МЭДЭЭ НЭМЭХ  

Маугли жаалууд буюу зэрлэгшсэн хүүхдүүдийн тухай түүх

  • 6,925 уншсан
  • 3
  • 2015/10/14

Хувь заяа нь эдгээр хүүхдүүдэд үнэхээр энэрэлгүй ханджээ. Зарим нь хулгайлагдаж, хаягдан зэрлэг араатнуудын дунд өссөн байхад заримыг нь араатнаас дор эцэг эх нь ийм болгосон байна. Зурагнууд нь уран сайхны зураг боловч түүх нь бодит явдал юм шүү.

Мари Анжелик Мемми Ле Блан, Франц, 1731 он

18-р зууны үе гэхэд Меммигийн түүх баримт нотолгоо сайтай аж. Мемми хэдэн мянган бээр үргэлжилсэн Францын ойг 10 жилийн дотор цор ганцаар туулжээ. Охин шувуу, мэлхий, загас, модны навч, үндэс, жимсээр хооллож байсан гэнэ. Чонотой таарч урт саваагаар тулалдаж амь гарсан удаатай. 19 настайдаа хүмүүсийн барааг харж чадсан байна. Хир буртагтаа баригдсан, урт үс, хумстай эмэгтэй хожим болтол байнга л эргэн тойрноо сэрэмжлэн харж үргэлж л “байлдааны бэлэн байдалд” байжээ. Сайн ярьж чадахгүй, тасалданги чахарсан дуу авиа гаргадаг байв. Туулай, шувууны арьсыг шууд хуулж хаяад махыг нь түүхийгээр нь иднэ. Гэвч Мемми хүн төрхөндөө харьцангуй сайн эргэж орсон юм. Тэрээр 63 наслаад элбэг хангалуун амьдрал дунд өөд болсон байна.


Виктор, Франц, 1797 он

18-р зууны сүүлчээр Францын өмнөд хэсэгт байдаг Гэгээн Сернен-сюр-Рансийн ойд 10 гаруй насны хүү тэнэж явааг мэдэцгээсэн байна. 1800-01-08-нд түүнийг барьж авч чаджээ. Бие нь шарх сорвиор дүүрсэн хүү нэг ч үг хэлж чадахгүй байлаа. Түүнийг 7-8 жил зэрлэг байгальд амьдарсан гэсэн дүгнэлт гарсан юм. Тэрээр халуун хүйтнийг гойд тэсвэрлэдэг байжээ. Хүү өмнө нь ярьж чаддаг байсан бололтой ч хожим нэг ч үг хэлж чадаагүй юм. Тэрээр Парис хотын эмнэлэгт судалгааны объект болж байгаад 40 орчим насандаа өөд болжээ.


Чоно-охин Лобо, Мексик, 1845-1852 он

1845 онд хонин сүрэгт халдсан чононуудын дунд хүн дүрст амьтан байхыг олж харжээ. 1852 онд 2 бяцхан бэлтрэгтэй цуг охиныг барьж авсан ч тэд зугтан одсон байна. Түүнээс хойш хэн ч түүнийг олж хараагүй юм.


Ирвэс-хүү, Энэтхэг, 1912 он

1915 онд ирвэс агнасан анчин үүрнээс нь 3 зулзага, 5 орчим насны нэг хүүг олжээ. Энэ нь ойролцоох тосгоноос алдагдсан хүү мөн болохыг таньсан байна. Гэвч хүү бүрэн зэрлэгшсэн байсан бөгөөд явган суудаг, 4 хөллөж маш хурдан гүйдэг байв. Хуруунууд нь алганаасаа бараг тэгш өнцгөөр муруйн тогтож эвэрлэг хатуу арьсаар бүрхэгдсэн байжээ. Хүү ойртсон бүхэн рүү дайрч хаздаг байсан гэнэ. Хожим цэх явж, ярьж сурсан ч хоёр нүд нь хараагүй болжээ.


Амала, Камала хоёр, Энэтхэг, 1920 он

12 настай Амала, 8 настай Камала нар 1920 онд чонын үүрнээс олджээ. Охид 4 хөллөж явдаг, хүнтэй огт адилгүй байсан гэнэ. Тэд атирч унтдаг, хувцас өмсөх дургүй, түүхий махнаас өөр юм идэхгүй, чоно шиг архирч, ульдаг байв. Хөл гарын үе, булчин шөрмөс нь хэлбэрээ алдаж богиноссон байлаа. Харин хараа, сонсгол, үнэрлэх чадвар нь гайхалтай сайн байжээ. Амала хүмүүсийн дунд ганцхан жил амьдарсан байна. Камала цэх явж, хэдэн үг хэлж чаддаг болсон ч 1929 онд бөөрний дутагдлаас болж нас баржээ.


Марина Чапман, Колумб, 1959 он

1954 онд Өмнөд Африкийн нэгэн тосгоноос хулгайлагдсан Марина охин ширэнгэн ойд хаягдсан байна. Охин бяцхан капуцин сармагчингуудтай 5 жил амьдарчээ. Тэрээр 4 хөллөж явдаг ба жимс ногоогоор хооллон модны хонгилд унтдаг байв. Түүнийг олсон анчид янхны газарт худалдаж орхисон гэдэг. Охин удалгүй тэндээс оргосон ч мафийнхны гар өртөж олон зовлон туулжээ. Азаар сайн хүн таарч үрчлэн авснаар Маринагийн зовлон дууссан байна. Одоо Марина Их Британид амьдарч буй. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар “The Girl With No Name” (Нэр усгүй охин) ном бичсэн гэнэ.


Шамдео, Энэтхэг, 1972

1972 онд чонын бэлтрэгтэй тоглож байсан 5 орчим насны хүүг олжээ. Гандаж харласан арьстай, хурц шүдтэй, урт хумс, сэгсгэр үстэй хүүгийн өвдөг тохой, гарын алга нь сайртаж эвэртсэн байв. Үргэлж тахиа шувуу ангуучилж цусанд шунах хүү огт ярьж чадахгүй байлаа. Аажмаар ганц нэг дохио зангаа сурчээ. Түүнд Паскаль нэр өгч асрамжийн газар аваачсан байна. 1985 онд нас барах хүртлээ түүхий мах идсээр байжээ.


Жини, АНУ, 1970 он

Жинийг эцэг нь сэтгэцийн өвчтэй гэж үзээд жижигхэн өрөөнд хүүхдийн сандалд барьж хүлдэг байв. Иймэрхүү маягаар охин 10 жилийг өнгөрөөж унтахдаа хүртэл сандал дээрээ унтдаг байв. 1970 онд охиныг 13 нас хүрэхэд эх нь нийгмийн ажилтанд ханджээ. Жини явж чадахгүй туулай шиг харайж хөдөлдөг, ярьдаггүй, зөвхөн нулимж, өөрийгөө маажин шархлуулдаг байв. Хожим муухан ярьж, хялбар текст уншиж сурчээ. Гэвч үрчилж авсан эцэг эх нь харгис хэрцгий харилцдаг байсан тул охин дахин уналтанд орж дуугарахаа байжээ. Одоо Жини сэтгэцийн эмнэлэгт байдаг гэнэ.


Тахиа-хүү Сужит Кумар, Фижи, 1978 он

Сужит сэтгэцийн өвчтэй төрсөн тул гэрийнхэн нь түүнийг тахианы байранд түгждэг байжээ. 8 настай байхад нь түүнийг олж гаргасан байна. Сужит яг л тахиа шиг дуугарч, гараа савчин тоншиж иддэг байв. Хуруунууд нь дотогшоо муруйсан байлаа. Одоо тэр 30 гаруй настай, асрамжийн газар амьдарч байна.


Оксана, Украйн, 1991 он

1991 онд нохойн хонуураас Оксана охиныг олж авсан байна. Архичин эцэг эх нь 3 нас хүрээгүй охиныг гэрээсээ хөөн гаргасан байна. Оксана дулаацахын тулд золбин нохдод наалдан хэвтсээр дассан бололтой. Охин хүний хүүхэд гэхээсээ илүү нохой шиг аяглаж 4 хөллөн гүйж, хэлээ унжуулан аахилж, хуцдаг байв. Амьдралынхаа 8 жилийн 6-г нь нохдын дунд өнгөрөөсөн хойно арга ч үгүй биз дээ. Тэр “тийм”, “үгүй” гэсэн хоёрхон үг л мэддэг байв. Одоо 30 настай Оксана Одесс хотод асрамжинд байгаа ч оюун ухааны хөгжил нь 5 настай хүүхдийнх шиг гэнэ.


Шувуун хүү Права, Орос, 2008 он

Права гэх 7 настай хүү 31 настай эхтэйгээ жижигхэн 2 өрөө байранд амьдарч байжээ. Гэвч эх нь түүнийг хэдэн арван тэжээвэр шувуу, шувууны тэжээл, сангасаар дүүрэн өрөөнд хорьдог байв. Түүгээр ч зогсохгүй хүүгээ яг л шувуу мэтээр үздэг байж. Өлсгөлөн байлгаагүй ч, хэзээ ч түүнтэй ярьж байсангүй. Ингээд хүү ярьж чадахгүй шувуу шиг жиргэж л сурчээ. Мөн гараараа дэвэх мэт хөдөлгөөн хийдэг байв. Эцсийн бүлэгт хүүг эхээс нь салган авч, эмнэлгийн хяналтанд шилжүүлсэн байна.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Маугли жаалууд буюу зэрлэгшсэн хүүхдүүдийн тухай түүх
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • зочин 2015/11/02
    1962 оны хавар байх зайсангийн орчим нэгэн цэргийн хурандаагийн 3 настай хүү ээжтэйгээ явж байгаад алга болоод яг тэр өдрөө цэргүүдийг хоорондоо 1 м зайтайгаар богд уулыг самнаад олоогүй гэдэг , гэтэл намар нь тэр хүү 3 том хайрханыг даваад нэгэн тариан талбайн үтрэм дотор зэрлэгшчихсэн явж байсныг барьж авсан гэдэг

    1 0 Хариу бичих
  • zochin 2015/11/01
    haij bsn medeelel bn bayrlalaa :)

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/10/15
    Goe medeelel bna thanks

    4 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох