МЭДЭЭ НЭМЭХ  

Хүн сүргийн уналт

  • 4,481 уншсан
  • 0
  • 2017/03/09

Манай иргэдийн нэг хэсэг болсон цэнхэр, ногоон тасалбарын үед бид капитализмыг алгасаж социализм байгуулах гэж хэрэндээ л хичээсэн дээ. Анчинд хөөгдсөн үнэг гүвээ даваад мартдагийн адилаар шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө мартаад даруй 70 гаруй жилийг үдэж, ардчилсан хувьсгалаар энэхүү эрдэнээ олж авлаа. Гэсэн хэдий ч бидний ихэнх юу шүтэж эхлэв ээ.

Үндэсний баяр “Цагаан сар”-ыг угтахаар хаа хаанаа гүйлдэлдэх цаг мөч дор сонин хэвлэлүүдээр “Монголчуудыг бөхийн өргөөнд саранд мөнгө далладаг болж...” гэх гарчиг хадагдах болсон. Энэхүү үйл ажиллагааг Монгол Аура төвийн тэргүүн Б.Сарандаваа удирдан зохион байгуулдаг бөгөөд энэ жил ч бас болохоор товоо гаргаад байгаа юм.

Сарандаваа гэдэг хүн үнэхээр энерги сайтайдаа юу эсвэл үзэгчид мэдлэг боловсрол муутайдаа ирдэг үү гэсэн асуултууд олны дунд газар аваад байна.

Тус үйл явдлыг үнэнхүү өмөөрөх нэг хэсэг байна, үнэнхүү хавчин гадуурхах хэсэг ч байна. Би энэ хоёр урсгалын аль нэгэн талыг барихыг, эсхүл үүнийг уншигч авхай таныг аль нэгэн талд орохыг уриалаагүй болно. Сарандаваа гэдэг хүн үнэхээр энерги сайтайдаа юу эсвэл үзэгчид мэдлэг боловсрол муутайдаа ирдэг үү гэсэн асуултууд олны дунд газар аваад байна.

Тэрээр өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа 278 мянган хүн үзүүлээд байгаа тухай хэлжээ. Энэ бол зөвхөн тус төвд үзүүлсэн хүмүүсийн тоо бөгөөд 8 жилийн хугацаад зохион байгуулдаг цэнгүүн, лекцэнд оролцогсдын тоог оролцуулан авч үзэх аваас Баабарынхаар монголчуудын  “дийлэнх”-ийн сэтгэл зүй, оюун санаа түүнд чиглэдэг гэж үзэж болох нь. Тэдний дийлэнх нь дунд боловсролын түвшин, орлогын хэмжээ, амьжиргааны байдал зэргээрээ хоорондоо ялгаа бүхий хүмүүс байгаа билээ. Гэтэл тэдгээр хүмүүс юуны  тулд түрийвчээ гаргаж саранд даллах зэрэг зарим болчимгүй үйлдлийг ухамсраараа хийж байгаад зарим судлаач шүүмжлэлтэй ханддаг.  

Тухайн зан үйлийг нэгээс нөгөөд даган дууриах байдлаар дийлэнхийн дуулгавартай байдлыг бий болгож байгаа юм.

Эдгээр үйлдэл нь дан ганц хүний ухамсартай холбоо бүхий биш юм. Энэ нь бидний дадал зуршил, байгалийн амьтанлаг чанарын нэг илрэл байж болох юм. Тухайлбал, хэн нэгнийг эвшээхэд түүнийг харж байсан өөр нэгэн даган эвшээдгийг та анзаарсан уу? Хачирхалтай нь энэ үйлдлийг амьтан ч мөн адил хийдэг. Тэгэхээр тухайн зан үйлийг нэгээс нөгөөд даган дууриах байдлаар дийлэнхийн дуулгавартай байдлыг бий болгож байгаа юм.

Дараагийн дугаарт тэдгээр дуулгавартай үйлдлээрээ хүмүүс сүсэг бишрэлээ бий болгож байдаг. Энэ нь ямарваа нэгэн далдын хүчинд итгэж, түүндээ итгэл үнэмшлийг бий болгох байдал юм. Гэсэн хэдий ч энэ нь тухайн зүйлийг бүхэлд ойлгож ухаарсандаа бий болдог шашны шүтлэг бус мухар сүсэг юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө тухайн зүйлд хүчээр итгүүлэх байдал юм. Хүн сүргийн амьдрах хэв маягтай Шинэ Гвинейн уугуулчууд овгийн тодорхой тооны хүмүүс нас барахад уулын хүмүүс алив  нэгэн дом, хараал, жатга хийсэн мэтээр сэтгэж, тэдэнтэй үхэх сэхэхээ үздэг байж. Мөн үхлийн тохиол нэмэгдэх тутам хэн нэгэн өөр нэг далдын зүйл буюу бурууг бусдаас эрж хайж байсан гэдэг. Ерөөс хүн үйл явдлын учрыг бодож, хужрыг тунгаахаасаа илүүтэй хялбар арга замыг эрж хайх нь илүү амар ч байж болох юм.

Саранд сэвээд сүргийн удирдагч мөнгөтэй болж байгаагаас цааш үгүйсгээд яахав.

Үүн лугаа адил мөнгийг хөдөлмөрийн хүчин чармайлтаар олохоос илүүтэй саранд сэвчүүл ороод ирнэ гэж итгэх нь илүү дээр ч юм шиг. Саранд сэвээд сүргийн удирдагч мөнгөтэй болж байгаагаас цааш үгүйсгээд яахав.

Дээрх хоёр шалтгаанаар нөхцөлдөж буй нэг чухал хүчин зүйл нь олон түмний сэтгэл зүйн асуудал билээ. “Үймж сандралдсан олны дунд орсон хүн соёл иргэншлийн шатаар хэдэн гишгүүр урууддаг ба түүнийг яаж ч удирдахад амархан болчихдог” хэмээн Густав Лебон хэлжээ. Олны дунд ороод тэдний сэтгэл зүйн байдалд уусахгүй байх амаргүй, бараг боломжгүй. Жишээ нь, хүмүүс алиа хошин зүйл ярьчихаад инээлдэж байх агшинд өрөөнд орох тохиолдол таны амьдралд ганц удаа ч болов тохиолдож байсан байх. Тэгэхэд та тэр шог яриаг сонсоогүй хирнээ тэрхүү нийтийн инээд хөөрт автан бүгдтэй хамт инээдэг. Үүн лугаа адил Б.Сарандаваагийн лекцэнд сууж буй үзэгчид ч ойлгоогүй байсан хэдий ч олны сэтгэл зүйд автаж дийлэнхид уусдаг байх нь. Олон нийтийн зохион байгуулалтгүй, гэнэтийн зан байдлын сэтгэл зүйгээр мэргэшсэн сэтгэл судлаач, профессор Акоп Назеретяны үзэж байгаагаар иймэрхүү хариу үйлдэл нь нэг дор цугларсан бүлэг хүмүүс “хүн сүрэг” болох шалтгаан болдог гэжээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн сэтгэл зүй нэг нэгэндээ тархаж уусдаг.

Сарандаваа тэргүүтэй дийлэнхийн бодол санааг удирдан жолоодогчид “ийм” байдлаар бусдыг бусдадаа нөлөөлүүлэх замаар заал дүүрэн хэдэн мянган хүнд итгэл үнэмшил бий болгон залж чаддаг байна.

Энэ нь баяр хөөр төдийгүй уйтгар гуниг, тэрчлэн сэтгэл хөдлөлийн илүү сөрөг илрэл болох айдас түгшүүр уур хилэн ч дээрх маягаар дамжиж болдог аж. Сэтгэл хөдлөл ингэж тархах нь тухайн үедээ хувь хүний ялгааг арилгадаг. Ийм нөхцөлд хувь хүний хуримтлуулсан мэдлэг, туршлага, хувийн онцлог зэрэг хүчин зүйлсийн үүрэг ач холбогдол буурч, хүн нийтийн уур амьсгалд хөтлөгдөн, үзэгдэл, юмсыг “бусадтай адилаар” хүлээн авч, ханддаг болдог. Тиймээс Сарандаваа тэргүүтэй дийлэнхийн бодол санааг удирдан жолоодогчид “ийм” байдлаар бусдыг бусдадаа нөлөөлүүлэх замаар заал дүүрэн хэдэн мянган хүнд итгэл үнэмшил бий болгон залж чаддаг байна.

Ийнхүү хүн сүрэгт байхдаа буюу олны дунд байх зуурт өөрөөрөө байж чаддаггүй, олны сэтгэл зүй хувирах асуудал хормын төдийхөнд бий болж байдаг. Хэдий ухаалаг нэгэн байлаа ч тэр дийлэнхийн сэтгэл хөдлөлд автаж, хувь хүн чанараа гээдэг. Дийлэнх бол хүн сүргийн гол хүчин. Үзэгчдийн дийлэнхийн үзэл бодол, итгэл үнэмшил хялбараас салах аваас дийлэнхэд ухралт бус, дэвшил явагдах буй заа. Одоогийн байдлаар монголчуудын маань дийлэнх энэ мэтчилэн хялбар амрыг эрэн, төр засаг халамжийн байгууллага болж, зарим нэг сүйхээтэй хэд нь тэдний хэрэгцээн дээр тулгуурлаж лекц унших байдлаар амьдрал үргэлжилсээр л...

                                                                                                                                                     Ү.Дөлгөөн

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүн сүргийн уналт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох