МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлгүүрийн маркетингийн 6 заль, 1 ашигтай зөвлөгөө

  • 12,328 уншсан
  • 0
  • 2015/11/02

Загасны уурга авах гэж дэлгүүрт ирээд “сэнсэртлээ панаалдуулан” хийлдэг завь, сэлүүр, майхан, бас бус ямар ч хэрэггүй баахан зүйл аваад гарч байдаг хөгжилтэй киног санаж байна уу? Үүнтэй төстэй байдалд орж үзээгүй хүн гэж бараг л үгүй байх. Энэ бүхний буруутан нь бидний үрэлгэн зан биш, харин дэлгүүрийн худалдагчид болон тэдний ард байдаг маркетингийн арга зүйчдийн сэтгэл зүйн довтолгоо, заль мэх юм. Ийм аргад автагдахгүй байж чадна гэж олон хүн боддог ч ихэнх тохиолдолд чаддаггүй аж. Та бүхэнд сэрэмжлүүлэг болгож дэлгүүрийн маркетингийн зарим аргын тухай өгүүлье.

Эрс тэс ялгаатай үнэ

Цаг хугацаагаар шалгагдаж батлагдсан хамгийн хуучны найдвартай арга бол ижил барааны үнийг зориуд өөрөөр бичих явдал юм. Барааны бодит үнийг мэдэхгүй хүмүүст зориулагдсан. Үнийн ийм их ялгааг хараад шаардлагагүй байсан ч хямдыг нь буюу бодит үнэ тавигдсан барааг худалдан авахаар яардаг гэнэ. Тэгээд ашигтай наймаа хийлээ гэж баярлахыг нь яана! Дээрээс нь хямдрал зарласан бичиг бараг л ид шидийн юм шиг үйлчилнэ. 1-2 хоногийн дараа үнэ нь нэмэгдэнэ гэж бодохоор бушуухан л авах гэнэ шүү дээ.


Хамелеон

Үйлчлүүлэгчтэй ойр дотно харилцаж тэдний дур сонирхолд нийцүүлэн бараа үйлчилгээгээ танилцуулан борлуулах арга. Энэ талаар хийгдсэн сонирхолтой судалгаа ч байдаг юм байна. Хүмүүс огт танихгүй ч, өөртэйгөө ямар нэгэн талаар адил төстэй хүмүүсийн зөвлөгөөг амархан дагах хандлагатай байдаг гэнэ. Үүнийг л худалдагчид их сайн ашигладаг байна. Жишээ нь: хөргөгч сонирхож байгаа хүн дээр худалдагч хүрч ирээд өнгөрсөн 7 хоногт ах нь яг ийм хөргөгч авсан, ийм тийм сайн талтай гээд л ярьж өгнө. Ингэсээр байгаад худалдан авагч ятгалганд нь орж хөргөгчийг авахад хүрдэг байна.


Эрэлт хэрэгцээ их байгаа мэт дүр эсгэх

«Барааны тоо хэмжээ хязгаартай...», «…с өмнө аваарай!», «Агуулахад...ширхэг...үлдлээ» гэх мэт. Ийм арга юуны өмнө хүний өрсөх дур хүслийг оргилуулдаг байна. Үнэ хямдарсан, эсвэл цөөн ширхэг бараанаас авч чадсан хүн сэтгэлийн гүндээ өөрийгөө ялагч хэмээн бодож сэтгэл ханамжтай байдаг гэнэ. Энэ нь дуудлага худалдаан дээр өрсөлдөгчөө ялах, сугалаанд хожих үед төрдөг мэдрэмжтэй бараг адил гэнэ.


Цагийг нь олох

Жишээ: Та машин авах гэж байна. Бодож эргэлзэх мөч ард хоцорч мөнгө одоохон кассанд орох нь. Яг энэ үед худалдагч таны сонголтыг улам ашигтай болгох нэмэлт үйлчилгээ, чимэглэлийн зүйл санал болгож идэвхтэйгээр ятгаж эхэлнэ. Нэгэнт овоохон мөнгө зарлагадахаар шийдсэн хүн багахан хэмжээний (5-10 мянга ч юм уу) мөнгийг огт тоохгүй, нээрэн ч тийм юм уу гэж бодно.


Санаа зовох

Хэрвээ худалдагч ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулж бараагаа үзүүлж танилцуулж, сурталчлах юм бол худалдан авагч санаа нь зовсондоо заавал нэг юм худалдан авдаг байна. Зарим дэлгүүрт цай зуушаар үйлчилдэг нь энэ аргын бас нэг хэлбэр юм. Мэргэжилтнүүдийн “хамаарлын норм” гэж нэрлэдэг энэ мэдрэмж ихээхэн хүчтэй зүйл гэнэ.


Сэтгэл хөдлөл дээр тоглох

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс хэрэгтэй үед оновчтой сэтгэх нь ховор байдаг тул буруу шийдвэр гаргах нь элбэг. Үүнийг худалдагчид овжин ашигладаг. Тэд худалдан авагчдын сонсохыг хүссэн зүйлийг нь ярьж чаддаг. Жишээ нь, эмэгтэйд угаалгын машин санал болгохдоо техникийн үзүүлэлтийг нь тайлбарлахын оронд ийм машин хүнд хүчир ажлаас чөлөөлж, чөлөөт цаг гаргаж өгдөг тухай л голчлон ярих болно.


Худалдагчдын заль мэхэнд автагдахгүй байх энгийн зөвлөгөө

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд “бодол санааг таслан зогсоох” гэдэг ойлголт бий. Ажиллах зарчим нь тун энгийн. Худалдагчдын ятгалганд автаж ямар нэг юм авахад хүрвэл ганц секунд анхаарлаа өөр зүйл рүү хандуул. Төсөөлөлдөө этгээд хачин зүйлийг дүрслэн зур. Ягаан заан ч юмуу, нисдэг цэнхэр үхэр гээд л юу ч байж болно. Толгойд гэнэт бий болсон хурц тод дүр зураг бодол санаагаа цэгцэлж, энгийн ухаалаг шийдвэр гаргахад чинь туслах болно. Туршаад үз л дээ, ягаан заан мөнгийг чинь хэмнэж магадгүй шүү дээ!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлгүүрийн маркетингийн 6 заль, 1 ашигтай зөвлөгөө
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох