МЭДЭЭ НЭМЭХ  

Сионган: Си Зиньпиний эрин үеийн жишиг хот

  • 171 уншсан
  • 0
  • 1 сар

Барилга байгууламжийн шийдэл, хэв маяг, оновчтой төлөвлөлт, шинжлэх ухааны ололтыг шингээсэн байдлаараа тухайн үеэсээ түрүүлсэн хотуудыг барьж байгуулан түүхэнд үлдсэн удирдагчид олон бий. Дээд Нилийн үржил шимт хөндийн “нүдийг нь олж” буун тухайн үедээ тасархай хөгжилтэй Аль Искандри балгадыг байгуулсан Македонын Александр, Европын хамгийн гоёмсог хот Санкт Петербургийг үндэслэсэн Оросын хаан Петрийг дурдаж болно. Ийм маягаар байгуулагдсан хот нь үндэслэгчийнхээ алдраар нэрлэгдэн эзнээ түүхэнд дуурсгасаар байдаг билээ. 

Шинэ хот эдийн засгийн биш, төрийн сүр хүчийг бэлгэдэх учиртай

Тэгвэл өмнөд хөршийн тавдугаар үеийн удирдагч Си Зиньпин өнөө цагийн дэлхийн хамгийн зөв төлөвлөлт, “ногоон технологи” бүхий орчин үеийн хотыг байгуулахаар ханцуй шамлаад байна. Бээжингээс баруун өмнө зүгт 100 км-т баригдах шинэ хотыг байгуулах ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд Хятадын хөгжлийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 19 тэрбум ам.доллар шилжүүлснээр бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн юм. Нэр өгөхдөө ч удирдагчийн нэрнээс албаар оруулсан мэт “Сионган” хэмээжээ. 

Засгийн эрхийг барих үедээ тодорхой нэг салбар, хотыг сонгон хөгжүүлж түүхэнд нэрээ үлдээх өрсөлдөөн Хятадын удирдагчдын дунд урьд өмнө ч байсан юм. Загасчдын жирийн тосгон Шеньженийг эрчим хүчний төв, хөгжингүй хот болгосон гавьяа Дэн Сяопинтой холбогддог бол Зянь Зэминь Шанхайн дагуул хот Пудуныг Хятадын санхүүгийн төв болгоход хүчин зүтгэлээ зориулсан байдаг. Си Зиньпин ч энэ жишгээр, өмнөх удирдлагуудтайгаа энэ зэрэгцэх, магадгүй илүү гарах амбийц өвөрлөн дэд бүтэц, байгаль орчинд ээлтэй байдлаараа дэлхийд жишиг болохуйц хотыг Бээжингийн ойролцоо босгох гэж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хятадын Коммунист намын Төв хороо, төрийн зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд гаргасан хамтарсан мэдэгдэлд “Сюнган нь Пудун, Шеньжений нэгэн адил үндэсний ач холбогдол бүхий хот байх болно” гэсэн өгүүлбэр байсан нь үүнийг гэрчилнэ. Барьж байгуулах хэлбэр нь ч олон талаараа Шеньжен, Пудунаас эрс ялгарна. Дэн Сяопин, Зян Зэминь нар бүтээн байгуулалтыг чөлөөт байдлаар өрнүүлж, бизнесийнхэнд орон зай гаргаж өгч байсан бөгөөд тэр ч утгаараа хотод жамаараа буй болсон зүйлс олон бий. Харин Си Зиньпин “Гайхалтай амар амгалан” (Mignificent peace) уриатайгаар баригдах Сионган хотдоо бүгдийг төрийн хатуу хяналтын дор бүтээж босгохоор зорьж байгаа нь сонирхолтой. Эндээс түүний илүү дутуу сул талгүй “төгс хот” байгуулахыг хэчнээн их хүсч байгааг мэдэрч болмоор. Түүний хүссэнээр, шинэ хот нь Хятадын эдийн засгийн боломж, бололцооны биш, харин төрийн хүч чадлын бэлгэ тэмдэг болох ёстой. Чухам тийм учраас л бүгдийг төрийн мөнгөөр хийхээр зориг шулууджээ. Өөрөөр хэлбэл, цаашдаа Сионганы бүтээн байгуулалттай холбоотой мэдээ, мэдээлэлд хөрөнгө оруулалт босгох гэх мэт яриа огт гарахгүй, харин төсвөөс тэдэн төгрөг хуваариллаа гэсэн өгүүлбэр л уншигдах нь байна. 

Хаана баригдах вэ

Бээжингийн төвөөс баруун өмнө зүгт 100 км, Сюнгсян, Рончэн, Анксин дүүргийн уулзвар, Байяан нуурын эрэгт төлөвлөгдсөн.

Хэр том бэ

Албан ёсны мэдээгээр бол эхлээд ойролцоогоор 100 км2 талбайд баригдана. Улмаар ойрын ирээдүйд хоёр дахин томруулж, алсдаа 2000 км2 газар нутагтай байхаар төлөвлөжээ.

Хот байгуулах газар сонгосныхоо дараа Си Зиньпин өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн биеэр очиж ёслолын ажиллагаа үйлдсэн бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ шинэ хотын үүргийг “Бээжин дэх хэт төвлөрлөөс үе шаттайгаар татгалзах, нийслэлээс хамааралгүй, орчин үеийн өндөр хөгжил бүхий хотуудын сүлжээг Бээжин-Тяньжин-Хэбэйн гурвалжин бүсэд байгуулах эхлэлийг тавьж, хүн амын хэт шигүү суурьшлыг задлах явдал юм” хэмээн тодорхойлсон байна.

Тэгэхээр, 2.5 сая хүн амьдран суухаар төлөвлөсөн энэхүү хотод яваандаа өндөр технологийн компаниуд, их сургуулиудаас гадна Бээжин дэх төрийн бүтцүүдийг хэсэгчлэн шилжүүлж ч магадгүй болжээ. Хотын хамрах талбай, хөрөнгө оруулалт өнөөдөртөө 100 км2, 19 тэрбум ам.доллар байгаа ч ойрын 15 жилд 290 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамрах хүрээ нь 2000 км2-д хүрнэ гэсэн таамгийг “Morgan Stanley” банк хийсэн юм. 

Си Зиньпиний мэдэгдлийн дараа хотод барилга байгууламж барих хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо борооны дараахь мөөг шиг олширч, шинэ бүсийн орчимд газрын үнэ ердийнхөөс гурав дахин өсөх нөхцөл бүрдсэн ч эрх баригчид төрийн оролцоотой эдийн засгийн тогтолцооныхоо давуу талыг харуулж, тухайн бүсэд газар худалдах, худалдан авах ажиллагааг тас хориглосон аж. 

Си Зиньпиний Сионганы талаар саяын хэлсэнтэй ижил мэдэгдлийг Д.Сяопин 1984 онд Шеньжений асуудлаар хийхэд бизнес сэтгэлгээтэй хүн бүр тэнд бууриа тэрлэхийг яаравчилж байв. Тэгвэл Сионганы хувьд байдал өөр. Тэнд ямар, ямар үйлдвэр, байгууллага байршуулахыг эрх баригчид шийднэ. Тэр ч байтугай оршин суугчдыг нь “дээрээс” сонгоно. Одоогоор амьдрах оршин суугчдын бүртгэл эхлээгүй, журам нь гараагүй. Үл хөдлөх хөрөнгийн наймааг хориглосон, Хятадын бусад бүс нутгаас хөрөнгө оруулалт татах нь мөн л хориотой. Нөгөө талаар Сионган нь бүтээн байгуулах арга хэлбэрээрээ Шеньжений яг эсрэг хувилбар боловч, санаачилсан удирдагчдынхаа хувьд улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг салбарт тавьсан зорилгоо зорилгоо турших бааз суурь болж байгаагаараа адил төстэй юм. 

“Маогийн эрин үе” төгссөний дараа Дэн Сяопин эдийн засагт эрс шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд Шеньжен энэ өөрчлөлтийг хийх лабораторийн үүрэг гүйцэтгэсэн юм. Хонконгтой ойрхон байрлалынхаа ачаар энэ хот Хятадын хувьд “Дэлхийг харах цонх” нь болж байлаа. Зян Зэминь Хятадын эдийн засгийг интеграцчилах үйл хэргийг нь үргэлжлүүлэхдээ мөн л туршилт хийх орон зайг дотооддоо бүрдүүлэх бодлого барьж байсан бөгөөд үр дүн нь одоогийн Пудун юм. Төр засгийн дэмжлэгт дулдуйдан өнөөгийн өнгө төрхөө олоход нь Зян Зэминий хичээл зүтгэл асар их байсан билээ. Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх тавцанд гарч ирэхэд энэ хоёр эрхэм, байгуулсан лаборатори-хотууд нь зохих үүргээ гүйцэтгэсэн. Харин тавдугаар үеийн удирдагч Си Зиньпиний хувьд эдийн засгийн өсөлтөө тогтворжуулахаас гадна эдийн засаг, нийгэмд төрийн хяналтыг илүү чангатгах, оновчтой болгох зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд Сионган бол энэхүү зорилтыг хэрэгжүүлэх нэгэн төрлийн лабораторийн үүрэг гүйцэтгэх нь маргаангүй.

Зорилго

Хамгийн орчин үеийн, хамгийн зөв төлөвлөлттэй жишиг хот болох. “Синьхуа” агентлагийн мэдээнд Сионган хотыг Хятадын хувьд 1980-аад оны Шеньжень, 90-ээд оны Пудун хоттой адил ач холбогдолтой хэмээн онцолж байна.

Сионган хотын долоон онцлог

Дэлхийн жишигт хүрсэн ногоон, орчин үеийн ухаалаг хот болно.

Уран зураг мэт гадаад орчин, цэнхэр тэнгэр, цэвэр агаар, цэнгэг устай хот байна.

Инновацийг дэмжиж, өсөлтийг хангахад үүрэг гүйцэтгэнэ.

Төрийн үйлчилгээ чанартай, дэд бүтэц сайтай, хотын удирдлагын шинэ чиг хандлагыг хэрэгжүүлэгч хот болно.

Хурдан, найдвартай, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглана.

Зах зээлийн хөгжлийг хангахын тулд шинэ арга механизмыг ашиглана.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ төв болж хөгжинө.

Хот байгуулах талаар төрөөс гаргасан баримт бичигт “Хөгжлийн шинэ загвар”, “Ухаалаг”, “Ногоон хөгжилтэй” гэсэн үгс олонтаа давтагдсан нь Сионганд явагдах “туршилт” цаашдаа үндэсний баялгийг юунд зарцуулбал зохистой вэ гэдэг асуултад ч хариулт өгөх ёстойг илтгэж байна.

Бээжин нь Хятадын түүхэн нийслэл, соёл урлаг, улс төр, эдийн засгийн төв мөн ч гэсэн хүн амын хэт төвлөрлөөс болоод олон, олон бэрхшээлийн цуглуулга болж хувирсан. Агаар, хөрсний бохирдол, үл хөдлөх хөрөнгийн тэнгэрт хадсан үнэ, дэд бүтэцийн байгууламжуудын даац хэтэрсэн зэрэг нь хотын өнгө үзэмж, иргэдийн амьдралын баталгааг эрсдэлд оруулж буй. Тэгвэл Сионганы хувьд анхнаасаа энэ бэрхшээлийг бодолцож хийгдэх тул өөр огт шинэ зүйл гарч ирэхгүй л бол дээр дурдсан бэрхшээлүүд огт гарахгүй гэдгээрээ онцлогтой. Эрх баригчид ч үүнд итгэл найдвар тавьж байна. Хятадын хойд мужийн хотууд цэвэр усны хомсдолд нэрвэгдсэн байхад Сионган энэ бүс нутгийнхаа цэвэр усны хамгийн том нөөц болох Байян нуурын ойролцоо байрласан гэх мэтээр анхнаасаа бүгдийг бодолцож хийхээр хичээж байгаа ажээ. 
Ийм том сэтгэж, далайцтай ажил өрнүүлснээрээ Си Зиньпин багагүй эрсдэлийг хүлээх нь мэдээж. Амжилтгүй болж гэмээ нь эдийн засгийн алдагдал гарахаас гадна улс орны нэр хүндтэй холбоотой асуудал босч ирэх нь ойлгомжтой. Харин амжилттай болж гэмээ нь Сионган хот хятадын төрийн сүр хүчний бэлгэ тэмдэг болж, одоохондоо Си даргын л цээжинд асч буй “Хятад мөрөөдөл” бүх ард иргэдийн зүрх сэтгэлд бадамлах нь зайлшгүй юм.

Эх сурвалж: Eagle.mn

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сионган: Си Зиньпиний эрин үеийн жишиг хот
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох