МЭДЭЭ НЭМЭХ  

Ганц эвэрт – домгийн эхлэл

  • 3,683 уншсан
  • 2
  • 2014/10/08

Үлгэр домогт гардаг хамгийн үзэсгэлэнтэй бас ер бусын амьтан бол ганц эвэрт.  Нэгэн цагт ийм амьтан байдаг гэдэгт хэн ч эргэлздэггүй байсан бөгөөд түүний тухай олон янзын домог дэлхийгээр нэг таржээ. Ганц эвэртийн тухай анх перс эмч Ктесий бичсэн гэдэг. МЭӨ 400 оны үед Энэтхэгт морь шиг том биетэй, хөх цэнхэр нүдтэй, ер бусын улаан хүрэн зүсмийн толгойтой, духандаа гоёмсог эвэртэй илжиг харлаа гэж тэр бичиж байжээ. Энэхүү эвэр нь бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай тул анчдын хүслэн болсон зүйл байжээ.

Алдарт Аристотель хүртэл ганц эвэртийн тухай домогт итгэдэг байсан гэнэ. Бид ганц эвэртийг цасан цагаан зүстэй, духан дээрээ спираль хэлбэрийн урт эвэртэй гэж төсөөлдөг. Гэтэл дэлхийн улс түмнүүдийн үлгэр домогт түүнийг янз бүрээр дүрсэлсэн байдаг. Зарим төрлийн эвэртүүд тун ч ширүүн догшин зантай гэнэ. Харин Хятадын ганц эвэртийг Ки-лин гэх ба морь эсвэл буган биетэй, арслан толгойтойгоор дүрслэгдсэн байдаг. Дорнын орнуудад зочилсон жуулчид эзэн хаадын тэжээвэр ганц эвэртийг харсан тухайгаа бичсэн нь элбэг.

Ганц эвэрт маш ховор амьтан байснаас түүнийг авлах нь бэрхшээлтэй хэрэг байв. Эвэр нь эмчилгээний чанартайгаас гадна хор илрүүлэх шидтэй ажээ. Энэ эврийг дүрж үзэхэд хортой ундаа буцалдаг, зүгээр ойртуулахад л эвэр дээр чийг ялгарч ирдэг байсан гэнэ. Ингэхлээр эзэн хаад түүний төлөө юугаа ч хайрлахгүй байх нь аргагүй. Бас ганц эвэртийн эвэр залуужуулдаг шидтэй гэж алдаршжээ. Дундад зуунд ганц эвэртийн эвэр нэрээр ердийн эвэр, нарвал халимын эвэр, арслан зааны соёо зэргийг зардаг байв.

16-17-р зууны үеийн түүхэн сурвалжид: “Ганц эвэрт цор ганцаар амьдарч, 532 насалдаг. Тэнгисийн хөвөөнд очиж эврээ шилгээн унагахад түүнээс нь шинэ ганц эвэрт төрж гарна. Эвэргүй болсон ганц эвэрт удаж төдөлгүй үхдэг” хэмээн бичсэн байдаг. Ганц эвэрт цэцгээр голдуу хооллож, шүүдрийн усаар ундална. Түүний орсон ус ариусаж, амьд ус болдог гэлцэнэ. Ганц эвэрт хүнтэй таарвал аз жаргалыг бэлгэддэг аж.   

Зарим судлаачид ганц эвэрт бол өнгөрсөн үеийн хоосон домог биш, хэн нэгний хийсэн туршилтын бүтээгдэхүүн гэж итгэдэг. Кентаврууд, грифон шувууд, василиск могой зэрэг нь зориудаар бүтээж, дараа нь устгасан (эсвэл дэлхийгээс авч явсан)  амьтад гэж батлах хүн ч гарчээ.

1933 онд хийсэн нэг туршилт энэ тааврын үнэн байж болохыг баталж магадгүй юм. Америкийн биологч У.Франклин шинэ төрсөн тугалын духанд товруун эвэр суулгасан байна. Удалгүй энэ нь жинхэнэ эвэр болон ургажээ. Тохиолдол байсан эсэхийг бүү мэд, ямар ч байсан энэ тугал номхон зөөлөн зантай хирнээ асар их хүч чадалтай бух болсон гэдэг. Харин зураг дээрх ганц эвэрт үнээ бол генетик мутацийн үр дүн юм.

Энэ ер бусын буга мөн л генийн өөрчлөлттэй амьтан бөгөөд Италийн Прато хотын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэцэрлэгт амьдардаг.

Харин энэ ганц эвэрт ямааг хиймэл аргаар гаргаж авсан юм. Амьтан хамгаалагчид үүнийг эрс эсэргүүцэж байсан тул дахин ийм туршилт хийгдээгүй гэнэ.

Эдгээр зурагнуудыг хараад иймэрхүү байдлаар домогт ганц эвэртийн түүх үүссэн байх гэж бодогдоно. Гэхдээ, юмыг яаж мэдэх вэ, эрх чөлөөг эрхэмлэгч, омог бардам, гоо үзэсгэлэнт ганц эвэрт манай гараг дээр үнэхээр оршин байсан ч юм бил үү!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ганц эвэрт – домгийн эхлэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • бурхан 2015/07/10
    одоо ганц эвэрт диваажинд баигаа

    0 0 Хариу бичих
  • hun 2014/10/09
    bval goyoo

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох