МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн хачирхалтай зурагнуудын түүх, тайлбар

  • 15,054 уншсан
  • 1
  • 2014/08/26

Ер нь уран зураг өөрөө гайхалтай. Гэхдээ энд хамгийн их гайхаш төрүүлсэн, хачирхалтай зурагнуудыг үзүүлэх гэж байна. Гэхдээ энэ категорт эн тэргүүнд хамаарах Сальвадор Далийн зургийг хүн бүр мэдэх болохоор зориуд орхисон юм шүү.

«Хашгираан»

Эдвард Мунк. 1893 он.

Энэ зурагт 2 тайлбар байдаг: нэг бол гол баатар өөрөө айдаст автан орилж байгаа, эсвэл хүрээлэн байгаа орчноос гарсан ёрын чарлаанаас хамгаалж чихээ дарсан байгаа гэнэ. Мунк энэ зургийг сэтгэл гутралын өвчинд нэрвэгдээд байх үедээ 4 хувилбараар зурсан гэдэг. Эмчлүүлсний дараа тэр дахиж энэ зурганд ойртоогүй байна.  «Би 2 найзтайгаа замаар явж байлаа. Нар шингэхийн алдад тэнгэр цусан улаан өнгөтэй болж, би гэнэт ер бусын хүнд дарамтанд орж хөдөлж ч чадалгүй хашаа налан зогсов. Найзууд маань холдоод явчихсан, би ганцаараа хотын дээгүүр улалзах галын дөл, цусыг харж байх шиг санагдан хамаг бие минь дагжин чичирч, орчныг сүлбэсэн хашгирах дууг  мэдэрч билээ» гэж Эдвард Мунк хожим нь ярьжээ.


«Бид хаанаас ирсэн юм бэ? Бид хэн юм бэ? Бид хаашаа явж байгаа юм бэ?»

Поль Гоген. 1897-1898 он.

Гогены өөрийнх нь зааварласан ёсоор бол зургийг баруунаас нь зүүн тийш унших ёстой юм байна. Ингэвэл 3 бүлэг дүрс нь гарчгийн асуултанд хариу болох гэнэ. Хүүхэдтэй 3 эмэгтэй амьдралын эхлэлийг бэлгэдэж, дунд талын дүрс нь ид насны амьдралыг харуулжээ. Харин сүүлчийн хэсэгт харагдах “хадан гэр нь ойртсон”, үүнтэйгээ аль хэдийн эвлэрч, дурсан санахаас өөр юмгүй болсон хөгшин эмэгтэй, түүний хөлд байгаа ер бусын цагаан шувуу нь амьдралын төгсгөлийг үзүүлсэн байна.


«Герника»

Пабло Пикассо. 1937 он.

«Герника» нь үхэл, зовлон, хүчирхийлэл, харгислал, аргаа барсан байдлыг дүрсэлсэн боловч шалтгааныг нь харуулаагүй юм. Гэхдээ л ойлгогддог. 1937 онд немцийн сайн дурынхны Люфтваффе отряд Герника хотыг дайрч 6000 хүн амтай хотыг үнсэн товрог болгосон билээ. Пикассо энэ зургийг ганцхан сарын дотор зурж дууссан байна. 1940 онд түүнийг гестапо дуудаж зургийг харуулан «Энэ таны ажил уу?» гэж асуухад нь Пикассо: «Үгүй, та нарынх» гэж хариулсан гэдэг.


«Арнольфинийн гэр бүлийн хөрөг»

Ян ван Эйк. 1434 он.

Энэ зургаар дүүрэн бэлгэдэл, нууцлал, ёгт утга байдаг гэнэ. Иймээс ч урлагийн бүтээл болохын зэрэгцээ түүхэн бодит явдлыг гэрчилсэн баримт болдог гэнэ. Зураг дээр Джованни ди Николао Арнольфини эхнэрийн хамт дүрслэгдсэн гэж үздэг бөгөөд энэ зураг дахин сэргэлтийн үеийн хамгийн нарийн, төвөгтэй бүтээлүүдийн нэг юм байна.


«Сууж буй албин»

Михаил Врубель. 1890 он.

Зураг дээрх урт үст, гунигтай залуу албин чөтгөртэй огт адилгүй. Энэ нь хүний сэтгэлийн тэнхээ,  эргэлзэл, дотоод зөрчлийн илрэл ажээ. «Албин бол заавал хорон санаатай байх албагүй, шаналан гашуудсан, бас сүрлэг, захирангуй байж болно шүү дээ» гэж зураач өөрөө нэгэнтээ өгүүлсэн гэдэг.


«Дайны сүүдэр»

Василий Верещагин. 1871 он.

Эдгээр хувхайрсан гавал яснуудыг харах тусам дахин хэзээ ч босч ирэхээсээ өнгөрсөн тэр хүмүүсийн тухай бодож эхэлдэг. Зургийн бүх юм: үхэл хоосролыг бэлгэдсэн шар өнгө, ясан дээрх сумны нүх, сэлмийн мөр, тэр ч байтугай цэлмэг хөх тэнгэр хүртэл үхэл ёрлосон гэлтэй. Дайн тулааны сэдвээр голчлон туурвидаг энэ зураач дайны эсрэг үзэл төлөвшүүлэх үүднээс зурдаг байна.


«Америк готик»

Грант Вуд. 1930 он.

Баргар царайлсан аав охин хоёрыг дүрсэлсэн энэхүү зурагнаас хатуу ширүүн амьдрал, пуритан шашин үнэртдэг. Ууртай царай, хуучирсан загварын хувцас, атгасан сэрээ нь “ Ойртвол хохь чинь шүү!” гэх шиг. «Америк готик » бол 20-р зууны үед Америкт хамгийн түгээмэл байсан хэв шинжийг илэрхийлсэн зураг юм. Гэвч Айов мужийн оршин суугчид өөрсдийг нь ийм таагүй байдлаар дүрсэлсэн зураачид их гомдсон гэнэ.


«Дурлалт хос»

Рене Магритт. 1928 он.

«Дурлалт хос» буюу заримдаа «Нууц амрагууд» гэж нэрлэгддэг энэ зураг 2 хувилбартай. Нэгэн дээр нь толгойгоо бүтээгээд үнсэлцэж байдаг бол нөгөө дээр нь үзэгч рүү нүүрээ харуулсан байдаг. Эхний хувилбар нь түгээмэл бөгөөд дурлал сохор болохыг харуулж байгаа гэнэ. Дурласан хосууд хэнийг ч анзаарч хардаггүй, бид ч тэднийг хайхардаггүй, хосууд бие биедээ ч оньсого мэт байдаг ажээ.


«Зугаалга»

Марк Шагал. 1917 он.

«Зугаалга» бол гэргий Беллатайгаа хамт байгаагаар зураач өөрийгөө дүрсэлсэн бүтээл юм. Хайрт нь тэнгэрт хөвж, Шагал өөрөө ч хөөрөхөд бэлэн байгаагийн дээр гарт нь аз жаргалын бэлгэдэл болсон шувуухай байна. Ингэж тэрээр өөрийн аз жаргалыг дүрсэлжээ.


«Хорвоогийн жаргалыг эдлэхүй»

Иероним Босх. 1500-1510 он.

Энэ зураг бүхэлдээ хүний нүгэлт хүслэнг харуулсан бүтээл юм. Зарим эрдэмтэд жирийн хүмүүсийн хайр сэтгэлийн цэнгэл, бие махбодийн жаргал хэмээн тайлбарлахыг оролдсон ч зураг дээрх хэт шунал тачаал ийм тайлбарт нийцэхгүй нь харагдана. Одоо хүртэл энэ зурагт хэн ч тохирох тайлбарыг хийж зүрхлэхгүй байгаа билээ.


«Эмэгтэй хүний 3 мөчлөг»

Густав Климт. 1905 он.

Энэ зураг нь баяр хөөр, уйтгар гунигийг зэрэг авчирдаг гэлцдэг. Зурагт үзүүлсэн дүрсээр эмэгтэй хүний амьдралын түүх: гэнэн хонгор цаг, амар амгалан үе, цөхрөл гашуудлыг харуулжээ. Залуу эмэгтэй амьдралын хээ угалзтай нийцэн зохицсон бол хөгшин нь энэ бүхнээс холдож байна. Эхнийх нь дуусашгүй боломжийг агуулсан бол, сүүлийнх нь бодит байдалтай зөрчилдөх аж.


«Гэр бүл»

Эгон Шиле. 1918 он.

Шиле нь Климтын шавь байсан боловч бүхий л хичээнгүй шавь нарын адилаар өөрийн гэсэн стильтэй байв. Гэхдээ тэр нь нэг л хачин, аймаар, эмгэнэлт хэлбэртэй байсан гэнэ. «Гэр бүл» бол Шилегийн сүүлчийн зураг бөгөөд цөхрөл нь туйлдаа хүрсэн үедээ зуржээ. Гэхдээ харахад хамгийн тайван зураг нь гэнэ. Шилегийн бие давхар байсан эхнэр Эдит нь Испани цар тахлын үеэр нас барснаас хойш 3 хоногийн дараа зураач өөрөө хорвоог орхижээ. Гэхдээ амжиж эхнэрээ, төрж амжаагүй үрээ, мөн өөрийгөө зурж мөнхөлсөн байна.

 


«Ватерлоо гүүр. Манангийн нөлөө»

Клод Моне. 1899 он.

Зургийг ойроос харвал өтгөн будаг нялсан зотон даавуунаас өөр юу ч харагдахгүй. Харин холоос харвал нууц нь тайлагдаж манан дундах гүүр, завь зэрэг учир холбогдолтой дүрсүүд тодрон гарч ирнэ.


«Дугаар 5, 1948»

Жексон Поллок. 1948 он.

Америкийн хийсвэр экспрессионист урлагийн гол төлөөлөгчийн энэ бүтээл дэлхийн хамгийн үнэтэй зураг гэдгээрээ л хачирхалтай юм. 2006 онд Сотбисийн дуудлага худалдаан дээр энэ зургийг Дэвид Гиффен гэдэг кино найруулагч мексикийн санхүүч Дэвид Мартинест 140 сая доллараар худалдсан байна.


«Ялгадасан дундах эр эм хоёр»

Жоан Миро. 1935 он.

Сонирхолтой нэр байгаа биз? Гэхдээ энэ зураг Испаний иргэний дайны үеийг дүрсэлсэн зураг юм байна. Зураг дээрх эр эм хоёр бие бие рүүгээ тэмүүлэх боловч хүрч чадахгүй байгаа аж. Хөөж томорсон нууц эрхтнүүд нь энэ үеийн үймээн самууныг харуулж байгаа гэнэ.


«Гар ч хүргэмгүй»

Билл Стоунхэм. 1972 он.

Энэ зургийг тойрсон бөөн домог, цуу яриа бий. Энэ зураг үхэл дагуулдаг, зураг дээрх хүүхдүүд амьд гээд л... Гэхдээ зураач зураг дээрх хүүг өөрийнхөө 5 настай үеийн зураг, хаалга нь бодит болон зүүд нойрны ертөнц хоёрын зааг, хүүхэлдэй нь хүүгийн хөтөч, гарнууд нь хүүд олдох боломж гэж тайлбарладаг. Энэ зургийг 2000 онд 1025 доллараар Ким Смит гэгч хүн худалдан авсан ч зурагны тухай элдэв түүх бичиж, шатаахыг шаардсан захианд дарагдаж гүйцээд залхаж, эцэст нь үгүй хийжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн хачирхалтай зурагнуудын түүх, тайлбар
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/26

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох