Таны хүүхэд сургуульд орох гэж байна уу ?

Н.Марал

2018-03-12 12:37:00

alternative title

“ Ирэх намар хүүхэд маань сургуульд орно. Үсэг нүдлүүлдэг юм билүү? Гар хурууг нь зүгшрүүлж хэдэн хуудас юм бичүүлээдхэе. “ гэх эцэг эх хаа сайгүй тааралддаг. Гэхдээ хүүхдийг уншуулж бичүүлэхээс илүү чухал зүйл байдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй аж. Тиймээс хүүхэддээ одооноос дараах зүйлүүдийг сургаж хэвшүүлээрэй.

Өөрийгөө бие даан авч явах

Сурагч болмогц бүх зүйл хүүхдийн толгой дээр ирнэ. Цүнх, дэвтэр номондоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөж тайлах, бие засах гээд л. Тэгэхлээр таны хүүхдэд өөрийгөө бие даан авч явахад хүндрэлтэй зүйл байгаа эсэхийг ажиглаж, үүний үндсэн дээр шаардлагатай дэмжлэг үзүүлж сургах хэрэгтэй. Жишээ нь: гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадаж байна уу гэх мэт...

Тэсвэр тэвчээртэй болгох

Багш нэрийг нь дуудтал, мөн хонх дуугарах хүртэл хүүхэд тэвчээртэй хүлээх хэрэгтэй болдог. Тэгэхлээр хүлээж сурах нь чухал. Иймээс хүүхдийн хэр хэмжээнд тохирсон дасгал, сорилууд явуулж дасгаж байх хэрэгтэй.

Хичээлд оролцох

Хүүхэд хичээлд идэвхтэй оролцож, багшийн хэлсэн шаардсаныг биелүүлэх хэрэгтэй болно. Үүнд дасгахын тулд гэртээ ямар нэгэн үүрэг даалгавар өгч биелэлтийг нь шалгаж , байгаарай. Жишээ нь: хувцсаа эмх цэгцтэй байрлуулаарай, загас амьтнаа цагт нь хооллоорой, эртхэн унтаарай гэх мэт. Жижиг гэхгүй ийм даалгаврыг тогтмол хийдэг бол хүүхэд суралцах хариуцлагаа ойлгоход их дөхөмтэй байдаг аж.

Бүтээгүй зүйлдээ гутрахгүй байх

Эцэг эхдээ магтуулж эрхэлж сурсан энэ насандаа хүүхэд дандаа л шилдэг нь байхыг хүсдэг. Гэтэл сурагч хүнд  энэ нь байнга тохиолдохгүй. Тэгэхлээр хамтаараа тоглох тоглоомонд хүүхэд түрүүлэхийн зэрэгцээ заримдаа хожигдож, буулт хийж байвал тустай. Энэ сэтгэл зүйн бэлтгэлийг сайтар хангах нь маш чухал.

Томоотой сууж сурах

Сурагч болоод томоотой суух нэн хэцүү. Иймээс хөдөлгөөнөө барьж хориход суралцах шаардлагатай. Үүнд мөн л дасгал сургуулилт хэрэгтэй болно. Үлгэр өгүүллэг уншиж өгөх, зурах, будах, баримлаар барих, хайчилж наах, дүрс эвлүүлэх, шүр хэлхэх зэрэг ажлууд үүнд тус болно.

Санаа бодлоо илэрхийлж сурах

Шинэхэн сурагч гэртээ болон сургууль дээрээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь тун чухал. Хүүхдийн ярианаас хичээлээ хийж чадаж байгаа эсэх, хичээл нь хэр зэрэг хүнд, хөнгөн байгаа, багштайгаа болон бусад хүүхдүүдтэй ойлголцож зохицож чадаж байгаа эсэхийг мэдэж болдог. Тиймээс одооноос эхлэн хүүхдэд таалагдаж,мөн таалагдахгүй байгаа зүйлийн талаар юу нь сайхан, юу нь муухай байгаа гэх мэтээр сэтгэгдлийг нь асууж ярилцах дадлага хийж бай. Үүнээс л хүүхэд миний санаа бодол бас чухал, үүнийг анхаарч харгалзан үздэг юм байна гэж мэдэрдэг аж.

Бас:

Хүүхэдтэйгээ “ Миний хүү / охин / удахгүй сурагч болно”, “ Манай дүүргийн сургууль сайн “, “ Сурагч болоход их гоё “ гэх мэтээр энэ сэдвийг хэдэн сарын өмнөөс хөндөн ярилцаж байгаарай. Цүнх, ном дэвтэр, хувцас хунарыг нь бэлтгэхэд тэд их баяртай байдаг. Гол нь хүү буюу охиноо “амьдралын туршлага дүүрэн хүн “-ий нүдээр нэг харж, нялх юмдаа гэж бодолгүйгээр ирээдүйн амьдралыг нь төсөөлөөд үзээрэй. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл