МЭДЭЭ НЭМЭХ  

Сонирхолтой түүхэн захидлууд

  • 6,853 уншсан
  • 0
  • 2015/09/24

SMS, цахим шуудан, олон нийтийн сүлжээ үүсэхээс өмнө хол байгаа хүмүүс хоорондоо холбоо барих цорын ганц арга нь захидал байлаа. Захидал гэдэг бол тэр чигээрээ хүний хувийн нууц, тиймээс хожим унших арга олдож гэмээнэ маш сонирхолтой нууцыг дэлгэх учиртай.

Кубын лидер Фидель Кастро АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд бичсэн захидал

Фидель Кастро Америкийн 10 ерөнхийлөгчийн “нүүрийг үзсэн” хүн. Ихэнх нь түүнийг үхүүлчих хүсэлтэй, зарим нэг нь бүр оролдлого хийж байсныг яана! Гэхдээ л Кастро хамгийн эхний удаа Америкийн ерөнхийлөгчтэй “тайван замаар” харьцаж байжээ.

1940 онд Сантьяго хотын 12 настай сурагч хүү Фидель АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтэд бичсэн захиагаа “Миний сайн нөхөр Рузвельт!” гэж эхэлсэн байв. Тэрээр Рузвельтэд дахин сонгогдсонд нь баяр хүргээд, өөрийгөө англи хэлэндээ тааруухан ч маш ухаантай, их юм боддог хүүхэд гэж бичжээ. Бас 10 долларын дэвсгэртийг огт хараагүй учир 1 ширхгийг явуулна уу хэмээн хүссэн байж. Энэ захиа 1940-11-27-нд Төрийн департаментад ирсэн бөгөөд тэндэхийн ажилтнууд Рузвельтэд өгөөгүй учир ерөнхийлөгч “Фидель Кастро” гэж хэн болохыг мэдээгүй байсаар таалал төгссөн билээ.


Хатан хаан II Элизабета АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэрт бичсэн захидал

1957 онд ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр Английн хатан хааныг ихэд сайхан хүлээж авсан юм байж. Талархсан хатан хаан хариу болгож ерөнхийлөгчийг эхнэртэй нь Шотландад урьжээ.

Ерөнхийлөгч хатан хааны иддэг гамбирын амтыг ихэд биширсэн учир хатан хаан 5 сарын дараа захиа бичиж ийм гамбир хийх өөрийн жорыг илгээжээ. Энэ захианд 16 хүн идэж хүрэх гамбир хэрхэн хийх тухай тодорхой зөвлөөд мөн ерөнхийлөгч ба түүний эхнэртэй хамт цагийг сайхан өнгөрөөсөндөө баяртай байгаагаа дурдсан байна.


Амралт хүссэн Гитлерийн захидал

1932-03-01-нд Адольф Гитлер Брансуик муж руу захидал бичиж удахгүй болох гэж буй Рейхийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай холбогдуулан чөлөө авах хүсэлт гаргасан байна. Тэрээр албан ёсоор немцийн иргэн болсноос 4 өдрийн дараа энэ захидлыг бичжээ. (тэр Австрийн иргэн байсан) Захиа үг, үсгийн алдаа ихтэй байсан гэнэ. Гитлер энэ сонгуульд Пауль фон Гинденбургт ялагдсан боловч Гинденбург нэг жилийн дараа Гитлерийг канцлераар томилжээ. Хэдхэн жилийн өмнө олдсон энэ захидал дуудлага худалдаан дээр 5000 фунт стерлингээр зарагдсан байна.


Альберт Эйнштейн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд бичсэн захидал

Энэ бол түүхэн өндөр ач холбогдолтой захидлуудын нэг юм. 1939 онд Эйнштейн немцүүд хүчирхэг шинэ зэвсэг бүтээж болзошгүй байгаа талаар ерөнхийлөгчид анхааруулж байжээ. Хожим нь Эйнштейн энэ захиаг бичсэндээ байнга харамсаж явдаг гэж хэлсэн байдаг. Учир нь, үүний дараа өөр нэг эрдэмтэн Сцилард мөн ерөнхийлөгчид захидал бичиж цөмийн зэвсэг хийх зөвшөөрөл авсан байна.


Махатма Ганди Адольф Гитлерт бичсэн захидал

1939-1940 онуудад Махатма Ганди Адольф Гитлерт 2 ч удаа захидал бичжээ. 1939 оны 7-р сард бичсэн эхний захидлаа: “Хүндэт найз минь!” гэж эхлээд “Дэлхийн 2-р дайныг ганцхан Адольф Гитлер л зогсоож чадна. Хүчирхийлэлийн эсрэг хөдөлгөөнийг дэмжээч” хэмээн хүсчээ. 1940 оны 12-р сард бичсэн 2 дахь захидалдаа Гитлерийн нацизмыг энэтхэгчүүдийн эсэргүүцээд байгаа Британы  империализмтай адилтган шүүмжилсэн байна. Тэрээр даян дэлхийн бусад хүчин нэгдэж түүнийг өөрийнх нь зэвсгээр устгах болно гэдгийг анхааруулсан байна. Энэ бүхэн Муссолинид ч мөн адил хамаарна гэж тэр бичжээ.


Леонардо да Винчи ажил хайсан нь

Леонардо да Винчи гайхамшигт бүтээлүүдээрээ алдаршихаас өмнө жирийн нэгэн итали эр байсан нь мэдээж. 1482 онд 30 настай да Винчи ажил идэвхтэйгээр хайж байжээ. Тэрээр Миланы герцогт захидал бичиж өөрийн хийж чадах бүхнээ тоочсон байна. Суутан маань хөлөг онгоцны зэвсэг, хуягт вагон, шидэгч механизм хийхээс гадна зэвсгийн эрдэм зааж хамгаалалт, довтолгооны аргуудад сургаж чадах гэнэ. Мөн байшин барилга, гүүр барьж, шавар, хүрэл, гантигаар хөшөө баримал хийж чаддаг гэж бичсэн байжээ.


Оскар Уальдын “Сэтгэлийн гүнээс” нэрт захидал

Маркиз Квинсберри хүү Альфред Дугластайгаа тааламжгүй харилцаатай байдгийн гол шалтгаан нь Дуглас, Оскар Уальд хоёрын уламжлалт бус чиг хандлагатай хайр сэтгэл гэж ярьцгаадаг. Чухамхүү энэ шалтгаанаар Оскар Уальд 2 жил шоронд суугаад авсан байна. Шоронд байхдаа тэрээр Дугласт захиа бичсэн нь хожим “Сэтгэлийн гүнээс” нэртэйгээр хэвлэгджээ. Энэ нь Дугласын урвалтанд гомдож харамссан Уальдын сэтгэлийн илэрхийлэл юм. Уальдын түүнд зориулсан шүлэг, хувийн захиа сэлтийг Дуглас олны хүртээл болгож түүнийг яах ч аргагүй байдалд оруулсан. Тэр Дугласт хэзээ ч, юунд ч татгалзаж чаддаггүй байсан нь түүний сул тал болсон тухай бичсэн байдаг.


Бенжамин Франклин Уильям Стрэхэнд бичсэн захидал

Америк орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхлэхээс өмнө Бенжамин Франклин Британы парламентийн гишүүн, нэрт сэтгүүлч Уильям Стрэхэнтэй найз нөхрийн харилцаатай байлаа. Дайн эхэлсний дараа ч тэд дотно холбоотой байв. Гэтэл Уильям тэргүүтэй нөхдүүд америкчуудыг “босогчид” хэмээн гар өргөснийг Франклин мэдчихжээ. Ингээд хилэнт захидал бичсэн байна. “Ноён Стрэхэн!” хэмээн хүйтэн өнгөөр эхэлсэн захиандаа тэрээр АНУ даяар гарч буй үймээн самуунд тэднийг буруутгаад “алуурчид” гэж нэрлэсэн байна. Мөн Стрэхэнийг “цус болсон гараа хар!” гэж бичсэн гэдэг. Эцэст нь тэд одоо найзууд биш, дайснууд болсон гэсэн үгээр энэхүү товч захиагаа төгсгөжээ.


11 настай охин Авраам Линкольнд захидал бичсэн нь

Авраам Линкольн алдарт сахлаа 11 настай Грейс Беделлом охиноос захидал авсныхаа дараахан ургуулж эхэлсэн гэдэг. 1860-10-15-нд бичсэн захидалдаа охин ерөнхийлөгчийн нүүр нарийхан, гонзгой тул сахал тавибал илүү сайхан харагдана гэж зөвлөжээ. Бас эмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд дуртай байдаг тул нөхрүүдээ Линкольны төлөө саналаа өг гэж ятгах болно гэж бичжээ. Ингээд ерөнхийлөгч их ажилтай байдаг нь мэдээж тул охидынхоо нэгээр хариу бичүүлнэ үү хэмээн хүссэн байна. 4 өдрийн дараа ерөнхийлөгч өөрийн гараар охинд хариу бичжээ. Тэрээр охингүй, харин 3 хүүтэй гэдгээ бичээд сахал тавих нь аффектац-нөлөөлөх оролдлого мэтээр харагдаж болох тухай өгүүлжээ. Гэхдээ Грейс 1861 онд сахалтай ерөнхийлөгчтэй уулзсан гэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сонирхолтой түүхэн захидлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох