Гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалт Монголд болно

Тэргэл

2018-04-04 17:17:48

alternative title

Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн шугамаар Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-нд гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалтыг ОУОХ, МҮОХ, Монголын гандболын холбооноос зохион байгуулахаар болсон байна. 

Гандболын дасгалжуулагчдын онолын сургалт нь “МҮОХ”-ны хурлын танхимд, дадлага хичээлүүд “МХБХ-ны Футзалын ордонд” тус тус зохиогдох юм.

Сургалтыг БНСУ-ын дасгалжуулагч, доктор, профессор Хуюн Куин Чун удирдан явуулна. Тэрээр Олон улсын гандболын холбооны сургалт дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн, Азийн гандболын холбооны дасгалжуулагчийн зөвлөлийн дарга, Зүүн азийн гандболын холбооны Ерөнхийлөгч, БНСУ-ны Биеийн тамирын үндэсний их сургуулийн профессор, доктор бөгөөд Монголын гандболын дасгалжуулагчдын хүсэлтээр анх удаагаа манай оронд ирнэ

Хуюн Куин Чун нь үндэсний шигшээ багийн тамирчин байсан ба 1977 оны Азийн анхны аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан ба АНЭУ-д легионер тоглогч байв.

Тэрээр 1995-2000 онд олон улсын шүүгчээр ажиллаж, 2007-2016 онд БНСУ-ын гандболын холбооны дэд Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажилласан. Олон Улсын гандболын холбооны дасгалжуулагчийн зөвлөлд 1993 оноос хойш гишүүнээр, 2013 оноос Азийн гандболын холбооны дасгалжуулагчийн зөвлөлийн даргаар, 2005-2012 онд Зүүн Азийн гандболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Тэрээр БНХАУ-ын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар уригдан ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрээр дэлхийн олон оронд дасгалжуулагчийн сургалт удирдан явуулсан бөгөөд Олон улсын гандболын холбоо, Монголын гандболын дасгалжуулагчдын хүсэлтээр анх удаагаа манай оронд ирнэ гэж Монголын гандболын холбооноос мэдээллээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл