МЭДЭЭ НЭМЭХ  

Олимпийн бамбарын сониноос...

  • 1,361 уншсан
  • 2
  • 2014/01/30

Олимпийн тоглолт эхлэхээс өмнө олимпийн бамбарын буухиа явагддаг уламжлал тогтоод 77 жил болж байна. Анхны буухиа 1936 онд Берлинд болсон зуны Олимпийн наадмын үеэр явагджээ. Гардан санаачлагч нь Йозеф Геббельс мөн боловч тодорхой шалтгаанаар түүнийг үл дурсдаг ажээ. Харин германы улс төрч, нийтлэлч, спортын түүхч Карл Дим гэдэг хүнийг Олимпийн буухиаг санаачилж зохион байгуулсан гэж албан ёсоор үздэг байна. 1980, 2014 оны  Оросын олимпийн бамбарууд 33 жилийн дараа дахин уулзлаа.

Буухианы үеэр нэг л бамбар дамждаг гэж олон хүмүүс боддог. Үнэн хэрэгтээ бамбарын зөвхөн галыг нь л дамжуулдаг байна. Галыг бие биеэс нь авалцуулан асаасны дараа эхний бамбарыг унтраадаг ажээ. Буухиа тамирчин бүр тухайн олимпиадын бэлгэдэл- хувийн дугаартай байдаг.

Бамбарын дизайн болон тоноглол байнга хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Хамгийн анхны Берлиний бамбар 27 см-ийн урттай, 450 гр жинтэй байсан бол, 1994 оны Лиллехаммерийнх бараг метр хагас урттай байжээ. Хамгийн хүнд бамбарыг 2006 оны Турины олимпид асаасан гэдэг. 1.850 гр жинтэй Олимпийн бэлгэ тэмдгийг барьж гүйх нэг их хялбар байгаагүй нь мэдээж.

Эхэн үеийн бамбаруудыг асаахдаа тусгайлан бэлдсэн шатамхай үрлүүдийг ашигладаг байв. Эдгээр нь  маш хялбар  асдаг байсан учраас 1968 оны Мехикогийн олимпийн үеэр хэд хэдэн бичил дэлбэрэлт болж, зарим тамирчид бага зэрэг түлэгдэж байсан түүхтэй.

1948 оны Лондонгийн олимпийн үеэр 2 янзын бамбар бэлдсэн бөгөөд, нэг нь шатамхай үрэл бүхий хөнгөн цагаанаар хийгдсэн, нөгөө нь үл зэврэх гангаар хийгдсэн, хаалтын ажиллагааны үеэр хэрэглэх бамбар байжээ. Түүний дотор магни хийсэн учир олимпийн гал өдрийн хурц гэрэлд ч тод харагдаж байжээ. Үүнийг хожим нь Москвагийн олимп давтсан билээ. Гэхдээ хийн бамбараар биш, пиротехник бамбараар асаасан тул гал цацран гэрэлтэж байсан байна. Харахад сүртэй боловч бага зэрэг аюултай байсан тул Белов сургуулилтын үеэрээ нэг бус удаа түлэгдэж байжээ.

Техникийн талаасаа хамгийн муу үзүүлэлттэй бамбарыг 2004 оны Афины наадмаар хэрэглэжээ. Буухианы үеэр бамбар нэг бус удаа салхинд үлээгдэн унтарч байснаас гадна  яг Герагийн сүмд Олимпийг Зохион Байгуулах Хорооны ерөнхийлөгчид бамбар гардуулах ёслолын ажиллагааны үед унтарч орхисон гэдэг.

Хоёр ч удаа  олимпийн / өвлийн / бамбарын буухиа Грекээс эхлээгүй гэдэг. Эхнийх нь 1952 оны Ослогийн олимпид болсон тохиолдол бөгөөд бамбарын галыг Норвегийн Моргедаль гэдэг газраас асаажээ. Хоёр дахь удаагаа 1994 оны  Лиллехаммерийн олимпийн өмнө дээрх явдал давтагдахад грекчүүд эрс эсэргүүцэн, уламжлалаа дагахыг Олимпийн Зохион байгуулах хорооноос шаарджээ. Ингэснээр бамбарын гал Грекээс ирж байсан түүхтэй гэнэ.

Олимпийг зохион байгуулж байгаа улс орон бүр бамбарын  галыг дамжуулах арга хэрэгсэл, буухианы зохион байгуулалт, түүнд оролцогсдын тоо хэмжээ гэх мэт зүйлсээр чимээгүйхэн өрсөлддөг байна. 1956 онд Олимпийн бамбарыг 3118 тамирчин 20 470 км зам туулж Мельбурнд хүргэж байсан бол, “ Сочи – 2014 “ буухианд 14 000 тамирчин 65 000 км замыг туулах юм байна. Хамгийн цөөхөн тамирчид оролцсон буухиа 1980 онд Лэйк-Плесидэд болсон ба АНУ-ын муж улсуудын төлөөлөл 26 эрэгтэй, 26 эмэгтэй тамирчин оролцсон байна.

1976 онд / Монреаль / Олимпийн бамбарыг хамгийн сүр дуулиантайгаар  Европоос Америкт авчирчээ. Тухайн үеийн сонин сэтгүүлд бичиж байсныг үгчлэн сийрүүлбэл: “ Галын энергийг радио дохио болгон хувиргаж, хиймэл дагуулаар дамжуулан Оттава руу илгээсэн бөгөөд тэндээс лазерын туяаны тусламжтайгаар шинэ бамбарыг асаасан байна.“ гэжээ.

Олимпийн наадам болох хот руу бамбарыг цана, дуунаас хурдан онгоц, усан онгоц, морь, мотоцикл, нисдэг тэрэг, цаснаа явагч, цаа буга ба нохой хөллөсөн чарга, шүхэр, агаарын бөмбөрцөг, “Формула -1”-ийн уралдааны загвар, завь, уурын галт тэрэг зэрэг байж болох бүхий л тээврийн хэрэгслэлийг ашиглан авчирч байжээ. 2000 оны Сиднейн олимпийн үед бамбар бүр усан дор 3 орчим минут байж үзсэн гэнэ. 1967 онд буухиа тамирчин цасан шуурганд өртөж Пюи-де-Санси давааг дөрвөн хөллөж мөлхөн байж давсан гэдэг. Үүнтэй харьцуулахад усан дотор гартаа бамбар бариад сэлж байгаа тамирчин нэг их гайхалтай санагдахгүй байгаа биз.

Гэнэт зүгээр л буухиа чамлалттай санагджээ. Ингээд 2004 оны Афины олимпийн өмнө бамбарыг дэлхий тойруулан аялуулах шийдвэр гарсан байна. Аялал 78 хоног үргэлжилж, 78 000 км зам туулж, 11 300 буухиа тамирчин оролцжээ. Гэвч Бээжингийн олимпийн өмнөхөн дэлхийн олон оронд бамбарын буухиаг дагалдан эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүссэнээр Олон Улсын Олимпийн Хороо дээрх шийдвэрээ цуцалсан байна.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Олимпийн бамбарын сониноос...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • asdas 2014/03/23
    test

    0 0 Хариу бичих
  • test 2014/03/22
    test

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох