МЭДЭЭ НЭМЭХ  

Динозаврууд яагаад мөхсөн бэ? Топ-10 онол

  • 6,949 уншсан
  • 10
  • 2015/09/10

Одоогоос 66 орчим сая жилийн өмнө, цэрдийн ба палеогены галвын зааг дээр шинжлэх ухаанд «5 дахь удаагийн их сүйрэл» гэж нэрлэгдсэн гамшиг тохиож, Дэлхий дээр амьдарч байсан амьтдын 80% нь устан үгүй болжээ. Энэ сүйрлийн хор уршиг хязгааргүй: бүх төрлийн үлэг гүрвэлүүд гайхалтай хурднаар мөхөж, үлдсэн амьтад ч эрс өөрчлөгдсөн байна. Энэ явдал чухам юунаас үүдэлтэйг эрдэмтэд одоо ч тайлж чадаагүй байгаа юм. Энэ талаар тайлбарласан олон арван онол гарсан ч, шинжлэх ухааны салбарт хамгийн магадлалтайд тооцогддог 10-ыг нь та бүхэнд танилцуулъя.

Дэлхий бага гарагтай мөргөлдсөн

Дэлхий маань асар том бага гарагтай мөргөлдсөний улмаас үлэг гүрвэлүүд сүйрсэн байж болох юм. Цэрд-палеогены галавт хамаарах тунамал чулуулгийн давхаргад ихээхэн хэмжээний иридий байгааг эрдэмтэд анзаарчээ. Дэлхийн чулуулаг царцдаст маш ховор тааралддаг энэ бодис бага гарагуудын бүрэлдэхүүн хэсэг болж байдаг. Хэрвээ Дэлхий дээр сансрын биет унасан юм бол тогоо байх ёстой гэсэн асуулт гарч ирнэ. Тогоо ч олджээ. 1990 онд Мексикийн Юкатаны хойг орчмоос илрүүлсэн 180 км голчтой, 18-20 км гүн аварга тогоог Чиксулуб гэж нэрлэсэн бөгөөд 10 орчим км голчтой бага гарагтай мөргөлдсөний ул мөр гэж үзэж байна. Энэ цохилтын хүч 100 тератонн (түүхэнд байсан хамгийн хүчирхэг халуун цөмийн төхөөрөмж 0,00005 тератонн хүчин чадалтай байжээ) хүрсэн байх ёстой. Үүний улмаас 100 метр өндөр цунами үүсч эх газрын гүн рүү нэвтэрсэн байж таарна. Хөрсөн дээр цохилтын долгион тархаж, асар хүчтэй ойн түймэр гарагийг бүрхэнэ. Агаар мандалд үнс нурам цацагдаж, угаарийн хийн агууламж хэдэн зуу дахин нэмэгдэж, газрын гадаргуу олон жилийн турш нарны гэрлийг үзэж чадахгүй болно. Үүнээс болж ургамлын аймгийн фотосинтезийн процесс удааширч улмаар агаар мандал хүчилтөрөгчийн дутагдалд орно. Эцсийн эцэст үүл сарнихад үлэг гүрвэлүүд нэгэнт үгүй болсон байх юм.


Дэлхийг бүрхсэн галт шуурга

Дэлхий бага гарагтай мөргөлдсөн байж магад гэдэгтэй олонх эрдэмтэд санал нийлдэг ч, чухам энэ  л сүйрлийн гол шалтгаан болсон гэдэгт эргэлзэгчид олон. Мөргөлдөөн болсны дараа гарагийг бүрэн хамарсан галт шуурга болсон гэх онол бий. Учир нь, мөргөлдөөний үеэр өчүүхэн жижиг чулуулгууд сансарт цацагдана. Эдгээр нь аажмаар агаар мандалд бууж ирэхдээ агаартай үрэлдэн С 1500° хүртэл хална. Тэнгэр хурц улаан өнгөтэй болж бүх гараг түймрийн хурц дөлөнд автах юм. Энэ онолыг баримтлагчид Дэлхийн гадаргуугийн 7 ам дөрвөлжин метр бүрд нэг мегатонн бөмбөг хаясантай адил гэж жишиж байгаа аж. Зөвхөн усан доор, эсвэл гүнзгий нүхэнд нуугдсан амьтад л галан цунамиг тэсвэрлэн гарах боломжтой гэнэ.


Догшин хар салхи

Массачусетсийн Технологийн Их сургуулийн эрдэмтэд үлэг гүрвэлүүдийн мөхөлд хүчтэй хар салхи буруутай гэж үзэж байна. Онолын хувьд солир унасны дараа далайн ус С +50° хүртэл халж цагт 1100 км хурдлах хүчтэй шуургыг үүсгэж чадах ажээ. Дэлхий дээрх хамгийн хүчтэй хар салхи 1979-10-12-нд болсон бөгөөд 350 км/цаг хурдтай байсан гэдэг. Энэ нь дээрх үзүүлэлтийн ердөө 30% гэсэн үг. Динозаврууд хүчтэй салхийг тэсээд өнгөрч чадах байсан. Харин салхи 75 км-ийн өндөрт дэгдсэн нь тэдний хувьд үхлийн аюултай нөхцөл байдлыг үүсгэжээ. Удалгүй озоны давхарга цоорч, үхэл таригч нарны цацраг амьд бүхнийг төөнөсөн байна.


Сүүгээр бойжигчидтой өрсөлдөж чадалгүй сөнөсөн

Үлэг гүрвэлүүд агшин зуур биш харин хэдэн сая жилийн туршид аажмаар сөнөсөн гэх онол арай аймшиг багатай сонсогдож байгаа нь мэдээж. Шалтгаан нь сүүгээр бойжигчидтой өрсөлдөж чадаагүй. Сүүгээр бойжигчид орчиндоо дасан зохицож хоол тэжээлээ олохдоо хавьгүй илүү, мөн үржлийн арга нь боловсронгуй байв. Хүйтэн цуст үлэг гүрвэлүүд өндөг гаргана. Харин сүүн тэжээлтнүүд амьд зулзага төрүүлж тэжээнэ. Нялх гүрвэлүүд маш дорой, тэдний хэвийн өсөлт хөгжлийг хангахын тулд асар их идэш тэжээл хэрэгтэй, харин үүнийг олоход улам бүр амаргүй болсоор байлаа. Тэгээд ч сүүгээр бойжигчид хэвлийдээ үр зулзагаа тээдэг байхад, үлэг гүрвэлүүдийн булж орхисон өндөг махчин амьтдын хоол болох нь дэндүү элбэг. Ингээд бүх зүйл жам ёсоор: буурай хөгжилтэй, орчиндоо сайн зохицож чадаагүй амьдралын хэлбэр илүү хөгжингүй нэгэндээ орон зайгаа тавьж өгсөн бололтой.


Эх газрын нүүдэл

Эрдэмтдийн тооцоолсноор үлэг гүрвэлүүд мезозойн эринд (248-66 сая жилийн өмнө) амьдарч байсан. Мезозой нь триасын, юрийн, цэрдийн гэсэн 3 галавт хуваагдана. Эхлээд бүх тив Пангея гэх нэгэн аварга том эх газарт багтаж байв. Юрийн галвын үед Пангея аажмаар хуваагдаж, тасарсан хэсгүүд нь бие биеэсээ холдож эхэлжээ. Үлэг гүрвэлүүдийг мөхөх үед тивүүд одоогийнхоо дүр зургийг ерөнхийдөө олоод байлаа. Ингэж оршин суугаа газар болон цаг уурын нөхцөл эрс өөрчлөгдсөний улмаас үлэг гүрвэлүүд мөхсөн байж болзошгүй юм. Ургамлын аймаг өөрчлөгдөхийн хэрээр өвсөн тэжээлт гүрвэлүүд идэш хоолоо олоход бэрхшээлтэй болно. Тэдний тоо толгой цөөрөх нь махчин гүрвэлүүдэд нөлөөлөхгүй байж чадахгүй.


Далайн түвшин өөрчлөгдсөн

Амьтны ертөнцийн их сүйрэл бүр далайн түвшин өөрчлөгдөх цаг үетэй давхцаж байдаг нь хачирхалтай. Иймээс “гол буруутан” нь чухамдаа энэ процесс байж болох юм. Усан доороос хуурай газар шинээр гарч ирэхэд өөр хаа нэгтээ амьтдын амьдрах орчин усанд автана гэсэн үг. Шинэ газар шинэ төрлийн ургамал ургаж, цаг уурын нөхцөл ч өөр болно. Хүйтэн цуст амьтад ийм эрс өөрчлөлтөнд дасан зохицох нь маш хэцүү, бараг л боломжгүй зүйл аж.


Хөнөөлт өвчин

Эртний чулуужсан хуванд хадгалагдан үлдсэн хачиг, шумуулын үлдэгдлийг судалсан эрдэмтэд онц аюултай олон халдварт өвчин чухамхүү үлэг гүрвэлүүдийн мөхлийн үед бий болсон гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хүчирхэг динозаврууд тахал, хижигт нэрвэгдсэний улмаас үүрд алга болсон байж болзошгүй л юм. Үнэхээр өвчин тэднийг хиаруулах өндөр магадлалтай. Учир нь үлэг гүрвэлүүдийн дархлааны систем маш сул, уржлийн процесс нь дэндүү удаан. Үхлийн аюултай өвчинд нэрвэгдсэн нэг нь бусаддаа маш хурднаар халдаах боломжтой. Сүүгээр бойжигчдын хувьд тэдний дархлааны систем сайн хөгжилтэй тул эсэн мэнд үлдсэн байх.


Дэлхий дээр сүүлт од унасан

Сүүлт од нь сансрын мөс, тоос, чулуулаг, органик нэгдлүүдээс тогтох бөгөөд хэмжээ багатай учир асар их хурд авах боломжтой. Дэлхий дээр сүүлт од унасаны улмаас үлэг гүрвэлүүд сөнөсөн гэдэг онолыг 1980 онд дэвшүүлжээ. Гэвч Чиксулубын тогоо шиг ул мөр үлдээх том сүүлт од яагаад ч байж болохгүй гэж эсэргүүцэгчид олон байлаа. Гэвч асар их хурдтайгаар хөдлөх сүүлт од ийм тогоог үүсгэж болно гэдгийг компьютерээр загварчлан үзүүлж чаджээ. Сонирхолтой нь, энэ үед агаарт дэгдэх тоос шороо зэрэг нь Дэлхий бага гарагтай мөргөлдөх үеийнхээс хэд дахин их байх гэнэ.


Галт уулын дэлбэрэлт

Одоогийн Энэтхэг улсын нутаг дэвсгэрт манай гарагийн хамгийн том галт уулсын бүс болох Деканы тэгш өндөрлөгт галт уул дэлбэрснээр үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн гэх онол байдаг. Дэлбэрэлтийн үеэр агаарт цацагдсан хүхрийн асар өндөр агууламж бүхий хий, тоосон үүл нарны гэрлийг удаан хугацаагаар халхалж, далай тэнгисийн ус исэлдэн, хүлэмжийн хийн нөлөөгөөр хэт дулаарал болсон нь амьтны ертөнцөд гамшигт сүйрэл авчирсан байж болох юм. 2009 онд энэ онолыг батлах нэгэн олдвор гарч иржээ. Энэтхэгийн эрэг орчимд усан доор нефтийн цооног өрөмдөж байх үед хурдсаар дүүрэн эртний хатуурсан лав их хэмжээгээр илэрсэн байна. Лаван дотор үлэг гүрвэлүүдийн мөхлийн үед хамаарах чулуужсан үлдэгдэл байжээ.


Янз бүрийн нөхцөл шалтгаан хослон бүрдсэн байж болох

Байгалийн гамшгийг даван гарсан динозаврууд хожмоо өвчин тахал, цаг уурын өөрчлөлт зэрэг нэг буюу нэг хэсэг шалтгааны улмаас устаж үгүй болсон байж ч болох. Мөн Дэлхийн түүхэн замналтай харьцуулахад асар богино хугацааны дотор дээр тоочсон үйл явдлууд нэгэн зэрэг (эсвэл цувран) болж өнгөрсөн байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Үнэхээр манай гараг сүүлт одтой мөргөлдлөө гэхэд галт уул дэлбэрэх, түймэрт автах аюул нэгэн зэрэг заналхийлж байх бүрэн үндэслэлтэй. Тэгэхлээр хөөрхий үлэг гүрвэлүүдэд ямар ч боломж байгаагүй байх. Нэг аюулыг давлаа гэхэд нэг хэсгийг гэтлэх нь бараг л боломжгүй зүйл байсан биз. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Динозаврууд яагаад мөхсөн бэ? Топ-10 онол
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/15
    Onol l bol onol shude . Ymr batlagdsan bish

    1 0 Хариу бичих
  • sao 2015/09/11
    Jijig garig morgoson yum bol ter garig n xaachsiin bol. Oigood yavchixsan yy?

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/29
      Ойгоод сар болцорсын блгүй. Ааахахаха. Joke.

    • Зочин 2015/09/12
      Шороогоор өндөг хийгээд газар шидхэд бутардаг даа тэрэнтэй адил юм болжээ дүү минь.

    • Зочин 2015/09/11
      oird yostoi iim dur gutmaar asuult sonsoogui yum bna shu

  • Зочин 2015/09/11
    Бага гаригтай мөргөлдсөн гэдгийг ихэнх эрдэмтэн зөвшөөрдөг.үүнээс өөр ухаалаг тайлбар байхгүй.цаг хугацааны хувьд энэ мөргөлдөөн үлэг гүрвэлийн мөхөлтэй яв цав таардаг.мэдээж энэ мөргөлдөөн дэлхий дээрх олон галт уулыг сэрээсэн байж таарна.харин галт уул дангаараа бол дэлхий дахины сүйрлийг тарьж чадахгүй болов уу.

    1 0 Хариу бичих
  • Ireedvi bidend yu helew? 2015/09/10
    Bid bol hariihan shvv dee. Delhiig olood ezelsen. Hamgiin tohiromjtoi geed bichnii gene iig uursdteigee holij shine amidraliig ehlvvlsen. Bidnii irsen sansriin hulug odoog bii buguud tvvniig bid divaajin gej nerldeg.

    3 2 Хариу бичих
    • Musclemass Serious 2015/09/21
      xaxa ter divaajingiin ezen esuus gj tengtendee

    • Зочин 2015/09/16
      xaxa

    • Зочин 2015/09/12
      Ёстой өвөрмөц сэтгэдэг хүү байна. Эртхэн тэр хөлөглүүгээ буц даа


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох