МЭДЭЭ НЭМЭХ  

Нарны системийн нууцлаг 10 объект

  • 6,913 уншсан
  • 1
  • 2015/09/21

Хүн төрөлхтөн одоогоор 4826 ширхэг гараг, бага гарагуудыг нээгээд байгаагийн дотор 160 цагаригтай аварга том хийн гараг хүртэл байгаа юм. Ингээд бодохоор бид сансрын тухай хангалттай их зүйлийг мэдэх ч юм шиг. Гэтэл Ертөнцийн нууц дуусашгүй, бид өөрийн Нарны аймгийн тухай ч бүгдийг мэдэж чадаагүй байгаа ажээ. Манай Нарны системд оршдог учир нь тайлагдаагүй, нууцлаг 10 объектыг танилцуулъя.

Орк гараг

Та «эсрэг гараг» гэж сонсож байсан уу? Орк бол Дэлхийн ван гарагийн нэгэн адил Койперын бүсэд оршдог, тойрог замд эргэх хугацаа, тэнхлэгийн хазайлт нь Дэлхийн вантай яг ижил, Нарнаас мөн адил зайд оршдог, гагцхүү Дэлхийн вангийн орбитийн эсрэг зүгт эргэдэг гараг юм. Оркийн гадаргуу мөсөн талстаар (эсвэл аммиакаар) хучигдсан байдаг нь энэ гараг дээр нэгэн цагт галт уулын гаралтай геологийн идэвхжил болж байсныг гэрчилдэг. Хэрвээ аммиак байгаа нь нотлогдвол Далайн Ван орчмын замд байгаа бусад объектууд хэрхэн үүссэнийг мэдэх боломжтой болох гэнэ.


Антиопа 90

Энэ бол ховор тааралддаг, маш сонирхолтой хос бага гарагийн систем юм. Бархасбадь, Ангараг хоёрын дунд оршиж бие биенээ тойрон эргэлддэг эдгээр гарагууд нь ойролцоогоор 86 км голчтой аж. Ийм систем сансарт хааяа тааралддаг ч, массын ялгаа нь маш их байдаг гэнэ. Харин Антиопын хувьд дагуул, гараг хоёрын масс адил тул утсаар холбогдсон 2 бөмбөлөгтэй адилтган төсөөлж болох юм.


Санчирын 6 талт дүрс

Санчирын хойд туйлыг бүрэн хамарсан аварга том 6 талт хуй салхи бол 30 гаруй жил үргэлжилж байгаа, өөр тийш шилждэггүй байгалийн гайхалтай үзэгдэл юм. Зөвхөн нэг талын урт нь Дэлхийн голчоос илүү гарах энэ 6 талт салхины учрыг одоогоор тайлбарлах арга байхгүй байгаа гэнэ.


Хаумеа

Хаумеа бол нарны аймгийн хамгийн түргэн эргэдэг гараг. 3,9 цагийн дотор тэнхлэгээ бүтэн эргэж амждаг энэхүү одой гарагийн 2 туйлын хоорондох зай 996 км, экваторын голч нь 1960 км аж. Энэ гараг манай Сарнаас тус бүр 6 дахин бага Хииака, Намака гэсэн 2 дагуултай.


Пан, Атлас хоёр

Санчирын ижил хоёр хавтгай сар нь гарагтаа хамгийн ойр оршдог бөгөөд өөрсдийн цагаригтай байдгаараа онцлог. Иймээс яг л нисдэг таваг шиг харагдаг аж. Атлас нь бүр илүү хавтгай: 2 туйлын хоорондох зай 19 км, экваторын голч нь 46 км.


2008 KV42

2008 KV42 бол бусад гарагуудын хөдөлгөөний эсрэг чиглэлээр Нарыг тойрон эргэлддэг, харин өөрийн тэнхлэгийг 306 жилийн дотор нэг бүтэн эргэдэг хачирхалтай объект юм. KV42 нь угаасаа Нарны системтэй хамт үүсээгүй, харин одот орчлонгоос аажмаар Наранд татагдан ирсэн тул эсрэг хөдөлгөөнтэй байдаг гэсэн онол бий. Гэхдээ KV42 нь 20 одон орны нэгжээс (1 одон орны нэгж нь Дэлхийгээс Нар хүртэлх зайтай тэнцэнэ) илүү зайтайгаар Наранд ойртдоггүй аж. Өөрөөр хэлбэл, Тэнгэрийн вангийн тойрог замаас жаахан цааш байдаг гэсэн үг.


Тритон

Тритон бол Далайн вангийн хамгийн том дагуул. Гараг орчмын тойрог замд байх бүх хий, жижиг хэсгүүдийг өөртөө татсан гэлтэй, бүх дагуулуудын нийт массын 99%-ийг агуулж байдаг. Бас галт уулын идэвхжил сайтайгаараа онцлог бөгөөд тэд нь дэлбэрэхдээ үнс, лав биш, харин ус, аммиакийг цацруулдаг. Агаар мандлын маш нимгэн давхарга бий ч, агаарын даралт манай Дэлхийнхээс 50 мянга дахин сул тул Тритоны гадаргуу дээгүүр нисч болохгүй. Бас Тритон өнөө хүртэл шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа хамгийн хүчтэй гэрэл ойлгогч юм. Өөр дээрээ туссан гэрлийн 60-95%-ийг шууд ойлгодог гэнэ. Харьцуулбал: Дэлхийг шөнөдөө боломжийн сайн гийгүүлдэг Сар маань нарны гэрлийн ердөө 11%-ийг л ойлгодог.


Санчирын гадаад цагариг

Ер нь Санчир бол хамгийн хачирхалтай, сонин гараг гэгддэг. Гараг ер бусын цагаригийн системээрээ алдартай. Фебийн цагариг гэгдэх хамгийн гадна талын цагариг бол бусдаасаа 27 градусын өнцгөөр хазайсан, маш сарнимал шинжтэй учраас хэт улаан туяагаар л харагддаг байна. Фебийн гадаргуугийн хэсгүүд задгай сансарт хөвөн одох боловч цагаригнуудтай зэрэгцэн орших Санчирын 8 дахь дагуул Япет тэдгээрийг эргүүлэн татаж байдаг. Япет цагаригийн бүсийг нэвтлэн өнгөрөх бүрд түүний тоос экватор дээр бууж байдаг гэнэ.


Сиамын ихэр сарууд

Янус, Эпиметей хоёр бол нэг тойрог зам дээр орших 2 дагуул юм. Тэдний хоорондын зай ч ойрхон, ердөө 50 км байдаг нь өөрсдийнх нь диаметрээс ч бага хэмжээ юм. Иймээс тэднийг Сиамын ихрүүд гэж нэрлэдэг. Таталцлалын хувьд дэндүү ойр оршдгоос 2 дагуул дөрвөн жил тутамд байраа солилцох боловч хоорондоо мөргөлдчихдөггүй байна.


Круитни 3753

Круитни бол Дэлхий гарагт ирсэн сансрын гийчин. Нарыг 364 хоногт нэг удаа эргэдэг. Өөрөөр хэлбэл жилд нэг удаа 5 км-ийн хэмжээтэй бага гараг Дэлхийн системд түр зуур орж ирдэг гэсэн үг. 11-р сард манай гарагт хамгийн ихээр ойртдог байна. Круитни манай гарагийн дагуул огт биш, гэхдээ харь ертөнцийн зочин хааяа манайхаар “шагайдаг” гэж бодоход аятайхан байгаа биз?

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нарны системийн нууцлаг 10 объект
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/23
    Эхнийхийг нь нэг сайтаас уншиж байсан юм байна. Гэхдээ тэнд бол хазайлт нь дэлхийн вантай гэхдээ адилгүй, яг Кайперын бүслүүртэй давхацдаг гэж уншиж байсан. Яаж нээсэн гэхээр солир, сансрын биетээс бүтдэг тэр бүслүүрт нь ямар ч биет оршдоггүй тийм зурвас байдаг, тэр нь энэ гараг нарыг тойрдог зам нь юм гэсэн.

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох