МЭДЭЭ НЭМЭХ  

“Болор цом” наадмын хамгийн хамгийн...

  • 4,740 уншсан
  • 1
  • 2015/12/29

Найман настай балчраас наянтай, ерэнтэй өвгөд мэргэдээ хүртэл амнаасаа алтны үртэс унагаж, найргаар сэцэлдэг ард түмэн дэлхийд нэн ховордсон гэлцдэг. Эзэн Чингис хааныхаа үеэс элчийн аманд эмээлийн дуу бариулж ирсэн монгол түмний хайртай наадам бол МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом”. Утга уянгын энэ их наадмыг 1983 онд  Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүхтэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн найрагчид болж, тэр цагаас хойш ард түмний сэтгэлд хоногшсон олон арван найрагч төрөн гарчээ. “Болор цом” наадмын сонин хачныг “хамгийн хамгийн” болгон шалгаруулвал инээдтэй, нулимстай янз янзын дүр төрх харагддаг. Хүний хорвоогийн л нэгэн үйл юм чинь алагтай булагтай ч байлгүй яах вэ гээд зарим нэг содон явдлуудаас дурдъя.

Хамгийн анх яруу найрагч Д. Пүрэвдорж агсан өөрийн зохиосон наадамд өөрөө түрүүлсэн нь өнөөгийнхөөр бол улсын аварга бөх нэрэмжит наадамдаа ам аван барилдсаар түрүүлсэнтэй агаар нэгэн буй. Янжинлхамын эгшиглэнт найрагчаар Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол (1984, 1993, 1997), Бавуугийн Лхагвасүрэн (1985, 1992, 1998) нар гурав гурван удаа тодорч уг наадмын түрүүг хамгийн олон хүртэн дархан аваргын зиндааг дархалжээ.

Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн яруу найрагч Цэндийн Чимэддорж орно. “Болор цом” эхэлж байхад Чимэддорж найрагч “Малчин” шүлгээ бичин гал тогооны өрөөнд өөрийгөө түгжчихээд гарч ирэхгүй гэргий Мөнхтуяагаа хөөрхөн зовоосон гэдэг.

Цоодолын Хулан 1994, 2010 онуудад, Лхагвасүрэнгийн Хасар 2008 онд тус тус түрүүлсэн нь 2 айл “Болор цом” наадмын 9 түрүү авсан содон тохиолдол байлаа.

Түүнчлэн Д. Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгүүдээрээ дараалан хоёр жил түрүүлсэн цорын ганц найрагчаар тодроод байна. Бас тэрээр “Болор цом”-ын хамгийн их өөрчлөгдсөн найрагч хэмээн үргэлж яригдаж байдаг. “Анх ямар охин ирж байлаа даа. Тэгсэн одоо хар даа, ямар сайхан гунхсан цагаан бүсгүй болоо вэ” гэсэн уулга алдалтыг тэр байнга дагуулна.

Яруу найргийн эл наадамд хамгийн олон жил (19 жил) уралдаж, цомын эзэн болсон хүн бол Дамдинсүрэнгийн Урианхай найрагч.  

“Болор цом”-ын түүхэнд үзэгчдийг хамгийн их шуугиулсан мөртлөө цом гардаж чаддаггүй, азгүй ч гэмээр яруу найрагч бол Говь-Алтайн Хар азаргын нурууны унага Мөнхөөгийн Билигсайхан. “Хүргэнтэй болох гэж байгаа нь тэрээ...” гэсэн “Гэгээн Монгол” шүлгийг нь сонссон яруу найрагч О. Дашбалбар агсан “Аргал хомоол бичсэн хөдөөний бүдүүлэг залуу яруу найргийн гоо сайхныг гутааж байна” гэж хатуухан шүүмжилж байсан ч мань эр огт тоолгүй “ Дээл гэдэг сайхан хувцас, дэрлээд унтахад дэр болдог, дэвсээд хэвтэхэд гудас болдог” гэх мэтээр авч өгнө.

Ер нь жил жилийн наадмаар аз, эзийн шоо альхан тийшээ буухыг хэн ч таашгүй байдаг. Тэр жил СГЗ Шагдарсүрэнгийн Гүрбазар “Би 25 жил “Болор цом”-д орлоо. Одоо зодог тайллаа” гэж нулимстай шүлэг дуудаад буугаад явчихсан.

Харин “Тэмээ”, “Эхийн сэтгэл” шүлгүүдээ найргийн тайзнаас олон түмэндээ толилуулж байсан Ардын яруу найрагч Пунцагийн Бадарч “Би энэ жил цомд Цоодолыгоо уруу татаж орно. Тэр жил би зодог тайлсан болохоос шуудаг тайлаагүй" гэж байсан нь бас бодох л үг.

“Болор цом”-ыг хамгийн олон жил түмэндээ хүргэсэн далай даян, дархан хөтлөгчөөр буурал Бадарч найрагч, нэвтрүүлэгч Бямбаа хоёр тодорч байна.

“Болор цом” наадмын эргэн тойрон байлдааны талбар шиг үргэлж л халуун мэдээ мэдээллээр дүүрэн байдаг.

“Болор цом”-д уначихаад хамгийн удаан буюу 50 минут уйлсан хүн бол Завханы Их-Уулын Базарсадын Баттулга.

Наадмын дараа хамгийн их хүндэтгэлд умбасан тэргүүн цомтноор Ховд аймгийн Дуут сумын уугуул, Урианхайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар шалгарах магадлал маш өндөр. Тэрээр “Хүмүүс баяр хүргэсээр, гурван ч удаа утас улайсгаж шатаалаа...” хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Хамгийн их аж ахуйн менежмент хийсэн найрагчаар Хөвсгөлийн хүү Дархад Баттөрийн Мягмаржав тодрох магадлалтай. Тэрээр “Над шиг гэр хороололд байхдаа цом гардсан найрагч үгүй” гэсэн ярилцлага өгч удалгүй тоосго шиг зузаан түүвэр нь хэвлэгдсэн байдаг.

Үзэгчдийн суудлаас тайзан дээрх найрагчийг шүүмжилсэн тохиолдол нэг бус удаа гарсан. АУЗ Дөнгөтийн Цоодолыг “Элчин Самбуу” шүлгээ уншиж байхад МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн “Самбуутай шүлэг гэж юу байсан юм бэ?” гэж хашгирсан явдал бий. Цоодол найрагч шүлгээ аанайхан уншиж байснаа нүдний шилэн дээгүүрээ тоомжиргүй харж “Мягаа л байна даа, Мягаа байна” гэсэн нь үзэгч олонд “Байдаг л нэг согтуу найрагч” гэсэн ойлголтыг төрүүлж, өөрийнхөө шүлгийг сатааралгүй сонсгох боломж олгосон гэгддэг.

Дараа дараагийн даваанд тэнцэлгүй унахаас гадна тайзнаасаа унасан тохиолдол ч гарч байв. Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж агсан “Үхэр Монголын уур хилэн” шүлгээ дуудаж байгаад хөгжимчдийн суудаг яам руу унахад хөтлөгч Бямбаа “Найрагч маань хаачив аа?” хэмээн үзэгчдээс сурагласан удаатай.

Тайзан дээр хамгийн удаан нойрсогчоор Д. Энхболдбаатар найрагч шалгарахаар болсон байгаа. Дарханд болсон наадам дээр хөтлөгч нэрийг нь дуудаад байхад ч огт сонсолгүй үнэгчлэн нойрссоор байсныг Ү. Хүрэлбаатар шүүгч баталдаг.

Харин “Болор цом”-ын хамгийн зоригтой болоод бүдүүн зүрхтэй найрагчаар зураач, яруу найрагч Мягмарын Амархүү нэрлэгдэх нь гарцаагүй. Тэрээр “Ерөнхийлөгчийн эхнэртэй загас наадуулмаар байгаа”-гаа шүлгээр илэрхийлэн хайр зарлаж, бас хайр нь үзэн ядалт болон хувирч үзэгчдийг “Хар малууд аа!” гэж хашгичсан гашуун түүх байдаг.

“Болор цом” наадам анх зохиогдож цомын эзэн тодроход яруу найрагч Базарын Цэдэндамбаа гуай “Болор цом, болор цом л гэнэ. Боржоом хийдэг стакан л байна шүү дээ” гэж хэрдээ агсарсан хөөрхөн шог байна. “Болор цом” наадамд СГЗ И. Цэрэнжамц, яруу найрагч Ц. Чимэддорж, Ж. Сарантуяа, Б. Ойдов нар хамгийн олон жил элэглэл уншсан байдаг.

Эх сурвалж: Л. Батцэнгэл. “Өдрийн сонин”

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Болор цом” наадмын хамгийн хамгийн...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2016/09/06
    Дурсамжтай сайхан түүх байна баярлалаа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох