «Брюс Ли» нутгийн дээрэмчдэд мөнгө төлдөг гэнэ.


Монгол, Улаанбаатар

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш орон гэргүй, ажилгүй ядуу иргэд олширчээ. Өвөлдөө Цельсийн –34 градус хүрч хүйтэрдэг энэ хотын 4000 гаруй гэр оронгүй иргэд халуун усны хоолой бүхий бохирын шуудуунд амь зуудаг. Гадаадын голдуу буяны байгууллагын ачаар олон хүүхэд аврагдсан ч, насанд хүрэгсэд өнөөг хүртэл энд амьдарсаар байна. Хотын оршин суугчид тэднийг “арчаагүй архичид, нийгмийн шаар, хог шавхруу” хэмээн ад үздэг нь үнэний хувьтай аж.


Орос, Казань

Татарстаны лалын шашинтнуудын лидер Илдус Файзовт халдсан хэргийг мөрдөж байх явцад цагдаагийнхан Казань хотын нэгэн лалын сүмийн доор 8 давхар бункер байгааг илрүүлжээ. Энд 27 хүүхэд, 38 насанд хүрэгсдээс бүрдсэн исламын бүлэглэл оршиж байв. Хүүхдүүд галгүй хүйтэн оромжинд эмнэлэг, сургууль гэж юу болохыг мэдэхгүй, нарны гэрлийг ч харалгүй амьдарч байжээ.

Тэднийг 83 настай Файзрахман Сатаров толгойлж байв. Тэрээр 1960-аад онд өөрийгөө исламын зөнч хэмээн өргөмжилж шашны сургуулийг байгуулсан нь энэ аж. Эцэст нь бункерийг нурааж, хүүхдүүдийг төрийн халамжинд авчээ.


Хятад, Яньань

Хятадын Яньан мужид бараг 30 сая хүн агуйд амьдарч байна. Газар ухаж, эсвэл хад асгыг нүхэлж оромж хийдэг аж. Зарим газар нь тоосгоор бэхэлгээ хийнэ. Агуйг чадах чинээгээрээ тохижуулж, хөнжил болон хатуу цаасаар үүд хаалга хийж, ханыг шохойдон засаж, сэтгүүлийн зураг нааж чимэглэнэ. Олон агуй үеэс үед дамжсан өв хөрөнгө гэнэ.


Франц, Парис

Парисын агуй гэдэг нь газар доор 320 км үргэлжилсэн аварга том оршуулгын гадар-«үхэгсдийн эзэнт гүрэн» юм. Парисын цагдаагийнхан эндээс нэгэн нууц нийгэмлэгийн төв штабыг илрүүлсэн нь видео камер, цахилгаан эрчим хүч, телефон утасны шугамаар бүрэн хангагдсаны дээр өөрийн гэсэн ресторан, кинотеатр хүртэл байжээ. Таазан дээр нь хас тэмдэг, Кельтийн загалмай, Давидын одыг зурсан байлаа. Хэдэн өдрийн дараа цагдаа нарыг дахин ирэхэд цахилгаан ба утасны шугам салгаастай, шалан дээр: «Биднийг олох гэж бүү оролд!» гэсэн бичиг байжээ.


Орос, Москва

Москвад, хуучин Черкизовын зах байсны орчимд газар доор 260 хууль бус ажилчид орогнож байсныг илрүүлжээ. Тэдний ихэнх нь вьетнамчууд, мөн Тажикистан, Узбекистан, Киргизээс ирсэн цагаачид байлаа. Тэд хүнд хүчир ажил хийж, өчүүхэн бага хөлс авдаг байсны дээр хууль бусаар амьдарч байсан тул байр хөлслөх ямар ч аргагүй байв. Иймээс залуус нэгдэж газар доорх бүлэг байгуулахаас өөр аргагүй болжээ. Энд мини оёдлын үйлдвэр, казино, кафе, тахианы байр, бүр өөрсдөө босгосон кинотеатр хүртэл байсан гэнэ.


Ямайка, Шинэ Кингстон

Аялал жуулчлал хөгжсөн Шинэ Кингстонд бохирын шугам дотор амьдардаг шоовдор бүлэг хүмүүс байдаг гэнэ. Тэд голдуу бэлгийн чиг хандлагаасаа болж ийм байдалд хүрчээ. Ямайкийн иргэдийн 85% нь ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг байна. Ижил хүйстнийг эсэргүүцэх нь үндэсний соёлын хэм хэмжээ болжээ. Уламжлалт бус чиг хандлагатай хүмүүсийг мөрдөж мөшгихөөс эхлээд доромжлох, зодож нүдэх, хүчирхийлэх, бүр амийг нь хороох явдал элбэг. Цагдаагийнхан хүртэл энэ ажилд оролцож үе үе баривчилгаа явуулдаг байна. Бороо орох үед шуудуу усанд автах боловч дээш гарвал үхэлтэй нүүр тулгарах илүү аймшиг тэднийг отож байдаг.


Невада, Лас-Вегас

Неон гэрлээр чимэглэгдсэн өндөр барилгуудын доор, эцэс төгсгөлгүй цувах жуулчдын хөл доор 1000 орчим хүний гэр орон болсон 320 км урт үерийн шуудуу байдаг. 37 орчим ам дөрвөлжин талбайтай тусгаар хэсгүүдэд нь 2 хүний ор, хувцасны шүүгээ, шүршүүр байрлуулж, хананд нь зураг хадаж, номын тавиур тогтоосон байна. Шуудуу байнга усанд автаж байдаг тул шалан дээрээ бетон хавтан дэвсэнэ.


Палестин, Хеврон уул

Хэдэн зууны туршид 1000 гаруй палестинчууд Хеврон уулын агуйнуудад амь зуусаар иржээ. ХАА эрхэлж өөрсдийн хэрэгцээг бүрэн хангана, ойролцоох тосгоны иргэдтэй арилжаа наймаа хийнэ. Морь, илжиг унах буюу явганаар ажил төрлөө залгуулна. Цахилгаан эрчим хүч, усан хангамж гэж мэдэхгүй. Ойролцоох тосгоны хүмүүсийн буянаар зарим нь эмнэлгийн тусламж авч, боловсрол эзэмших явдал бий. Харамсалтай нь, эцэг өвгөдийнх нь мэдэлд байсан агуйгаас олон хүмүүсийг хөөн зайлуулах болжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Газар газрын орон гэргүйчүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох