МЭДЭЭ НЭМЭХ  

Ургамал хамгааллын асуудал

  • 187 уншсан
  • 0
  • 2015/12/21

экологийн нийтлэл

Г.Анударь

Манай улс 1980-1990 оны үеийнхтэй харьцуулан үзвэл сүүлийн 15 жилийн хугацаанд ургацын бууралт 60-82 хувь, хогийн ургамлын тархалт 40-80 хувь, хортны тархалт 10-20 хувь нэмэгдэж, үлийн цагаан оготны олшролт 4-6 дахин ихэсч,  бэлчээрийн зүй бус ашиглалт, даац үлэмж хэмжээгээр ихэссэн байна. Мөн ургамлын нөөц багасан ховор, нэн ховор төрөл зүйлүүд устах аюултай нөхцөл байдалд байгаа юм. Үүний шалтгаан нь ган, салхи, шуурга, хуурайшилт, үер зэрэг байгалийн хүчин зүйлсээс гадна хүнс, эм, тэжээл, барилга гэх мэт олон салбарт ургамлын нөөц, нөхөн сэргэх, үржих чадварыг нь харгалзахгүйгээр их хэмжээгээр ашиглаж байгаа явдал юм. Энэ үзүүлэлтээрээ эрчимжээгүй сул дорой тариалантай орны тоонд ордог. Өөрөөр хэлбэл бордоо, ургамал хамгааллын арга хэмжээ бараг авдаггүй, байгалийн чадавхийг л ашигладаг гэсэн үг юм. Иймд бэлчээр, хадлан, таримал ургамлыг өвчин, хортон ургамлаас хамгаалж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ургамал хамгааллын арга хэмжээ зайлшгүй шаардлагтай байгаа юм.

Ургамал, түүний ач холбогдол

Ургамал нь агаар мандал, ус, хөрсөнд хүчилтөрөгчийг ялгаруулж амьд бүхний амьдрахуйн орчныг бий болгон сайжруулагч бөгөөд хүнд хүнс, эм, харин амьтанд тэжээл болдог. Мөн хөрсний элэгдэл, элсний нүүдлийг хязгаарлаж, усан хангамжийг сайжруулан бидний аятай тухтай амьдрах нөхцлийг эерэг сайн болгох, орон байр барилга барих, хувцас хэрэглэл үйлдвэрлэхэд анхдагч материал, түүхий эд болдог зэрэг олон ач холбогдолтой.

Манай улсад 348 зүйлийн модлог болон сөөглөг ургамал, 2095 зүйлийн өвслөг ургамал байдаг. Үүнээс янз бүрийн овог, төрөлд хамаарах 600 шахам ургамлыг бэлчээр тэжээлийн холбогдолтойд тооцдог. Эдгээрээс 100 гаруй нь малд идэмжтэй, тэжээллэг чанар сайтай, хадлан тэжээл, бэлчээр болон нийт ургацын гаралтын дийлэнхи хэсгийг эзэлдэг ургамал юм. Мөн эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг 382 зүйлийн 195-г нь хамгаалах шаардлагатай байгаа юм.

Ургамал хамгаалал

Ургамал хамгаалал гэдэг нь ургамлыг өвчин, хортон шавьж, хогийн ургамлаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний ургацыг сайжруулж, хорогдлыг багасгах технологийн үндсэн хэсгийг хэлнэ. Манай орны жилд хураан авах ургацын гуравны нэг нь ургамлаа хэрхэн хамгаалснаас шууд хамаарч байна.  Ургамал хамгааллын бүхий л үйл ажиллагаанд зөвхөн нэг улс орны төрийн бодлогоос гадна олон улсын хэмжээнд хамтарсан хамгааллын томоохон гэрээ хэлэлцээрүүдийн үүрэг чухал нөлөөтэй. Учир нь ургамлын баялаг түүний ач холбогдол нь нэг улс орны газар нутгийн хүрээнд биш олон улсын хэмжээнд үнэлэгддэг. Монгол улсын ургамал хамгааллын тухай хууль нь ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, хорио цээр тогтоох хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон төр засаг, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилготой  байдаг. Гэсэн хэдий ч ургамал хамгааллын тал дээр дутагдалтай зүйл ажиглагддаг.

            Эрчимжээгүй тариалантай манай оронд уур амьсгалын огцом өөрчлөлттэй үед услагааг сайжруулах, бордох, дасан зохицох чадвартай сортыг тариалах зэрэг ургамал хамгааллын ажлыг оновчтой хийснээр ургацыг эрчимжилгүй үеийнхээс 70-80 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Манай улсад ургамал хамгааллын ажлыг хортон шавьжийн нөлөө, ургамлын өвчлөлт, хогийн ургамлын тархалт гэсэн гурван үндсэн асуудлыг шийдвэрлэх замаар явуулдаг. Энэ чиглэлийн төслүүдийг ч амжилттай хэрэгжүүлсээр байна. Эдгээрээс дурдвал “Говийн ховор, аж ахуйн ашигт зарим ургамлыг нутагшуулах, тарималжуулах", "Чацаргана", "Монгол орны унаган ховор, аж ахуйн ашигт ургамлын удмын сан" зэрэг 20 гаруй шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлсэн. Харин нэн ховор, ховор ургамлын удмын санг “амьд”-аар болон үр хэлбэрээр хадгалах, тарьж хамгаалах, зүлэг, хөрс хучигч технологийг нэвтрүүлэх, балт болон эмийн ургамлыг тарималжуулах зэрэг арга технологи дутмаг байгаа юм.

Энэ чиглэлээр дэлхийд ямар технологи, арга хэрэгслийг ашигладаг талаар дурдвал:

Олон улсын үр хадгалах агуулах

Норвегийн Шпицбергений бүлэг арлууд дээр байрлах "Олон улсын үр хадгалах агуулах"-д дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ургамлын үр хадгалагддаг аж. Энэ агуулахыг газар тариалан, мал аж ахуй гэх мэт амжиргааны эх үүсвэрт гамшиг, сүйрэл нүүрлэх үед давж гарах зориулалттайгаар барьжээ. Цельсийн хасах 3 хэмийн хүйтэнтэй тус агуулахад ургамлын үр хэдэн зуун жилийн турш идэвхигүй байдалд хадгалагдах боломжтой. Агуулахын зарим хэсгийг хасах 18 хэмд хүртэл хөргөдөг юм. Энэ нь ямар нэгэн урьдчилан тааварлашгүй, онцгой байдал үүсэхэд газар тариаланг сэргээж, хөл дээр нь босгох баталгаа болдог юм байна. Агуулахын агаарын хэм, даралт, чийгшил гээд бүхий л зүйлсийг тодорхой түвшинд барьдаг. Ингэснээр үр тариа удаан хугацаанд асуудалгүй хадгалагддаг байна.

Хогийн ургамал цэвэрлэх робот      
Германы BOSCH компани тариалангийн талбайг хогийн ургамлаас цэвэрлэх, тарьж байгаа ургамлын ургалтын байдлыг тодорхойлдог робот бүтээсэн байна. Энэхүү робот нь 2 метр өндөртэй, тариалангийн талбайн мөр хооронд явах зориулалт бүхий 4 дугуйтай, дугуй бүр нь бүтэн эргэж уян хатан хөдөлгөөн хийх чадвартай аж. Тодруулбал, Роботын дотор суулгасан камер болон өөрөө суралцах боломжтой программын ачаар хогийн ургамлыг таньж тасдаж устгах чадвартай юм байна. Ингэхдээ хажууд нь ургаж байгаа ургамалд хор нөлөө үзүүлэхгүй мөн хөрсийг хамгийн багаар хөндөж маш нарийвчлалтайгаар хогийн ургамалыг тасддаг аж. Мөн бусад мэдрэгчүүдийнхээ тусламжтайгаар тариалангийн ургалтын явц, 80 см хүртэлх хөрсний чийгшил, нягт зэргийг тодорхойлж чаддаг байна. Эдгээр мэдээлэлд үндэслэн тариалан эрхлэгч талбайнхаа тухай нарийвчилсан мэдээлэлтэй болж аль хэсгийг илүү услах, бордох зэргээ шийдэх боломжтой болж байгаа юм байна.

Энэ мэтчилэн ургамал хамгааллын чиглэлээр дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа шинэ техник, тенхологийг өөрийн оронд нэвтрүүлснээр дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд энэ чиглэлд төр засаг, мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй байгаа юм.

 

 

Ургамал хамгааллын асуудал
Зургийн эх сурвалж: mminfo.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ургамал хамгааллын асуудал
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох