П.Зохихсүрэн: Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл энэ сарын 19-нд дуусна

Н.Марал

2018-03-12 16:05:00

alternative title

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оноос сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтыг зохион байгуулж ирсэн.

Уг шалгалтыг 2017 оны байдлаар найман удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 23448 иргэн хамрагдаж, 50.2 хувь нь шалгалтад тэнцсэн гэх тоо судалгаа бий.

Тэгвэл энэ жилийн эхний багшаар ажиллах нэг жилийн эрх олгох шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 19 хүртэл явагдах юм байна. Энэ талаар бид Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэнгээс тодрууллаа.

-Багшаар ажиллах эхний нэг жилийн эрх олгох шалгалтын бүртгэл явдагдаж байгаа. Шалгалт хэзээ болох вэ?

-Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллах эрх олгох шалгалт 2018 оны гуравдугаар сарын 31-нд зохион байгуулагдахаар товлогдсон байгаа. Шалгалтын бүртгэл энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

-Одоогоор хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 2000 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Ер нь багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын маань өвлийн төгсөлт харьцангүй цөөн байдагтай холбоотойгоор гуравдугаар сарын шалгалтад оролцогчдын тоо, наймдугаар сард зохион байгуулагддаг шалгалтад оролцогчдоос бага байдаг. Өөрөөр хэлбэл төгсөгчдийн тооноос хамаарч гурав болон есдүгээр сард зохион байгуулагддаг шалгалтад оролцогчдын тоо өөр гэсэн үг л дээ.

-Бүртгэлийн явц, системийн ачааллаас үүдэлтэйгээр ямар нэгэн гомдол, санал ирдэг үү?

-Онлайнаар бүртгэл хийгдсэний дараа шалгуулагчид тухайн өдөрт нь шууд онлайнаар суралцах боломжийг нь нээж, системд бүртгэдэг. Энэ талаарх заавар манай ВЭБ сайт дээр байгаа. Зарим шалгуулагчдын хувьд мэдээлэл технологийн чадвар дутмагаас болоод нэвтэрч чадахгүй бэрхшээлүүд үүсдэг. Энэ тохиолдолд шалгуулагчид маань утсаар тогтмол зөвлөгөө авч байгаа. Харин бүртгэлийн хугацаа дуусах дөхөхөөр бүртгүүлэх шалгуулагчдын тоо нэмэгдэж, ачаалал үүсгэх нь бий. Иймд шалгалтад оролцохоор төлөвлөж буй багш нар маань хугацаагаа тулгалгүйгээр эртхэн бүртгүүлээрэй гэж санаалъя. 

-Энэ жилийн шалгалтын онцлог юу вэ?

-Бүртгэлийн хураамжгүй болсон. Өмнөх жилүүдэд шалгуулагчид шалгалтын хураамж болох 35000 мянган төгрөг тушаадаг байсан бол энэ жилээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг, чиглэлийн дагуу бүртгэлийн  хураамжгүй болгосон. Харин шалгалттай холбоотой урсгал зардлыг улсын төсвөөс гаргадаг болсон. Ингэснээрээ бүртгэлийн хураамжтай холбоотой үүсдэг байсан санал гомдлыг цэгцэлж өгсөн гэж ойлгож болно.   

-МУБИС-ыг багш мэргэжлээр төгсөгчид багшаар ажиллах эрхийн шалгалт өгөх шаардлагагүй болгох тухай асуудал өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Энэ тал дээр албан ёсны ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Албан ёсны шийдвэр гараагүй байна. Тийм учраас МУБИС болон багш бэлтгэдэг хувийн их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөж буй бүх төгсөгчид багшаар ажиллах эрх олгох шалгалтад хамрагдах ёстой.

- Шалгалтыг зохион байгуулах байршил, хуваарилалтыг хэзээ зарлах вэ?

-Аймаг, дүүргүүдийн шалгалт зохион байгуулах байршлыг шалгалт болохоос хоёр хоногийн өмнө зарлана. 

Бүртгэлийн линк:  http://shalgalt.itpd.mn/

Эх сурвалж: Network.mn 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19