МЭДЭЭ НЭМЭХ  

Помпейн сүүлчийн өдөр

  • 3,158 уншсан
  • 0
  • 2014/09/08

К. Брюллов. Помпейн сүүчийн өдөр

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том сүйрлүүдийн нэг нь МЭ79 онд Италид болсон билээ. Везувий галт уулын дэлбэрэлт бол урьд хожид тохиож байсан хамгийн хүчтэй дэлбэрэлт огтхон ч биш. Гэхдээ хүчирхэг гүрний яг төвд, эх орноо хосгүй агуу хэмээн итгэдэг байсан хүмүүсийн нүдэн дээр энэ сүйрэл болж, цэцэглэн хөгжиж байсан тансаг том хот газрын хөрснөөс арчигдсан билээ. Гамшгийн улмаас үүссэн олон нийтийн хямрал 1922 жилийн дараа Нью-Йоркийн ихэр 2 цамхагийн сүйрлийн үеийнхтэй дөхөж очдог байна.


Помпей ба Везувий

Помпей нь орчин үеийн Неаполь хотын орчимд байрладаг байжээ. Энэ хотыг МЭӨ IV зуунд оскочууд байгуулсан гэдэг. МЭӨ 290 онд Ромчуудын мэдэлд орж удалгүй Ромын эзэнт гүрний цэцэглэн хөгжиж буй томоохон хотуудын нэг болжээ. МЭӨ 2-р зуунд Помпей тос, дарсны үйлдвэрлэл, худалдаагаараа алдаршиж, эдийн засгийн хөгжил нь оргил үедээ очсон байлаа. Олон нийтийн зориулалттай барилга байшингууд болон баячуудын тансаг орд харш олноор баригдаж, сүм дуган, халуун усны газар, театрууд бий болжээ. Тэр үеийн цуутай төрийн зүтгэлтнүүд үүгээр байнга зочилж, соёл, шинжлэх ухааны алдартнууд бүтээлээ туурвидаг байлаа. Яг энд алуурчин галт уул-Везувий оршин байв.

Везувий далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт оршино. МЭӨ 9-р зуунд энэ уул 2 дахин өндөр байсан ч удаа дараагийн хүчтэй дэлбэрэлтийн улмаас жижгэрсэн гэж үздэг. Ер нь Везувий 80 гаруй удаа оргилсон бололтой. Гэвч хүн гэдэг амьтан гамшгийг хурдан мартдаг зантай. Эндэхийн үржил шимтэй хөрс тариачдыг даллан дуудаж, эрэг хавиар загасчдын олон тооны суурин босч, баян ромчууд орд харшаа барьсаар байв.

МЭ 62 онд Везувийн ойр орчимд байх Помпей, Геркуланум, Стабий, Неаполис, Нукерий хотууд их бага хэмжээгээр галт уулын дэлбэрэлтэнд өртсөөр байсан гэнэ. Дараагийн жилүүдэд чичиргээ  үргэлжилсээр байсан нь том гамшгийн дохио байжээ. Хот устан үгүй болох тухай бодол хэний ч санаанд оролгүй, амьдрал үргэлжилсээр байлаа.


Помпейн мөхөл

79 оны 8-р сарын 24-нд энэ аймшигт явдал эхэлсэн юм. Олон тооны археологийн шинжилгээ болон тэр үеийн улс төрийн нэрт зүтгэлтэн, зохиолч Плинийн (бага) захидлын ачаар гамшгийн тухай нилээд сайн мэдээлэл үлджээ. Өдрийн 14 цагийн орчимд Везувий уулын дээгүүр улаан толботой асар том цагаан үүлс хуралдаж эхэлжээ. Галт уулын орчмоос аймшигт нижигнээн сонсогдож, тасралтгүй үргэлжлэх газар хөдлөлт галт уулнаас 30 км зайд орших Мизено хотод хүртэл мэдрэгдэж байжээ. Плиний яг энэ хотод байсан байна. Газар хөдлөлт маш хүчтэй байсан учраас байшингуудын дээвэр гулсан унаж, хөшөө дурсгал хагаран бутарч байсан гэж тэр бичиж үлдээсэн байдаг.

Галт уулын өрхнөөс олгойдсон хорт хий том бага уушгин чулуунуудыг хот руу шидэлж эхлэв. 10-11 цаг үргэлжилсэн энэ довтолгооны үеэр ихэнх оршин суугчид хотоос зайлж амжсан байлаа. Хотод эздийн өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй боолчууд, сүйрэлд итгээгүй хэтэрхий зөрүүд помпейчууд л үлдсэн байв. Шөнө нь Везувий уулын хэд хэдэн газраар галын дөл улалзаж, асар том галан багана үүсчээ. 8-р сарын 25-ны өглөө дэлбэрэлтийн 2 дахь үе эхэлж, улайсмал халуун лав бууж эхлэв.

Хорт хийгээр нэвчсэн магмын нэг хэсэг галт уулын хоолойгоор гадагшлах үедээ шазмаг халуун үүл, үнс нурам болон шүршигддэг. Энэ үүл хотын үлдсэн иргэдийг шатаан хөнөөсөн байна. Хатуурч дарагдсан зузаан үнсэн дундаас олдсон тодорхойгүй хөндий зайг гипсээр дүүргэж үзтэл галт уулын  дэлбэрэлтийн үеэр шатаж амиа алдсан хүмүүсийн дүрс болохыг эрдэмтэд тогтоосон байна. Одоо тэдгээр дүрсүүд болон зарим эд хогшлууд музейд хадгалагдаж байгаа ажээ.

Өглөөний 6 цагаас 9 хүртэл үргэлжлэн унасан энэ их үнс нурам Помпей, Стабий 2 хотыг бүрмөсөн булшилжээ. Үүнтэй зэрэгцээд хүчтэй бороо орж, галт уулын үнс нурам, уушгин чулуу их устай холилдон халуун урсгал болон доош урсаж Геркуланам хотыг дайрч амьд бүхнийг эгшин зуур үгүй хийжээ.  

Бага Плиний бичиж үлдээсэн нь: “... 8-р сарын 25-нд Мизено хот дээгүүр хар үнсэн үүл хөвөрч хотынхон айсандаа тэнгис рүү зугтаж байлаа. Удалгүй бүр харанхуй болж орилоон хашгираан, уйлаан майлаан дэгдэв. Айсандаа галзуурах шахсан хүмүүс газарт унасан нэгэн дээгүүрээ гишгэлэн урагш зүтгэцгээж байлаа. Цаг үргэлж л дээрээс унах үнсийг сэгсэрч байхгүй бол дарагдаж дуусах байв. Нэг л суувал босч чадалгүй үнсэнд дарагдахаар байлаа. Хэдэн цаг иймэрхүү байсны эцэст үдээс хойш үүл бага зэрэг сарниж билээ.”

Бага Плиний эндээс амьд гарч чадсан азтай хүмүүсийн нэг юм. Харин түүний авга ах, суут эрдэмтэн, байгаль судлаач Том Плиний Помпейд амь үрэгдсэн билээ. Хүмүүс түүнийг хотод ажиглалт хийхээр зориуд үлдсэн гэж ярьцгаадаг нь үнэний хувьтай ч байж болох.

8-р сарын 27-нд сая нэг нар мандсан боловч Помпей, Стабий, Геркуланум, Октавианум хотууд газрын хөрснөөс нэгэнт арчигдсан байлаа. Тэр цагаас хойш Везувий дахиад найман ч удаа дэлбэрсэн бөгөөд 1631, 1794, 1944 онуудынх хамгийн хүчтэй нь байсан гэдэг.


Өнөөгийн Помпей

Урьд нь усан үзмийн бут цэцэглэж байсан газар үргэлжилсэн зузаан лаван царцдас тогтсоор хэдэн зууны нүүр үзэж байна. 16-р зууны сүүлчээр Сарногийн хажууд худаг ухаж байсан Фонтана гэгч уран барилгачин хуучирсан хана хэрэм, хөшөө дурсгалын хэлтэрхийнүүдийг тун санаандгүй байдлаар олжээ. Харин Помпейн малталт нилээд хожим, 18-р зуунд явагдсан юм. Эрдэмтдийн хувьд Помпей жинхэнэ эрдэнэс байлаа. Зузаан үнсэн нурам дороос бүтэн шахам байшин барилга, зураг чимэглэл, сав суулга олджээ. Өнөө үед энэ хотын цэвэрлэж зассан гудамжаар жуулчид хөлхөлдөж, Эртний Ром гүрний сүр хүчийг бишрэхийн зэрэгцээ МЭ 79 оны аймшигт гамшгийн ул мөрийг зүрх шимшрүүлэн харж явдаг юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Помпейн сүүлчийн өдөр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох