МЭДЭЭ НЭМЭХ  

Агуу жазз дуучин Кэнни Вашингтоныг Монголд сонсох ховорхон боломж!

  • 1,220 уншсан
  • 0
  • 1 сар

Гайхамшигтай уянгалаг хоолойгоороо сонсогчдын сэтгэл зүрхийг байлдан дагуулж чаддаг дуучин Кэнни Вашингтон АНУ-ын Луизианна мужийн Нью Орлиэнс хотод 1956 оны 12дугаар сарын 9-нд айлын бага хүү болон төржээ. Өөрийнх нь хэлснээр, дуучин болсон нь түүний хувьд сонголт биш, хувь тавилан нь байсан юм. Түүний төрсөн газар болох жаззын өлгий нутаг гэгддэг Нью Орлиэнс төдийгүй, гэр бүл, эцэг эх нь түүнд дуу хөгжмийг уух ус, амьсгалах агаар мэт мэдрүүлж өсгөсөн. Хүүхэд байхдаа ээж аавынхаа дуулдаг Наинтф Уард сүмийн найрал дууны хамтлагт дуулдаг байсан бөгөөд сургуульд ормогцоо сургуулийн хөгжмийн хамтлагт дуучин мөн саксафон хөгжимчний үүргийг гүйцэтгэх болжээ. Ахлах сургуулиа төгсөөд Зэивиэр Их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцсан. Их сургуульд суралцаж байх хугацаандаа уламжлалт болон орчин үеийн жаззаас авахуулаад сонгодог хөгжим, хэмнэл ба блүз (R&B), поп гээд хөгжмийн олон төрлүүдийн талаар асар өргөн хүрээний мэдлэгийг олж авсан байдаг.

1986 оноос Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүндэт хамтлагт орсноор Нэгдсэн Улсдаа төдийгүй Орос, Австрали болон Ази тивийн улсуудаар аялан тоглолтоо хийж эхэлжээ. Есөн жилийн турш Тэнгисийн цэргийн хамтлагт тоглосны эцэст, тэрээр Сэн Фрэнцискогийн Бэи Эриад суурьшсан. Ингээд Кэнни алдартай жазз уран бүтээлчидтэй хамтран, томоохон жазз клубуудэд тоглож, бичлэгийн студид дуугаа бичүүлэх болсон. Түүний дуулдаг олон газруудын нэг нь Сэн Фрэнцискогийн, дэлхий дахинаа нэр нь танигдсан Марк Хопкинсийн олон улсын сүлжээ зочид буудлын “Top of the Mark” цэнгээний газар юм. Энэ алдартай газарт тэрээр найман жилийн туршид дуулжээ.

Хэрэв та энэ Нью Орлиэнсийн дуучны дуулахыг өмнө нь сонсч байгаагүй бол бэлтгэлтэй байгаарай, та түүний ур чадварыг гайхан биширнэ.

Кэнни бол жинхэнэ гарамгай жазз дуулаач юм. Элла Фицжэралд, Сэра Воонн нарын сонгодог арга барил, Стиви Уондэр, Донни Хэдэвэи нарын итгэл төрүүлэм уянгалаг дуу хоолой гээд тэдний дуулаачын өвөрмөц чадвар бүхнийг өөртөө шингээсэн энэ дуучин ур чадвар, арга барилаараа, дөрвөн октавын цараатай хоолойгоороо бусдаас онцгойрдог . Түүний шингэн, уянгалаг хоолой, ар араасаа урсан гарч сэтгэл догдлуулах скэт /үггүй/ дуулалт, саксафоны гоцлолын араас аялгуулан, шинэхэн дугаралт бий болгох мэдрэмж, төгөлдөр хуурын хамсраагүй ч дууны өнгөө яг таг нарийн тод авах чадвар зэргийг нь баллад буюу уянгын дууг нь сонссоноор улам илүү мэдэрч болно. Хоолойны цараа нь хязгааргүй мэт хүссэн газраа дүүлэн хүрдэг.

Кэнни багадаа сүмийн найрал дуу дуулдаг байсан нь блүзийг жаззаас дутахааргүй чадварлаг дуулахад нь нөлөөлсөн. Дуу хөгжмийн сайхныг мэдэрдэг хүн бүр түүний дуулахыг сонсох ёстой юм.

Гаргасан цомгуудынх нь “Kenny Washington: LIVE at Anna's Jazz Island” /2008/ цомог нь түүний гаргасан цорын ганц бие даасан цомог юм.

“Still Dancin'”, “The Long And The Short Of It”, “New Beginnings” /2014/ цомгуудаа саксафонч Маикл Өүнэилстэй хамтран Жаззмо Рэкордст бичүүлсэн.


Түүний тухай агуу жазз саксафонч Жоон Көүлтрэйний хүү Раави Көүлтрэйнь ярихдаа “Кэнни бол миний хамгийн их хүндэлж явдаг, хамгийн дуртай эрэгтэй дуучин” гэж ярьсан байдаг бөгөөд Америкийн зургаан удаагийн Грэммийн шагналт домогт жазз дуучин Маарк Мөрфи “Жазз Таимс” сонинд өгсөн ярилцлагадаа түүний талаар, “Кенни Вашингтон бол жаззын уламжлалт хэв маягийг авч үлдсэн орчин үеийн цорын ганц эрэгтэй дуучин” гэсэн байдаг.

Мөн Ийст Бэи Экспрэсс сэтгүүлийн хөгжмийн тоймч, судлаач Эндрью Гийлбэрт: “Тэр хаана ч, хэзээ ч дуулахдаа үргэлж хамгийн сайнаар дуулдаг. Зүгээр л “болгож тавьдаг”. Ердөө 1м55см өндөртэй энэ хүний авьяас чадал нь биедээ багтамгүй их. Түүний, бибоп саксафончны гармони болон хэмнэлд тохируулан скэт дуулах тэр асар өндөр ур чадвар, Донни Хэдэвэйнх шиг аажим аажмаар зүрх сэтгэлийг догдлуулан булгилуулах тэр уянгалаг намуун дуу хоолой, оюун ухаан болон сэтгэл хөдлөлийг нарийн хослуулах энэ бүх авьяасыг нь бахдан суухад хэдэн цаг болж буйг ч анзааралгүй өнгөрсөн байдаг” гэж бичсэн нь түүнийг ямар хэмжээний дуучин болохыг тодорхойлж буй хэрэг билээ.

51 насандаа өөрийн анхны бие даасан цомгийг бичүүлсэн тэрээр ярилцлагадаа “Энэ бүхэн нилээд хожуу болж байгааг мэдэж байна аа. Учир нь би хэзээ ч өөрийнхөө дэмжигч, сурталчлагч нь байгаагүй юм” гэсэн нь түүний ичихий бүрэг зантай нь холбоотой. Энэ талаар нь тодруулахад “Олны өмнө байнга гардаг хүн бол хүчирхэг, ширүүн байх ёстой байдаг байх. Гэвч би тийм биш, би чинь Өмнөдөөс гаралтай, хэнэггүй талдаа, бас хэн нэгнийг залхаахыг хүсдэггүй юм” гэжээ. Тэр бол маш даруухан хэрнээ очир эрдэнэ мэт ховор авьяастай хүн.

Түүнтэй ярилцахад энгийн даруу байдал, агуу их авьяас хоёр яг таг хослодог мэт санагдсан.

Дуу хөгжмийн гайхамшгийг мэдэрдэг хүн бүр түүний тоглолтыг бүү алдаарай, энэ бол үнэхээр ховор боломж, зүгээр л нүдээ аниад түүний дуу хоолойг мэдэр!

Сан Франциско /Калифорниа муж, АНУ/ хотын он тооллын бичигт “Тэнгисийн эргийн жаззын тaйзан дээрх Сүпэрмээнь” гэж нэрлэгдсэн Кэнни Вашингтон бол гал дөл мэт дүрэлзэх скэт дуулалтаараа, сэтгэл зүрхнээс нь ундран гарах уянгалаг хоолойгоороо, хэмжээ хязгааргүй мэт дуулах хоолойн цараагаараа ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг жаззын гарамгай мастер юм.

Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 2016 оны 10дугаар сарын 21-ний өдрийн 19.30 цагаас болох жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтоор уулзацгаая!


Бэлтгэсэн Э.Цолмонгэрэл /ЖаззЛаб агентлаг/

Kenny Washington

Агуу жазз дуучин Кэнни Вашингтоныг Монголд сонсох ховорхон боломж!
Эх сурвалж: http://www.kennywashingtonvocalist.com/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Агуу жазз дуучин Кэнни Вашингтоныг Монголд сонсох ховорхон боломж!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох