МЭДЭЭ НЭМЭХ  

Гэм зэмгүй мэт харагдавч байгаль орчинд хор хөнөөлтэй зүйлс

  • 3,199 уншсан
  • 0
  • 2015/11/10

Хүмүүс эх гарагтаа төдийлөн таатай нөлөө үзүүлдэггүй нь нууц биш. Төрөл бүрийн амьтан ургамал жам ёсноосоо 1000 дахин илүү хурдтайгаар устан үгүй болж байгаа нь хүмүүсийн буруу гэнэ. Одоо ч 20 мянга гаруй төрөл зүйлийн амьтад мөхлийн ирмэгт тулж очоод байна. Нэг үеэ бодвол хүмүүс сэхээ авч тэднийг яаж аврах талаар ярьж, боддог болсон ч гойд амжилтанд хүрч базаахгүй байгаа билээ. Аргагүй шүү дээ, бидний хэрэглэдэг огт гэм зэмгүй мэт зүйлс үнэн хэрэгтээ гараг дэлхийг маань хөнөөх аюултай гээд бодохоор...

Нэг удаагийн савх

Хятадад жилд 80 тэрбум гаруй савх үйлдвэрлэн хаядаг. Энэ нь Тяньаньмэний талбайг 360 удаа битүү хучихад хүрэлцэх гэнэ. Үүний тулд жил бүр 20 сая мод огтолдог аж. Гэхдээ заавал 20-иос дээш жил ургасан модыг шүү. Ойрын ирээдүйд Хятад улс савхнаас болж ой модгүй болох аюултай тулгараад байна. Гэхдээ нэг удаагийн савхны үйлдвэрүүдийг цөөлөх, худалдааны татварыг нэмэх, олон удаа хэрэглэх савх хийх, мод шинээр суулгах зэрэг арга хэмжээнүүдийг аваад эхэлчихсэн гэнэ.


Жирэмслэлтээс хамгаалах болон бусад гормоны эм бэлдмэлүүд

Хүн төрөлхтөн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэсээр хэдэн арван жил болж байгаа. Харамсалтай нь, энэхүү бэлдмэл хүнд төдийгүй далай тэнгисийн амьтдад ч нөлөөлж байна. Хүний биед шингэж чадаагүй үлдсэн гормонууд дутуу цэвэрлэгдсэн бохир усанд ихээр байдаг гэнэ. Жирэмслэлтээс хамгаалах эмэнд агуулагддаг эстроген гэдэг бодисын өчүүхэн төдий үлдэгдэл цэнгэг уст нууранд ороход бяцхан эр загаснуудын 85% нь эм болон хувирч түрс шахаж эхэлжээ. Загасны популяц багасаад ирмэгц экосистемийн гажуудал үүсэж жижиг жараахайгаар хооллодог форель загас цөөрч, харин шавж асар ихээр олширсон байна.


Тайвшруулах эм бэлдмэл

Хэдэн зуун сая хүмүүсийн хэрэглэдэг тайвшруулах эм бэлдмэл дээрх байдлаар байгальд хүрч очдог байна. Энэ нь ялангуяа шувуунд их хор хөнөөл учруулдаг аж. Хүнс тэжээлд нь тайвшруулах эмийн үлдэгдэл орсон шувууд бага идэж, эсрэг хүйстнээ сонирхохоо больсноор тоо толгой нь эрс хорогддог байна. Зөвхөн АНУ-д гэхэд л сүүлийн 30 жилийн дотор хар тодол шувууны тоо толгой 50 саяар цөөрсөн нь үүнтэй холбоотой гэж үзэж байгаа гэнэ.


Ундааны нэг удаагийн соруул

Зөвхөн АНУ-д өдөрт 500 сая ширхэг ийм соруул хэрэглэдэг гэнэ. Жилд 6 сая соруулыг наран шарлагын газрын ажилчид түүж цэвэрлэдэг. Гэсэн ч хайлдаггүй, задардаггүй полипропилен хуванцраар хийсэн ийм соруул далай тэнгис рүү хэдэн тэрбумаараа ордог аж. Далай тэнгисийн амьтад жил бүр 10-25 тонн хуванцар залгиснаас болж үхэж үрэгддэг байна. Тэдний гэдэснээс “гэм зэмгүй” хуванцар соруул өдий төдийгөөрөө гардаг аж.


Мэлхийн мах идэх

 

Францчуудын дурладаг мэлхийн махыг өдгөө дэлхий даяараа идэх болжээ. Япон, Америк хоёр мэлхийн мах импортлогч гол орнууд юм. Гэтэл Өмнөд Америкаас импортлож байгаа мэлхийн мах нь бах, саламандр зэрэг бусад төрлийн мэлхийнд үхлийн аюултай хитрид мөөгөнцрийн нянг тээдэг  аж. Азаар энэ нь хүнд аюулгүй гэнэ. Улам хорлонтой, хүчтэй болж буй энэ мөөгөнцөр дэлхий даяар хурдтай тархаж нийт хоёр нутагтныг мөхөлд хүргэж болзошгүй болоод байгаа юм.


Бактерийн эсрэг саван

Бохирын сувагт орсон бактерийн эсрэг бодис нь цэвэрлэх байгууламж дээр шүүгдсэн ч үлдэж хоцордог байна. Энэ усыг дараа нь дахин боловсруулж ХАА-н зориулалтаар хэрэглэдэг. Энэ үед химийн бодис хөрсөнд шингэж дараа нь гадаргуугийн усанд ордог байна. 5-аас дээш настай америкчуудын 76%-ийнх нь шээсэнд уг савангийн найрлагад ордог триклозан хэмээх бодис илэрсэн байна. Залуу организмд орсон энэ хорт бодис бэлгийн бойжилтыг хурдасгах боловч, үргүйдэл, таргалалт, хорт хавдар зэрэг золгүй үр дагаварт хүргэдэг байна.


Муур тэжээх

Муурын шээс шингээгч бодисыг бентониат шавраар хийдэг. Энэ шаврыг задгай карьерт олборлодог нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэйгээс гадна фермерүүдийн тариалангийн талбай, малын бэлчээрийг карьер болгон хувиргаснаар эдийн засгийн хохирол учруулдаг гэнэ. Зөвхөн Америкт л жилд 2 сая тонн шингээгч бодис хэрэглэдэг гээд бодохоор газар дэлхий маань тэр чигтээ уурхай болж дуусах дүр зураг харагдаж байна.


Загас үржүүлдэг ферм

Экологийн хувьд хамгийн аюулгүй хүнсний хангамж гэмээр. Гэвч хязгаарлагдмал орон зайд хэт олон тооны загас болон усны амьтдыг өсгөн үржүүлэх явцад экосистемд багагүй хохирол учирдаг аж. Загасны ялгадас усны ёроол руу сууж ус ариутгах зорилгоор хийсэн эм, бусад бодистой урвалд орж усан санг бохирдуулан усны бөөс үржих таатай нөхцөл үүсгэдэг. Сам хорхой үржүүлснээр ус болон эрэг орчмын газрын давслаг чанар нэмэгддэг.


Шар буурцаг агуулсан хоол хүнс хэрэглэх

Шар буурцгийг мах, сүү зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн орлуулагч болгон хэрэглэхээс гадна саван, лааны үйлдвэрт гол түүхий эд болгодог. Мөн малын тэжээлд ихээхэн хэмжээгээр хэрэглэнэ. Ийм өндөр хэрэгцээтэй буурцагт ургамлыг тариалахын тулд хэдэн зуун га ой модыг огтлон хаядаг байна. Дараа нь хүрээлэн байгаа орчинд асар их хор хөнөөлтэй пестицидээр талбайг боловсруулна. Тариалангийн талбай байнга дутагдалтай байдгаас болж бусдын газар нутгийг хүч түрэмгийлэн эзлэх явдал бараг байнга гардаг аж.


Хоол хүнсний хаягдал

Энэ бол хөгжингүй орнуудын тулгамдсан асуудлын нэг. Дэлхий дээр жил бүр 1,3 тэрбум тонн хоол хүнс хаягдал болон гардаг байна. Энэ нь ойролцоогоор 750 тэрбум доллар хаягддаг гэсэн үг. Түүнчлэн санаанд багтамгүй их хэмжээний ус үр ашиггүй зарцуулагддаг. Гэтэл дэлхий дээр бараг 900 сая хүн өлсгөлөн, ундны усны хомсдолд байнга өртсөөр байна. Бид тарьж ургуулсан ургацынхаа 28 орчим хувийг хаяж орхидог гэсэн үг. Газар тариалангийн салбарт шахагдаж амьдрах орчин, хоол унднаасаа салсан хичнээн олон зүйлийн ан амьтад мөхлийн ирмэгт хүрээд байгаа бол? Түүнчлэн хоол хүнсний хаягдлын улмаас дэлхийн агаар мандал руу жилд 3,3 тэрбум тонн хүлэмжийн хий цацагдаж байдаг.


Зүгээр л бактерийн эсрэг савангаар гараа угааснаар, эсвэл жимсний шүүс худалдан авснаараа бид хүрээлэн байгаа орчиндоо асар их хор хөнөөл учруулдаг гэдгийг ойлгоход, тэр тусмаа хүлээн зөвшөөрөхөд амаргүй. Гэхдээ л та бидний амьдарч буй эко систем хичнээн эмзэг, хэврэг болохыг дээрх баримтууд тодорхой харуулж байгаа юм. Хэдэн сая жилийн туршид хадгалагдан ирсэн байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахаар хүмүүс бид бусад ямар ч амьд биетээс илүүгээр “зүтгэн” байх аж!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гэм зэмгүй мэт харагдавч байгаль орчинд хор хөнөөлтэй зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох