МЭДЭЭ НЭМЭХ  

Түүхэнд гарч байсан хамгийн хачирхалтай үймээн самуун

  • 3,924 уншсан
  • 0
  • 2015/10/12

Аливаа эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээн самуун хоёр хоорондоо агуулгын ялгаатай ч нийгэм, улс төрийн шалтгаанаар өдөөгдөн буй болдгоороо төстэй. Зарим үед тун ч хачирхалтай зүйлээс болж олныг хамарсан үймээн самуун дэгдэж багагүй хохирол учруулж байсан тохиолдол түүхэнд нэг бус удаа тэмдэглэгдэн үлджээ.

АНУ-ын Цэргийн академийн сонсогчдын “согтуу үймээн”

Вест-Пойнтын академи 19-р зууны эхэн үед

Хөлчүүрхэн согтуурсан оюутан залуусын үдэшлэг хэрхэн буруу тийш эргэж болохыг 1826 онд Вест-Пойнтын Цэргийн академид болсон үйл явдал тодорхой харуулна. Энэ сургууль өнөө үед цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг шилдэг сургуулийн нэгэнд тооцогддог ч тэр үед сонсогчдын сахилга бат маш тааруухан байжээ. Сургуулийн удирдлага согтууруулах ундааны зүйлийг чандлан хориглодог ч залуус зул сарын баярын шөнө хэдэн галлон виски (1 галлон нь 3,7 литр) ууж баярлацгаасан юм байх. Өглөөний 4 цаг хүртэл байдал хэвийн байсан ч тэдний дуу шуугианаар багш нарын нэг нь иржээ. Согтуу оюутнуудыг тайвшруулах гэсэн ахмад харин бууны суманд өртөх шахаж комендантыг дуудуулсан байна. Гэтэл халамцуу залуус тэдэнтэй байнга зөрчилдөж байдаг Вест-Пойнтын Их бууны ангийн цэргүүд ирж “дэглэх нь” гэж ойлгоод бүх тавилгуудыг эвдэж бэхлэлт маягийн юм босгоод цонхоор буудалцаж эхэлсэн байна. Энэ аймшигт явдал хэдэн цаг үргэлжилж залуус архи нь гарч эхлэх үед л ухаан оржээ. Голлон тоглогчид болох 19 сонсогч шийтгүүлсэн бөгөөд эдний 12 нь сургуулиас хөөгдсөн байна. Хожим нь Өмнөдийн Холбооны Улсын ерөнхийлөгч болсон Жеферсон Дэвис энэ үймээнд оролцож явсан гэнэ.


Бүжгэн жүжгээс үүдэлтэй зодоон

Игорь Стравинский

Сонгодог хөгжмөөс болж үймээн самуун дэгдэх нь хачирхалтай хэрэг ч ийм зүйл яах аргагүй болжээ. Парис хотын Елисейн талбай дахь театрт Оросын авангард хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн бүжгэн жүжиг тавигдаж байв. Хөшиг нээгдэж оршил ая дөнгөж эхэлмэгц үзэгчдийн дундаас хөгжимчид рүү элдэв зүйл шидэж эхэлжээ. Найрал хөгжим үргэлжлүүлэн тоглохыг оролдсоор байв. Удалгүй үзэгчид 2 талцан зодолдож эхлэв. Язгууртан эрхмүүд бие биенээ таягаараа цохиж бүрх малгайгаараа хаалт хийж байлаа. Хэсэг хугацааны дараа зодоон гудамжинд гарч олныг хамрах үед цагдаа нар ирж арайхийн зогсоожээ. Энэ замбараагүй явдлыг өдөөсөн гол буруутнууд нь Стравинский болон бүжиг дэглээч Вацлав Нижинский нарын өрсөлдөгчид байсан гэдэг.


Нүцгэн бөгсний хэрэг

Иерусалимийн сүмийг тонож буй нь

Түүхч Иосиф Флавийн «Жүүдийн дайн» зохиолд МЭ I зуунд Иерусалимд болсон ер бусын үймээний тухай бичсэн байдаг.  Пасха буюу “Улаан өндөгний баяр” тэмдэглэхээр олон еврей хүмүүс сүмд цугларсан байв. Хотыг эзэлсэн ром цэргүүд хамгаалалтанд зогссон байлаа. Баяр ид дундаа явж байх үед ром цэргүүдийн нэг нь “дүрсгүйтэж” нүцгэн бөгсөө еврейчүүд рүү харуулан доромжилжээ. Хилэгнэсэн олон цэргүүдийг хараан зүхэж улмаар чулуу шидэж эхлэв. Цэргүүд нэмэлт хүч дуудан үймсэн олныг зэвсгийн хүчээр номхотгож, еврейчүүдийг сүмээс хөөн гаргаж эхэлжээ. Энэ үед аймшигт шахцалдаан үүсч лавтайяа 10 000 хүн амь алдсан байна.


Оксфордыг дайрсан нь

Гэгээн Схоластикийн өдөр Оксфорд хотод болсон үймээн

Ууж хөлчүүрхсэн оюутнууд өнөө цагийн ердийн үзэгдэл төдий биш дундад зуунд ч элбэг байж. 1355-02-10-нд Английн Оксфорд хотод 2 оюутан зоогийн газрын дарсыг голон хэрүүл өдөж эхэлжээ. Эзэн ч мөчөөгөө өгсөнгүй гашуун үгээр хариу барьж. Уур нь хүрсэн залуус эзнийг барьж аваад ухаан алдтал нь нүдэж орхижээ. Үүнээс үүдэн хотын иргэд оюутан залуучуудын хооронд 3 өдрийн турш үргэлжилсэн ширүүн сөргөлдөөн үүсчээ. Энэ хугацаанд хэд хэдэн барилга байгууламжийг галдан шатааж, хаа хаагүй зэвсэгт мөргөлдөөн болж байлаа. Энэ бүхэн 2-р сарын 12-ний өдөр туйлдаа хүрч уурсан хилэгнэсэн 2000 гаруй хотын иргэд Оксфордын Их сургууль руу дайран орж замдаа таарсан бүхнийг цохиж зодож эхлэв. 63 оюутан, 30 энгийн иргэн энэ үймээний золиос болон амь насаа алдсан гэдэг. Эзэн хаан III Эдуардын гаргасан зарлигаар хотын мэр болон зөвлөлийн гишүүд жил бүрийн 2-р сарын 10-нд гудамжаар толгой нүцгэн явж нас барагсдад хүндэтгэл үзүүлэх, амь үрэгдсэн хүн тутамд 1 пеннигээр бодож Их сургуульд торгууль төлөх ёстой болжээ. Энэ шийтгэл 470 жил үргэлжилж байгаад 1825 онд дуусгавар болжээ. Их сургууль 1955 онд л албан ёсоор уучлал үзүүлснээ мэдэгдсэн байна.


Эмч нарын эсрэг бослого

Тэр үеийн гар зураг

18-р зууны сүүлчээр АНУ-д эмч нарыг сургах асуудал нэн хүндрэлтэй байсан нь хүний биеийн анатомийг судлах материал дутагдалтай байсантай холбоотой байв. Нэг үгээр хэлбэл судлах цогцос олддоггүй байсан гэсэн үг. Иймээс булш тоногчдоос үхдэл худалдан авахад хүрдэг байлаа. Заримдаа эмч нар өөрсдөө ч хүүр хулгайлахад хүрдэг байсан гэнэ. Гэвч энгийн ард түмэн энэ явдлыг эсэргүүцэх нь зүйн хэрэг. Аажмаар байдлыг гадарласан олон түмэн 1788 онд Нью-Йоркийн нэгэн эмнэлгийг дайрч хулгайлагдсан хэд хэдэн хүүр олжээ. Галзуурах шахам бухимдсан хүмүүс эмнэлгийн байшинг нурааж, багаж хэрэгслийг шатааж, эмч нарыг дүүжлэхээр завдсан ч азаар цагдаа нар ирж тэднийг аварчээ. Гэвч босогчид тайвширсангүй, маргааш нь эмч нарыг байрлуулан хамгаалж байсан байрыг довтолсон тул цагдаагийнхан гал нээхэд хүрчээ. Нилээд олон хүн амь алдсаны дараа босогчид сая зогссон байна. Энэ явдлаас хойш цаазлагдсан ялтнуудын цогцсыг эмч нарт тушааж байх шийдвэрийг эрх баригчид гаргажээ. Гэвч энэ нь эмнэлгийн цогцосны хэрэгцээг хангаж чадахгүй байлаа. Дараагийн 100 жилд иймэрхүү үймээн Америкийн олон хотуудад удаа дараалан гарсаар байсан юм.


Агаарын бөмбөрцгийг эсэргүүцсэн хөдөлгөөн

Генри Коксвелл (баруун талынх нь) агаарын бөмбөрцөг дотор

Британы зохион бүтээгч Генри Коксвелл 1864 оны зун өөрийн шинэ бүтээл- агаарын бөмбөрцгийг туршихаар Лестер хотод иржээ. Товлосон цагт бөмбөрцгийн эргэн тойронд 50 000 гаруй сонирхогчид цугларсан байлаа. Бөмбөлөг нисэхэд бэлэн байсан ч бүчсэн олон зай тавьж өгөхгүй шаваад байсан тул Коксвелл тэднийг болон бөмбөрцөг дотор сууж байсан хатагтай нарыг гэмтээж бэртээхээс болгоомжлон нислэгээ эхэлж чадахгүй байлаа. Хүмүүсийг холдохыг хичнээн гуйгаад ч нэмэргүй байв. Сүүлдээ хурсан олны тэвчээр алдарч Коксвелл тэднээр даажигнаж байна гэсэн яриа гарч эхэлжээ. Хүмүүс цагдаагийнхан болон Коксвеллийг элдвээр доромжлон доог тохуу хийж эхлэв. Уур нь хүрсэн Коксвелл тэднийг тайвширч холдохоос нааш нисэхгүй гэж шийдэмгий хэлжээ. Хэлснээ баталж бөмбөрцгийн халуун агаарыг шахан гаргасан байна. Хурсан олонд энэ нь түрэмгийлэл эхлэх дохио болжээ. Тэд хэдхэн минутын дотор агаарын бөмбөрцгийг суудлын сагстай нь хамт тасчин хаяжээ. Коксвеллд халдахаар завдсан ч цагдаагийнхан түүнийг хамгаалж чадсан байна. Агаарын бөмбөрцгийн өөдөснүүдийг хотынхон цуглуулж аваад зах дээр сувенир болгон зарж байсан гэдэг. Хожим нь Лестерийн баячууд Коксвеллээс шинэ бөмбөрцөг нэхсэн ч нөгөөх нь хотынхны бүдүүлэг харанхуйг өмнөө бариад халгаагаагүй гэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Түүхэнд гарч байсан хамгийн хачирхалтай үймээн самуун
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох