МЭДЭЭ НЭМЭХ  

Хувцсаа хэр ойрхон угаах нь зөв бэ?

  • 4,392 уншсан
  • 0
  • 2015/10/18

Хүн бол элдэв илүүдэл бодисын жинхэнэ “үйлдвэр” мөн. Бид өдөр бүр 500 сая ширхэг арьсны гуужсан эсийг хаяж, 1 литр орчим хөлс ялгаруулж байдаг. Арьсан дээрх бактерийн үйлчилгээгээр энэ бүхэн туйлын таагүй үнэртэй болж мэдэгддэг. Зарим төрлийн бактер нь хөгцөрсөн бяслаг, хэт иссэн пивоны үнэртэй бодис ялгаруулдаг байна.

Гэхдээ хамгийн муухай үнэр хүний суга, цавинд олноор орших апокрин булчирхайнаас ялгардаг ажээ. Үүн дээр арьсны бактерийн үйлчилгээг нэмэхээр дотуур хувцас, майк, футболка, цамц зэрэг дээрх булчирхайтай хүрэлцэж байдаг хувцсыг өдөр бүр сольж угаахаас өөр аргагүй. Хөхний даруулгыг дээд тал нь 2-3 удаа өмсөөд угаавал зохино. Гутал доторх харанхуй чийглэг орчин нь бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг учраас оймсыг мөн өдөр тутам сольж угаах хэрэгтэй. Унтлагын хувцсыг 2 өмсөөд, хэрвээ та сэрүүхэн унтах дуртай тэгээд бага хөлөрдөг бол 7 хоногт 1 удаа угаах нь зүйтэй гэж эрүүл ахуйч эмч нар зөвлөж байна.

Харин жинсийг 5 удаа өмсөөд угаах нь зөв. Үйлдвэрлэгчид жинсийг ховор угаах хэрэгтэй гэж сурталчилдаг. Үнэхээр сайн жинс бол хичнээн ойр ойр угаасан ч тийм амар муудахгүй. Гэхдээ жинсийг халуун бүлээн усанд биш маш хүйтэн усанд угаах нь сайн гэнэ. Хөлсний булчирхайд нягт хүрэлцээд байдаггүй бусад хувцсыг арай ховор угаах боловч энэ нь хэдэн 7 хоног, сараар угаалгүй өмсөөд бай гэсэн үг огт биш юм. Гэхдээ бие барьсан хувцас, түүний дотор жинсийг ч гэсэн ойр ойр угаах хэрэгтэйг анхааруулъя.

Ор дэрний цагаан хэрэглэлийг 7 хоног тутам сольж угаавал зохино. Бактерийг бүрэн устгахын тулд 60 градусын усанд угааж аль болох наранд хатаахыг хичээгээрэй. Учир нь хэт ягаан туяа бактерийг сайн устгадаг. Цагаан хэрэглэлийг халуун индүүгээр индүүдэх нь эрүүл ахуйн хувьд туйлын ач холбогдолтой. Угааж болох дэрийг 3 сард нэг удаа 60 градусын усанд угаавал сайн. Учир нь бохир дэрний жингийн гуравны нэг хувь нь төрөл бүрийн микроб, хачиг тэдний ялгадаснаас бүрддэг. Мөн угаагүй бохир дэрнээс 16 төрлийн мөөгөнцөр олж болно. Гудас, матрацыг орхигдуулж болохгүй. Хагас жилд нэг удаа салхинд гаргаж утах буюу тоосыг нь соруулна. 8 жил тутам шинэчлэн солих нь зүйтэй.

Ванны алчуур нь ганцхан удаа хэрэглэсний дараа ч арьсны гуужсан эсээр бүрхэгддэг бөгөөд энэ нь чийглэг орчинтой хавсраад бактер үржих тохиромжтой нөхцлийг бүрдүүлнэ. Гэхдээ хэрэглэснийхээ дараа сайн хатаагаад байвал (нар, салхинд бол бүр сайн) 7 хоногт 1 удаа угааж болох аж. Харин нүүр гарын алчууруудыг ямар ч яриа байхгүй өдөр тутам сольж байх хэрэгтэй. Нэг чухал зүйл: чийгтэй алчуурыг хумиад угаах зүйлээ хадгалдаг сав руу чулуудчих юм бол тэнд бактер идэвхтэй үржиж эхлэх бөгөөд хожим нь устгахад туйлын бэрхшээлтэй байх болно. Алчуурыг хичнээн угаасан ч ганц хоноод таагүй үнэр үнэртээд байвал дээрх асуудал үүссэн байна гэж мэдээрэй. Мохерон халатыг та лав ховор (голдуу усанд орсны дараа) өмсдөг байх. Гэвч энэ нь хэдэн сараар угаахгүй байх шалтгаан биш шүү. Ванны алчууртай яг адил 7 хоноод угааж байгаарай.

Энэ бүхний дараа “хэр ойрхон усанд орох нь зөв бэ?” гэсэн асуулт гарч ирнэ. Өдөр бүр, тэр тусмаа халуун усанд орох нь ашигтай гэхээсээ илүү хортой гэнэ. Ингэснээр арьсаа хэт хуурайшуулж, цочроон, ашигтай бактеруудыг угаан зайлуулснаар төрөл бүрийн халдварт өртөх эрсдэл өндөр болно. Иймээс 7 хоногт 2-3 удаа усанд ороход хангалттай. Гэхдээ биенийхээ “стратегийн ач холбогдолтой” хэсгүүдийг өдөр бүр угаагаад байж болно шүү дээ.

Сүүлийн үед нялх хүүхдийг өдөр бүр угаах нь буруу гэж үзэж байна. Тэдний арьс ч гэсэн нян бактертай “танилцаж”, эсэргүүцэх чадвар суух ёстой аж. Ингэснээр хожим харшил, экземд өртөх эрсдэл багасах гэнэ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хувцсаа хэр ойрхон угаах нь зөв бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох