Монгол оюутнуудын хооллолтын 6 алдаа

Тэргэл

2018-03-13 10:13:00

alternative title

Амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед оюутнууд хооллолтоо ямар алдаа гаргаж байгаа, тэр нь ямар хор нөлөөтэй талаар  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс гаргасан байдаг. 

Ингээд бид юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ, бидний хооллолтын гол алдаа чухам юу юм бол гэдгийг доорх мэдээллээс аваарай. 

Алдаа 1. Оюутнуудын эрүүл амьдралын хэв маяг алдагдсан

Оюутнуудын эрүүл амьдралын хэв маяг алдагдсан. Орой эрт унтаж, өглөө эрт босч үүнээсээ шалтгаалаад хооллох дэглэм ч алдагджээ. Хооллох цаг тогтмол бус. Өглөөний цайгаа уухгүй байх нь ядрах, хичээлээ ойлгохгүй болох, толгой өвдөх мөн буруу хооллоход хүргэдэг байна.

Мөн өлсөх, гэнэт их идэх нь хоол боловсруулалтад муугаар нөлөөлөхөөс гадна ходоодны шүүс ялгарах хэмнэлийг алдагдуулж улмаар ходоодны эмгэгт хүргэдэг. Гэтэл оюутнуудын дийлэнх буюу 50 орчим хувь нь өглөөний цай уудаггүй байна.

Алдаа 2 Цайны газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний шошгыг хардаггүй.

Сургуулийн цайны газарт худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний шошгыг хардаггүй. Идэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний илчлэг, шимт бодис (уураг, өөх тос, нүүрс ус), аминдэм, эрдэс бодис хэр хэмжээтэй байгааг сонирхдоггүй. Эрүүл мэнддээ хэрэгтэй хоол, хүнсээ сонгохдоо алдаа гаргаж байна. Энэ нь тэднийг буруу хооллоход нөлөөлдөг. Тухайлбал ихэнх оюутан хийжүүлсэн ундаа буюу өнгө оруулсан чихэртэй ус хэрэглэж байна.

Алдаа 3 Түргэн хоол идэх нь давамгай байдаг

Оюутнуудын жимс, ногоо, сүү, цагаан идээг хэрэглэхээс илүүтэй амтат чихэр, түргэн хоол идэх нь давамгай байна. Ханасан тосыг багасгах зөвлөмж ургамлын тос их хэрэглэхэд хүргэсэн. Оюутны хоолны газрын транс тосоор хийсэн хуушуур, пирошкиг ихэвчлэн авч иддэг. Чихэр, вафли, жигнэмэг, шоколадыг мөн үйлдвэрүүд амтатны тос, түргэн хоолны газар бүгд транс тосоор хийдэг гэдгийг мэдэхгүй байна.

Цөцгийн тос биш ургамлын тос суурьтай маргариныг талхан дээр түрхэж иддэг. Дээд гурил, элсэн чихэр, транс тос зэрэг холестрин ихэсгэдэг, судас хатууруулдаг, чихрийн шижин, хорт хавдар үүсгэж болох эрсдэлт хүчин зүйл болж байна.

Алдаа 4. Тайван биш, хурдан хооллодог

Тайван биш, хурдан хооллодог. Мөн сайн зажилдаггүй, дэглэм барьдаггүй, хэт их хооллодог, хэт их өлсдөг, явуут дундаа болон хичээл хийнгээ хоол, хүнс иддэг. Ингэж хооллосноор амьдралын буруу хэв маягт шилжиж, хоол боловсруулах замын өвчнөөр өвчнөөр өвдөх магадлал ихсэж байна.

Алдаа 5. Шингэний хэрэглээ бага 

Оюутны шингэний хэрэглээ бага, элдэв төрлийн өнгө оруулсан чихэр ихтэй жүүсийг голчлон хэрэглэдэг. Энэ нь бодисын солилцооны эрчимтэй явагдах үйл ажиллагаа алдагдуулдаг.

Мөн арьс, нүдээ хуурайшуулахгүй, дотор эрхтнээ чийгтэй, даралтаа хэвийн байлгая, ядрахгүй эрч хүчтэй байя, шээсээ хэвийн хэмжээнд гаргая, өтгөнөө хатаахгүй, уруулаа омголтуулахгүй, залуу хэвээр байя гэвэл өдөрт хангалттай ус, цэвэр жимсний шүүс, сүү, тараг тогтмол хэрэглэж сурах нь тэдний эрүүл мэндэд чухал.

Алдаа 6. Архи, тамхины хэрэглээ их 

Оюутнуудын бас нэгэн алдаа бол архи, тамхи хэрэглэдэг явдал. Энэ нь оюутны амарч унтах цагаа өөр зүйлд зарцуулснаар амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. 2009 оны “ХБӨ-ны эрсдэлт хүчин зүйлийн тархалт”-ын судалгаагаар 20 хүртэлх насны залуучуудын дөрвөн хүний нэг нь тамхи татдаг, дөрвөн хүний гурав нь архи хэрэглэж үзсэн гэсэн судалгааны тоо баримт байна. Тэгвэл 2013 оны тус судалгаагаар 15-24 насны хүмүүсийн тамхины хэрэглээ бага зэрэг буурсан ч (27.1%) энэ насны архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн хандлага ажиглагдаж байна.

Архи, тамхийг идэр залуу наснаасаа хэрэглэх, буруу хооллох  нь ХБӨ болон бусад халдварт өвчний эрсдэлт хүчин зүйл болж байгааг оюутан бүр анхаарч, өөрийн мэндээ хамгаалахын тулд хорт зуршлаас татгалзаж, тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл