МЭДЭЭ НЭМЭХ  

Платформ эдийн засаг гэж юу вэ?

  • 1,503 уншсан
  • 0
  • 2014/07/07

МҮХАҮТ-с Монгол улсад цахим худалдааг хөгжүүлэх сургалтыг БНХАУ-д зохион байгуулж 12 хүний бүрэлдэхүүнтэй баг уг сургалтанд хамрагдаж ирсэн байна. 

Энэхүү сургалтанд хамрагдсан Олуулаа Хөгжил ТББ -ийн гүйцэтгэх захирал С.Баярсайханы яриаг хүргэе 

Монгол улсад цахим худалдааг хөгжүүлэх энэхүү сургалтаас ямар ямар гол мэдлэг, туршлага судлав?

Юуны өмнө МҮХАҮТ-ын хамт олонд талархал илэрхийлье. Намайг Баярсайхан гэдэг. Олуулаа хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал, Вэбстор ХХК-ийн үүсгэн байгуулагч, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер ажилтай. Манай компаний хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд дотоодын нийгмийн сүлжээний, Интернэт худалдааны, санхүүжилт бий болгох гэсэн 3 платформ дээр ажиллаж байна. Монгол улсад цахим худалдааг хөгжүүлэх энэхүү сургалт нь миний хувьд цаг үеэ олсон сургалт болж чадлаа.

Ямарваа нэг зүйлийг нүдээр үзэх, сонсох хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Хятад улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд интернэт орон зайг ашиглан Платформ эдийн засгийн ойлголтыг ажил хэрэг болгож байна. Ер нь товчхондоо Платформ эдийн засаг гэдэг нь дэлхий дахиныг аалзны тор мэт бүрхсэн интернэтийн орон зайд эдийн засгийн харилцаа явагдах дэд бүтэц бий болгож, үр ашигтайгаар нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм. Та бидний ашигладаг facebook.com бол платформ эдийн засгийн харилцаа болон сурталчилгааны платформ ангилалд ордог. Онолын талаасаа платформ эдийн засгийн оролцогчдыг дараах 4 ангиллаар хувааж болох юм.

  • Харилцаа сурталчилгааны платформ
  • Интернэт худалдааны платформ
  • Төлбөр тооцооны платформ
  • Мобайл платформ

Үүнээс гадна хайлтын платформ гэх мэтчилэн хэрэглээ дээр үндэслэн шинэ хувилбарууд нэрлэж болно.

Хятад маш бодлоготойгоор хөгжиж байгаагийн тод жишээ бол эдгээр платформыг ашиглах хүний нөөцөө сургаж бэлдэж байгаа байдал. Жишээ нь 1951 онд байгуулагдсан он удаан жилийн үүх түүхтэй Бээжингийн Олон Улсын Эдийн засаг, Бизнесийн сургууль Хятад улс даяар цахим худалдаа, ложистикийн чиглэлээр улсдаа тэргүүлж, олон мянган оюутан төгсгөж байна. Ер нь эдийн засгийг эрчимжүүлж, зах хязгааргүй дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэнэ гэдэг бол тухайн улсын тэргүүлэх салбарын хүний нөөцийн бодлоготой шууд холбоотой байна.

Тэгэхээр миний хувьд явсан сонин ихтэй учраас илүү ерөнхий концепци, стратегийн талын зүйлийг илүү ярих нь зөв байхаа.

Монгол улсад интернэт худалдааг хөгжүүлэхэд хүндрэлтэй тал нь юу байдаг вэ? Цахим бизнесийг хөгжүүлэх ямар ямар гарц, суваг байна вэ?

Сургалтын явцад Хятад улсдаа тэргүүлэх зэргийн доктор, профессеруудаас шууд мэдээлэл авч, бодож явсан зүйлээ баталгаажуулж асууж лавлаж байсан нь их үр дүнтэй байсан.

Хүндрэл гэвэл

  • Дотоодын үйлдвэрлэгчид цөөн байна
  • Ложистик бүрэн утгаараа хөгжөөгүй байна
  • Шаардлагатай хүний нөөц бэлтгэгдээгүй байна
  • Мэдээллийн технологи, програм хангамжийн компаниудын бүтээгдэхүүнүүд хоорондоо уялдаа холбоогүй байна
  • Төрийн бодлого, чиглэлтэй дэмжлэггүй байна
  • Хэрэглэгчдийн зуршлын өөрчлөх хэрэгтэй байна
  • Хууль эрх зүй, татварын таатай орчин алга
  • Энэ бизнест хөрөнгө оруулагчид

Гэх мэтчилэн бидэнд цахим бизнесийг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд одоогоор байна. Миний ойлгож байгаагаар бол дотооддоо үйлдвэрлэгч байхын давуу талыг интернэтэд тулгуурласан цахим худалдааны платформоор дамжуулж дэлхийн зах зээлд бүтээгдхүүн үйлчилгээгээ хүргэж, худалдаж байгаа нь эргээд Хятадын эдийн засагт маш том дэмжлэг болж байна.

Манайхны хувьд мэдлэг хомс байгаагаа ойлголоо. Цахим бизнесийг хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн нэг вэбсайт хөгжүүлэх явдал биш юм. Үүний цаана маш олон хүчин зүйлс нөлөөлдөг, бас хамтран зүтгэж үр дүн гардаг болохыг дээрх асуудлуудаас харж болно.

Би өмнө нь Мэдээлийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин их чухал гэж боддог байсан. Гэтэл Хятадад эсрэгээрээ байна. Энэ чиглэлээр бизнес эрхлэгчдэд төр садаа болохгүйгээр барахгүй, татаас дэмжлэг үзүүлж зоригтойгоор оруулдаг бөгөөд цаашлаад шаардлагатай журам, хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгдөг байна. Энэ бол нэг л жишээ юм. Миний хувьд цаашлаад энэ чиглэлээр сургалт зохион байгуулах учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Манай улс шиг жижиг зах зээлтэй оронд цахим хэрэгсэлүүдийг ашигладаг хэрэглэгчдийн тоо мэдээж цөөн. Тэгэхээр цахим худалдааны хөгжлийн хурд удаан байх болов уу?

Бид бүтээгч улс болохгүй бол тун хэцүү байдалд орно гэж дүгнэдэг. Наад зах нь бид дотоодын платформуудаа хөгжүүлж, дотооддоо хэрэглээ болгох хэрэгтэй. Хятад  улс бодлоготойгоор гадны интернэтэд тулгуурласан хайлт, нийгмийн сүлжээ, интернэт худалдаа, төлбөр тооцооны платформуудыг ашиглахгүй байх бодлоготой. Орос мөн адил. Бид хөгжил дорой гэж өөрсдийгөө голох ёсгүй. Бидэнд алсыг харсан амбиц хэрэгтэй. Тэгж гэмээ нь бид хөгжиж, илүү сайхан амьдарна. Даан ч одоо байгаа төр засаг энэ тал руу чиглүүлж хөгжүүлж чадах болов уу гэдэг дээр эргэлздэг. Энэ чиглэлээр Олуулаа хөгжил ТББ-аараа дамжуулан ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа.

Хэрэглэгч цөөн байх тусмаа хэрэглэгчдийн зуршлыг өөрчлөх зардал бага байна гэж тооцох хэрэгтэй.Хятад тэр олон сая хүнийг сургахад зориулж суралцсаных нь төлөө 2000 юан өгч байна. Улс хүнээ хөгжүүлж платформ эдийн засгийг үр шимийг цаана чинь мэдрүүлж байна. 

Ер нь хурдан удаан байх нь нээх чухал биш юм. Хамгийн гол нь тогтвортой өсөлт, дараагийн шатанд гарах нь чухал юм. Level ахих хэрэгтэй.

Танай компани цахим бизнесийн салбарт ямар ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ  үзүүлж байна вэ? Манай улсын энэ салбарын өнөөгийн байдлыг дүгнэн хэлбэл?

Ярилцлагын эхэнд өгүүлсэн Дотоодын нийгмийн сүлжээ, Интернэт худалдааны, Санхүүжилт бий болгох гэсэн 3 платформ дээр ажиллаж байна. Бүтээх гэдэг бол их хэцүү гэж Жанцанноров гуайн хэлдэг шиг бидэнд бэрхшээл их тулгарсан. Гэсэн ч бид энэ 6 сард санхүүжилт бий болгох дотоодын платформоо, 9 сард дотоодын нийгмийн сүлжээний платформоо тус тус зах зээлд гаргаж танилцуулна.

Харин интернэт худалдааны платформ руу орохоос өмнө бид судалгааны шинжилгээний ажлуудаа үргэлжлүүлж далайцтай эхлэх ёстой гэж үзсэн. Манай компаний хувьд 2010 оноос эхлэн зөвхөн вэбсайт хийж байгаад 2012 оноос эхлэн дотоодын платформ хөгжүүлэх судалгаа шинжилгээний ажилдаа орсон. Ингээд 2013 оноос эхлэн нийгмийн сүлжээний платформ хөгжүүлэх ажлыг эхлүүлж одоог хүртэл ажиллаж байна.

Санхүүжилт бий болгох платформыг яагаад хийх болсон бэ гэхээр нэг талаасаа энэ загвар дэлхий дахинд амжилттай ажиллаж байгаа, мөн дотоодын эрэлт хэрэгцээ байна. Жишээ нь бид иновацийн бүтээгдэхүүн төрүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүсэж банк, банк бусаар явахад танд барьцаа хөрөнгө, туршлага гээд маш олон зүйлийг хүсэж тэрхүү том босгыг давж чадахгүйгээс болж төсөл тань унадаг. Маш олон залуус сэтгэл дотроо ийм юм бүтээчих юмсан гээд л хэдэн компаний захирлуудаас мөнгө гуйдаг.

Тэгвэл энэ механизм бол үеэ өнгөрөөжээ. Харин бидний бий болгож байгаа санхүүжилт бий болгох платформ бол төсөл санаачлагч болон төсөл санхүүжүүлэгч хоёрыг хооронд нь холбоно. Ер нь болФейсбүүк дээр нэг лайк дарж байснаас 1000 төгрөгөөр дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүний эхлэлд илүү дээр дэмжлэг үзүүлчих тийм л механизмыг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү ажил маань Олуулаа хөгжил ТББ дээр явагдах юм.

Сургалтын хугацаанд судалсан зүйлүүдээс манайд хамгийн ойрын хугацаанд нэвтрүүлж, ойрын хугацаанд хөгжүүлэх боломжтой асуудлын талаар жишээ хэлбэл?

Ойрын хугацаанд компаниудад зориулсан сургалтаар эхлэх төлөвлөгөөтэй байна. Саяхан цөөхөн хүнд зориулсан сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтаараа хүмүүс илүү бодож, өөрөө судлах сэдлийг төрүүлэхийг зорьсон. Бэлэн будаа идэх биш, харин өөрөө хүсэж судлах эрмэлзлэлийг төрүүлэх нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд илүү дээр болов уу гэж харсан. Одоо харин шийдвэр гаргагчдад гадныхан цахим бизнесийг хөгжүүлэхэд ийм бодлоготойгоор ажиллаж байна гэдгийг ТВ-ээр ч юм уу хүргэчих юмсан гэж бодоод байгаа.

Мөн дээр өгүүлсэн цахим худалдааны ложистикийн асуудлаар ойрын хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлбэл их баярлах болно.

 

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/8gs
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Платформ эдийн засаг гэж юу вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох