МЭДЭЭ НЭМЭХ  

SCHINDLER’S LIST /ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ 1993/

  • 8,807 уншсан
  • 2
  • 2014/10/05

SCHINDLER’S LIST /ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ 1993/

Нэгэн өвөрмөц хэсэг дээр улаан пальтотой охин тодрон гарч ирдэг ба тэрээр хүмүүс дунд явсаар эхний таарсан байр руу зугтан орж орон дор нуугдана. Хэсэг хугацааны дараа үхэгсдийг зөөх тэргэн дээр улаан пальтотой бяцхан охины цогцос харагдах болно.

Оскар Шиндлер гэгч эр дэлхийн хоёрдугаар дайны үед 1100 гаруй Польшийн еврей нарыг өөрийн үйлдвэрт ажиллуулах нэрийдлээр аварсан билээ. Энэ аугаа энэрэнгүй үйлст эрийн тухай Томас Киннели Шиндлерийн хөлөг (Schindler’s Ark) романыг бичиж. Уг зохиолыг барьж авсан нэгэн еврей залуу романаар кино хийхээр шийдсэн нь Стивен Спилберг байлаа.

Хожмоо Шиндлерийн бүртгэл хэмээн нэрлэгдсэн уг кино төслийг Спилберг хар цагаанаар, ихэвчлэн гар дээрээс зураглахаар шийджээ. Мөн киног бүтээх үйл явцад Спилберг ямар нэгэн төлөвлөгөөт зураг (storyboard) ашиглаагүй, баримтат киноны маягаар ажилласан байдаг. Спилберг мөн өөрийн ихэвчлэн хэрэглэдэг кран, Steadicam зэргийг хэрэглэлгүй 72 өдрийн дотор 22 сая долларын төсөвтэйгөөр бүх зургийг авч дуусах ёстой байлаа. Ийнхүү өмнө нь үргэлж Сесил Б. ДеМилл, Дэвид Лин нарын арга барилыг дууриах гэж оролддог байсан Спилберг маань уг кинон дээрээ цэвэр өөрийнхөө хэв маягаар ажилласан гэхэд хилсдэхгүй.
Спилберг Шиндлерийн бүртгэл-ийг хийхээсээ өмнө еврейчүүдийг үй олноор нь устгасан яргаллын (Holocaust) тухай аугаа бүтээлүүд болох Шоа (Shoah, 1985), Шөнө ба Манан (Night and Fog, 1955) зэрэг кинонуудыг хэд хэдэнтээ үзэж байв. Шиндлерийн бүртгэл киног Спилберг Польш, Герман хэл дээр хийхийг хүссэн хэдий ч үзэгчдийн анхаарлыг өөр зүйлээр саатааруулахыг хүсээгүй учир өнөөгийн Герман аялгатай англи хувилбар мэндлэх болжээ.

Британийн жүжигчин Рейф Файнс өөрийн гараар хорих лагерийнхаа 500 гаруй хүнийг буудаж алж байсан Плашовын хорих лагерийн нацист коммандант Амон Гөтийн дүрийг гарамгай бүтээсэн нь түүний нэр алдрыг өндөрт өргөснөөс гадна Оксарт нэр дэвшсэн байна.

Шиндлерийн бүртгэл киноны зураг авалтын үеэр Спилберг сэтгэл санааны хувьд тун хүнд дарамттай ажиллаж байсан бөгөөд 2 долоо хоног тутамд Робин Уильямсийг дуудаж авчран хүмүүсийг хөгжөөдөг байсан гэдэг. Спилберг “цуст мөнгө” хэмээн нэрийдэж энэ киноноос ямар нэг цалин авахыг хүсээгүй бөгөөд тус киног зардлаа нөхөж чадахгүй гэдэгт бүрэн итгэж байв. Гэсэн ч энэ кино нь 22 сая долларын төсөвтэй бүтээд нийт 321 сая долларын ашиг олсон нь түүнийг гайхшруулжээ.

Шиндлерийн бүртгэл кино зохиолыг анх Шиндлерийн хөлөг романы зохиолч Томас Киннели өөрөө бичих гэж оролдсон ч түүний нүсэр зохиол олон ангит кинонд илүү тохирмоор болсон байв. Уг кино зохиолыг Африкаас алсад (Out of Africa, 1985) киноны зохиолыг бичсэн Курт Луедтке барьж авсан хэдий ч гурван жил нухсаны эцэст бууж өгсөн гэдэг. Эцэст нь Бобби Фишерийн эрэлд киноны найруулагч, кино зохиолч Стивен Заиллян сая л нэг бүрэн хэмжээний кино зохиол болгож дөнгөсөн ажээ.

Киноны эхлэл болон төгсгөлийн хэсгээс бусад бүх хэсгийг хар цагаан хальсан дээр зургийг авчээ. Гэхдээ нэгэн өвөрмөц хэсэг дээр улаан пальтотой охин тодрон гарч ирдэг ба тэрээр хүмүүс дунд явсаар эхний таарсан байр руу зугтан орж орон дор нуугдана. Хэсэг хугацааны дараа үхэгсдийг зөөх тэргэн дээр улаан пальтотой бяцхан охины цогцос харагдах болно.

Хэдий энэ дүрийг ямар нэг бодит дүрээс сэдэвлээгүй ч Рома Лигока хэмээх охиныг Краковын еврей хороололд зөвхөн улаан пальтогоор нь хүмүүс мэддэг байсан хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг. Гэхдээ кинон дээрх охиноос ялгаатай охин дайнаас эсэн мэнд үлдсэн юм. Рома Лигока киног гарсны дараахан Улаан пальтотой охин: дурсамж хэмээх номоо хэвлүүлсэн байдаг.

Спилбергээс яагаад улаан пальтотой охин оруулах болсон шалтгааныг асуухад тэрээр “Еврейчүүдийг яргалан алж байгааг Америк, Оросын засгийн газрынхан мэдэж байсан ч юу ч хийгээгүй. Энэ нь хүмүүсийн сэтгэлд улаан цусан толбо үлдээсэн тул би зөвхөн улаан өнгө оруулахыг хүссэн юм.” хэмээж байв.

[33] Киноны хөгжмийг Жон Уильямс бичсэн билээ. Жон Уильямс анх энэ бүтээлд хөгжим бичиж чадна гэдэгтээ эргэлзэн “Чи энэ кинон дээр надаас дээр хөгжмийн зохиолч ажиллуулсан нь дээр биш үү?” гэсэнд Спилберг “Мэднэ ээ, гэхдээ тэд нар чинь бүгд мөнх бусыг үзүүлсэн шүү дээ” хэмээсэн гэдэг.

Шоа киноны найруулагч Клод Ланцманн Шиндлерийн бүртгэл-ийг бодит байдлыг дэгсдүүлсэн, клишегээр дүүрэн мелодрам болгочихлоо хэмээсэн нь үнэний ортой. Стэнли Кубрик нилээн хэдэн жил Ари пасспорт нэртэй төсөл дээр ажиллаж байсан ч уг киног гарсны дараа зохиолч Фредерик Рафаэл Кубрикт төслөө орхихыг ятгаж чаджээ. Гэхдээ Кубрик нэгэнтээ “Тэр кино Холокостийн тухай кино мөн гэж үү? Амжилтын тухай юм биш үү? Холокостийн үеэр 6 сая еврейчүүд амь насаа алдсан. Тэр кино амьд үлдсэн 600-гаад хүний тухай л бүтээл байна.” хэмээж байв. Бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Стэнли Кубрик Холокостийн талаарх хамгийн шилдэг бүтээлийг хийх боломжийг Шиндлерийн бүртгэл хааж орхисон байх магадлалтай.

Израйлчууд уг киног тун сайнаар хүлээн авсан бөгөөд жил бүр Холокостийн дурсгалын өдрөөр ямар ч зар сурталчилгаагүйгээр гаргадаг ажээ. Спилберг уг киноноос олсон орлогоо Холокосттой холбоотой бусад бүтээлүүдийг санхүүжүүлсний дотор Анна Франкыг дурсахуйд, Сүүлчийн өдрүүд нэртэй баримтат бүтээлүүд багтана.

Эх сурвалж: http://www.supervision.mn/tests/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
SCHINDLER’S LIST /ШИНДЛЕРИЙН БҮРТГЭЛ 1993/
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/02/05
    Ёстой л кино доо

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/06
    аймаар кино

    21 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох