МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн нууцлаг объектууд II

  • 6,570 уншсан
  • 2
  • 2014/07/31

Бид сансарт нисэж, тэнгэр баганадсан өндөр барилга барьж, амьд эс бүтээж, ер нь саяхныг хүртэл боломжгүй мэт санагдаж байсан олон зүйлийг хийж чаддаг болсон ч хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан сэтгэгчид, барилгачдын үлдээсэн оньсогыг тайлж чадаагүй л байна. Хэдэн зуун тонн жинтэй эртний чулуу гарын алганд багтах компьютерээс илүү гайхашрал төрүүлж байх шив дээ.

 

«Рептилоидын» хөшөөнүүд, Францын Полинез, Нуку-Хива арал

Эдгээр хөшөөнүүдийг харахад юуны өмнө харь гарагийн хүмүүс санаанд орно. Тэд янз бүр: зарим нь том амтай гүрвэлтэй төсөөтэй, зарим нь жижиг биедээ ахадсан том толгойтой, бүлтгэр нүдтэй байдаг. Гэхдээ ууртай догшин төрхөөрөө адил гэнэ. Эд харь гарагийн гийчдийн дүрс, баг зүүсэн тахилчдын аль нь болох нь тодорхойгүй. Хөшөөнүүдийг МЭӨ II мянганд бүтээгдсэн гэж үздэг. 


Ёнагуни пирамид, Япон, Рюкю бүлэг арал

Усан дор 5-40 метрийн гүнд байрласан аварга том чулуун тавцан, багануудаас бүрдсэн дурсгалын цогцолборыг 1986 онд нээжээ. Эдгээрийн хамгийн том нь пирамид хэлбэртэй гэнэ. Түүнээс холгүй үзэгчдийн шаталсан суудалтай үзмэрийн газар мэт дугуй талбай байна. Нэг объект Пасха арлын хөшөөг санагдуулам аварга толгой шиг харагддаг гэнэ. 


Гозекийн тойрог, Герман, Гозек

Энэ төвлөрсөн шуудуу, модон хашааны тойрог систем нь МЭӨ 5000-4800 онд баригдсан байх магадлалтай. Одоогоор сэргээн засварлагдсан энэ байгууламж нарны хуанли болон хэрэглэгдэж байсан байж болох юм. 


Их Зимбабве, Зимбабве, Масвинго

Өмнөд Африкийн хамгийн эртний, хамгийн том чулуун байгууламж нь 11-р зууны үеэс эхлэн баригдсан боловч тодорхойгүй шалтгаанаар 15-р зуунд хаягджээ. 11 метрийн өндөртэй, 250 метр урт энэ барилга хуурай давхарлагааны аргаар өрөгдсөн гэнэ. Энэ сууринд 18 000 орчим хүн амьдарч байсан гэж үздэг. 


Делийн багана, Энэтхэг, Нью-Дели

7 метр өндөр, 6 тонн жинтэй төмөр багана бол Кутб-Минар гэдэг уран барилгын цогцолборын нэг хэсэг юм. Чандрагупта II хааны дурсгалд зориулж 415 онд босгосон гэдэг. Энэ 100% төмрөөр хийсэн багана өдий хугацааны дотор зэвэнд огт идэгддэггүй нь тун гайхалтай. Эрдэмтэд эртний уран дархчуудын онцгой чадвар болон нууц технолог, цаг агаарын хуурайшил, тусгай тосон түрхлэг гэх мэт олон хувилбараар тайлбарлахыг оролдож буй ч амжилтанд хүрээгүй байна. 


Наскагийн сүг зураг, Перу, Наска

Өндрөөс харвал 47-метрийн аалз, 93-метрийн колибр шувуу, 134-метрийн бүргэд, гүрвэл, матар, могой болон бусад хүн дүрст амьтны зураг нэг гараар, нэг стилээр зурагдсан мэт харагддаг. Үнэн хэрэгтээ эдгээр нь V-VII зуунд янз бүрийн цаг үед хийгдсэн 50 см гүн, 135 см өргөнтэй суваг юм байна. 


Набтын одон орны оргил, Нуби, Сахар

Ширгэсэн нуурын дэргэдэх элсэнд манай гарагийн хамгийн эртний, Стоунхенжаас 1000 жилийн өмнөх одон орон судлалын дурсгал оршин байдаг. Түүгээр зуны нар буцах өдрийг тогтоож болдог. Нуур устай байхад хүмүүс үе үе ирж суурьшдаг байсан бололтой. Иймээс л тэдэнд хуанли хэрэгтэй байж гэж эрдэмтэд үзэж байна. 


Антикиферын механизм, Грек, Антикифер

МЭӨ 100 онд Родосоос гараад живсэн хөлөг онгоц дээр циферблат, араа, заагч сум бүхий механик төхөөрөмж байсныг 20-р зууны эхээр илрүүлжээ. Удаан хугацаанд судалсны дараа эрдэмтэд энэ төхөөрөмж одон орны зориулалттай болохыг тогтоож, түүгээр тэнгэрийн эрхсийг ажиглаж нарийн тооцоо хийх боломжтойг нь баталсан гэнэ.


Баальбекийн хавтангууд, Ливан

Римийн сүм хийдийн энэ цогцолбрын туурь МЭ I-II зуунд хамаарна. Гэхдээ римчүүд хоосон газар сүм босгоогүй байжээ. Юпитерийн сүмийн дор 300 тонн жинтэй бүр эртний чулуун хавтанууд оршин байдаг аж. Баруун талын ханан дор «трилитон» буюу 3 төрлийн шохойн чулуун блокноос бүрдсэн эгнээ бий. Тэдний нэг бүр нь 19 метр урттай, 4 метр өндөр, 800 тонн жинтэй гэнэ. Римийн техник ийм хүнд чулуунуудыг өргөж зөөвөрлөх ямар ч боломжгүй байсан. Мөн эндээс холгүй газар 1000 тонн жинтэй бас нэг блок хэдэн мянган жилийн нүүр үзэн хэвтэж байгаа гэнэ. 


Гёбекли-Тепе, Турк

Армяны уулан дахь хамгийн эртний энэ байгууламжийг МЭӨ X-IX зуунд хамруулж үздэг. Хүмүүс ан хийж, түүврийн аж ахуй эрхэлдэг байсан тэр цагт хэн ингэж амьтны дүрс сийлсэн аварга хөшөөнүүдийг дугуйруулан босгож чадав аа?

 

Ертөнцийн нууцлаг объектууд, Бермудын гурвалжны нууцыг тайлбарласан сонирхолтой онолууд, Алдагдсан домогт ертөнцүүд, Хүн төрөлхтөний түүхэн дэх 5 агуу нууц

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн нууцлаг объектууд II
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • kubune 2014/08/04
    sonirholtoi yuma :)

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/01
    (Y)

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох