МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтад хэрхэн эвцэлддэг вэ?

  • 7,515 уншсан
  • 0
  • 2014/08/20

10. Хилэнцэт хорхой

Хилэнцэт хорхой нь бусад олон амьтдын адилаар хуримын бүжиг хийдэг ч хос хоёр буйдхан  байхыг эрмэлздэг тул нүд хужирлаад байдаггүй. Эрэгчин хорхой саргүй шөнөөр 20 минутын турш эмэгчингээ тойрон үсрэх мэт хөдөлгөөн хийж элдэвлэнэ. Эмэгчин нь түүнийг ажиглан цаашид юу болохыг хүлээх мэт байна. Цаг нь болмогц эрэгчин ойртон очиж “гараа сарвайхад” тэд үе хөлөөрөө орооцолдон бүтэн шөнийн турш “танго бүжиглэнэ”. Энэ бүжгийн үеэр эрэгчин газарт сперматофороо орхиж түүнийг нь эмэгчин биеэрээ “сорон авахад” дөхөм болгон чиглүүлэн дарж өгнө. Олон цагийн бүжиг болон “чанга тэврэлт” нь их л романтик санагдавч үнэн хэрэгтээ ижил төрлөө барьж идэх дуртай эмэгчиндээ илүү хөдөлгөөн хийх боломж олгохгүй гэсэндээ л тэр ажээ. 


9. Дууч шувууд

Эрэгчин нь хичнээн сайхан үүр барина, эхнэр олдох боломж төдий чинээ их. Эдгээр шувууд навч мөчир, чулуу мод, шавжны хатсан бүрхүүл, ер нь юу л олдоно түүгээр газар дээр үүр барьдаг. Үүрний гол хэсэг нь өвөрмөгц арк, туннелээс тогтоно. Үүр нэг төрлийн материалаар хийгдсэн байх нь чухал бололтой олон жижиг зүйлсийг дотор нь, томоохон зүйлсийг гадуур нь байрлуулсан байдаг. Эрэгчин маш их цаг зарж үүрээ барьдаг ч эмэгчин тоохгүй өнгөрөх нь элбэг. Харин туршлагатай ахмад шувууд энэ талд их хийморьтой байдаг ба хамгийн самбаатай нь олон тооны эмэгчний анхаарлыг татаж нэг улиралд хэдэн арван удаа эвцэлдэж чаддаг байна.


8. Ягаан тогоруу

Олон амьтад орооныхоо үеэр эвцэлдэх хэд хэдэн аргатай ч ягаан тогоруу бүгдийг давж жинхэнэ шоу үзүүлдэг байна. Тэд бөөнөөрөө цугларч, хүзүүгээ урт гэгч сунган, чээжээ түхийлгэж, өд сөдөө засан, толгойгоо эргэлдүүлж бүжиглэх мэт эргэлдэнэ. Ингээд өөрийнхөө хөдөлгөөнийг хамгийн сайн дууриасан нэгнийг сонгон авдаг байна.


7. Уутат суусар

Энэ бяцхан цоохор амьтад Австрали, Шинэ Гвиней, Тасманид амьдардаг. Харахад гэм хоргүй мэт санагдавч эвцэлдэх үедээ туйлын харгис авир гаргадаг гэнэ. Эрэгчин нь эмэгчнээ өвөрмөгц үнэрээр нь мөрдсөөр олж, элдвээр аргадсаар санаагаа ойлгуулдаг байна. Заримдаа эмэгчин нь маш хурднаар ухаарч хойд хөлөө өргөж өгдөг аж. Энэ үеэс л хамгийн сонирхолтой үйл явдал эхэлнэ дээ. Эрэгчин эмэгчний нуруун дээр үсрэн гарч хүзүүнээс нь зууран эргэлдэнэ. Маш их хүч гаргадаг учраас хэрэг явдал дууссаны дараа эмэгчний хүзүү хавдаж, нуруу нь хөх няц болж үлддэг байна. Энэ ажил нь 24 цаг үргэлжлэх удаа ч бий, тэгэхэд эмэгчин нь нүдээ анин, толгойгоо гудайлгаж огт хөдлөхгүйгээр тэвчдэг. Зарим үед эрэгчин хэт шунаснаас эмэгчин үхэх аюул гардаг гэнэ. Гэвч анхнаасаа “зөвшөөрөөгүй” эмэгчинг харгис, цусанд шуналтай эр шууд л алдаг байна. Инээдтэй нь, эрэгчингүүд аль болох олон удаа эвцэлдүүлэгт орох ухаангүй шуналдаа дийлдэн ядарч зүдрээд нүд аних тохиолдол маш элбэг гэнэ. Жилийн эцэст сүрэгт эмэгчин ба шинэ төрсөн зулзага л дийлэнх нь болж үлдэх тохиолдол олон гардаг ажээ.


6. Фугу загас

Эрэгчин загас атууг хуурч өөрийн болгодог гэнэ. Тэд далайн ёроолд элсээр ер бусын байгууламж барьдаг аж. Загас өөрөө 12 см-ийн урттай атал тэдний бүтээл заримдаа 2 метр гардаг гэнэ. Энэ цайзаа шүр, хясаагаар чимэглэхийг нь яана. Эмэгчинд үүр таалагдвал дотор нь түрсээ шахна.


5. Талын хулгана

Бүх мэрэгчид полигами буюу олон хостой байдаг атал талын хулгана нэг л хосыг сонгон авч түүнтэйгээ насан туршдаа хамт байдаг нь гайхалтай. Эмэгчин нь жилд 2-4 удаа хээл авна. Гэхдээ үе үе хосуудын аль нэг нь өөр хулганатай “жиг ургуулах” нь бий. Хэдий тийм ч тэд холбоогоо таслахгүйгээр нэг ноохойд амьдарч, үр зулзагаа хамтдаа өсгөдөг гэнэ. Эрдэмтэд үүнийг удаан хугацаагаар судалсны эцэст тэдэнд  окситоцин болон вазопрессины даавруудыг (сэтгэл татагдах  чанарыг ихэсгэх гормон ) ялгаруулах булчирхай олон тоогоор байдгийг тогтоожээ. Үүнийг ашиглан яагаад зарим хүн ханийн журмыг сахиж чаддаг байхад зарим нь чаддаггүйг мэдэж болох талтай аж.


4. Далайн морь

Тэд яг л хүн шиг, эхлээд болзохыг эрмэлздэг аж. Бие биедээ таалагдсан хосууд өглөө бүр уулзаж, сүүлээрээ хавиралдан зэрэгцэн хөвж, хайрын бүжиг хийцгээнэ. Хилэнцэт хорхойн бүжигтэй харьцуулахад үнэхээр романтик бөгөөд харсан хүн уярахгүй байхын аргагүй. Эцэст нь бүжиг дараагийн үе шат руу шилжиж, эмэгчин нь эрэгчний уутанд өндгөө шахна. Тиймээ, эрэгчин нь “жирэмсэлдэг”. Далайн морьхон төрмөгц үр удмаа заяа тавиланд нь даатган орхиод өөрөө шинэ хайраа хайн оддог.


3. Альбатрос шувуу

Эдний бэлгийн амьдрал ихээхэн сонирхолтой. Тэд эр эмээрээ хослон амьдарч, үр зулзагаа хамт өсгөдөг нь амьтны ертөнцөд ховорхон үзэгдэл юм. Биологчдын хуримын бүжиг гэж нэрлэдэг зүйл эдний хувьд тулаантай тун төстэй. Хос альбатросууд ихээхэн чимээ шуугиан гаргаж, хошуугаараа нудралцан, янз бүрийн тачигнасан дуу гаргаж, зүг бүр тийш найган ганхана. Харахад янагийн бүжигтэй адилгүй ч тэдэндээ яг хэрэгтэй зүйл нь байдаг бололтой. Харин нэг хосоо олоод авчихвал дахиж түүнтэйгээ “нялуурдаггүй” гэнэ. Зарим талаар хүнийг санагдуулж байгаа биз? 


2. Усны төөлүүр

Эд бол усан дээгүүр гүйх чадвартай шавж юм. Орооныхоо үеэр эрэгчин нь эмэгчнээ эргүүлж, анхаарлыг нь татах гэж сүйд болохгүй шулуухан үсрээд мордоод авна. Эмэгчин нэг бол хүслийг нь дагана, үгүй бол үхнэ. Хэрэв эмэгчин хүлээж авахгүй бол эрэгчин холдож очоод усны мандал дээр  долгио үүсгэж, махчнуудын анхаарлыг татан эмэгчинг тэдний хоол болгодог өөдгүй араншинтай амьтан аж. Харин хүлээж авбал бүх зүйл чимээ шуугиангүй, амар тайван болж өнгөрнө. Уг нь эмэгчин шавж амьдралдаа нэг л удаа эвцэлдүүлэгт орсон бол насан туршид нь хүрэлцэх үр тогтсон түрсийг нөөцлөн авч чаддаг юм байна. Гэхдээ тэртээ тэргүй хэцүүхэн амьдралаа бүр бэрх болгохыг хүсээгүй л бол эрийн аяыг дагахаас өөр аргагүйд хүрдэг аж.


1. Нядмар

  

Нядмар бол нэг төрлийн нялцгай биетэн бөгөөд биеэ гайхамшигтай далдалж чаддаг амьтан. Секунд хүрэхгүй хугацаанд өнгөө хувиргадаг чадвараа дайснаасаа зугтахад, мөн орооны үеэр өрсөлдөгчөө ялахад ашигладаг аж. Учир нь нэг эмэгчинд дунджаар 10 орчим эрэгчин ноогддог тул эрэгчнүүд ширүүн тэмцлийн үр дүнд хосоо олж авдаг байна. Сул дорой нэгэнд ямар ч боломж байхгүй мэт. Гэхдээ энэ тэмцэлд хүчтэй нь биш, ухаантай нь ялдаг аж. Эрэгчин өөрийнхөө илүү мөчийг нууж / түүгээрээ л эмэгчингээс ялгардаг гэнэ / эмэгчин мэт хувираад тэмцэлдэж буй эрчүүдийн дундуур чөлөөтэй нэвтэрч хүсэлт ханиа олж авдаг байна. Зарим эрэгчин эмэгчинд үнэн дүрээ харуулах боломжтойгоор зөвхөн тал биеэ л хувиргана. Харин өрсөлдөгчид бол “хатагтай нар” л харагддаг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтад хэрхэн эвцэлддэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох