МЭДЭЭ НЭМЭХ  

Устгагдаж үгүй болсон ховор нандин түүхийн дурсгалт зүйлс

  • 2,262 уншсан
  • 0
  • 2015/11/06

Хүмүүсийн тэнэглэлд хязгаар үгүй. Дайн дажин, зэрлэг балмад ажиллагааны улмаас, заримдаа бараг шалтгаангүйгээр үнэлж баршгүй түүх соёлын өв, дурсгалт газрууд, үзэсгэлэнт байгалиа хичнээн ихээр сүйтгэж орхив оо бид? Дараах гайхамшгуудын тухай та бүхэн дуулж сонссон уу?

Сингапурын чулуу

Розеттын чулуу гэж сонссон байх. Сингапурын чулуу түүнтэй төсөөтэй. Хааш хаашаа 3 метрийн хэмжээтэй аварга бул чулуун дээр эртний бичээс байсныг хэн ч гаргаж уншиж чадаагүй юм. 10-14-р зууны үеийн эртний суматр хэл дээрх бичээс байсан гэж үздэг. Гэвч чулууг олсон тэртээ 1819 онд хэн түүнийг мэдэх билээ? Гэхдээ чулууг шүтээн хэмээн нандигнадаг байж. Харамсалтай нь, 1843 онд Британы арми чулууг дэлбэлж орхижээ. Хэлтэрхий нь Сингапурын үндэсний музейд хадгалагдаж байгаа ч бичээсний ихэнх нь үгүй болжээ.


«Сенатч» нэрт майлс мод

3500 жилийн өмнө одоогийн Флорида мужийн нутагт майлс модны үр унаж үндэслэжээ. 36 метрийн өндөртэй энэ аварга мод  Иисус Христ төрөхийг, Колумб ирэхийг, Уолл-стрит сүйрэхийг, Берлиний хана нурахыг... үзжээ. 2012 онд нутгийн мансууран донтогч Сара Барнс модыг шатааж орхисон байна.


Науругийн диваажин

Науру хэмээх арлын бяцхан улс гэмт хэрэгтнийг хорьдог шорон гэдгээрээ алдаршжээ. Ердөө 100 жилийн өмнө энэ газар жинхэнэ диваажин байсан гээд бод доо. Арал бүхлээрээ өтгөн ногоон өвс ургамлаар хучигдсан, үзэсгэлэнт сайхан эрэгтэй байж. Өнөө үед Науру амьдралгүй чулуун овоо мэт харагдана. Арал дээр илэрсэн фосфатын баялаг орд Науругийн диваажинг там болгон хувиргажээ.


Атакамын археологийн олдворууд

Атакамын цөл бол Дэлхийн хамгийн хуурай газар. Чухам иймээс л эртний түүхийн дурсгалууд нь манай үеийг хүртэл хадгалагдсан байна. 18 000 жилийн өмнөх салхины ул мөр зарим манхан дээр үлдэж хоцорсон гэнэ. 2009 онд «Дакар» раллигийн тамирчид энэ хосгүй манхнуудыг сүйтгэжээ. Мөн Атакамын 6 ширхэг археологийн хосгүй дурсгал үгүй болсон байна. Их өндрөөс харагддаг байсан эртний бичээс зурагнууд, анчдын оромж байсан буурины оронд авто машины дугуйн хээ л үлджээ.


Зөнч Ионы бунхан

Мосул дахь энэ бунхан бол лал, христ ялгаагүй тэмүүлдэг газрын нэг байлаа. Мөн бунхны эртний хэсгүүд нь МЭӨ 8-р зуунд хамаарах тул археологчдын дуртай газар байсныг хэлэх хэрэгтэй. Энэ бүхэн ИГИЛ-ийн бүлэглэлийн дайчдыг зогсоосонгүй. 2014 оны 7-р сард тэд бунхныг дэлбэлжээ. Үүгээр ч зогссонгүй 2015 оны 2-р сард тэд 2700 жилийн настай Эртний Ниневийн хэрмийг дэлбэлж Иракийн түүхийн үлэмж хэсгийг галдан шатаасан байна.


Бенин хот

19-р зууныг хүртэл Бенин гайхалтай сайхан, Лиссабоноос ч том хот байлаа. Хотын төвд байх Обын ордны гоо үзэмжийг гайхсан голландчууд түүнийг дүрслэн зурах дуртай байжээ. Гэтэл англичууд ирээд шатааж орхив. 17 өдөр үргэлжилсэн тулааны үеэр Об ордныг нурааж хотыг дээрэмдэн галджээ.


Урми нуур

1990-ээд онд Ираны Урми нуур жуулчдын жаргалын орон байлаа. Тунгалаг цэнхэр ус, хэдэн зуун арал, ховор сонин амьтны аймаг зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг даллан дууддаг байв. Бараг Люксембургийн хэмжээтэй нуур нь ертөнцийн гайхамшгийн нэг хэмээн алдаршжээ. Өнөөдөр энд эзгүй цөл л үлдэж. Урми нуур ширгэж ан амьтад нь үгүй болжээ. Хорт давсан шуурга амьд бүхнийг хөнөөхөөр тэмүүлнэ.


Мейриерс агуй

15 000 жилийн өмнө Мейриерс агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн уран бүтээл хадны сүг зураг гайхалтай сайхан хадгалагдаж үлдсэн байлаа. Гэвч 1992 онд нутгийн мунхаг залуучууд энэ бүхнийг сахилгагүй хүүхдүүдийн зураг гэж үзээд агуйн ханыг зүлгэн цэвэрлэсэн гэнэ. Францын эрх баригчид уур хилэндээ дэлбэрэх дөхсөн ч яалтай билээ, түүхийн өвийг устгасан залуучуудын группт Шнобелийн шагнал өгсөн гэдэг.


Эртний Сирийн дурсгалууд 

Өнөөгийн Сири улс дайн дажны хөлд нэрвэгдэж үгүйрэн сүйрч байна. Хүн хүчний асар их хохирлын хажуугаар түүх соёлын үнэт өв үрэгдэн устгагдаж байгаа нь харамсалтай. Дайн дөнгөж эхэлмэгц эртний түүхт Дамаск, Алеппо хотууд асар их сүйрэлд өртсөн. 2012 онд Алеппогийн эртний зах галд өртөж Торгоны их замын нэг гол өртөө үгүй болжээ. Жилийн дараа ЮНЕСКО-ийн хамгаалалтанд байсан Крак де Шевальегийн загалмайтны цайз, лалын сүмийн мөргөлийн 1000 жилийн настай эртний цамхаг зэрэг 300 гаруй түүх соёлын дурсгалт зүйлсийг газрын хөрстэй тэгшилжээ.


Саудын Арабын бүх зүйлс

Мекки хот Ойрхи Дорнодын Лас-Вегас болон хувирч байна. 1985 оноос эхлэн эрх баригчид нь Исламын эзэнт гүрний соёлын өвийн бараг 98%-ийг устган үгүй хийжээ. Хачирхалтай нь, зүгээр л шинэ зочид буудал барихын тулд эртний барилга байшингуудыг нурааж байгаа гэсэн үг огт биш. Түүхийн дурсгалт зүйлсийг санаатайгаар сүйтгэж байгаа талаар баримт нотолгоо хангалттай байна. Исламын анхны халиф Абу-Бакрын сүмийг буулгаж суурин дээр нь АТМ босгов. Зөнч Мухаммедийн нэртэй холбоотой Ухуд уулан дахь алдарт хавцал руу бетон цутгаж битүүлэн (энд юу ч бариагүй) мөргөлчид ирэхийг хориглосон байна. Эрх баригчдын хамгийн солиотой үйлдэл нь түүхээ өөрчлөн бичих гэсэн оролдлого юм. Зөнч Мухаммедийн төрсөн газар шинэ ордон босгох шийдвэр гарсны дараа Мухаммед яг энд төрсөн гэх баталгаа байхгүй гэсээр болиулав. Ухуд уулыг ганц шөнийн дотор бульдозероор тэгшилж, бетоноор хучсаныхаа дараа тэнд ямар ч түүхийн дурсгалт зүйл байгаагүй хэмээн зүтгэсэн байна. Ваххабизм нь хуурмаг шүтээнд мөргөхийг хориглож байгаа учир шашны зүтгэлтнүүд ч гэсэн энэ явдлыг өөгшүүлэн дэмжиж, ингэснээр исламын эртний баялаг түүх үндсэндээ устан үгүй болж байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Устгагдаж үгүй болсон ховор нандин түүхийн дурсгалт зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох