МЭДЭЭ НЭМЭХ  

Эмнэлэгт тохиолдох нууцлаг үзэгдлийн учир

  • 20,147 уншсан
  • 16
  • 2014/09/04

25 настай, сувилагч эмэгтэй А-д эмнэлгийн подвалаас донорын цус авахын тулд цогцос хадгалах өрөөний хажуугаар өнгөрөх нь тийм ч тааламжтай зүйл биш байв. Ялангуяа энэ удаагийнх шиг шөнө дунд, бүдэг гэрэлтэй урт хонгилыг туулна гэхээс жихүүдэс төрнө. А алхаагаа хурдасган цогцос хадгалах өрөөний хажуугаар хурдхан өнгөрхийг хичээсэн боловч учир битүүлэг чимээ сонсогджээ. Яг л талийгаачийн хойдхыг даатгах мэт нэгэн хэвээр үргэлжлэн унших маанийн дуунд цочирдсон тэрээр нэг ч хүнгүй подвалын хонгилоор гүйн оджээ.

24 настай, сувилагч эмэгтэй Б шөнө дунд хийсэн яаралтай мэс заслын дараа багагүй ядарч, сувилагчдын өрөө лүү ганцаараа явж байхдаа өвчтний цахилгаан тэргэнцэр замд нь байгааг олж харжээ. Тэргэнцрийг байх ёстой газар нь хүргэе хэмээн дөхөж очихдоо өмнөх өдөр нь нас барсан өвчтөн хэрэглэж байсан болхыг анзаарахын хамт алхаа нь өөрийн эрхгүй удааширсан байна. Гэтэл хоосон тэргэнцэр түүнийг чиглэн гэнэт ухасхийн хөдлөв. Яг л талийгаач өвчтөн амьд ахуйнх шигээ тэргэнцэрт суун жолоодох мэт түүнд санагджээ.

Тархинд нь цус харваж, эрчимт эмчилгээний тасагт ирсэн өвчтөн шөнийн 2 цагт нас баржээ. 23 настай сувилагч эмэгтэй В эмчилгээний дараах багаж хэрэгслийг хурааж, цэвэрлэгээ хийхээр хөрч амжаагүй цогцостой хоёулхнаа байв. Гэнэт хэн нэгний гар мөрөнд нь хүрэхийг мэдэрч, эргэж харсан боловч дөнгөж саяхан нас барсан талийгаачийн цогцосноос өөр хэн ч үгүй байв. Мэдрэгчийг нь салгаж амжаагүй байгаа хэмжих багажийн заалт тэгийг зааж өвчтний зүрх бүрэн зогссон байгааг илтгэнэ. В ажлаа үргэлжүүлэх гэсэн боловч энэ удаад хэн нэгэн бүхий л нуруугаар нь дарахыг мэдэрч, мэс заслын өрөөнөөс сандран гүйж гарсан байна.

Эдгээр нь эмч, эмнэлгийн ажилтнуудад бодит байдалд тохиолдсон гэгдэх нууцлаг үзэгдлийн жишээ юм. Эмнэлэг бол амьдрал үхлийн хоорондох тэмцэл өдөр бүр өрнөж байдаг газар билээ. Магадгүй хүмүүсийн олонхи нь энэ л газар хойд насаа угтах тавилантай гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү тохиолдлуудыг нас барсан өвчтний сүнс ямар нэг байдлаар хүмүүстэй холбоо тогтоохыг оролдож байна хэмээх ойлгох нь элбэг. Үнэхээр сүнс гэж байгаад биднээр даажигнаж байна уу, эсвэл иймэрхүү үзэгдлийн учрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжтой юу. Эрдэмтэн судлаачид ч гар хумхин суусангүй, асуултын хариуг эрцгээж байна. Япон улсын Токушима хотын 1-р эмнэлгийн дарга асан, сэтгэц судлаач эмч Нобушигэ Кори тус улсын 197 эмнэлэг, эмнэлгийн байгуулагыг хамарсан судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд нууцлаг үзэгдлийн гэрч болсон 5183 тохиолдлын тухай мэдээллийг цуглуулжээ.

Нийт тохиолдлын 61.5 хувь нь сувилагч нарт тохиолдсон бол хамгийн их анхаарал татсан үзэгдэл нь дуу чимээтэй холбоотой байв. Дуу чимээтэй холбоотой тохиолдуудыг судлаж үзэхэд шөнийн цаг, цогцос хадгалах өрөөний ойролцоо, хонгил гэсэн нийтлэг нөхцөл байдал дийлэнхэд нь хамаарч байв. Үүнд тулгуурлан судлаачид нууцлаг үзэгдлийн учрыг тайлхыг оролдож, янз бүрийн дуу чимээг бичиж авах өндөр мэдрэмж бүхий төхөөрөмжүүдийг суурилуулж туршсан байна. Туршилтын явцад төхөөрөмжид бичигдсэн чимээ маанийн дуутай төстэй гэмээр сонсогдож байв. Цогцос түр хадгалах өрөө, моорг, задлангийн өрөө зэргэлдээ байх нь ихэнх эмнэлгүүдэд нийтлэг байдаг. Эдгээрт байрлах хөргөгчүүд цогцосыг муутгахгүйн тулд 4 хэмийн температурыг тогтмол барихаар тохируулагдсан байдаг байна.

Туршилтын үед хөргөгчийн компрессорын шуугиан хана нэвтлэн бичигч төхөөрөмжид бичигдсэн байв. Судлаачид компрессорын чимээ, маанийн дуутай адил сонсогдох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандаж, бичлэгт шинжилгээ хийлгэжээ. Эдгээр нь хэдийгээр адилхан нам давтамжийн долгион үүсгэж, давтамж нь бараг өөрчлөгдөхгүй байв. Гэхдээ компрессорын шуугианы давтамж 0.4 сек, маань унших чимээ 0.9 секунд учир хүний чихэнд адилхан сонсогдох учиргүй ажээ. Судлаачид бичигч төхөөрөмжийг хонгилд байрлуулан туршиж үзтэл компрессорын шуугиан хонгилын хананд ойж, цуурайтах үед долгионы урт маанийн дуутай бараг адил болж байв.

Энэ нөхцлийг тухайн тохиолдлын гэрч болсон сувилагчийн сэтгэлзүйн байдалтай хамтатган үзвэл цогцос хадгалах өрөөний орчмоос сонсогдсон компрессорын шуугиан маанийн дуу мэт сонсогдох бүрэн боломжтой байв. Япон улсын эмнэлгийн барилгын өндрийг стандартаар тодорхой хэмжээнд хязгаарладаг ажээ. Иймд томоохон эмнэлгүүд илүү олон тооны ор байрлуулахын тулд таазыг намсгаж, давхрын тоог нэмэгдүүлэхийг зорьдог. Үүний үр дүнд ихэнх эмнэлгийн тааз ердийн барилгатай харьцуулахад 40 см орчим намхан байдаг байна. Мөн сүүлийн үеийн эмнэлгүүдэд гадна орчны дуу чимээг тусгаарлахын тулд ханыг 2 давхар хийцээс бүрдүүлэх болжээ. Эдгээрээс гадна эмнэлгийн барилгын голлох материал төмөр бетон хийц нь эмнэлэг доторхи дуу чимээг илүү их цууриатахад хүргэдэг байна.

Дуу чимээтэй холбоотой ч зөвхөн эмнэлэг гэлтгүйгээр бусад нөхцөлд өргөн тохиолддог нэгэн жишээ бий. Хонгилоор алхах үед араас хэн нэгэн дагах мэт хөлийн чимээ сонсоогүй хүн үгүй байх. Дагаж байгаа эсэхийг мэдхээр түр зогсох үед адилхан зогсоно. Эргэн харахад хэн ч байхгүй боловч дахиад алхах үед араас мөн л даган алхана. Олон хүнийг жихүүцүүлдэг энэ үзэгдлийн жинхэнэ эзэн нь цуурай юм. Агаар дахь дууны хурд 340 м/с байдаг. Хэрэв хонгилын уртыг 25 м хэмээн тооцвол таны хөлийн чимээ хонгилийн үзүүрт ойн, буцаж ирэхдээ 0.1-0.2 секунд хугацаа зарцуулж араас чинь дагаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

25 настай, сувилагч эмэгтэй Г шөнө дунд хонгилоор алхаж байхдаа хэн нэгний шаналан ёолох дуу хоолойг сонссон байна. Ийм чимээ өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх тасгууд байрлаж буй 4-р давхарт сонсогдсон бол хэвийн үзэгдэл. Гэхдээ энэ удаад шөнийн цагт, хэн ч байх ёсгүй үзлэгийн өрөөнүүд байрлах 2-р давхарт байхад нь сонсогджээ. Ёолох чимээ ямар нэгэн зүйлд гомдоллон, аврал эрэх мэт үргэлжлэн, тэр ч байтугай яг хажуухнаас нь сонсогдож байв. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд дэвшүүлж болох таамаглал бол 4 давхарт хэвтэж буй өвчтнүүдийн хурхирах, өвдөлтийн үед яраглах гэх мэтийн чимээ 2 давхар хүртэл ямар нэгэн замаар сонсогдож болох магадлал юм. Мэргэжилтнүүдэд хандахад үнэхээр дуу чимээ агааржуулалтын хоолойг дамжин өөр давхарт сонсогдох үзэгдэл (cross talk)-ийн үр дүн гэдгийг нотложээ. Жишээнд дурдсан сувилагчийн дуу чимээ сонссон нөхцлийг үүсгэн туршилт хийж үзэхэд 4 давахрт үүсгэсэн чимээ агааржуулалтын хоолойг дамжин 2 давхарт бүрэн сонсогдож байв. Ийнхүү дуу чимээтэй холбоотой нууцлаг үзэгдлийн учрыг бүрэн тайлбарлав.

35 настай, сувилагч эмэгтэй Д шөнийн цагаар сувилагчдын өрөөнд компьютер дээр ажиллаж байтал гэв гэнэт хажуугийн өрөөнөөс хөгжим дуугарах сонсогджээ. Айж гайхсаар очиж үзвэл хоосон өрөөнд байх орнуудын нэгнийх нь дэргэд СД тоглуулагч ажиллаж байв. Энэ тухай сүүлд орж ирсэн өөр нэгэн сувилагчид хэлвэл тоглуулагч өмнөх өдөр нь нас барсан нэгэн өвчтнийх байсныг мэджээ. 20 настай, сувилагч эмэгтэй Е шөнө дунд гэнэт дуугарсан "сувилагч дуудах дохиолол"-ын дагуу өвчтний өрөөнд очтол хэн ч байсангүй. Гайхалтай нь хэн нэгэн тусламж хүсэх мэт хоосон өрөөнөөс ирэх дохиолол нэг удаагаар дууссангүй, шөнийн цагт хааяа хааяа сонсогдох болсон байна. Хэдийгээр тухай үед хоосон байсан ч амь нас нь дээсэн дөрөөн дээр байх хүнд өвчтнүүдийг сувилагчдын өрөөний ойролцоо байрлуулах нь элбэг байдаг, тэднээс цөөнгүй нь бурхны оронд оддог байна.

Цахилгаан тэргэнцэр, дуудлагын дохиолол, СД тоглуулагч мэтийн тохиолдлуудад ажиглагдах нийтлэг нөхцөл нь цахилгаанаар ажиллах төхөөрөмжүүд байв. Сувилагчдын өрөөнд зүрхний бичлэг хийгч, даралт хэмжигч, хиймэл амьсгалын гэх мэтийн янз бүрийн цахилгаан төхөөрөмжүүдийг байрлуулдаг. Мөн өрөөний хананд гар утас хэрэглэхийг хориглосон тухай анхааруулга хадсан байв. Цахилгаан төхөөрөмжтэй хамааралтай тохиолдлуудын тухай цахилгаан харилцаа холбооны чиглэлийн их сургуулийн мэргэжлийн профессороос тодруулахад цахилгаан соронзон долгионы нөлөөнөөс үүдэлтэй байж болохыг үгүйсгээгүй байна.

Гар утас зэрэг төхөөрөмжүүд ийм долгион ялгаруулж эмнэлгийн нарийн мэдрэгч багажуудад сөргөөр нөлөөлөх, ажиллагаагүй болгох магадлалтай байдаг. Өдрийн гэрэл 3 мГ (миллигаусс), айркондишнер 6 мГ, зурагт 8 мГ долгион тус тус ялгаруулдаг байна. Нөгөө талаас эмнэлгийн цахилгаан багаж хэрэгслүүд ч цахилгаан соронзон долгионы үүсгүүр болдог. Хэмжилт хийж үзэхэд зүрхний бичлэгийн аппарат 6 мГ, хиймэл амьсгалын аппарат 8 мГ, цус сэлбэх төхөөрөмж 6 мГ гэх мэтчилэн төхөөрөмж тус бүр долгион ялагруулж байв. Судлаачид цахилгаан төхөөрөмжийн аюулгүй байдлын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагатай хамтран хэд хэдэн туршилт хийж үзжээ. Битүү тусгаарлагдсан өрөөнд байрлах цахилгаан тэргэнцэрт янз бүрийн давтамж бүхий цахилгаан соронзон долгион илгээж туршихад давтамжийн тодорхой утгын үед тэргэнцэр ухас ухасхийн хөдлөв. Мөн СД тоглуулагч ч ажиллаж, эдгээр нь тохирсон давтамжийн долгион илгээгдэх тохиолдолд маш сул хүч бүхий долгионы нөхцөлд ч ажиллах боломжтой нь нотлогдов.

Эхэнд дурдсан судалгаанаас үзвэл ямар нэгэн зүйл биед нь хүрэхийг мэдэрсэн тохиолдол хамгийн өндөр буюу 47.6 хувийг эзлэж байв. 23 настай, сувилагч эмэгтэй Ё-д хүнд өвчтөнг сэхээн амьдруулах тасагт хүргэн, эмчилгээнд бэлтгэж байх үед хэн нэгэн нуруугаар нь тэврэх мэт мэдрэмж төрсөн байна. Гэхдээ энэ мэдрэмж түүнд танил бөгөөд тэргэнцэрт суулгахын тулд хагас үүрч, орноос нь босгодог байсан ахмад насны өвчтөнг санагдуулжээ. Харин тэр өвчтөн тухайн өдрийн өглөө нь нас барсан байв. 32 настай, сувилагч эмэгтэй Ж рентгений өрөөнд орох үед хэн нэгэн хүзүүн дээр нь маш хүчтэй дархыг мэдэрчээ. Тухайн үед хөдөлж ч чадахгүй болсон байсан сувилагч Ж сүүлд нь рентгений өрөөнд орохоосоо айдаг болсон байна.

Эдгээр тохиолдлууд цахилгаан хэрэгсэлтэй адил эмнэлгийн багаж төхөөрөмжүүд суурилагдсан нөхцөлд ихэвчлэн хамаарч байв. Иймд судлаачид цахилгаан соронзон долгионы нөлөө хэмээн таамаглаж, туршилт хийжээ. Туршилтад оролцогч хүнийг тусгаарлагдсан өрөөнд байрлуулан зүрхний бичлэгийн ажиллаж буй аппаратыг аажим ойртуулсан байна. Энэ үед термограф ашиглан оролцогчийн биеийн температурыг, мөн булчингийн цахилгаанжилтыг хэмжиж, цахилгаан соронзон долгион хэрхэн нөлөөлж байгааг ажиглажээ. Туршилтаар долгионы давтамжийн тодорхой утгад, долгион үйлчилж буй булчин хүчтэй агшиж байгааг тогтоосон байна.   

Хүний биеийн эсүүд нэмэх цэнэг бүхий протон хасах цэнэг бүхий электроноос (атомоос) бүрддэг. Тэгвэл цахилгаан соронзон долгион нэмэх болон хасах цэнэгийн шинж чанарыг агуулдаг. Долгионы нэмэх цэнэгийн нөлөөнд орох үед хүний биеийн электронүүд түүнд татагдан шилжиж, булчингийн хэсэгт халалт ажиглагдана. Харин хасах цэнэгийн нөлөөнд орох үед электронүүд түлхэгдэж, булчинд агшилт өгнө. Эдгээрийн үр дүнд хэн нэгний гар хүрэх, дарах мэт мэдрэмж төрдөг байна. Үүнээс гадна хүний биеийн био хэмнэл тодорхой нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Шөнийн болон ээлжийн ажилтай хүмүүсийн бие температурын өөрчлөлтийн горимоо тогтвортой барьж чаддаггүй байна. Өдрийн ажилтай хүн унтах үед буюу оройн 11 цагаас өглөөний 7 цагийн хооронд биеийнх нь хэм нэмэгддэг.

Тэгвэл шөнө ажилладаг хүмүүс сэрүүн байлаа ч адил цагын хүрээнд биеийнх нь хэм харьцангуй өндөр байдаг. Ийм нөхцөлд биеийн хэм өдөр ажилладаг хүмүүсээс 0.7 градусаар илүү болж, зүрхний цохилт, цусны даралт тус тус нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл симпатик мэдрэлийн систем идэвхтэй ажиллаж, долгионы нөлөөнд илүү өртөмтгий болгодог байна. Нөгөө талаас цусны урсгал саарч, хэсэгчилсэн байдлаар мөр, нурууны булчин хөшилт (агшилт)-ийн байдалд ордог байна. Энэ нь хүний гар хүрэх, нуруу, хүзүүн дээр нь дарахтай адил мэдрэмж үүсгэдэг ажээ. Дашрамд дурдахад эмнэлгийн багаж төхөөрөмжүүдэд долгион тусгаарлах материалыг бүрхүүл болгон ашиглах болсон сүүлийн үед ийм төрлийн нууцлаг үзэгдлийн тохиолдлын тоо эрс буурсан байна.

Гэхдээ нууц нь хараахан тайлагдаагүй үзэгдлүүд бас бий. Хонгилд гарч ирсэн цагаан өмсгөлт хүн сувилагчийг харангуут зогтуссанаа огцом эргэж, хана нэвтлэн уусан алга болсон, хэвтрийн өвчтний ширээний гэрэл асаалттай байгааг хараад хөшгийг нээх үед өмнөх өдөр нь нас барсан өвчтөн дэргэд нь сууж байсан, зөөвөрлөж явсан цогцос цахилгаан шатан дотор гэнэт хөдөлсөн гэх мэтийн тохиолдлуудын учрыг одоохондоо шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй байна.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/2014/08/blog-post.html
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмнэлэгт тохиолдох нууцлаг үзэгдлийн учир
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

16 Сэтгэгдэл


  • Зочин 2015/11/15
    teneg yum tgd ter haladt huuhen haragddag bas fizikiin yamar uzegdel gj tailbarlah gd bgn suns medeej bj l taaraashd

    0 0 Хариу бичих
  • Лол 2015/10/10
    Эмэгтэй В ??

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/01/17
    1r emnelegiin hongil ch bas evgui shuu

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/01/17
    haana ch hezeech yamarch emnelgiin huur hadgalah gazar owchtonuudiinoir hajuud n baidaggui zarim zuils n panaltai

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/28
    соц нийгмийн суртал ухуулга хүний тархинд ямар сайн суугаа вэ. хойт нас байдаг гээд хэлээд байхад л ямар нэгэн цуурай байсан, эсвэл ямар нэгэн долгион байсан гээл суухуу. яг энэ асуудлыг тайлбарлаж барахаа байсан нэг урхуулагч "хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн" гэж суусийм гэнэлээ. гучин хэдэн оны үед тэр ухуулагч чааваас энэ долгион энэ тэрийн тухай мэддэггүй байсан байлгүй. тэгээд ч өөрт нь буунаас өөр цахилгаан байтугай механик багаж ч байгаагүй байлгүй. тэгээд л буугаараа бүгдийг шийдсэн. энэ талаар ярьсан бүгдийг буудсан. яриагүйг нь яриулж байгаад буудсан. харин та нар ярихаас айгаад ямар нэг шинжлэх ухаанд бүгдийг даатгаад хаявал дээр гэж бодоцгоосон. зайлуул бодсон ч гэждээ бод гэж ухамсарт нь суулгасан. гэхдээ айхын оронд зүгээр л судлаж болышд.

    4 0 Хариу бичих
  • zochin 2014/11/03
    shinjleh uhaan uneheer sonin yum awuushtai yum aij bsnaas deer yum

    4 0 Хариу бичих
  • Mr-Holmes 2014/10/30
    Panaltai yum gej heleheer zuil ogt alga. Itgej boloh zuil bn.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/28
    Энэ бол орчуулагдсан зүгээр л нэг мэдээлэл. Үүнээс уншаад авахаа аваад хаяхаа хая. Аливаа зүйл олон талтай байж болдгийг харуулсан нэгэн жишээ байна. Энд хойд нас, сүнс сүүдрийг огт үгүйсгээгүй байна. Гэхдээ батлаагүй байна. Өөр орны соёл иргэншил, нийгэмшил, сэтгэл зүй ҮХЛИЙГ ямар өнцгөөс яаж харж, юу гэж тайлбарлдагийг л мэдээд ойлгоод авчих.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/05
    Бүх зүйлд шинжлэх ухаанчаар хандацгаая монголчуудаа

    3 1 Хариу бичих
  • gerelee 2014/10/05
    Uneheer sonin yum manai neg naiz emeegee nas barasnaas hoish ooroo oorteigee yardag bolson nadad helehdee ter emeegee oorooniihoo tsonhnoos hardag gesen.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/15
      эмээтэйгээ адилхан юм байжл дээ

  • Зочин 2014/09/05
    Аливаа юмны цаана бодит тайлал, зүй тогтолын үнэн зөв тайлбар байж л таараа. хүн мэдэхгүй зүйлээсээ айж, түүнд өөрийнхөө ойлгосноор тайлбар өгөх гэж оролдсоор ирсэн. Ех бусын зүйлийн мөн чанарыг нь тайлахад ерийн л зүйл байдаг. Өнөөгийн мухар сүсэг гаарч байгаа манай нийгэмд бол орчуулгын ч гэсэн хэрэгтэй л мэдээлэл байна

    12 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/04
    Зөөвөрлөж явсан цогцос гэнэт хөдлөхийг лав нэг сонсийн байна үхсэн хүний зарим нэг суларч амжаагүй бсн булчингууд гэнэт агших юмуу татах үед хүчтэй хөдөлдөг гж дуулсийн бн магадгүй булчин шөрмөс татахтай адил бж болох юм тэй

    13 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/04
    Heterhii TENEG baidlaar bichih yumaa. Mongolchuud ertneesee buddiin shashintai baisniih HUNII suns horgodoh, hoid umnu nas, UHAAND suraltssan HUMUUS shuu dee. BI ch UURUU 23tai, gehdee ARAI ch ene huulbar shar medeendee tulsan Mongoloo aldchihaagui EE.

    2 19 Хариу бичих
    • teneguud 2014/09/07
      Mongolchuud Buddiin shashintai baisniix gen uu? Mongolchuud Xux tengeree shutdeg xumuus bsiim shuu. bas ex survaljaa bichsen bna buren uz tegeed bich. iim yum oilgoxgui t1 gej bgaa estoi erguu malnuud bna shde

    • Зочин 2014/09/04
      SHUUD ORCHUULAAD BICHSEN BAIJ YDAJ EH SURWALJAA TAWIACH, ARAI BUDUULEG YUMAA, DUGNELT ENE TER N YG NEG PESSIMIST ATHEIST BICHSEN TSARAITAI. HEN CH TAILAAGUI CH GEH SHIG, MATERIALLAG BISH YUMIIG BATLAAD BAIH YMAR SHAARDLAGATAIN? TENEG BISH L BOL OILGOCHIH ZUILIIG, HUDLAA URNIIHNII SETGELGEEG DUURIAH GEED YDAH YDAHDAA ARAI L HETERHII TENEGTEH YUMAA.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох