МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөлсөн 10 гэр бүл

  • 6,094 уншсан
  • 11
  • 2015/09/22

Хүн төрөлхтний түүхэнд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан, алдартай гэр бүлүүдийн тухай сонирхуулъя. Эдний дунд эрт үеэс өв залгамжилж ирсэн хаан угсааныхан ч бий, нөхцөл байдлын улмаас мундгуудын тоонд багтаж түүхэнд мөнхөрсөн эгэл хүмүүн ч бий.

Чингис хааны удмынхан

Чингис хаан бол Монголын эзэнт гүрэн хэмээх Дэлхийн түүхнээ хамгийн агуу Эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч, эзэн хаан нь байсан юм. Тэрээр Зүүн ба Хойд Азийн тархай бутархай олон овог аймгийг нэгэн тугийн дор нэгтгэн нийлүүлж чаджээ. Монголын эзэнт гүрэн нь алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Умард мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа. Чингис хаан 1227 онд нас эцэслэхдээ эзэнт гүрнээ үр хүүхдүүддээ гэрээслэн үлдээжээ. Түүний өв залгамжлагчид эцгийнхээ байлдан дагуулах бодлогыг үргэлжлүүлэн өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаa болгосон ажээ.


Ротшильдын удмынхан

Ротшильдын удмынхан (тэднийг зүгээр л Ротшильдынхан гэж нэрлэдэг) бол Германд төрсөн еврей гаралтай санхүүч, банкирууд юм. Их Британи болон Австрийн засгийн газрын дэмжлэгтэйгээр бүх Европ даяар банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулж иржээ. Майер Амшель Ротшильдын (1744—1812 он) үеэс эхлэн энэ гэр бүл олон улсын хэмжээнд нэрд гарч эхэлсэн гэж үздэг. Майер Ротшильд бизнесийн хяналтыг нэгэн гэр бүлд төвлөрүүлснээр гэр бүлийнхээ санхүүг тогтвортой хэмжээнд барьж чадсан нь ирээдүйн амжилтынх нь стратеги болжээ. Сайтар төлөвлөсөн бодлогын дагуу гэр бүлийн гишүүд өөр хоорондоо гэрлэдэг байсан нь өмч хөрөнгөө хадгалан авч үлдэх нэг арга юм. 1818 онд Натан Майер Ротшильдийн үүсгэн байгуулсан «Ротшильд ба түүний хөвгүүд» компани өнөөг хүртэл ажиллаж байна.


Плантагенетийн угсааныхан

Плантагенетийн угсааныхан бол 12-р зууны үед Английн II Генрих хааны (франц гаралтай) үндэслэсэн язгууртан гэр бүлийнхэн юм. 1154-1485 оны хооронд энэ удмын 15 хүн хаан ширээнд сууж байлаа. Жинхэнэ Англи улс төр, урлаг, соёл энэ үед л бий болж төлөвшсөн юм. Уран барилгын готик стиль газар авч Вестминстерийн аббат зэрэг барилга байшингууд баригджээ. Мөн I Жон хаан иргэний болон үндсэн хуулийн эрх зүйн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн Эрх чөлөөний их Хартид гарын үсэг зурсан байна. Английн парламент, загвар парламент зэрэг улс төрийн, Оксфорд, Кембриж зэрэг боловсролын байгууллагууд бүгд Плантагенетийнхны үед байгуулагджээ.


Неру-Гандигийн гэр бүл

Энэ бол Энэтхэгийн тусгаар тогтнолын түүх болон Үндэсний Конгресст давамгайлах байр суурийг эзэлж байсан улс төрчдийн гэр бүл билээ. Энэ гэр бүлийн 3 гишүүн (Жавахарлал Неру, түүний охин Индира Ганди, ач хүү Ражив Ганди нар) Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж байснаас хоёр нь (Индира болон Ражив Ганди нар) алагдсан байна. 4 дэх гишүүн Соня Ганди одоогоор эрх баригч Үндэсний Конгрессийн тэргүүн бөгөөд түүний хүү Рахул Ганди энэ гэр бүлийн улс төрд орсон хамгийн залуу гишүүн гэнэ. Неру-Гандигийн гэр бүл нь Азийн орнуудад түгээмэл байдаг үе дамжин удирдах уламжлалын тод жишээ юм.


Юлий ба Клавдий нарын гэр бүл

Эртний Ромд голлох байр суурьтай хоёр гэр бүл бөгөөд хожим хоорондоо нэгдэж  Юлий-Клавдийн угсааны Калигула, Август, Клавдий, Тиберий, Нерон зэрэг хамгийн алдартай хаадыг төрүүлжээ. Энэ тав бол Ромын эзэнт гүрнийг МЭӨ 27 оноос эхлэн МЭ 68 он хүртэл удирдаж байсан хаад юм. Тэдний гэр бүл ч өөр хоорондоо нягт холбоотой байлаа. Тэд бүгд л Эзэнт гүрнийхээ газар нутгийг тэлэх бодлого явуулж, том том хот суурин байгуулж, барилга  байшин барьдаг байв. Гэвч эртний түүхчид Юлий-Клавдийн угсааны хаадыг “ухаангүй солиотой, биедээ эрэмшсэн, бэлгийн гаж донтой, дарангуйлагчид” байсан гэж дүгнэдэг ажээ.


Чжугийн гэр бүл

Чжу гэдэг нь Мин угсааны хаадын овог аж. Энэ угсааны анхны хаан Чжу Юаньчжан удмын нэр болгохоор Мин (очир алмас) нэрийг сонгож авсан гэдэг. Энэ угсааныхны хаанчилж байсан 1368-1644 оныг түүчид “ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эмх цэгцтэй засаглал, нийгмийн тогтвортой байдлын үе” гэж дүгнэжээ. Энэ үед тэнгисийн цэргийн асар том флот, сая гаруй дайчдаас бүрдсэн байнгын арми бий болсноос гадна Их суваг, Их цагаан хэрмийг сэргээн засварлах ажил өрнөж байлаа. 15-р зууны эхний хагаст Бээжинд “Хориотой хот”-ыг барьж эхлэв. Мин угсааныхны үеийг Хятадын түүхэнд соёл иргэншлийн оргил хөгжлийн үе, мөн капиталист нийгмийн эхэн үе гэж нэрлэсэн байдаг.


Габсбургийн угсааныхан

Габсбургийн угсааныхан бол Европын гол эзэн хаадын гэр бүл бөгөөд Ариун Ромын Эзэнт гүрний хаадыг талархан дэмжигчид байснаараа нэрд гарчээ. Испани, Австрийн эзэнт гүрнүүдийг ч Габсбургийн удмын хаад захирч байв. Швейцарь гаралтай энэ угсааныхан 6 зууны туршид Австрид ноёрхож байсан ч удаа дараагийн улс төрийн зорилготой гэрлэлтүүд тэднийг Бургунд, Испани, Богем, Унгар болон бусад оронд авчирч үе залгамжлан хаанчлахад хүргэсэн байна. Тэдний алдарт уриа: «Дайтах нэг нь дайтаж л байг. Харин жаргалант Австри минь, чи зөвхөн хуримлах л ёстой» гэсэн үг Габсбургийн угсааныхны алсыг харсан далд бодлогыг илчилж байгаа юм. Хатан хаан Мария Тереза буюу «Европын элэнц эмээ» бол энэ удмынхны гайхалтай төлөөлөгч билээ.


Птолемейн угсааныхан

Птолемейн угсааныхан бол гурван зууны туршид Египтийг захирч байсан эллин-македоны хаадын гэр бүл юм. Птолемей нь Македоны Александр хаан МЭӨ 323 онд нас барахдаа томилон үлдээсэн төлөөний хүн байсан гэдэг бөгөөд МЭӨ 305 онд өөрийгөө хаан өргөмжилжээ. Удалгүй египетчүүд Птолемейн удмын хаадыг фараоны залгамжлагчид хэмээн үзэх болсноор МЭӨ 30 он хүртэл хаанчилсан юм. Тэдэн дундаас хамгийн алдартай нь хатан хаан Клеопатра. Түүний үхлээр Египет дэх Птолемейн угсааныхны ноёрхол дууссан байна.


Медичийн угсааныхан

Медичийнхэн бол 13-17-р зууны үеийн Флоренцэд хамгийн нөлөөтэй, хүчирхэг гэр бүл байлаа. Энэ гэр бүлээс Ромын гурван пап лам (X Лео, YII Клемент, XI Лео нар), мөн Флоренцийн олон хаад төрөн гарсны дотор Цог жавхлант Лоренцо ихээхэн алдаршжээ. Түүний ивээл дор Дахин сэргэлтийн үеийн хэд хэдэн хосгүй бүтээл бий болсон юм. Хожим нь энэ гэр бүл Франц, Английн хаадын гэр бүлтэй ураг барилдах болов. Гэсэн хэдий ч, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд маш их анхаарч байлаа. Медичийн угсааныхны банк Европдоо хамгийн нэр алдартайн тоонд ордог ажээ.


Капетингийн удмынхан

Капетингийнхэн бол Европын хамгийн том хаан угсаат гэр бүлийнхэн, Францын Хью Капетын үр хойчис юм. Испанийн хаан Хуан Карлос, Их герцог Люксембургийн Анри нар энэ угсааных. Тэд Бурбон угсааныхантай ч холбоотой. Бүх Европ даяар тархсан энэ удмын төлөөлөгчид дэлхий дээр хамгийн олон тоотой, мөн хамгийн ихээр цус холилдсон удам ажээ. Нэгэн үе Капетингийнхэн Европыг тэр чигт нь захирч байлаа. Одоо ч Люксембург, Испанийг энэ удмынхан захирч байна. Мөн Бразиль, Франц, Испани, Португаль, Парм, хоёр Сицилид хоёуланд нь угсаа залгамжлагчид бий. Одоогийн Анжуйн герцог Луи Альфонсо бол энэ гэр бүлийн шууд удам мөн юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөлсөн 10 гэр бүл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Ded 2015/09/25
    Buh aldartai udmiinhaniig oruulna gevel duusahgui yum bolno. Uls bolgoniig on udaan jil tolgoilj baisan udmiinhan gej bii. Borjiginuud uneheer aimaar tom nolooteigeer olon zuun jil togtoj chadsan ovog shuu.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/23
    Chingis Khaan zugeer ih gazar ezlesen bolhooroo nolootei yum bish. Chingis khaan bolon altan urgiinhan globalchlal, orchin uyeiin olon ulsiin hariltsaanii undsiig tawisan humuus.

    1 0 Хариу бичих
  • chingis 2015/09/22
    odoo harad bodood bhnee.Oros l Rotshildiin esreg temtsej bn.tuhailbal putin

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/22
    tomor haan alga bain europ bol jijig shdee

    1 1 Хариу бичих
    • Зочин 2015/10/24
      Доголон төмөр хаан чинь Чингисийн удам бишшүүдээ Хүргэн нь байдаг биздээ

    • Зочин 2015/09/30
      Huuyee yu hutsaad bgambe Hezee dogolon tomor Chingisiin udam bolchvo. Harts garaltai shude Yagaad ingej medemhiirne ve?

    • Зочин 2015/09/23
      tumur haan chini Chingisiin udam bizdee

  • Зочин 2015/09/22
    Ротшильдын удмынхан одоо ч дэлхийг хар гараар атгасаар суугаан харамсалтай. Удахгүй манай Монгол тэдний гарт орно гэхээр бүүр айдастай хмм.

    5 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/29
      Delhiin niit baylagiin 95 huvi ni hedhen ger buld bdgiin neg ni ene ger buldee

  • Diigee Miigee 2015/09/22
    Романовынхан яагаад байхгүй байгаа юм?

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/22
      Романовынхан дэлхийн түүхэнд юу хийсийн? хаха


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох