МЭДЭЭ НЭМЭХ  

“Галзуурсан” компьютер

  • 3,186 уншсан
  • 2
  • 2015/09/10

Компьютер бол хүмүүсийн найдвартай туслагч гэдэг нь маргаангүй. Гэвч зарим үед тэдний ажиллагаа доголдож, юугаар ч нөхөх аргагүй том хохирол учруулдаг байна. 1989-09-06-ны өдөр  Парис хотын 40 мянга гаруй энгийн иргэд аллага, хулгай, дээрэм, мансууруулах бодис, хүний наймаатай холбоотой гэмт хэрэгт буруутгагдсан захидал хүлээн авч мэл гайхаж цэл хөхөрчээ. Үнэн хэрэг дээрээ эдгээр хүмүүс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байсан бөгөөд компьютерын алдаанаас болж тэдэнд буруу утгатай захидал илгээгдсэн байж. Энэ ч бас яахав гэхсэн. Галзуурсан компьютерууд бүр илүү хор уршиг учруулж байсан тухай зарим баримтыг сонирхуулъя.

Виртуаль пуужин

1983 оны 9-р сард Зөвлөлтийн пуужин эсэргүүцэх систем өндөрт буй үүлэнд ойсон нарны гэрлийг АНУ пуужин хөөргөв гэж “андууран” түгшүүр зарлажээ. Азаар системийг бүтээгчдийн нэг дэд хурандаа Станислав Петров жижүүрлэж байлаа. Журам ёсоор бол тэрээр дээд командлалд энэ тухай нэн даруй мэдэгдэх ёстой байв. Тэр үед ЗХУ, АНУ хоёрын харьцаа төдийлөн сайнгүй байсан учир цөмийн дайн эхлэх магадлал өндөр байсан гэнэ. Харин Петров компьютерт итгээгүй нь сайн хэрэг болжээ. 2006 онд Станислав Петров «Цөмийн дайныг зогсоосон хүн» гэсэн шагнал хүртжээ. Харин ажил дээрээ зааварчилгаа зөрчсөний учир “банга” хүртсэн гэдэг.


Мянганы асуудал

Цахим ертөнцөд нэг мянганаас нөгөөд шилжих асуудал тийм ч хялбар зүйл биш гэнэ. 1999 оны сүүлч, 2000 оны босгон дээр компьютерууд бүх зүйлийг 1999 оноос 1900 онд шилжүүлчих вий гэсэн айдас программистуудыг зовоож байсан гэдэг. Ашгүй бүх зүйл тайван өнгөрч. Харин жижиг сажиг адал явдал бол гарч байсан гэнэ. АНУ-д кассын машин 9,1 $-ын оронд 91 мянган $-ын чек өгсөн тохиолдол гарчээ. Германд банкны хадгаламж гэв гэнэт 1000 дахин нэмэгдсэнийг эзэн нь мэдэж хэлжээ. Америкийн цэргийн тагнуулын хиймэл дагуул 2 цагийн турш холбоо тасарсан байна.  Microsoft Explorer 5.0 нь сар өдрийг 1600 жилээр урагшлуулжээ. Томхон барцад гэвэл: АНУ-ын Арканзас мужид цахилгаан станцуудын хаалга онгойхгүй цаг хагас болжээ. Мөн нислэгийн холбоо 10 минут тасарсан байна.

«Асуудал 2000» нь олон засгийн газар, пүүс компанийн толгойн өвчин болж байлаа. Ердөө 4-хөн жилийн дотор бараг нэг их наяд долларыг системийн шинэчлэлд зарцуулсан байна.


Компьютерын ардчилал

2000 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрчээ. Нэр дэвшигчдийн алинд нь ч давуу тал байгаагүй Флорида муж маргааны гол бай болов. Сонгуулийн дараа санал нэг бүрийн төлөө шүүхийн танхимд маргалдацгааж байлаа. Хэрүүлийн гол асуудал нь компьютерын системийн үйл ажиллагаа. Ардчилсан намын Альберт Горын авсан бараг 10 мянган саналыг компьютер тоолоогүй байв. Санал асуулгын дүн ч Гор ялсныг баталж байлаа. Гэвч үүнийг авч хэлэцсэнгүй, ердөө 537 саналын илүүтэйгээр Жорж Буш ялагч болжээ.


Мексик сервер

Компьютерын системийн доголдол Мексикийн сонгуульд ч нөлөөлж байсан удаатай. 1988 онд энд саналыг цахимаар тоолох болжээ. Ийм нээлттэй үйл ажиллагаа өөрийнх нь ихэд доор орсон байр суурийг илчилнэ гэж эрх баригч Хувьсгалт нам огт зүүдэлсэнгүй. Тэдний төлөөлөл Карлос Салинас сөрөг хүчний Куаутемок Карденаст илт ялагдаж байв. Гэнэт системд “доголдол” гарлаа. Ингээд Карлос Салинас ялах нь тэр. 15 жилийн дараа өмнөх ерөнхийлөгч Мигель Мадрид сонгуулийн тооллого хууль бус явагдсаныг хүлээн зөвшөөрчээ.


Мөнгөний машины алдаа

Алгоритмд алдаа гарсны улмаас АТМ-аас авч буй мөнгөний хэмжээ олон дахин нэмэгдэн гарах тохиолдол дэлхийн олон хотуудад нэг бус удаа гарч байжээ. Новосибирск хотод 20 тэрбум рубль гарч ирсэн байна. Харин шударга хүн таарч банкны ажилтнуудад энэ тухай мэдэгджээ. Хүн бүр ингэж чадах болов уу?

Гэвч хэн, хэзээ, хэдий хэмжээний мөнгө авсныг тогтооход төвөггүй учир эвгүй байдалд оруузай! 2008 онд Хятадын Гуанчжоу хотод бэлэн мөнгөний машин “будилсны “улмаас 23 мянган доллар авч явсан иргэнийг бүх насаар нь хорихоор ялласан түүх бий.


Буруу тооцоолол

1991 оны 2-р сард «Пэтриот» хэмээх пуужин эсэргүүцэх системд алдаа гарч Америкийн цэргийнхэн “байдалд” оров. Ердөө 0,34 секундын зөрөөний улмаас энэ систем Иракийн пуужинг алдаж оронд нь цэргийн хуаранг буудаж орхижээ. Үүнээс болж 28 хүн амь алдаж, 100 гаруй хүн шархдаж, гэмтсэн байна.


Урвагч систем

Биржийн түүхэн дэх хамгийн том уналт 1987-10-19-нд мөн компьютерээс болж гарсан юм. Их Британи, Канад, Гонконгийн бирж дээрх ер бусын уналт нь Америкийн зах зээлд мэдрэгдэхгүй байж чадсангүй. Хувьцаа эрчимтэйгээр хямдарч, үймээн сандрал эхлэв. «Хар даваа гараг»-ийн дараах 4 өдөрт уналт 1 тэрбум орчим доллартай тэнцэж иржээ. Зөвхөн Доу-Жонсын индекс гэхэд л 22,6%-иар унасан байв. Энэ бүхэнд компьютер ихээхэн “үүрэг гүйцэтгэсэн” юм. Энэ үед АНУ-д хеджинг болон арбитрын гүйлгээ хийх автомат системийг нэвтрүүлсэн байлаа. Арилжааны программ хангамжийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь туйлын бэрхшээлтэй байв.


Худалдан авагчдын мөрөөдөл, худалдагчдын айдас

2014 оны 12-р сард Amazon хэмээх арилжааны сайт нэг цагийн турш бараагаа 1 пеннигээр зарж борлуулж байжээ. Гэхдээ энэ нь бодит хямдрал биш, программын алдаа юм байна. “Repricer Express” компанийн ажилтнууд цаг тухайд нь мэдэж, арга хэмжээ авч чадсан ч 100 мянган фунтын алдагдал хүлээж дампуурах дөхжээ.


Бүтэлгүйтсэн шилжүүлэлт

Хэдхэн хоногийн өмнө компьютер хөл бөмбөгийн бизнест ч төвөг удсан байна. Английн «Манчестер Юнайтед» клубын Давид Де Хеа «Реал Мадрид»-д очих ёстой байлаа. Гэрээ хэлцэл хийх процесс нилээд сунжирсаар эцсийн эцэст гар, хөлийн үсэг зурж баталгаажсан ч, 28 минут хоцорсон гэдэг шалтгаанаар Испанийн лигт бүртгүүлж амжсангүй. «Манчестер Юнайтед»-ийн бичиг баримт маш удаж байж ирсэн, тодорхойгүй форматтай учир файлыг нээх боломжгүй байсан хэмээн «Реал» мэдэгдэв. Англичууд хариуд нь испанчуудыг «Болхи амьтад» гэж дүгнэжээ. Энэ явдал 29 сая фунтын өртөгтэй байж магадгүй болоод байна. Учир нь тоглогчийн үнэ хөлс ийм аж. Их Британы хэвлэл мэдээллийн хэрэгслээр Манчестер клубынхан түншийнхээ IT-г сольж өгөх тухай бичигдэх болжээ. Харин Испанийн хэвлэлүүдээр англичууд хуучирсан Windows 95 систем хэрэглэж байсан тул тэдний файл  Windows 10 дээр нээгдэхгүй байсан гэсэн мэдээлэл явж байна. Одоо Де Хеа «Манчестер Юнайтед»-тай хийсэн гэрээгээ сунгах, эсвэл жилийн дараа «Реал»-д “үнэ төлбөргүй” шилжих боломжтой байгаа гэнэ.

Илүү ихийг Yoyo.mn сайтаас ...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Галзуурсан” компьютер
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/11
    Ихэнх нь 2000 оноос өмнө байгаа биз дээ.ялангуяа анх үйлчилгээний салбарт компьютер нэьтрүүлж байсан наяад онд.сүүлийн үед галзуурахаа бараг больсон гэсэн үг.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/10
    2003 онд Солонгост байхдаа 14-хөн минутын үлдэгдэлтэй картаар нэг оройжин гэр бүлийнхэн, ах дүүрүүгээ болтлоо ярьж билээ. Яриан дундуур тасраад чимээгүй болохоор дахиад залгахад л танд 14 минутын эрх байна аа л гэдэг, ярьж байгаад л тасардаг, гудамжны таксфоноос ярьж байсан болохоор өөрөө залхаад больсон шүү.

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох