МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйд манай гарагийг эзэлж магадгүй биетүүд

  • 6,467 уншсан
  • 0
  • 2015/10/13

Homo sapiens бол “оюун ухаант” гэж нэрлэж болох ч “цэцэн ухаант” гэж итгэл дүүрэн хэлж арай болохооргүй төрөл зүйл юм. Эрт орой хэзээ нэгэн цагт оюун ухаанаар биднийг давамгайлах өөр нэг төрөл гарч ирэх цаг үе рүү бид ойртсоор л байна. Магадгүй бид тэднийг өөрсдөө бүтээх ч юм бил үү?!

Хөгжингүй амьтад

“Оюун ухаан” гэдэг зүйлийг хүн төрөлхтөн ганцаар монополь эрхтэйгээр эзэмших нь манай гарагийн бусад амьд биетүүдийн хувьд шударга бус зүйл хэмээн үздэг эрдэмтэд бий. Хүн төрөлхтөн оюун ухаант сармагчин, далайн гахай...зэрэг төрөл зүйлтэй хамтран ертөнцийг танин мэдэх ёстой гэж тэд үздэг. Гэхдээ ухаант амьтад бий болсноор хүн төрөлхтөн хувьслын явц дахь  өрсөлдөөнийг дийлэн гарч чадалгүй мөхөх магадлал нэн өндөр юм.


Борг

Борг буюу хамтын оюун ухааныг зөгийн үүртэй адилтгаж болно. Энд олон сайн тал бий. Хүмүүс бие биенээ сайн ойлгож, бэрхшээлийг үр дүнтэй аргаар түргэн зуур шийдэж чадна. Бие хүн ганцаараа хэзээ ч хүрч чадахгүй амжилтанд хүрч, хүмүүн бусын чадвартай болно гэсэн үг. Гэвч нийтийн ухамсар дунд хувь хүнийхээ шинж чанарыг алдах гол аюул бий. Мөн технологийн удирдлагын хяналтанд бүрэн орж тэдний дуулгавартай боол болох, эсвэл систем дэх вирус, хакерчдын золиос болох эрсдэл өндөр.


Генетик кастынхан

Генийн өөрчлөлтийн технологи нь хүмүүсийн тэгш эрхт байдалд цэг тавьж болзошгүй. Баячууд жирийн хүнээс эрс ялгаатай, өндөр авьяас чадвартай хүүхдүүдийг бий болгох магадлал өндөр. Иймээс генетикээрээ ялгаатай дээд доод ангийнхан төрж боолчлол дахин сэргэж болзошгүй гэнэ.


Саарал салст

Нанотехнологийн хувьслын үр дүнд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай бичил роботууд бий болж экологийн бүх орон зайг эзлэн төрөл бүрийн бичил биетүүд болон ургамлын аймгийг устгаж, эцэст нь манай гарагийн бүх нөөц баялгийг үгүй хийх аюулын тухай сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа билээ.


Хиймэл оюун ухаан

Машинд суулгасан хиймэл оюун ухаан хүнийхийг хол даван гарах үед технологийн дэвшил эрс хурдсаж, хүмүүс бид соёл иргэншлийнхээ ирээдүйн хөгжлийг урьдчилж харах нь бүү хэл, ойлгох ч боломжгүй болно. Биологийн аажим хувьслын улмаас хөгжлийн хувьд хязгаарлагдмал хүмүүс өрсөлдөх чадваргүй болж улмаар машин тэднийг “солих” байх. Гэхдээ хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд хор хүргэхгүй, харин ашиг тусаа үзүүлнэ гэж итгэгчид олон байдаг ажээ.


Утсан толгойтнууд

Хүний тархины таашаалын төвийг цахилгаан гүйдлээр өдөөх замаар эрхшээлдээ оруулж байгааг харуулсан нэгэн зөгнөлт кино байдгийг та лав үзсэн байх. Хүнд өвчин зэргээс шаналан зовж байгаа хүмүүст энэ технологи тусалж болох юм. Харин сургалт, ой тогтоолт, анхаарал, төлөвшлийн процессийг хурдасгах, сайжруулах болон бусад зорилгоор энэ технологийг хэрэглэх нь нэн аюултай. Эргэлзээтэй аргаар амар хялбар, аз жаргалтай амьдрах гэж оролдох нь эцсийн эцэст хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй юм.


Инфоморфууд

Хүний ой санамжийг компьютерт хадгалах замаар мөнх настай амьд биет бий болгох нь олон жилийн турш эрдэмтдийн маргааны сэдэв болсоор байна. Ийм “сүлжээний оюун ухаанууд” хоорондоо харилцаж, мэдлэг туршлагаа солилцож чадах юм. Гэхдээ бие эрхтэнгүй ийм “биетүүдэд” жирийн хүн харь холын, хачирхалтай, бүр утгагүй дэмий зүйл шиг санагдаж эхлэх цаг ирэх нь мэдээж. Тэд хүн төрөлхтнийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь ойлгомжтой, мөн өөрсдийгөө зөвшөөрүүлэх хүчтэй байх болно.


Трансген хүн

Геномонд нь зориуд гаднын ген суулгаж тодорхой төрлийн хүнийг бий болгож болох онол бий. Технологийн хувьд энэ нь шийдэгдсэн асуудал гэнэ. Трансген хүн бий болсноор фотосинтезийн чадвар зэрэг физиологийн өргөн боломж нээгдэх нь маргаангүй. Хэдэн зуун жилийн дараа шимпанзе, сарьсан багваахай, наймаалжны шинжийг агуулсан химера хүмүүс бий болж магадгүй л юм. Эднийг төрөл бүрийн шинжлэх ухааны туршилтанд хэрэглэхээр бүтээх нь мэдээж. Гэвч хяналт алдагдвал гарах үр дагаврыг хэн ч хэлж мэдэхгүй юм.


Киборг

«Киборг» гэдэг үгийг анх сансрын нисгэгчдэд туслах автомат гэж ойлгож байв. Хожим нь хиймэл эрхтэнтэй (гар хөл, нүд) хүмүүсийг нэрлэх болжээ. Ирээдүйн хүмүүс бие бялдраа өөрчлөн сайжруулах зорилгоор биологийн технологийг өргөн хэрэглэснээр төгс киборгууд болон хувирч магадгүй гэнэ. 200 жилийн дараа хиймэл зүрх, гавал ясны суулгац, бүр хиймэл хромосом хүртэл гарах боломжтой гэнэ. Хүн машины ирээдүйн холбоонд “Homo electricus” гэсэн нэр хүртэл бэлдээд байгаа аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйд манай гарагийг эзэлж магадгүй биетүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох