Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр Монгол оюутнуудыг суралцуулна

Н.Марал

2018-03-14 15:07:00

alternative title

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гуравдугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой Баку хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. 

Энэ үеэр Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээж, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад Монголын оюутнуудыг суралцуулах, жудо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой талаар тэмдэглэсэн байна.

Сайд Д.Цогтбаатар түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Азербайжан улстай Монгол Улс хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов.

Түүнчлэн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Далайд гарцгүй Хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрт Азербайжан улсыг нэгдэхийг уриалж, ирэх зургаадугаар сард Улаанбаатар хотноо болох тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох завшаанд Монгол Улсад айлчлах урилгыг Азербайжаны Гадаад хэргийн сайдад уламжилжээ.

Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров Азербайжан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Уулзалтын дараа Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл