Японд суралцах 96 багш, оюутан нарт нар батламжаа гардан авлаа

Тэргэл

2018-03-14 16:59:00

alternative title

2018 онд Япон улсад суралцах бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан, нийт 96 оюутан, багш, судлаач нар  батламжаа гардан авлаа. 

Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. 

Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна. 

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны 11 сард Японы консорциумын 10 их сургууль болох Нагаока технологийн их сургууль, Кюүшү их сургууль, Тоёохаши технологийн их сургууль, Киото технологийн их сургууль, Нагоя технологийн их сургууль, Китами технологийн их сургууль, Кумамото их сургууль, Кюүшү технологийн дээд сургууль, Вакаяма их сургууль, Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ. Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцахаар боллоо.

Мөн Инженер, технологийн дээд боловсрол төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж/Коосэн-ий шалгалтад тэнцэж суралцах эрхээ авсан 30 оюутан Япон улсын 29 Коосэн сургуулийн 3 дугаар курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөхөөр болжээ. 

Нийт 1,000 хүнийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд Япон улсад суралцуулахаар төлөвлөснөөс 2017 оны байдлаар 275 оюутан, багш, судлаачид суралцаж байгаа бол өнөөдөр 95 оюутан суралцах батламжаа гардан авснаар нийт 370 хүн Япон улсын их сургууль, коллежид суралцах юм.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл