МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэн адал явдлын эрэлчид буюу бодит Индиана Жонс

  • 3,342 уншсан
  • 1
  • 2015/10/06

Индиана Жонс гэж алдаршсан доктор Генри Томас Жонс бол кино ертөнцийн хамгийн алдартай баатруудын нэг. Найруулагч Стивен Спилберг, Жорж Лукас нар нь доктор Жонс бол цэвэр уран сайхны дүр гэж нэг бус удаа хэлж байсан ч, эрдэм мэдлэг, шинэ содон нээлтийн төлөө, эсвэл зүгээр л хэрэгт дурлахын үүднээс амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж хачин сонин адал явдлыг биеэр туулж өнгөрөөсөн хэд хэдэн хүн байдаг ажээ.

Уэнделл Филлипс

1922 онд төрсөн, Английн палеонтологч эрдэмтэн. 27 настай байхдаа Африк руу анхныхаа аялалыг хийж байжээ. Түүний хамгийн алдартай аялал бол Арабын элсэн цөл, одоогийн Йемен улсын нутагт  хийсэн 2 том малтлага юм. Эхний малтлагаараа эртний Катабан улсын нийслэл Тинна хотыг илрүүлсэн бол 2 дахь нь домогт Савскийн хатан хааны төрөлх Мариб хот байжээ. Мариб хотын малтлагыг тун ч хэцүүхэн нөхцөлд, нутгийн оршин суугчдын заналхийлсэн харцан доор явуулж байсан гэнэ. Багийн гишүүдэд халдах үзэгдэл мэр сэр гарч байв. 1 хүнийг модоор цохин унагаж, нөгөөг нь 28 хоногийн турш барьцаалсан хэрэг ч гарчээ. Сүүлдээ уугуул нутгийнхан ил тодоор сүрдүүлж буудаж эхэлсэн тул Филлипс Марибыг орхиход хүрсэн байна. Түүний шинжилгээ судалгааны ажил Ойрх Дорнодын түүхийг судалж мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Кадир Темори

2007 онд Афганы засгийн газар зэс олборлох эрхийг Хятадын уул уурхайн нэг компанид  худалдсан байна. 100 тэрбум доллараар үнэлэгдсэн зэсийн ордод хүрэхийн тулд эхлээд Мес-Айнак нэрт түүхийн дурсгалт цогцолборын малтлагыг дуусгаж цэг тавих ёстой байлаа. Мес-Айнакт 2000 жилийн настай эртний хот олдсон бөгөөд тэндэхийн зарим олдвор нь 5000 жилийн настай болох нь тогтоогджээ. Хятадууд олборлох эрх авах үед малтлагын дөнгөж 10% нь хийгдээд байв. Кабул дахь Афганы археологийн газрын тэргүүн Кадир Темори тэдэнд тун бага хугацаа үлдсэнийг мэдэрч,  чадах хэрээрээ яаравчилж байлаа. Тэрээр Хятадын компанийн зүгээс ирэх заналхийлэл, талибанчуудын байнгын дайралт, Афганистаны засгийн газарт шургалсан хүнд сурталтнуудын дарамтыг тэсвэрлэн өнгөрүүлсээр байв. Түүхийн дурсгалт газрыг 2013 он гэхэд бүрэн устгахаар төлөвлөсөн байсан ч, зэсийн олборлолтыг 2015 оны сүүл хүртэл хойшлуулж чаджээ. Теморийн амь дүйсэн эрэлхэг ажиллагаанд үндэслэн «Мес-Айнакийг аварцгаая!» баримтат кино хийгджээ.


Фариш Женкинс

1940 онд Манхэттенд төрсөн. Тэнгисийн явган цэрэгт алба хаасны дараа Йелийн Их сургуульд орж суралцан философийн ухааны доктор цол хүртжээ. Өөрийгөө жирийн палеонтологч гэж хэлдэг ч анатоми, зоологийн шинжлэх ухааны талаар арвин мэдлэгтэй хүн байлаа. Тэрээр Чехийн чандаган малгай өмсөж, спорт загварын халаасны цаг унжуулан, устай ташмаг, гар буу зүүж явдаг этгээд сонин төрхтэй хүн байв. Нэгэн удаа Африкт хар хирсний хажууд зургаа авахуулж байтал хирс довтолж Фариш азаар амь гарсан гэдэг. Дараа нь Канадын хойд хэсэг, Гренланд руу аялж цаг агаарын туйлын хатуу ширүүн нөхцөлд цагаан баавгайнуудтай “мөр зэрэгцэн” амьдарч, чулуужсан араг яс цуглуулж байв. Эндээс тэрээр хамгийн чухал нээлт болох тиктааликийг олжээ.

Тиктаалик бол 375 сая жилийн өмнө амьдарч байсан бүрэн хөгжөөгүй ч хөл, чих, хоншоор бүхий загас юм. Энэ нь усны амьтад аажмаар эрэгт гарсныг нотлох баримт ажээ.


Жим Паттон

Жим Паттон Беркли дэх Калифорнийн Их сургуулийн зоологийн музейн захирлаар 40 жил ажиллажээ. Бүхий л амьдралынхаа туршид дэлхийн өнцөг булан бүрд очиж сүүгээр бойжигчдыг судалсан хүн. 5 удаа аялж явсан хөлөг онгоц нь сүйрсэн гэнэ. Хамгийн анхны аймшигт сүйрэл нь 1966 онд Мексикийн эрэгт болжээ. Суусан моторт завь нь хад мөргөн сүйрэхэд Паттон нэгэн мексик загасчны хамтаар 10 хоногийн турш үхэлтэй тэмцсэн байна. Дараа нь Коста-Рикийн ойролцоо завь нь шатаж, багийнхаа 13 хүний хамт аврах салан дээр удтал хөвжээ. Хамгийн сүүлд 1992 онд Бразилийн Амазонк мөрөн дээр завь нь минут хүрэхгүй хугацаанд живсэн гэнэ.


Иван Спрайц

Словений Шинжлэх ухаан, соёлын Академийн профессор, хүн судлаач доктор Иван Срайц насаараа майячуудын соёл иргэншлийн ул мөрийг хайсан байна. Өтгөн ширэнгэн ойг хурц мэстэй туулсан ч аюулгүй гэсэн үг биш. Ирвэс, шилүүсийг тэр тоохоо больсон, хамгийн гол аюул нь хорт могой болон шавжууд ажээ. Гэхдээ л “миний ажил хүнд хэцүү ч, маш романтик ажил” гэж Спрайц хэлэх дуртай гэнэ.


Хайрам Бингем III

Хайрам Бингем Гавайд төрж, Харвардад доктор хамгаалжээ. Тэрээр 1911 онд эртний инкүүдийн нийслэл Виткосыг хайж Перуг хөндлөн гулдгүй туулсан нь түүний хамгийн алдартай аялал байв. Перугийн засгийн газар нэгэн туурийг зааж өгчээ. Энэ бол инкуудын эртний хот Мачу-Пикчу байлаа. Өнөө үед Мачу-Пикчуг анх хэн нээсэн талаар санал зөрөлддөг ч, нээлтээ анх олонд зарласан хүн нь яах аргагүй Бингем юм. ЮНЕСКО-ийн соёлын өв болсон Мачу-Пикчу нь археологийн бүх нээлтүүд дотроос хамгийн агуу нь, хамгийн өндөр ач холбогдолтой нь гэгддэг.


Уильям Монтгомери Макговерн

1897 онд Манхэттенд төрсөн, Оксфордын их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 17 хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүний анхны адал явдал бол Төвөдийн хаалттай хот Лхас хүрэх явдал байв. Тэрээр Гималайн нурууг давж чадсан ч гэдэсний хижиг тусч хүнд өвджээ. Гэсэн ч нүүрээ бороор будаж, зарцынхаа хувцсыг өмсөөд Лхас хотод орж чадсан байна. Тэрээр энд ирсэн анхны европ хүн биш юмаа гэхэд анхдагчдын нэг байсан нь гарцаагүй. Ингээд хотын эмнэлэгт очжээ. Лам нар эмнэлэгт харийн хүн ирснийг мэдмэгц эмнэлгийг тойрон бүслээд чулуу нүүлгэж гарчээ. Макговерн бас л зүсээ хувиргаж сэмхэн гараад догширсон олонтой холилдсон гэдэг. Хэдэн жилийн дараа Амазонкийн сав газраар инкуудийн соёл иргэншлийн ул мөрийг хайн, зөвхөн сармагчингийн махаар хоол хийн бэдэрчээ. Ингэж явахдаа 8,5 метр урт анаконда могойн “үхлийн тэвэрт” ороод гарсан гэдэг. Нэг удаа зэрлэг омгийнхонд баригдаж тэдний хий юм үзэж сонсоход хүргэдэг хачирхалтай ундыг хүчээр уусан удаатай. Макговерн Азийн орнуудын тухай арвин мэдлэгтэй тул Дэлхийн 2-р дайны үед Рузвельтийн тусгай зөвлөхөөр ажиллаж байжээ.


Перси Фосетт

1867 онд төрсөн. 1901 оноос Британы Эзэн хааны газар зүйн нийгэмлэгт ажиллаж, газрын зураг зохиох болжээ. 1906 онд анхныхаа аялалыг хийж, улмаар газар зүйн хэд хэдэн том нээлт хийсэн хүн юм. Фоссет аврага аалз Apazauca болон 18,5 метрйн урттай анаконда могойг харснаа бичсэн байдаг. Түүний ярианаас уламжлан дотнын анд Артур Конан Дойл нь “Алдагдсан ертөнц” уран зөгнөлт номоо бичсэн билээ. Эртний бичээсүүд болон домог яриаг сайтар судалсан Фосетт мөхсөн эртний соёл иргэншлийн ул мөрийг Бразилийн Амазон хавиар эрж хайх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. 1925-04-20-нд Фосетт хүү Жек, найз Райлег Римэлл болон 2 бразиль ажилчны хамтаар алдагдсан хотыг хайхаар гарчээ. Тэрээр энэ аялалаас эргэж ирээгүй юм. Тэр цагаас хойш олон жуулчин тэдний маршрутыг давтаж Фосеттийн багийнхантай юу тохиолдсоныг мэдэхээр оролдсон ч амжилтанд хүрээгүй ажээ. Тэд өвчнөөр өөд болцгоосон эсвэл зэрлэг омгийнхонд алуулсан нь магадтай байх.


Рой Чепмен Эндрюс

1884 онд Висконсин мужид төрсөн. 1906 оноос Америкийн Байгалийн түүхийн музейд ажиллах болсон. Тэрээр Аляск, Индонез, Хятад, Япон, Солонгос, Монголоор аялахдаа олон адал явдалтай учирч, бараг 10 удаа үхлээс гайхамшигтайгаар мултарч чаджээ. Нэг удаа зэрлэг нохдод золтой л бариулаагүй түүнийг питон могойтой тааралдаад сэхээ авч чадаагүй байхад нь дээрэмчид алах шахсан гэдэг. Эндрюс Монголын говиор хэд хэдэн удаа аялж үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан өндөг олсноороо ихэд алдаршжээ. Үлэг гүрвэлүүд өндөг дардаг гэдгийг чухам энэ олдвор л нотолсон юм. Эндрюс өөрийнхөө аялалын талаар хэд хэдэн ном бичсэн байна.


Отто Ран

Агуулгын хувьд Отто Ран манай жагсаалтанд төдийлөн тохирохгүй ч хачин сонин амьдралтай, бас ч үгүй судлаач хүн байсан тул сонирхуулж оруулахаар шийдлээ. 1904 онд Германд төрсөн. Тэрээр “Ариун Грааль” хэмээх шүтээнийг олж авахын дон шүгэлсэн хүн юм. Оюутан байхдаа Катар гэх шашны урсгалын төлөөлөгчид шүтээнийг авч нуусан байж болзошгүй тухай уншаад катаруудын эцсийн оромж байсан гэгдэх газар доорх агуйн системийг нэгжин судалж байв. Энэ тухайгаа «Граалийн эсрэг загалмайтны аян дайн» номондоо бичсэн нь СС-ийн толгойлогч Генрих Гиммлерийн анхаарлыг татжээ.

Гиммлер ч Раны нэгэн адилаар ариун шүтээнийг бишрэгчдийн нэг байв. Ингээд Гиммлер шүтээнийг олж авахын тулд СС-ийн нэрэн доор бүхнийг хийх эрхийг Ранд олгожээ. Гэвч “Ариун Грааль”-ийн эрэл амжилтанд хүрсэнгүй мухардаж, харин Ран гомосексуалист болох нь илэрч Дахаугийн хорих лагерьт харгалзагчаар томилогджээ. Гэвч тэнд харсан үзсэн нь Ранд гүнзгий цохилт өгч халагдах өргөдөл бичсэн байна. Тэрээр 1939 онд катаруудын уламжлалт заншлын дагуу амиа егүүтгэн үхсэн гэж тэмдэглэгдэн үлджээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэн адал явдлын эрэлчид буюу бодит Индиана Жонс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/07
    Ariun grail gej ariun hundaga esvel holy grail baih yostoi bh

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох