МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн хачирхалтай бөгөөд нууцлаг шинжлэх ухааны үзэгдлүүд

  • 7,548 уншсан
  • 2
  • 2015/10/05

Хүн төрөлхтөн учрыг нь олж тайлбарлаж чадаагүй нууцлаг хачин зүйлсээр хорвоо ертөнц дүүрэн. Олон жилийн туршид эрдэмтдийн маргааны сэдэв болсон шинжлэх ухааны хачирхалтай үзэгдлүүдийн тухай товчлон хүргэж байна.

Плацебо эффект (эдгэсэн мэт мэдрэмж төрүүлэх)

Чухам яаж гэдэг нь тодорхойгүй ч уураг тархи бие организмын байдалд ихээхэн нөлөөлдөг нь илэрхий болоод байна. Италийн Турины Их сургуулийн профессор Фабрицио Бенедетти энэ талаар хамгийн их судалгаа хийсэн хүн. Өдөр бүр өвчин намдаах хүчтэй бэлдмэл хэрэглэдэг өвчтөнүүдэд хэсэг хугацааны дараа морфин биш шал өөр бодис өгөхөд тэд өвчнөө намдаж байгааг мэдэрсээр байжээ. Плацебо эффект гэж нэрлэгддэг энэ үзэгдэл дэлхий даяар түгээмэл ажиглагддаг байна. Түүнчлэн зөвхөн хүн биш, хулгана, сармагчин зэрэг амьтад яг ийм байдлыг мэдэрдэг гэнэ. Энэ үзэгдлийн нууцыг тайлж чадах юм бол анагаах ухаан үсрэнгүй хөгжих боломжтой ажээ.


Ангараг дээрх амьдрал

1976 онд Америкийн “Викинг” сансрын аппарат Улаан гараг дээр буусан цагаас эхлэн тэнд органик амьдрал хайж эхэлсэн билээ. “Викинг” 3 төрлийн судалгаа хийж Ангараг дээр амьдрал байгаа эсэхийг батлах, эсвэл үгүйсгэх ёстой байлаа. Гэвч бүх судалгаа нь хоёрдмол утгатай гарсан юм. Эцсийн эцэст эрдэмтэд тэнд амьдрал байхгүй гэж шийдсэн билээ. Туршилтын ер бусын хариуг хөрсний химийн найрлагатай холбон үзэж байв. Гэвч эдгээр туршилтын удирдагч Габриел Левин Ангарагийн эгэл биетүүд молекулын түвшиндээ Дэлхийнхээс эрс ялгаатай гэсэн онол дэвшүүлснээр эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байгаа юм.


Хар матери

Орчлон Ертөнц дэх бүх галактикууд нэг л төвийг тойрон асар хурдтайгаар эргэлддэг гэнэ. Эрдэмтэд бүх галактикуудын нийлбэр массыг тооцоолж гаргахад “дэндүү хөнгөн” байжээ. Физикийн хууль ёсоор ийм “морин тойруулга” тэр дороо эвдэрч хэмхрэх байсан. Гэвч одоо хүртэл хэмхрээгүй л байгаа биз? Үүний учрыг тайлбарлахын тулд нүдэнд үл үзэгдэх хар матери гэгч Ертөнц даяар байдаг гэсэн онолыг гаргаж иржээ. Гэхдээ энэ нь ямар юм байдаг талаар одон оронч эрдэмтэд огт төсөөлөхгүй байна. Мэдэгдэж буй ганц зүйл нь хар материйн масс Орчлон Ертөнцийн бүх массын 90%-ийг эзэлдэг гэнэ. Тэгэхлээр бид “хүрээлэн байгаа” 10%-ийн талаар л хагас дутуу мэддэг байх нь.


“Пионер” зондуудын гажиг

Америкийн “Пионер-10” зонд 1972 онд, “Пионер-11” зонд 1983 онд хөөрсөн. Төлөвлөгөө ёсоор тэд одоо Нарны аймгийг орхин нисэж явах ёстой. Гэтэл хоёр зонд хоёул үл мэдэгдэх шалтгаанаар (яг л далдын нэгэн хүч гарагийн системээс гаргахгүй байгаа мэт) нислэгийн замаа өөрчилсөн байна. “Пионер-10” тооцоолсон замаас 400 мянган км гажсан бол 11 жилийн дараа хөөргөсөн ”Пионер-11” үүнийг нь яг давтжээ. Нарны салхины нөлөө, түлш алдагдсан, программын алдаа гээд л олон хувилбараар тайлбарлаж байгаа ч 2 зонд хоёул яг адилхан “аашилж” байгааг юу гэж үзэх нь тодорхойгүй болчихоод байна. Хүмүүсийг Нарны системээс гадагш гаргахгүй гэсэн бурхны таалал уу, харь гарагийнхны явуулга уу? Эсвэл дээр яригдсан хар материйн нөлөө юу? Бүр бидний төсөөлөх ч үгүй байгаа өөр төрлийн таталцлалын хүч байна уу? Одоогоор дээрх зондуудын араас нисэж “учрыг нь олох” тусгай аппаратыг зохион бүтээж байгаа аж.


Нарны аймгийн 10 дахь гараг

Дэлхийн вангийн бүр цаана Седна хэмээх нууцлаг бага гараг бий. Гэхдээ бага гарагууд дотроо хамгийн том нь, бас Ангараг гарагаас ч илүү улаан. Яагаад гэдгийг бүү мэд. Бүр хачирхалтай нь, энэ гараг Нарыг 10 мянган жилд нэг удаа, тэгэхдээ дэндүү сунамал зууван орбитоор тойрдог. Яг л өөр нэгэн гарагийн системээс нисэн ирсэн юм шиг. Эсвэл маш том ямар нэгэн объектын татах хүчин түүнийг жирийн тойрог замаасаа гажихад хүргэдэг байж болзошгүй гэсэн таамаглал байна. Жишээ нь, Нарны аймгийн бүр захад байдаг гэж үзээд байгаа нууцлаг Нибиру гараг байж болох юм. Гэхдээ одоогоор энэ гарагийг илрүүлсэн зүйл алга. Гэхдээ л нууцлаг гараг байгаа гэдэг нь өөр нэг баримтаар нотлогдоод байна. Седна нь Койперын бүс буюу сансрын жижиг биетүүдээр дүүрэн орон зайд оршдог. Дэлхийн вангаас эхлээд Койперын бүсийн нягтрал эрс нэмэгдэж, тэгснээ гэнэт буурч бараг тэгтэй тэнцүү болдог байна. Үүнээс цааш байрласан бүх объектууд ямар нэгэн нууцлаг гарагийн татах хүчинд орсон байх тохиолдолд л ийм зүйл ажиглагдах ёстой аж. НАСА-гийн “New Horizonts” зонд бидэнд юм дуулгаж магадгүй гэж горьдон харах л үлдэж байх шив.


Нумын ордноос ирсэн радио дохио

1970-аад онд АНУ-д оюун ухаант харь гарагийнхны радио дохиог эрж хайх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан билээ. Хиймэл дохио илрүүлэх гэж янз бүрийн үелзлэлийн дуу шуугианыг чагнан, тэнгэрийг нэлд нь дурандаж байсан авч гойд зүйл илрүүлсэн нь үгүй. Харин 1977-08-15-нд орон судлаач Жерри Эхманыг жижүүрлэж байтал радио дурангийн “чихэнд” орж ирсэн болгоныг буулгаж авдаг өөрөө бичигч «WOW» гэдэг үгтэй төстэй мурий шугамыг зуран гаргаж иржээ. 37 секунд үргэлжилсэн энэ дохио 1420 мегагерцийн үелзлэлээр ирсэн байлаа. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу дэлхийн нэг ч радио станц ийм давтамжаар ажилладаггүй байна. Дохио Нумын одны ордын чиглэлээс ирсэн байв. Энэ ордны Дэлхийд хамгийн ойр од гэхэд л 220 гэрлийн жилийн зайтай байдаг. Энэ нь хиймэл дохио байсан уу? Үүнд эрдэмтэд одоо болтол хариу өгч чадаагүй л байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн хачирхалтай бөгөөд нууцлаг шинжлэх ухааны үзэгдлүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2016/02/06
    ulaisgasan tumur haruulj bgaad huiten yumruur hairhad tseweruutdeg gej sonsoj bsan yum bn\

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/05
    ehnii medeelel bol harin sonin shuu zugeer tolgoi ni uvdsun hund gedesnii emiig tolgoinii em geed ugchihud tolgoi uvdult namddag gej bga

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох